| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2021/01459/и |
| Дугаар | 101/ШШ2021/02272 |
| Огноо | 2021-08-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2021/02272
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б и с-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Б-д холбогдох,
21,394,261 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Л.Батжаргал, гэрч Г.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Д.Б нь Б и с надаас 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 15,050 ширхэг хайрцаг худалдан авсан. Нийт 58,715 юанийн бараа болсноос урьдчилгаа 12,787 юанийг бэлнээр болон дансаар шилжүүлж, үлдэгдэл тооцоо болох 45,928 юань дээр ачааны мөнгө 3,200 юань, нийт 49,128 юанийн төлбөрийг удаахгүй өгөхөөр тохиролцсон. Д.Б-гийн дүү болох Г.Мөнхзултай түншийн харилцаатай байнга хамтарч ажилладаг тул эгчид нь итгээд 49,128 юанийн барааг өгч явуулсан. Д.Б нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн дотор үлдэгдэл төлбөр болох 49,128 юанийг төлөхөө илэрхийлсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Нэхэмжлэл гаргах өдрийн Монголбанкны юанийн ханшаар 435.48 төгрөгөөр тооцож, 49,128 юанийг шилжүүлэхэд 21,394,261 төгрөг болж байна. Иймд Д.Б-гаас 21,394,261 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, өмгөөлөгч Л.Батжаргал нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Б и с-с 15,050 ширхэг хайрцаг худалдаж авсан зүйлгүй бөгөөд харин өөрийн хамаатан болох Г.Мөнхзулаас эдгээр хайрцгийг хүлээн авсан. Хариуцагч Д.Б нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр бараа материалыг зээлээр худалдан авсан тухай тооцооны баталгаа үйлдэж, 19,347,394 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч Б и с-г огт танихгүй, уулзаж байсан зүйлгүйгээс гадна хууль болон гэрээнд заасны дагуу худалдах, худалдан авах харилцаанд огт орж байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Б и с нь хариуцагч Д.Б-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 21,394,261 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор дараах баримтуудыг шүүхэд гаргасан. Үүнд:
- 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн огноо бүхий “Бараа материал зээлээр авсан тухай тодорхойлолт” гар бичмэл баримтад “Oh chicken тахиа пиццаны газрын Д.Б 2019.3.6-нд хятадаас хайрцаг сав авсан. 58715-12787=#45928 = үүн дээр унааны #3200 нэмэгдээд #49130 болсон. Монгол мөнгө 19.347.397 /393.80/ ханшаар бодсон. 2019.12.13 өдөр өөрийн хамаатны дүү болох Мөнхзулд төлөх бичиг хийж өгч байна. Дээрх мөнгөнд Д.Б би бүрэн хариуцлага хүлээнэ. Төлөх хугацаанд 2019.12.13-2020.12.30 дотор төлнө. Д.Б” /хх-65/,
- 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн огноо бүхий, гарын үсгийн үнэн зөвийг нотариатчаар гэрчлүүлсэн “Тодорхойлолт гаргах нь” гар бичмэл баримтад “2019.3.6-ны өдөр бүгд найрамдах хятад улсын иргэн Б и с монгол улсын харьяа иргэн Дондов Баярмаа нар хайрцаг захиалгаар харилцан тохирон
тахиа хайрцаг 5050шх4.3 юань=21715
пицца хайрцаг 5000шх2.8 юань=14000
пицца хайрцаг 5000шх4.6 юань=23000
нийт #588715 юаны бараа болсоноос урьдчилгаа 12787 юань бэлнээр дансаар шилжүүлж үлдэгдэл тооцоо болох 45928 юань дээр ачааны мөнгө 3200 юань нийт 49128 юаны төлбөр тооцоо өгөхөөр тохирсон бөгөөд 49128 юанийг Bao Yung Xi өгөх нь үнэн болно. Тодорхойлолт гаргасан Д.Б” /хх-66/ гэжээ.
Мөн Г.Мөнхзулаас гэрчийн мэдүүлэг авахуулсан бөгөөд гэрч нь өөрийн түнш болох Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Б и с -д зуучилж өгсний дагуу хариуцагч нь Б и с -аас хайрцаг худалдан авсан, мөн мөнгөө төлөөгүйгээс хариуцагч дээрх гар бичмэл баримтуудыг бичиж өгсөн, гэрч нь Б и с -ийн хүсэлтээр хариуцагчаас төлбөр төлөхийг шаардаж байсан талаар шүүхэд мэдүүлсэн.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд шүүхэд гаргасан өөрийн хамаатан болох Г.Мөнхзулаас эдгээр хайрцгийг хүлээн авсан, Б и с-тэй худалдах, худалдан авах гэрээний харилцаанд ороогүй гэх татгалзлаа нотлох баримтаар нотлоогүйн дээр нэхэмжлэгчийн дээрх баримтыг үгүйсгэсэн баримт шүүхэд гаргаагүй.
Иймд хариуцагчийн хүсэл зориг илэрхийлэгдсэн дээрх баримтуудаар нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Б и с , хариуцагч Д.Б нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэстэй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэгчээс хариуцагчид нэг бүр нь 4.3 юанийн үнэтэй 5,050 ширхэг тахианы хайрцаг, нэг бүр нь 2.8 юанийн үнэтэй 5,000 ширхэг пиццаны хайрцаг, нэг бүр нь 4.6 юанийн үнэтэй 5,000 ширхэг пиццаны хайрцаг, нийт 58,715 юанийн үнэ бүхий 15,050 ширхэг тахиа, пиццаны хайрцаг шилжүүлсэн болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.
Мөн хариуцагч нь нэхэмжлэгчид урьдчилгаа 12,787 юань шилжүүлсэн, үлдэгдэл 45,928 юань болон ачааны төлбөр 3,200 юань, нийт 49,128 юанийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тохирсон болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт барааг худалдагчийн байгаа газраас өөр газар хүргэх, зөөх, тээвэрлэх, хүлээн авахтай холбогдсон зардлыг худалдан авагч хариуцахаар заасан тул хариуцагчийн төлөх тооцоонд ачааны төлбөр багтсан нь хууль зөрчөөгүй байна.
Нэхэмжлэлд дээрх тооцооны үлдэгдэл 49,128 юанийг нэхэмжлэл гаргах өдрийн Монголбанкны ханш 435.48 төгрөгөөр тооцож, 21,394,261 төгрөг нэхэмжилсэн.
Дээр дурдсан 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн баримтаар хариуцагч тооцооны үлдэгдлийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхдөө юанийг 393.80 төгрөгөөр тооцохоор тохирсон байх ба Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.
Иймд шүүх гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын дагуу хийгдсэн дээрх тохиролцоог үндэслэн худалдах, худалдан авах гэрээний үнийн үлдэгдэл 49,128 юанийг 393.80 төгрөгөөр тооцон хариуцагчаас 19,346,606 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа нар тус тус өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний өмгөөлөгч Л.Батжаргалыг оролцуулан шүүх хуралдааныг явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Б-гаас 19,346,606 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Б и с -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,047,655 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,921 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас илүү төлсөн 79 төгрөг, хариуцагч Д.Б-гаас 254,683 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б и с -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА