Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2021/02310

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- тоотод, оршин суух, Т овогт Ш-ийн А-ийн нэхэмжлэлтэй, 

хариуцагч- тоотод оршин суух, Л овогт Д-ын Б

хариуцагч- тоотод оршин суух, Л овогт Б-ын А

хариуцагч- оршин суух, Б овогт Л-ийн Х

хариуцагч- тоотод байрлах, Ө ХХК нарт холбогдох,

гэрээний үүрэг, хохиролд нийт 19.984.650 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.А, түүний өмгөөлөгч Б.Ж, хариуцагч Д.Б, Б.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагч Л.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, хариуцагч Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өмгөөлөгч Ж.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012-03-26-ны өдөр орон сууцны барилга захиалах гэрээг Ө ХХК-тай байгуулж, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11-р хорооны нутаг дэвсгэрт баригдах орон сууцны А блокийн 1-р давхарын 41,87 м.кв орон сууцыг 54.431.000 төгрөгөөр авахаар харилцан тохиролцсон юм. Гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр 13.323.100 төгрөгийг төлсөн. Орон сууцны карказ хэсэг баригдаж байгаад ажил нь зогсож урьдчилгаа төлбөр өгч орон сууцны захиалга өгсөн иргэд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан боловч шалгаж байгаад залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой харилцаа байна гэсэн үндэслэлээр 2016-06-27-ны өдөр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож прокурор тогтоол гаргасан. Энэ хугацаанд Ө ХХК-ийн ерөнхий захирал Д.Х нь нас барсан түүний нөхөр Д.Б, хүү Б.А компанийг өв залгамжлан авч Ө ХХК-ийн эрхээ бусдад шилжүүлсэн. Д.Б, Б.А миний хохирлыг барагдуулан гэж янз бүрийн тайлбар хэлж хүлээлгэж явсаар өнөөдрийг хүрсэн. Орон сууцны барилга захиалах гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т талуудын аль нэг нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэг талаас ямар нэг марган мэтгэлцээнгүйгээр шууд цуцлахаар заасан. Урдчилгаа төлбөр төлж орон сууц захиалагч 27-н иргэн цагдаагийн байгууллагад хандсанаар гэрээ цуцлагдсан. 2012 оны 4-р улиралд захиалсан орон сууцыг хүлээлгэн өгөх ёстой байсан ба гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс 7 жил 8 сар хохирч байна. 

Тиймээс гэрээ цуцлагдснаар хохирч байгаа тул гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 13.323.100 төгрөг, гэрээний 3.4-т заасан торгууль 1.225.716 төгрөг, гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 5.435.834 төгрөг, нийт 19.984.650 төгрөгийг хариуцагч Б.А, Д.Б, Ө ХХК, Л.Х нараас хувь тэнцүүлэн гаргуулах хүсэлттэй байна гэв.  

 

Хариуцагч Д.Б, Б.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-ээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээг 2012-03-26-нд Ш.А байгуулсан байдаг. Ө ХХК нь нэг үүсгэн байгуулагчтэй, нэг гишүүнтэй компани бөгөөд компанийн үүсгэн байгуулагч Хандсүрэн 2016-7-15-нд нас барсан. 

А ХХК-ийг 2018-5-29-нд иргэн Б.Нэ рх шилжүүлэх гэрээгээр хүлээн авсан. Барилгын суурийг мөн өдөр буюу 2018-5-29-нд Л.Х худалдаж авсан болно. Барилгын суурь худалдан авах гэрээний 4.1.3-д ...худалдан авагч нь 31 захиалагчид өгөх ёстой мөнгийг өгнө гэж үүрэг хүлээсэн тул Ш.Аийн нэхэмжлэлийн хариуцагч нь Л.Х болно. 

