Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2062

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Пгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/01370 дугаар шийдвэртэй, Д.Пгийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Г, Д.Б, МНТд холбогдох 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах, эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох, МНТаас гэм хорын хохиролд 1 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.П, түүний  өмгөөлөгч Н.Цэрэнчимэд, хариуцагч А.Г, хариуцагч Д.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Цолмонгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Бтэй би 1971 онд гэр бүл болж хамтран амьдраад гэрлэлтээ бүртгүүлсэн. Бид 2 хүүхэдтэй. Гэр бүл болоод Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 5-55 тоотод 1973 оноос хойш хадам эцэг Б.Дондовын хамт тавуулаа нэг өрхийн данстай амьдарч байсан. Улмаар хадам эцэг нас барснаар өнөөдрийг хүртэл тэндээ амьдарч байна. 2002 онд нөхөртөө "Манайх нүүрний хашаа юм чинь хүнсний жижиг дэлгүүр барья" гэж хэлж нөхөр, хүүхдийнхээ хамт дэлгүүр барьсан. Хүүхдүүд тусдаа гарснаар дэлгүүрээ ганцаараа ажиллуулахад хүндрэлтэй байсан учир бусдад түрээслэхээр шийдвэрлэж, А.Г нь дэлгүүрийг түрээслэсэн, мөнгийг нь би авдаг байсан. Тэрээр түрээсийн дэлгүүрт ээжийгээ суулгаж байгаад өөрөө хэрэгт холбогдож 5 жил 6 сараар шоронд орсон тул ээж нь хэсэг ажиллуулаад байраа хүлээлгэн өгч дэлгүүрийг суллаад явсан. Гэтэл 2013 оноос миний дэлгүүрийг надаас зөвшөөрөл авалгүй бусдад худалдсан асуудал гарч ирлээ. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцож өгнө үү.

Манай хашаа, газар нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Яргайтын 23-1 тоот хаягтай байгаад 1991 онд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Яргайтын 5-55 тоот болж өөрчлөгдсөн. 1993 онд тус дүүргийг 2 хувааж, Чингэлтэй дүүрэг шинээр байгуулагдахад Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 5-55 тоот гэсэн хаягтай болсон. Иймээс манай гэр бүлийн насанд хүрсэн иргэд дээрх хаягт байрлах газрыг Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь хэсэгт заасны дагуу өмчлөх эрхийг үүсмэл аргын хэлбэрээр өмчлөлдөө шударгаар авсан.

Уг хашаа, газрыг өмчлөх эрхээ Иргэний хуулийн 183 дугаар зүйлд заасан улсын бүртгэлд бүртгэгдсэн тэмдэглэл үнэн байх зарчмын дагуу Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13, 14, 15 зүйлүүдэд зааснаар миний бие тухайн үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч мөн тул өмчлөх эрхээ бүртгүүлэхээр хүсэлт гаргасныг төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас шалган тогтоосны үндсэн дээр надад Д.Бгийн хамтран өмчлөгчөөр бүртгэсэн өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон. Ингэснээр бид 2 хүүхдүүд Б.Оюун, Б.Цолмон, бэр Н.Даваасүрэн нарыг мөн хамтран өмчлөгчөөр бүртгүүлж хашаа, газрын хууль ёсны хамтран өмчлөгчид болцгоосон.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасан Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ, мөн хуулийн 91 дүгээр зүйлд зааснаар Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно, Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй гэж тус тус заажээ. Иймд Д.П намайг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 5-55 тоотын хашаа, газрын хууль ёсны хамтран өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү.

Монголын нотариатын танхимын гишүүн, нотариатч, Сахилгын хорооны дарга Л.Батцэнд нь 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Худалдах худалдан авах гэрээг гэрчлэхдээ доорх илэрхий алдааг гаргасан. н.Баасанжав гэдэг хүний гэрээ, Баасансүрэн гэсэн гарын үсгийн тайлал бичигдсэн байхад Баасанжав, Баасан-үрэн, Баасансүрэн гурвын аль нь болохыг тогтоогоогүй. Нотариатч А.Гтай хамтарч Газар хүссэн өргөдөл дэх Баасанүрэн гэсэн бичвэрийг худалдах худалдан авах гэрээний доор давхцуулж тавьж 5 дахин хуулбарлан зурж түүнийгээ баталгаажуулсан. Газрын гэрчилгээ эх хувиараа байхгүй байхад гэрээг гэрчилсэн. Гэрээн дээрх гарын үсгийг гэрчлээгүй ба Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх журамд заагаагүй үйлдэл буюу гарын үсгийн Баасанүрэн гэсэн тайлалыг гэрчилсэн. Гарын үсэг гэрчлээгүй. Хүчингүй жолооны үнэмлэхийг үндэслэн нотариатын үйлдэл хийсэн байна. Нотариатч Л.Батцэнд нь дээр дурдсан ноцтой зөрчил гаргаж, Монголын нотариатын танхим нь Л.Батцэнд бол Сахилгын хорооны дарга учир хэн ч үйлдлийг нь хянах ёсгүй учир Баасанжавыг, Баасанүрэн болгох, гарын үсэг биш тайлалыг гэрчлэх, бусдын бичгийг гэрэлтүүлэн хуулбарлах эрхтэй гэж үзэн өнөөдрийг хүртэл бидний бичсэн өргөдлүүдийг хууль журмын дагуу шалгахгүй байгаа учир миний хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулж нотариатч үүргээ хууль болон журамд нийцүүлж зохих ёсоор биелүүлээгүйгээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж болон өмгөөлөгчид хөлс төлж хохирсон тул Монголын нотариатын танхимаас 1 300 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний дэлгүүрийг түрээслэж байсан А.Г надад ямар ч мөнгө өгөөгүй байж худалдан авсан мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Би А.Гтай холбоотой маргааны тухай эхнэрээсээ нууж байсан ба 2013 онд хэрэг хэрэгсэхгүй болох үед нь эхнэртээ хэлж болсон явдлыг ойлгуулсан. Д.П нь А.Гтай маргаантай асуудлыг 2013 онд мэдсэн ба мэдсэнээсээ хойш хөөн хэлэлцэх хугацаандаа нэхэмжлэл гаргажээ. Д.П Захиргааны хэргийн шүүхэд гуравдагч этгээдээр дуудагдахдаа энэ тухай мэдсэн. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдах гэж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. Өөрөөр хэлбэл эхнэрээсээ нуугаад тасралтгүй шүүхээр явсан учир тасалдсан асуудал байгаа. Нотариатын үйлдэл өөрөө хугацаагүй. Нөгөө талаас Сэлэнгэ шүүгчийн шийдвэр байгаа бөгөөд энэ шийдвэр өнөөдөр Д.Пд хамаагүй.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заагдсан дундын эд хөрөнгийг захиран зарцуулахдаа Д.Пгийн зөвшөөрлийг авах шаардлага хуульчлагдсан, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтад зөвшөөрөл аваагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх гэж заасан байна. Нэгэнт хуулийн шаардлагын дагуу нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамтан эзэмшигчээр Д.П бүртгэгдсэн. Газар өмчлүүлэх шийдвэр гарснаар цагаан гэрчилгээ хураагдсан. Газрын гэрчилгээ байхгүй байхад тухайн газрыг эзэмших, худалдах гэрээ хэлцэл хийх эрх байхгүй. Нотариат гэрчлгэх боломж байхгүй. Л.Батцэнд, А.Г гэдэг хоёр хүн найз нөхдийн холбоотой.

