Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2021/02305

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Н-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 14,871,853.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонтөгс, хариуцагч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.  

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г Х ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонтөгс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Б.Н нь 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Г б-тай тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж, 10,187,000 төгрөгийг жилийн 19.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй цалингийн зээлийг 1003 хоног хугацаа хэтрүүлж банкийг хохироож байгаа тул цалингийн зээлийн гэрээний 3.3.4-д заасны дагуу банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнөх цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. Иймд зээлдэгч Б.Н-аас 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт зээл 9,898,728.19 төгрөг, зээлийн хүү 4,831,613.85  төгрөг, нэмэгдүүлсэн хүү 141,511.36 төгрөг, нийт 14,871,853.40 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагчийн хэлж байгаа 2 жил 6 сарын хугацааг зөвшөөрөх боломжгүй” гэв.

 

Хариуцагчийн Б.Н шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Миний бие нь Г б-наас 10,187,000 төгрөгийг эмчилгээнд зарцуулахаар зээлсэн нь үнэн. Нэхэмжилж байгаа 14,387,853.40 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зээлсэн мөнгөө 2 жил 6 сарын хугацаанд энэ 8 дугаар сараас эхлэн сарын эхэнд 250,000 төгрөг, сарын сүүлээр 250,000 төгрөг төлж, өрөө барагдуулах хүсэлтэй байна” гэв.    

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г Х ХХК нь хариуцагч Б.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,871,853.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг маргахгүй байх боловч 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хүсэлттэй гэж тайлбарлаж байна.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Г Х ХХК арилжааны банкны үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогджээ /хх-4/.

 

Нэхэмжлэгч Г Х ХХК нь хариуцагч Б.Н-тай 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр дугаар зээл болон барьцааны гэрээ байгуулж, 10,187,000 төгрөгийг жилийн 19.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ /хх-7-9/.

 

Зохигчид зээлийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар шүүхэд маргаагүй, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, мөн хүчин төгөлдөр байна.

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид зээл 10,187,000 төгрөгийг шилжүүлсэн буюу мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэлд зээлийн үлдэгдэл 9,898,728.19 төгрөг, зээлийн хүү 4,831,613.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 141,511.36 төгрөг, нийт 14,871,853.40 төгрөг гаргуулахаар шаардсан ба зээлийн гэрээний хавсралт болох зээл эргэн төлөлтийн хуваарь ёсоор хариуцагч сар бүрийн 10, 25-ны өдөр тус бүр 134,058.48 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд төлөх үүрэг хүлээжээ.

 

          Хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгт баримтаас үзэхэд хариуцагчаас зээлд 288,271.81 төгрөг, зээлийн хүүнд 1,155,893.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 74.95 төгрөг тус тус төлсөн, харин 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зээлийн хүүг, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зээлийг тус тус төлөөгүй байх ба уг тооцооллыг хариуцагч маргаагүй.

 

          Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж тус тус заасан.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.

 

          Иймд нэхэмжлэгч нь дээрх тооцоогоор хариуцагчаас зээлийн үлдэгдэл 9,898,728.19 төгрөг, зээлийн хүү 4,831,613.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 141,511.36 төгрөг, нийт 14,871,853.40 төгрөг шаардсаныг хангах үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Н-аас 14,871,853.40 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г Х ХХК-д олгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н-аас 232,310 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г Х ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА