| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2024/0093/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/148 |
| Огноо | 2024-06-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Жамъяндорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.*******д холбогдох эрүүгийн 2330000000201 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ... дугаар баг “....” гэх газар нутаглах, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ч овогт Ж-ы Э
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ж.******* нь “хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би найзынхаа хонийг хардаг байсан. Тэгээд найзтайгаа архи ууж байхдаа эхнэртэйгээ маргалдаад цохисон. Би тухайн үед эхнэрээ жирэмсэн гэдгийг мэдэж байсан.” гэв.
Эрүүгийн 2330000000201 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Ж.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр эхнэр *******гийн хамт Эрдэнэцагаан сумаас хөдөө гэр лүүгээ нар шингэсний хойно очсон. Бид хоёрыг очиход манайд хонь нь байдаг ******* эхнэрийнхээ хамт ирсэн байсан. Тэгээд хоол цай идээд ******* 1 шил архи задалсан. Тэр архийг *******, манай эхнэр бид гурав хувааж уугаад, юм яриад сууж байхад ******* “Би хоёр гурван удаа ирлээ. Намайг ирэх болгонд танай хонь хашаатай байх юм” гэсэн. Тэгтэл манай эхнэр “та нар мал хариулна гэдэг чинь амар зүйл биш. Ямар хаврын мал байгаа биш хэдхэн цаг л хашаатай байсан” гээд уурлаад байхаар нь би эхнэртээ “чи л анхнаасаа хүний мал авна гээд авсан биз дээ” гээд эхнэр бид хоёр хэрэлдэж маргалдаж эхэлсэн. Тэгээд би уурандаа эхнэрийнхээ нүүрэн тус газарт нь 2 удаа цохиход, доошоо суух үед нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тэгээд ******* намайг хориод салгасан.” гэх (31-32 дугаар хуудас),
Би 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр архи уусан үедээ жирэмсэн байсан эхнэр *******гийн биед халдаж зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч, өөрийн гэм бурууг ухамсарлаж байна” гэх (хх 78-19 дүгээр хуудас),
Тухайн үйл явдал болоход ******* намайг жирэмсэн болохыг мэдэж байсан. Бид хоёр 2023 оны 06 дугаар сард жирэмсэн болсноо мэдсэн.” (хх 70-71 дүгээр хуудас),
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт (хх 16-17 дугаар хуудас),
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Эрх зүйн дүгнэлт:
2.1. Хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь: Хохирогчийг жирэмсэн болохыг түүний гадаад төрх байдал, хоорондын харилцаа, бусад эх сурвалжаас мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг,
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэдэг нь: Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.
Тодруулбал, шүүгдэгч Ж.******* нь хохирогч Б.*******г жирэмсэн болохыг мэдсээр байж түүний биед махбодод халдан цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан нь хор уршиг бүхий гэмт үйлдлийн болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.
2.2. Шүүгдэгч Ж.******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд нь “Б.*******гийн биед тархи доргилт, хамар, зүүн мөр, баруун тохой, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
2.3. Прокуророос шүүгдэгч Ж.*******ы дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
3.1. Шүүхээс шүүгдэгч Ж.*******г “хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх”, 6.6 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3.2. Шүүгдэгч Ж.*******ы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан гэмт хэрэг бөгөөд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах санал, дүгнэлтийг гаргав.
3.2.1. Улсын яллагч: “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ж.******* нь хохирогчоос уучлалт гуйж сайн дураараа эвлэрсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардалгүй. Хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас гарсан зардлыг иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй. Хэрэгт хохирогч Б.******* нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг эмчлэн эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 1,379,900 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон, шүүгдэгч Ж.******* нь дээрх төлбөрийг нөхөн төлсөн байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх” гэх санал, дүгнэлт,
3.2.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Шүүгдэгч Ж.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хохирогчтой эвлэрч хамт амьдарч байгаа зэргийг харгалзан үзэж 450,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
3.3. Шүүгдэгч Ж.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” ангиллын гэмт хэрэгт холбогдсон, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, торгуулийн хэмжээ зэргийг харгалзан дээрх ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
4.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд хохирогч Б.******* нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, сэтгэл санааны хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргаагүй, “надад гаргах гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” (хх 70-71) гэснийг дурдах нь зүйтэй.
Хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.
4.2. Хохирогч Б.******* нь өөрт учирсан гэмтэлтэй холбоотойгоор эмнэлгээс 1,379,900 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж зааснаар Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс дээрх төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулахаар нэхэмжилжээ.
Шүүгдэгч Ж.******* нь уг төлбөр болох 1,379,900 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд тушаасан (хх 91) байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтыг эх хувиараа нь хавсаргаж ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт Ж-ы Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-ы Э-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.*******д оногдуулсан торгох ялыг 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ж.*******д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Ж.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эрүүл мэндийн даатгалын сангийн 1,379,900 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч Б.******* хохирол хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Хохирогч Б.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