Худалдах худалдан авах гэрээ гэдэг хэн хэний хооронд хийгдсэн гэрээ вэ гэсэн асуудал гарч ирнэ. Гэрээний нэг тал Баасанжав, нөгөө тал нь Гангаа гэж байгаа. Баасанжав гэдэг гэрээн дээр Баасанүрэн гэж байдаг. Гэтэл нотариатч гэрээг баталсан. Худалдах худалдан авах гэрээний ард А.Ггийн жолооны үнэмлэх, Д.Бгийн иргэний үнэмлэхний нүүрэн талыг хоёр дахиж хуулбарласан. Хүчингүй баримтаар нотариатч бүртгэл үйлддэг юм байна. Итгэмжлэл үйлдэхдээ зэрэгцүүлж баримтыг ард талд нь хувилдаг. Баасанжав ч юм уу Баасанүрэн ч юм уу хэдэн хувь хийсэн бэ гэдэг сонин байдаг. Д.Бд гэрээний нэг ч хувь байхгүй. Нийт 6 хувь үйлдэгдсэн байдаг. Ийм олон хувь үйлдэгддэг гэдгийг би мэдэхгүй юм байна. 4 өөр гэрээ нь гарын үсгийг гэрэлтүүлээд үзэхэд Баасанүрэн гэсэн бичиг байгаа өндөр урт өргөн бичвэр нь нийцэж байдаг. Хариуцагч МНТаас мөнгө нэхэмжилсэн байна. Энэ нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хамгийн гол нь үнэн гэдэг зүйлийг нөгөө талаас байршлын тухай асуудал бүх юм худлаа байдаг. Ийм учир шүүх үнэнээр шийдвэрээ гаргана гэдэгт итгэж байна гэв.

 

Хариуцагч А.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Пгийн нэхэмжлэлийн шаардлага ямар ч хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгоно уу. Д.Б нь 1400 м.кв газрыг дангаараа эзэмшиж байсан. Би Б.Цолмонгийн одоо өмчилж байгаа газарт байрлах дэлгүүрийг Түрээсийн гэрээгээр түрээсэлж байгаад Д.Бгийн хүсэлтээр худалдаж авсан. Худалдах, худалдан авах гэрээг би бичсэн бөгөөд Д.Бгийн нэрийг Баасанжав гэж буруу бичсэн байсан. Д.Бтэй маргалдаж байх хугацаанд буюу 2014 онд уг үл хөдлөх хөрөнгийг нураасан. Одоо байхгүй болсон. 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 595 тоот шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоолоор "Гангаа Арвижих" ХХК-ийн нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, Д.Б, Б.Цолмон нар гуравдагч этгээдээр татагдан оролцсон. Мөн шүүхийн шийдвэр магадлал, тогтоолууд хүчин төгөлдөр хэвээр байна. Нэхэмжлэгч хууль ёсны ямар эрх ашиг зөрчигдсөнөө нотлоогүй. Иргэн А.Ггийн хувьд нэхэмжлэгч Д.Птэй ямар нэг иргэний эрх зүйн харилцаа үүсгээгүй ба түүний худалдаж авсан газар түүний хүү Б.Цолмонгийн нэр дээр бүртгэлтэй болохыг шүүх тогтоож өгсөн болно. Иймд шүүхийн журмаар өмнө нь хэлэлцэгдэж шийдвэрлэгдсэн хэргийг шүүх хэлэлцэж шийдвэрлэх гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах үндэслэлгүй. Учир нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрээр Чингэлтэй дүүргийн нотариатч Л.Батцэндийн 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэрчилсэн иргэн Д.Б, А.Г нарын хооронд байгуулсан дээрх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай Д.Бгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.2-т эд хөрөнгөтэй холбоотой, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа тогтоосон. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл хангалттай тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч МНТ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотариатын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Нотариатчдыг эгнээндээ нэгтгэсэн, тэдний мэргэжлийн үйл ажиллагааг энэ хууль болон өөрийн дүрэмд журмын дагуу уялдуулан зохицуулах, эрх ашгийг нь хамгаалах зорилготой МНТ ажиллана гэж заасны дагуу үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. Нотариатчийн, нотариатын үйлдэлтэй холбогдох хариуцлагыг хүлээнэ гэсэн хуулийн заалт байхгүй, хариуцвал зохих этгээд нь биш. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасны дагуу МНТыг хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хавтаст хэрэгт Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1985 дугаар шийдвэр авагдсан. Уг шийдвэрийн үндэслэх хэсэгт нотариатч Л.Батцэндийн талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн үйлдэл нь Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх журмыг зөрчөөгүй байна гэж дүгнэсэн байдаг. Уг шийдвэрт нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болсон байгаа. 1 300 000 төгрөгийг хэрхэн яаж тооцсон, ямар хохирол гэдэг үндэслэлээ нэхэмжлэгч тайлбарлаагүй, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл уг асуудлаар шүүхэд болон ямар нэгэн байгууллагад нэхэмжлэл, гомдол гаргаагүй байдаг.

Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан болон дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний болон Нотариатын тухай хуульд заасны дагуу МНТ нь хариуцагчаар оролцох эрх бүхий байгууллага гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул МНТд холбогдуулан гаргасан Д.Пгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Цолмон шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Пгийн нэхэмжлэл нь иргэн хүний хувьд зөрчигдсөн эрхээ хамгаалах боломжийг хуулиар тогтоож өгсөний дагуу хууль ёсны хамтран өмчлөгчийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн учраас хуульд нийцнэ гэж үзэж нэхэмжлэл гаргасныг дэмжинэ. Эцэг эх болон бид бүгдийн хууль ёсны эрх ашиг ноцтой зөрчигдөөд байна. Хөгшин настай эцэг, эхийн минь итгэл найдварыг эвдэж А.Г нь түрээсийн гэрээгээр халхавчлан байшинг нь түрээсэлж байх үедээ эздийн зөвшөөрөлгүй далдуур зохиомлоор өөрөө дур мэдэн худалдах худалдан авах гэрээ гэгчийг Баасанжав гэдэг нэрээр зохион бичиж эцэг Д.Бгийн газрын албаны өргөдөл хүсэлт хүлээн авах дэвтрийн 4028 дугаарт бүртгүүлэн газар эдлэх үнэмлэх эх хувиар холбогдох бичиг баримтын хамт 2004 оны 3 дугаар сарын 30-ны 12:30 минутад Газрын албаны ажилтан н.Цогтбаяр хүлээн авсан тодорхойлолт байдаг. Газрын албаны архивт хувийн хэрэгт байгаа баримт бичгийн хуулбарыг хуурамчаар ашиглан баримт бүрдүүлэн нотариатчтай хуйвалдан гэрээний талуудыг байлцуулалгүй нотариатын үйлдэл хийлгэсэн байдаг. Тухайн үед нь худалдах худалдан авах гэрээ гэгчийг хийсэн мэт болгосныг огт мэдээгүй. Мөнгө, төгрөг өгөлцөж авалцсан баримт байхгүй гэтэл тэр эздийн зөвшөөрөлгүй далдуур зохиомлоор хамтран өмчлөгчдийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэрээ гэгчээ үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бус байх ёстой.

Мөн гэрээ гэгчдээ худалдан авч байгаа тал иргэний үнэмлэхээ хүлээлгэн өгөв гэж байдаг. Эд хөрөнгө худалдахдаа иргэний үнэмлэхээ дагуулан өгдөг ёс монголд байхгүй. Иргэн Д.Цолмон би өөрийн энэхүү хашаандаа төрж өсөн гэр бүл болоход маань эцэг эх минь байшинг барьж өгч 1973 оноос хойш амьдарч ирсэн хашааныхаа тал хэсгийг хууль журмын дагуу надад өгч кадастр хийлгүүлэн газрын кадастрын мэдээллийн санд суулгуулан өмчилж авсан. Эцэг маань Засаг даргаасаа зөвшөөрөл авч өөрсдийн хөрөнгөөр хүнсний мухлагийн зориулалтаар байшин барьж, А.Гд түрээсийн гэрээгээр түрээсэлж байсан байшин, манайд барьж өгсөн байшин нь надад шилжүүлж өгсөн. 700 м2 газарт байдаг учир хамтран өмчлөгчид бид бүгдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Хашааны газар маань эцэг Д.Б болон Б.Цолмон миний нэр дээр тус тусдаа нэгж талбарын дугаартай боловч үргэлжилсэн нэг л хашаа юм. Урд баруун талаараа битүү айлаар хүрээлэгдсэн хойд талаараа далан жалга айлаар хүрээлэгдсэн зөвхөн зүүн талаараа бүгд орж гардаг ганцхан хаалгатай.

Эцэг, эхийн минь итгэл найдварыг эвдэж түрээсийн гэрээгээр халхавчлан залилин мэхэлж хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн бидний өмч хөрөнгөнд халдаж эрүүл мэнд, сэтгэл санаа, эдийн бус хохирол болон эдийн засгаар хохироож чирэгдэл учруулж байгаазальтаны үнэн бодит байдлыг тал бүрээс нь нарийн нягтлан шалгаж иргэн Б.Цолмон миний эрх ашиг зөрчигдөж байгааг тогтоон ээж Д.П болон Б.Цолмон намайг эд хөрөнгө хамтран өмчлөгчөөр тогтоон хамтран өмчлөгчдийн зөвшөөрөлгүй хийгдсэн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 100 дугаар зүйлийн 100.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Д.Б, А.Г нарт холбогдох 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 5-55 тоотын хашаа, газрын хууль ёсны хамтран өмчлөгч мөн болохыг тогтоолгох, МНТд холбогдох гэм хорын хохиролд 1 300 000 төгрөг гаргуулах тухай Д.Пгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Д.Пгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 7 250 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, Д.Пд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, шүүх нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв үнэлж чадаагүй. Нотариатч Л.Батцэнд нь дараах байдлаар хууль зөрчсөн. н.Баасанжав гэдэг хүнтэй байгуулсан гэрээн дээрх гарын үсгийн тайлал нь Баасан-үрэн гэж байх ба энэ гэрээг н.Баасансүрэнгийн гэрээ гэдэг. н.Баасанжав, н.Баасан-үрэн, н.Баасансүрэн гэдэг 3 өөр нэр юм. Нотариатын тухай хууль, журманд гарын үсэг гэрчлэгдэхээс гарын үсгийн тайлал гэрчлэнэ гэж байхгүй. Л.Батцэндийн гэрчлэл нь н.Баасан-үрэн гэсэн тайлал гэрчлэгдсэн байх ба гарын үсгүүд нь бүгд хуулбарласан гарын үсэг байдаг. Хэрэг маргаан нь шүүхэд гэрчээр оролцсон гэрчлэгч Л.Батцэндийг гэрчээр асуух гэсэн хүсэлтээс болж удааширсан ба тэрээр палкан дэлгүүрийг контейнер байсан болгож худал гэрчилсэн. Шүүх үүнийг тодруулаагүй. Тэрээр контейнер нь үл хөдлөх хөрөнгө биш учир зориуд ингэж худал гэрчилсэн. Шүүх хуралдаанд урьдчилан бэлдсэн асуултыг гэрчээс асуусан ба шүүгч гэрчээс хамаагүй зүйл асууж болохгүй гээд бэлдсэн асуултыг асуулгаагүй, асуух гэсэн оролцогчдыг хурлын танхимаас гаргаж хуралдсан.

Худалдах, худалдан авах гэрээ хийсэн гэх 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд Чингэлтэй дүүргийн газрын алба газрын цагаан гэрчилгээг хурааж аваад хүчингүй болгосон байдаг. Нотариат тухайн үед эхээр огт байгаагүй гэрчилгээг үндэслэн гэрээ байгуулсан гэсэн. Хариуцагч А.Г 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр цагаан гэрчилгээ байсан эсэхийг асуухад хариулаагүй. Нотариат гэрээг 6 хувь хийсэн гэх ба 1 хувь н.Баасансүрэнд байх ёстой, 1 хувь нь нотариат дээр хадгалагдах ёстой гэх боловч энэ хоёр нь байдаггүй ба бусад 4 хувь гэрээн дээрх н.Баасан-үрэн гэж цэнхэр өнгийн будагч бодисоор бичсэн бичвэр нь хэмжээний хувьд мм.-ийн ч зөрөөгүй давхцаж байдаг. Хэрэв давхцал байгаа эсэхийг тогтоовол уг гэрээ нь хуурамч болох нь тогтоогдох юм. Гэрэлтүүлж бичсэн гарын үсэг бол криминалистикийн шинжээчээр жинхэнэ гарын үсэг болж дүгнэгддэг ба давхцал гэдэг нь тухайн хүний гарын үсэг мөн бишийн тухай асуудал биш юм. Гэтэл шүүх хэрэгт хамааралгүй гэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Хүчингүй болсон жолооны үнэмлэхийг дээр нь хэрээс зурж байгаад гэрчлэл үйлдсэн байдаг. Нотариатын тухай хуульд хүчингүй иргэний баримтаар гэрчлэл үйлдэж болохгүй. Тухайн гэрээнд дурдсан үл хөдлөх хөрөнгө нь 45.5 м.кв палкан байшин байтал гэрээнд 36 м.кв гэж бичсэн байдаг. Хариуцагч А.Г нь хуурамч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ ашигласан, хуурамч баримтыг нотариатаар гэрчлүүлж залилан мэхэлсэн үйлдлээрээ ял эдэлж байсан хүн. Ийм хүний эргэлзээтэй баримтыг давхцал байгаа эсэхийг нь шалгасан бол шүүхийн шийдвэр үнэн зөв гарах байсан. Нэхэмжлэгч, хариуцагч Б.Баасансүрэн нар 2004 оны 3 дугаар сарын 30-ны өдөр буюу худалдан, худалдан авах гэрээ хийхээс 16 хоногийн өмнө Нийслэлийн Засаг даргад газар өмчлөх шийдвэр гаргуулахаар газар эзэмших эрхийн цагаан гэрчилгээг эх хувиар хураалгасан баримт хэрэгт байсан бөгөөд энэхүү баримт нь нэхэмжлэлийн шаардлагад шууд хамааралтай ач холбогдолтой баримт юм. Уг баримт үнэн зөв болохыг нотолсон Нийслэлийн Засаг даргын 2004 оны 152 тоот захирамжтай газар өмчлүүлэх шийдвэр гарч 2004 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гэрчилгээ олгогдсон байхад 6 хоногийн дараа худалдах, худалдан авах гэрээ хийгдэх боломжгүй, газар эзэмших цагаан гэрчилгээ хүчингүй болсон үр дагавартай байсан гэдэгт шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Энэ утгаараа Д.П нэхэмжлэл гаргах, шаардах эрхтэй. Шүүхэд нотлох баримтыг эхээр нь гаргаж өгсөн этгээд буцаан авбал хүсэлтээ бичгээр гаргаж холбогдох баримтыг бүрдүүлсний дараа буцааж өгдөг атал Нийслэлийн Засаг даргаас өмчлөх шийдвэр гаргаж өгчихөөд Б.Баасансүрэн, Д.П нарт хүчингүй болсон гэрчилгээг Чингэлтэй дүүргийн газрын алба болон Нийслэлийн газрын алба буцаан өгөхгүй нь ойлгомжтой юм. Өөрөөр хэлбэл, хүчингүй болсон цагаан гэрчилгээгээр худалдах, худалдан авах гэрээ хийх боломжгүй гэдэгт шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д шинжээч томилуулах эрхийг зааж өгсөн байх бөгөөд эргэлзээтэй баримтууд болон давхцал байгааг нотлох хангалттай баримтыг шүүхэд гаргаж өгч, давхцал байгаа эсэхийг шинжээчийн дүгнэлт гаргуулах гэхэд шүүх уг эрхийг хангаагүй үйлдэл нь буруу юм. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.П нь хариуцагч А.Г, Д.Б нарт холбогдуулан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулахаар /1хх1/ шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 5-55 тоот хашаа, газрын хууль ёсны хамтран өмчлөгчөөр тогтоолгох /1хх74/, МНТыг хариуцагчаар татаж эх баримтыг үзэлгүйгээр гэрчилсэн 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, хохиролд 1 300 000 төгрөг гаргуулахаар /3хх102/ шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Цолмон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар оролцож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжсэн тайлбар гаргасан байна.