Нэхэмжлэгч Ш.А нь Ө ХХК-тай гэрээ байгуулсан бөгөөд иргэн Б.А, Д.Б нартай гэрээ, хэлцэл хийгээгүй. Барилгын үйл ажиллагаа явуулж байгаа компани 12 давхар хүртэл барилга барихад тусгай зөвшөөрөл авдаг тул барилгын тухай хуульд зааснаар Өлзийт интертрейд ХХК-ийг худалдахад уг компаний тусгай зөвшөөрөл бүх зүйлийг худалдсан, тухайн үед М гэдэг хүн авсан боловч бичгийн хэлбэрээр гэрээ хэлцэл хийхдээ Б.Н, Л.Х нарын нэр дээр шилжүүлэхээр хийгдсэн байдаг. Гэрээний үнийн дүн 400 сая төгрөгөөс 339 сая төгрөгийг нь төлөөгүй, барилгын суурь компани худалдах гэрээний 4.1.3-т худалдан авагч тал 31 захиалагчид төлөх мөнгийг төлөх үүргийг хүлээсэн байдаг. Учир нь 31 захиалагч нарын мөнгөөр барилгын суурь цутгагдсан тул энэ хэрэг цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаад хэрэгсэхгүй болохдоо захирал Хандсүрэн хувьдаа мөнгө завшаагүй, барилгын суурьт орсон байна гээд эрүүгийн хэрэг хаагдсан. Худалдсан барилгын суурь дээр барилга баригдаад одоо дуусаж байна. Өнөөдөр зах зээлд худалдахад бэлэн болоод байгаа. Тиймээс хариуцагч ӨХХК, Л.Х нар нэхэмжлэгчийн захиалгад төлсөн төлбөрийг төлөх үүрэгтэй тул Д.Б, Б.А нарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Хариуцагч Л.Х болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууцны захиалгын гэрээний төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна, энэхүү нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нь Ө компанитай гэрээ байгуулсан, Ө компани үүрэг хүлээсэн байна. Хонгорзул хариуцагчаар татагдсан нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн шарадлагыг хүлээх үүрэг хүлээгүй тул хариуцагчаар татсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Хариуцагч биш гэж үзэж байгаа тул гэрээний асуудалд орж тайлбар гаргах боломжгүй. Иргэн Л.Х-д Ө компани хамааралгүй, нэхэмжлэгч Б.А-ийн захиалгын төлбөрийн Л.Х хүлээж аваагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Хариуцагч Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ж.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч хохиролтой холбоотой нэхэмжлэл дээр хохиролыг яаж тооцсон талаарх баримт байхгүй, гэрээнээс үүсэн хохирол болохыг нотолсон баримт байхгүй, юу үндэслэн хохирол тооцсон нь нотлогдохгүй байгаа. Алданги бол нэхэээгүй, энэ талаар тохиролцоогүй, гэрээний хугацаа өнгөрсөн, нэхэмжлэгч 2020 онд нэхмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгаа. Иргэний хуулийн 75-р зүйлд заасан гэрээний үүрэгтэй холбоотой 3 жилийн хугацаа өнгөрсөн. Хэргийн материалаар хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаагүй, эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч хохирогчоор тогтоогдож байгаагүй, гомдол гаргаж байгаа болох нь эрүүгийн хэргийн тогтоолоос харагдаж байна. Тиймээс хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаанта байдал нотлогдохгүй байна. 

Ө ХХК нь нэхэмжлэлийг хариуцахгүй гэж үзэж байна. Гэрээ байгуулсан Д.Б хариуцах ёстой буюу 2018-05-12-ны өдрйин компаний эрх шилжүүлэх гэрээнд бусдын өмнө хүлээсэн үүрэг өр төлбөр байхгүй гэж компаний эрхийг худалдсан Д.Баас шилжүүлсэн байдаг, хувьцаа шилжүүлэх гэрээний 3,5-д өр төлбөрийг худалдагч тал бүрэн хариуцахаар зохицуулсан тул 2018-05-12-ны өдрөөс өмнөх өр төлбөрийг хариуцагч Д.Б хариуцах ёстой гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв. 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.А нь хариуцагчаар Д.Б, Б.А ыг тодорхойлон татаж, тэдгээрт холбогдуулан 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2012/04 дугаартай орон сууцны барилга захиалах гэрээний үүрэгт урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 13.323.100 төгрөг, гэрээний дагуу тооцсон торгууль 1.225.716 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 5.435.834 төгрөг, нийт 19.984.650 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1-2/.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Л.Х, Ө ХХК нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан /хх-73-74/ бөгөөд эдгээр хариуцагч нарт нэхэмжлэгчийн зүгээс тухайлан шаардлага гаргаагүй бөгөөд дээрх нэхэмжлэлийн 19.984.650 төгрөгийг хариуцагч Б.А, Д.Б, Ө ХХК, Л.Х нараас хувь тэнцүүлэн гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсон. 

 

1. Гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 13.323.100 төгрөгийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Ш.А нь Ө ХХК-тай 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 2012/04 дугаартай “орон сууцны барилга захиалах гэрээ”-г байгуулж, Баянгол дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууны А блокийн 1 дүгээр давхарт, 1 өрөө, 41,87 м.кв талбайтай, нэг м.кв нь 1.300.000 төгрөг, нийт 54.431.000 төгрөгийн орон сууцыг захиалан бариулах, гүйцэтгэгч нь орон сууцыг 2012 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ /хх-5-6/.

