Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 63

 

Я.Ц-, С.Б- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0123/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Ц.Цэен-Ойдов

Шүүгдэгч                                       Я.Ц-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Б.М-

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 189 дугаар шийтгэх тогтоолтой, Я-ын Ц-, С-гийн Б- нарт холбогдох, 2018000020051 дугаартай эрүүгийн  хэргийг шүүгдэгч Я.Ц-ийн өмгөөлөгч Б.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Я- овогт Я-ын Ц-.

Монгол Улсын иргэн, урьд:

-2004 оны 08 сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2.т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,

-2018 оны 12 сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлиин 1.т зааснаар 1.0 сая төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ********** регистрийн дугаартай, Б- овогт С-гийн Б-.

Шүүгдэгч Я.Ц-, С.Б- нар бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 06- ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд “Солонгос улс руу виз гаргаж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилж иргэн Г.О-д 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 189 дугаар шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.д зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б- овогт С-гийн Б-од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, С.Б-ыг цагаатгаж,

-Шүүгдэгч Я- овгийн Я-ын Ц-ийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Я.Ц-ийг 1 жилийн хугацаагаар тэнсэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Я.Ц- нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Я.Ц- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдаж,

-Шийтгэх тогтоол хүчин Т- болтол шүүгдэгч Я.Ц-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, С.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Я.Ц-ийн өмгөөлөгч Б.М- давж заалдах гомдолдоо:

Я.Ц- нь 2019 оны 06 сараас эхлэн “Ц- Т-” ХХК-д менежерээр өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа бөгөөд хуульд заасан журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байгаа. Я.Ц-ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор, аюулын шинж чанар, хор уршиг, мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3.4.д заасны дагуу хэсэгчлэн төлүүлэхээр оногдуулж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Я.Ц-ийн өмгөөлөгч Б.М- тайлбартаа:

Гэм буруугийн тал дээр маргалдах зүйлгүй. Миний үйлчлүүлэгчид оногдуулсан тэнсэн харгалзах ялыг торгох ялаар сольж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэв.   

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Я.Ц- тайлбартаа:

Хийсэн хэрэгтээ гэмшиж байна надад торгох ял оногдуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Я.Ц-ийн өмгөөлөгч Б.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Я.Ц-, С.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх үйл ажиллагааг болон шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасныг баримтлан бүхэлд нь хянаж үзвэл:

Прокуророос Я.Ц-, С.Б- нарыг бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд “Солонгос улс руу виз гаргаж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилж иргэн Г.О-д 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.д зааснаар Дархан-Уул аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт С.Б-од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, С.Б-ыг цагаатгаж, шүүгдэгч  Я.Ц-ийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Я.Ц-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, С.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байна. 

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээд, учруулсан хохирлыг зөв ялган тогтоож, Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт С.Б-од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, С.Б-ыг цагаатгаж, шүүгдэгч  Я.Ц-ийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч  Я.Ц- нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд иргэн Г.О-гаас түүний хүү З.С-ийг “Солонгос улс руу явах шалгалтанд тэнцүүлж, визийг нь гаргаж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилж, иргэн Г.О-д 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг, хохирогч Г.О-гийн мэдүүлэг, гэрч А.А-, Б.У-, Б.О-, З.С-, Б.Т- нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Я.Ц-, хохирогч Г.О- нарын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгууд зэрэг нотлох баримт болон тухайн үед болсон үйл баримтаар хангалттай нотлогдон тогтоогджээ. 

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч Я.Ц-ийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, шүүх гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй гэсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн нь түүний гэм бурууд тохирсон, үүнээс илүү ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна. 

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Я.Ц-ийн өмгөөлөгч Б.М-ийн ....шүүгдэгч Я.Ц-эд торгох ял оногдуулж өгнө үү...гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 189 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Я.Ц-ийн өмгөөлөгч Б.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                                                    ШҮҮГЧИД                         Ц.ТУЯА

                                                                                                              Ц.АМАРЖАРГАЛ