 

Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.П нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Б.Оюун, Н.Даваасүрэн, Б.Цолмон нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг удаа дараа /1хх73,151, 2хх227/ гаргажээ. Анхан шатны шүүх 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар 4353 дугаартай шүүгчийн захирамж /1хх107-108/ гаргаж, зохигчид Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шийдвэрийг хэрэгт нотлох баримтаар гаргана гэсэнтэй холбогдуулан дээрх хүсэлтийг шийдвэрлэхгүй орхиж, дараа шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ.

 

Харин 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал бичмэл нотлох баримт гаргуулах, нэр бүхий иргэдийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтээ /1хх146-149/ дахин гаргасан байна. Шүүх 7391 дугаартай шүүгчийн захирамжаар /1хх150-153/ “нэхэмжлэгч талын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөнтэй холбоотой бичгийн нотлох баримтыг эрх бүхий байгууллагаас гаргуулах” хүсэлтийг нь хүлээн авч, тухайн баримтыг бүрдүүлсэний дараа бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах эсэхийг шийдвэрлэх талаар уг захирамжиндаа заасан байна.

 

Улмаар 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Д.Пгийн гуравдагч этгээд оролцуулах дээрх хүсэлтийг шүүх шийдвэрлэж Б.Цолмонг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар оролцуулах, харин Б.Оюун, Н.Даваасүрэн нарын хувьд эрх ашиг нь хэрхэн хөндөгдөж байгаа нь тодорхойгүй гэх үндэслэл заан хүсэлтийг /2хх229-232/ хангахаас татгалзжээ.

 

Дээрхээс үзвэл Б.Оюун, Н.Даваасүрэн нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй шүүх гэж үзсэн тохиолдолд тэднээс гэрчийн мэдүүлэг авахуулах эсэхийг нэхэмжлэгчээс тодруулах нь хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаанд харшлахгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Д.П нь талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотариатч Л.Батцэнд нь хариуцагч Д.Бгийн гарын үсгийг гэрчлээгүй /3хх102/, зохих этгээдийн буюу гэр бүлийн гишүүдийн зөвшөөрлийг аваагүй /1хх74/ гэх хоёр агуулгыг тодорхойлжээ.   

 

Анхан шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ гэрээ байгуулах үед тухайн эд хөрөнгийг хамтран өмчлөх гэр бүлийн гишүүд байсан эсэх, тэднээс зөвшөөрөл авах эсэх, ийнхүү зөвшөөрөл авалгүйгээр хэлцэл хийсэн бол нотариатч болон хариуцагч А.Г нар дээрх нөхцөл байдлыг мэдэх боломж байсан эсэх талаар дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай байжээ. Энэ нөхцөл байдлыг дүгнэхийн тулд гэрчээр Л.Батцэндийг шүүх хуралдаанд оролцуулсан атлаа түүний мэдүүлгийг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

Үүнээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон Б.Цолмон болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт нэхэмжлэлийн шаардлагыг огт гардуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 29, 72 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ.

 

Түүнчлэн хэрэгт Д.Дашзэвэг гэх этгээдэд гэрчийн үүргийг тайлбарласан тухай баримт /1хх230/ байх боловч түүнээс авсан гэх мэдүүлэг хэрэгт авагдаагүй, тухайн этгээдийг гэрчээр асуух талаар хэргийн оролцогч нараас хүсэлт гаргасан эсэх нь тодорхой бус байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж, зөвтгөн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/01370 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Т.ТУЯА