 

Гэрээ байгуулсан өдрөөс хойш нэхэмжлэгч Ш.А-аас урьдчилгаа төлбөрт 2012-08-22-нд 1.000.000 төгрөг, 2012-07-12-нд 1.000.000 төгрөг, 2012-09-04-нд 200.000 төгрөг /хх-7/, 2012-09-12-нд 300.000 төгрөг, 2012-09-10-нд 900.000 төгрөг, 2012-08-18-нд 400.000 төгрөг /хх-8/, 2.000.000 төгрөг /хх-9, гараар бичсэн баримт/, 2012-03-26-нд 4.200.000 төгрөг /хх-10/, 2012-4-р сард 1.243.100 төгрөг /хх-10/ төлсөн болох нь хэрэгт авагдсан кассын орлогын ордер 168, 189, 22, бэлэн мөнгөний орлогын баримт, орлогын ордерийн тасалбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд эдгээр баримтууд канондсон, нотариат хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн, уншигдаж байгаа дүнгээр нийт 11.243.100 төгрөгийн баримт гэж үзсэн. 

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байх бөгөөд ажил гүйцэтгэгч нь орон сууцыг 2012 оны 4-р улиралд захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохирсон боловч энэхүү үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна. 

 

Нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан Ө ХХК-ийн захирал Д.Х нь залилан мэхэлэх хэрэгт шалгагдаж Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн прокурорын 1392 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон /хх-11-19/ байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тус компаний захирал Д.Х болон түүний ар гэрийн хүмүүс гэх нөхөр Д.Б, хүү Б.А, хариуцагч Л.Х, Ө ХХК-ийн захирал нартай уулзаж байсан талаар тайлбарласныг хариуцагч нар үгүйсгэж маргаагүй. 

 

Хэргийн 28-р талд хариуцагч Д.Б, Б.А гарын үсэгтэй 2019-05-04-ний өдрийн тайлбар бичсэн баримт авагдсан /хх-28/ байх бөгөөд энэ хугацаанд гэрээний нэг тал болох Ө ХХК-ийн захирал Д.Х нас барсан болохыг зохигчид тайлбарлаж, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй боловч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа баримтаар Ө ХХК-ийн захиралаар Д.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр бүртгэгдсэн байна /хх-92/. 

 

Хариуцагч Д.Баас Ө ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг 2018-05-29-ний өдөр Б.Н-д /хх-43/, компаний хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээг 2018-05-29-ний өдөр мөн Б.Н-д худалдсан /хх-44/ байна. 

 

Дээрх Ө ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээнд бусдын өмнө хүлээсэн үүрэг, өр төлбөр байхгүй гэж, хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 3.5-д “хувьцаа худалдан авахаас өмнөх иргэн, ААН төрийн байгууллагад төлөх төлбөрийг худалдагч тал бүрэн хариуцна, түүнчлэн хувьцаа худалдан авахаас өмнөх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой маргаан гарвал худалдагч тал бүрэн хариуцна” гэж гэрээний талууд тохирсон байна /хх-44/.

 

Мөн 2018-05-29-ний өдөр Ө ХХК-ийг төлөөлж захирал Д.Б нь иргэн Л.Х-тай “Барилгын суурь худалдан авах гэрээ”-г байгуулж, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Баруун тасганы гудамжинд байрлах, 42х13,5 м хэмжээтэй, 72 айлын 6 давхар орон сууцны зоорийн давхрын дутуу баригдсан барилгын суурийн хамт 400.000.000 төгрөгөөр худалдах, түүний өмчлөх эрхийг худалдан авагч талын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцож, уг гэрээний 2.1-д “худалдагч нь энэхүү гэрээний 1.1-д заасан газарт баригдаж буй 42х13,5 м.кв хэмжээтэй, 72 айлын 6 давхар орон сууцны зоорийн давхарын дутуу баригдсан барилгын суурьтай холбоотой орон сууц захиалах гэрээний мэдээллийг худалдан авагч талд гаргаж өгнө. Гэхдээ орон сууц захиалсан иргэдэд өгөх мөнгөний дүнг өөрсдөөр нь хүлээн зөвшөөрүүлсэн гарын үсэг зуруулсан байх бөгөөд эдгээр төлбөрийг худалдагч тал хариуцна” гэж гэрээний талууд тохиросон байна.

 

Нэхэмжлэгч Ш.А нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар байгуулагдсан орон сууцны барилга захиалах гэрээний үүргийг шаардсан бөгөөд мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж,225.5-д “гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй” гэж тус тус заасан тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж буй нь үндэслэлтэй. 

 

Дээрх компанийн хувьцаа, худалдах, худалдан авах гэрээ болон барилгын суурь худалдан авах гэрээг хариуцагч Д.Б нь Ө ХХК-ийн хувьцаа эзэмшигч, тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн хувиар байгуулсан, дээрх гэрээнүүдэд зааснаар хариуцагч Д.Б нь орон сууц захиалах гэрээтэй холбоотой асуудал болон өр төлбөрийн асуудлыг хариуцахаар тохирсон, гэрээний үүргийн урьдчилгаа төлбөрт нэхэмжлэгч Ш.А 13.323.100 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй. 

 

Нэхэмжлэгч нь орон сууцны барилга захиалах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрөө буцаан шаардаж, гэрээний тал болох ажил гүйцэтгэгч компаний захирал Д.Х нас барснаар нэхэмжлэгч шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд тус компаний захиралаар Д.Б нь 2018-04-05-нд бүртгэгдснээр нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байх тул гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж, 76.4-т “шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно” гэж заасан тул захиалагч нь 2012 оны 4-р улиралд захиалсан орон сууцаа хүлээн авах байсан боловч барилгын ажил гүйцэтгэгч компаний захирал эрүүгийн журмаар шалгагдсан маргаан 2016-06-27-ны өдөр хаагдснаар нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн боловч гэрээний тал болох Ө ХХК-ийн захирал нь нас барснаар нэхэмжлэгч гэрээний үүргийн талаарх шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэнээр тухайн компаний захиралаар Д.Б 2018-04-05-ны өдөр бүртгэгдснээр нэхэмжлэгч 2020-08-11-нд шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байна гэж үзсэн. 

 

Тиймээс гэрээний нэг тал болох ажил гүйцэтгэгч компаний удирдлага цагдаагийн журмаар шалгагдснаар нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болсноор нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байх тул хэрэгт авагдсан кассын орлогын ордер, бэлэн мөнгөний орлогын баримт, гараар бичсэн хүсэлт, орлогын ордерийн тасалбар зэрэг 9 ширхэг баримтаар нийт 11.243.000 төгрөгийн дүн гарсан тул хариуцагч Д.Баас 11.243.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

2. Торгуульд 1.225.716 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Ш.Аийн Ө ХХК-тай 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 2012/04 дугаартай “орон сууцны барилга захиалах гэрээ”-ний 3.4-т “гүйцэтгэгч А тал үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол эхний 30 хоногоос хэтэрсэн сар тутам 0,1 хувийн торгууль төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс торгуульд 1.225.716 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д “үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ” гэж заасан.

 

Дээрх гэрээ хэрэгжиж биелээгүй бөгөөд торгууль нь захиалагчийн захиалсан орон сууцыг гүйцэтгэгчээс гэрээнд заасан хугацаанд ашиглалтад өгөх хугацааны талаарх хариуцлагын хэлбэр тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанаар урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн төлбөрийг буцаан шаардсан тул торгууль шаардах эрхгүй байна. 

 

3. Гэрээнээс учирсан хохиролд 5.435.834 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгчээс хороололд байгаа 47 м.кв талбай бүхий орон сууцны дундаж үнээс түрээсийн үнийг тооцож хохирол учирсан гэж, дээрх төлбөрийг нэхэмжлэгч өөр зүйлд зарцуулсан бол өөрт ашигтай нөхцөл байдал үүсэх байсан гэж хохирол шаардсан үндэслэлээ тайлбарласан. 

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж, 227.3-т “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн хохирол шаардсан шаардлагын үндэслэл хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна. 

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Д.Баас 11.243.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болон хариуцагч Б.А, Л.Х, Ө ХХК нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогчид шаардлага, татгалзлын үндэслэлээ нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй оролцоно. 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан 2020-08-11-ний өдөр төлсөн 257.874 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангасан шаардлагад ногдох хураамжид 194.838 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Л овогт Д-ын Б -аас 11.243.000 /арван нэгэн сая хоёр зуун дөчин гурван мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т овогт Ш-ийн А-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 8.741.650 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Б.А, Л.Х, Ө ХХК нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 257.874 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 194.838 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ат олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.




 

ДАРГАЛАГЧ                                                Д.ЯНЖИНДУЛАМ