| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2024/0157/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/151 |
| Огноо | 2024-06-10 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Жамъяндорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан,
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.*******т холбогдох 2430000000062 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Сүхбаатар аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг .... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, З овогт Б-ийн О
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.******* нь “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр нэг жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-ны өдөр шилжих шөнийн 00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг ... тоот хашааны гаднаас тус сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнх” хүнсний дэлгүүрийн гадна тал хүртэл 3.40 хувийн согтолттойгоор ******* СҮҮ улсын дугаартай “Toyota Prius-30” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон,
мөн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны орой 21 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “...” хүнсний дэлгүүрийн гаднаас Баруун-Урт сумын 5 дугаар баг “Шагайтай тойрог”-ийн ертөнцийн зүгээр хойд талын засмал зам хүртэл ******* СҮҮ улсын дугаартай “Toyota Prius-30” маркийн тээврийн хэрэгслийг 3.14 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлснээс гадна жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан 2024 оны 02 дугаар сарын 27, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тэмдэглэл (хх 3, 80), шүүгдэгчийн согтуурлын зэрэг 3.40 болон 3.14 хувь байгааг тодорхойлсон гэрэл зургийн үзүүлэлт (хх 4, 81), драйгерийн бүртгэлд үзлэг хийсэн 2024 оны 03 дугаар сарын 04, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх 6-10, 84-89), Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс олгосон “Жолоодох лавлагаа, мэдээлэл” (хх 13), шүүгдэгч Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хассан зөрчлийн материалын хуулбар (хх 14-17), камерын бичлэгт үзлэг хийсэн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэл, цагаан өнгийн CD диск (хх 19), гэрч Г.******* (23-24), Б.******* (27-28, 96-97), А.******* (31-32), Б.******* (92-93) нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.
Хэрэгт авагдсан бөгөөд яллах дүгнэлтэд тусгасан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Энэ гэмт хэрэг нь: Автотээврийн хэрэгслийн жолооч өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн байх бөгөөд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам зөрчигдөж, нийтийн аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үйлдэл хийсэн байхыг,
“согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг тус тус ойлгоно.
Шүүгдэгч Б.******* болон түүний өмгөөлөгч Г.Амарсайхан нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт (хх 126) -ийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байгаа ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 7,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,500,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 7,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,500,000 төгрөгийн торгох ял шийтгэж, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан уг торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Бусад:
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 2 ширхэг цагаан өнгийн CD-R дискийг хэрэгт хавсаргаж хадгалахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36 дугаар бүлгийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Б-ийн О-ыг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б-ийн О-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 7,500 (долоон мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,500,000 (долоон сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******т оногдуулсан торгох ялыг 12 (арван хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.*******т шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 2 ширхэг цагаан өнгийн CD-R дискийг хэрэгт хавсарган хадгалсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