| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2021/00845/И |
| Дугаар | 101/ШШ2021/02287 |
| Огноо | 2021-08-03 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2021/02287
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- тоотод оршин суух, Ш овогт О-ын Б-н нэхэмжлэлтэй,
хариуцагч- Ү ц х ОНӨТҮГ- т холбогдох,
тус газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/10 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн О.Б нь бага насны 4-17 насны гурван хүүхэдтэй бөгөөд манай улсад цар тахал болох коронаварис /Ковид-19/ халдвар гарсантай холбогдуулан өрхийн амьжиргааны орлого буурсан хүнд нөхцөл байдалтай байхад ажил олгогч Ү ц х ОНӨТҮГ зүгээс хууль бусаар үндэслэлгүйгээр ажлаас халж байгаад гомдолтой байгаа тул тус газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/10 тоот тушаалыг эс хүлээн зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Иргэн О.Бнь Ү ц х ОНӨТҮГ-т 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр анх төсөвчнөөр 3 сарын туршилтын хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн үндсэн ажилтнаар томилогдон хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Улмаар 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл жирэмсний амралттай байгаа А.У-ын оронд хамтын ажиллагааны мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад албан тушаал дэвшин 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл маркетингийн мэргэжилтнээр, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/79 тоот тушаалаар тооцооны нягтлан бодогчийн албан тушаалд томилогдож хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд нийтдээ тус байгууллагад тасралтгүй 5 жил үр бүтээлтэй ажилласан.
Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ү ц х ОНӨТҮГ- ийн даргаар Ү.О томилогдож ирсэн бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Б/10 тоот тушаалаар О.Б-ийг тооцооны нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр гаргасан. О.Бнь уг тушаалтай 2021 оны 01 дүгээр сарын 18- ны өдөр танилцаж, тойрох хуудсаа зуруулж ажлаа хүлээлгэн өгсөн. Ажил олгогчийн зүгээс дээрх тушаалыг гаргах болсон үндэслэлээ тайлбарлахдаа Ү ц х ОНӨТҮГ-ийн ерөнхий нягтлан бодогч С.Б нь 2019 оноос хойш байгууллагын мөнгийг хамтын ажиллагааны мэргэжилтэн Ж.О-ын дансаар оруулж, гаргасан үйлдэлд О.Б-ийг хяналт тавьж ажиллаагүй, ажил олгогчид мэдэгдээгүй гэх зүйлийг хэлж үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна.
Учир нь О.Б-ийн ажиллаж байсан тооцооны нягтлан бодогчийн ажлын байр, албан тушаалын зэрэглэл нь TY-7-д хамаарах бөгөөд түүний шууд харьяалан удирдах албан тушаал нь нярвын ажлын байр юм. Гэтэл ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын зэрэглэл нь TY-8-д хамаарах ба түүнийг шууд харьяалан удирдах албан тушаалтан нь дарга бөгөөд харин тооцооны нягтлан бодогчийн ажлын байр нь ерөнхий нягтлан бодогчийн харьяалан удирдах доод албан тушаал байхад ажил олгогчийн зүгээс үндэслэлгүйгээр О.Б-ийг ерөнхий нягтлан бодогчийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүй, удирдлагад түүний үйлдлийг мэдэгдээгүй гэх хууль бус шаардлагыг тавьж ажлаас чөлөөлсөн нь харагдаж байна. Ажил олгогчийн зүгээс тайлбарлаж буй дээрх үндэслэл нь О.Б-ийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, бүрэн эрхэд хамааралгүй, мөн О.Бнь тооцооны нягтлан бодогчоор 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн ажилласан байхад ерөнхий нягтлан бодогчийн 2019 оноос хойш гаргасан үйлдэлд О.Б-ийг буруутгаж байгаа нь ойлгомжгүй юм.
Мөн ажлаас халсан тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.5 дахь заалт, Байгууллагын дүрмийн 5-р зүйлийн 5.6.5, 5.6.11, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7-р зүйлийн 7.3.5.1 болон Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10-р зүйлийн 10.4.2, 34-р зүйлийн 34.2.2, Коронавурист халдвар /Ковид-19/-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай тухай хуулийг тус тус үндэслэж чөлөөлсөн байдаг. Ажил олгогч нь нэг талын санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.5 дахь заалт "мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон" гэх заалтыг үндэслэл болгосон хэдий ч тушаалын захирамжлах хэсгээс үзэхэд ажилтан О.Бнь яг ямар буруутай үйлдэл гаргаж ажил олгогчийн итгэлийг алдсан эсэх, тухайн үйлдлийг хяналт шалгалтаар тогтоосон эсэх нь ч тодорхойгүй, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бүрдээгүй байхад ажил олгогч өөрт нь хамааралтай хөдөлмөрийн харилцааг зохицуулаагүй хууль тогтоомжийг үндэслэж, хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Тооцооны нягтлан бодогчийн ажил нь ТҮ-7-д хамаарч байгаа, ерөнхий нягтлан бодогчийн ажилд байгууллагын удирдлага хяналт тавьж ажиллах ёстой байхад тооцооны нягтлан бодогчийг хяналт тавиагүй гэсэн үндэслэл заасан нь үндэслэлгүй, тушаалын үндэслэх хэсэгт нхэмжлэгч ямар буруутай үйлдэл гаргаж ажил олгогчийн итгэлийг алдсан талаар тодорхой дурдаагүй, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бүрдээгүй байгаа.
Иймд Ү ц х ОНӨТҮГ-ийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/10 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч Ү ц х ОНӨТҮГ-т даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч бага 4-17 насны гурван хүүхэдтэй байхад ажлаас халсан нь хууль бус үндэслэлгүй хэмээн үзжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно хэмээн заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсанаар 4-17 насны гурван хүүхэдтэйн дээр халагдсан үндэслэл нь мөн хуулийн 40.1.5-т заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэх үндэслэл тул түүний гаргасан энэхүү нэхэмжлэлийн үндэслэл хууль зүйн үндэслэлгүй болох нь харагдаж байна.
Манай улсад Ковид-19 цар тахлын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан өрхийн амьжиргааны орлого буурсан хүнд нөхцөл байдалтай байхад ажил олгогчийн зүгээс ажилтныг ажлаас халсан нь үндэслэлгүй хэмээн үзжээ. Эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж буй Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өрхийн амьжиргаа буурсан хүнд нөхцөл байдалд иргэдийн амьжиргааг дэмжих талаар хэд хэдэн эрх зүйн зохицуулалт тусгалаа олсон байх хэдий ч энэ хуульд ямар ч тохиолдолд ажилтныг ажлаас халж, чөлөөлж болохгүй талаар хатуу тогтоосон эрх зүйн зохицуулалт байхгүй болно. Нэхэмжлэгчийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан бөгөөд ажил олгогчийн гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаа өөрөө хууль зүйн үндэслэлгүй юм. Ажил олгогч болох хариуцагчийн зүгээс өөрийн гаргасан шийдвэрийн үндэслэлээ хууль зүйн үндэслэлтэй хэмээн үзэж дор дурдсан байдлаар хамгаалж байна.
Нэхэмжлэгчийн хувьд 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл Ү ц х ОНӨТҮГ-т тооцооны нягтлан бодогчоор хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилласан. Манай байгууллагын тооцооны нягтлан бодогчийн ажлын байрны буюу албан тушаалын тодорхойлолтод зааснаар тэрээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг хэвийн явуулахад эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах зорилгын дагуу дараах зорилтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй.
Үүнд: Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг хэвийн явуулах, орлого, зарлагын тооцоог холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй болон ажиллагсадтай хийж, тооцоо нийлэн өр авлага үүсгэхгүй ажиллах, мөнгөн хөрөнгө материалын зарцуулалт, өмчийн ашиглалт хамгаалалтад хяналт тавьж ажиллах, ажиллагсдын цалин хөлсийг олгох, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцоолох, тайлагнах, цалин хөлстэй холбоотой бүртгэл хөтлөх, удирдлагыг холбогдох мэдээ, мэдээллээр хангаж ажиллах, байгууллагад хэрэгжиж буй дүрэм, журмыг мөрдлөг болгох зэрэг болно. Үүнээс харвал нэхэмжлэгчийн хувьд мөнгө, эд хөрөнгө хариуцсан ажилтны дээр түүний хүлээсэн үүрэг нь ажилтнуудын цалин хөлсийг олгох, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцоолох, цалин хөлстэй холбоотой бүртгэл хөтлөх болох нь харагдаж байна.
Үүссэн асуудлын хувьд тус байгууллагын мөнгө түүний хэлснээр хамтын ажиллагааны мэргэжилтнээр ажиллаж байгаад 2020 оны 12 дугаар сард ажлаас халагдсан Ж.О-ийн дансанд цалин нэрийн дор хууль бусаар орж байсан. Нэхэмжлэгч дурдахдаа миний бие 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тооцооны нягтлан бодогчоор ажилласан байхад 2019 оны үйлдэлд О.Б-ийг буруутгаж байгаа нь ойлгомжгүй гэжээ. Гэтэл эл нөхцөл байдал 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс хойш байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдож уг зөрчлийг таслан зогсоох хүртэл үргэлжилсэн. Өөрөөр хэлбэл 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилсэн болно. Нийт тавхан сарын хугацаанд хамтын ажиллагааны мэргэжилтэн Ж.О- ийн дансанд 28.333.047 төгрөг цалин нэрээр орсон байна. Угтаа Ж.О 1 сарын 766.481 төгрөгийн цалинтай бөгөөд тавхан сарын хугацаанд 3.832.405 төгрөгийн үндсэн цалинтай байтал түүнээс 24.500.642 төгрөгийн цалин илүү авсан нь харагдаж байна. Эл нөхцөл байдлаас харвал дээр дурдсанаар мөнгө эд хөрөнгө хариуцсан ажилтнаар буюу тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүйгээр төрөөс сул цалин авч ажиллаж байснаараа буюу эс үйлдэхүйгээрээ ажил олгогчийн итгэлийг алдсан гэх үндэслэлтэй болно.
Бүрэнчимэгийн ажлын байрын тодорхойлолт 4-т ажиллагсадын цалин хөлс олгох үүрэгтэй, байхад 22 сая төгрөгийг нэг хүний цалин болж орсныг мэдээгүй байдаг, бусдын цалин гэж Ж.О-ийн дансаар мөнгө шилжсэн байдаг, данс эзэмшигчийн нэр тодорхойгүй дансаар 6 сая төгрөг шилжүүлсэн байдаг, орлого зарлагын тооцоо нийлэх ёстой, мод тариалт, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн түрээсийн мөнгө гэсэн утгаар орлого ордог байгаа эдгээр мөнгөнүүд Ж.О-ийн данс руу орсон бөгөөд нэхэмжлэгчийг ажиллах хуагцаанд гарсан гүйлгээ нь 58 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байдаг, дотоод хяналт шалгалт хийхдээ биечлэн уулзахад би буруугүй, тооцооны нягтлан бодогчийн ажилд гар хүргэж байгаагүй талаар хэлсэн.
Энэхүү нөхцөл байдлыг ажил олгогчийн дотоод хяналт шалгалтаар илрүүлсэн бөгөөд шалгалтаар илэрсэн асуудлыг нэхэмжлэгчид танилцуулсан бөгөөд танилцуулсан нь түүний бичсэн нэхэмжлэлд товч тодорхой дурдагдсан байх тул нэхэмжлэлийн шаардагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Бнь хариуцагч Ү ц х ОНӨТҮГ-т холбогдуулан, тус газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/10 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч тал нэхэмжлэгчийн ажлын байр нь мөнгө, эд хөрөнгө хариуцсан ажилтанд хамаарах бөгөөд ажилтнуудын цалин хөлсийг олгох, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцоолох, цалин хөлстэй холбоотой бүртгэл хөтлөн ажиллахдаа хамтын ажиллагааны мэргэжилтнээр ажиллаж байгаад 2020 оны 12 дугаар сард ажлаас халагдсан Ж.О-ийн дансанд цалин нэрийн дор хууль бусаар гүйлгээ хийж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй эс үйлдэхүйгээрээ ажил олгогчийн итгэлийг алдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй... бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай.
Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.
Шүүх нэхэмжлэлийн үндэслэл гэдэгт нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдаг тул нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг тул нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотлох баримтын талаар тусгасан байхыг шаардахаас заавал хавсаргаж ирүүлэхийг шүүх шаардахгүй. Учир нь хэргийн оролцогчидод нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэхийн тулд хуулиар хугацаа тогтоогдсон бөгөөд уг хугацааны дотор буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэрэг маргааныг шүүх шийдвэрлэнэ.
Тиймээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагддаг тул хэрэг шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцээнд оролцож байгаа тал шаардлагаа дэмжих, шаардлагын үндэслэлийн талаар мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх, нотлох баримтаа өөрөө гаргах эрхтэй бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүнийг болон хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй байх, эрх тэгш байх зарчимд үндэслэн явагддаг болно.
Иймд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Ү ц х ОНӨТҮГ-н дарга нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/10 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Байгууллагын дүрмийн 5 дугаар зүйлийн 5.6.5, 5.6.11, хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.3.5.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.2, 34 дүгээр зүйлийн 34.2.2, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг тус тус үндэслэн захиргаа, санхүү, маркетингийн хэлтсийн тооцооны нягтлан бодогч ажилтай О.Б-ийг мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, 2021-01-14-ний өдөр цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна /хх-5, 55/.
Нэхэмжлэгч О.Бнь Ү ц х ОНӨТҮГазарт холбогдуулан гаргасан дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүх 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр /хх-3-р нүүрний ар тал/ хүлээн авсан бөгөөд нэхэмжлэгч тал ажлаас чөлөөлсөн тушаалыг тойрох хуудас зуруулахдаа буюу 2021-01-18-ны өдөр гардан авч танилцсан талаар тайлбарласныг /хх-56/ хариуцагч тал үгүйсгэж, маргаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах эрхтэй гэж заасан хугацааг хэтрүүлээгүй байна гэж шүүх үзлээ.
Учир нь, ажилтан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд хандах эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар татгалзлын үндэслэлээ нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй тул хариуцагч 2021-01-14-ний өдрийн тушаалыг нэхэмжлэгчид тухайн өдөрт нь гардуулсан гэх байдлаа нотлох үүрэгтэй.
Түүнчлэн нэхэмжлэгч О.Бнь Ү ц х ОНӨТҮГазарт төсөвчин, хамтын ажиллагааны мэргэжилтэн, маркетингийн мэргэжилтэн, тооцооны нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болох 2015-05-05-ны өдрийн 2015/87 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-14-19/, 2018-10-17-ны өдрийн 2018/42 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-20-24/, 2020-07-03-ны өдрийн 2020/26 дугаартай хөдөлмөрийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-46-50/, 2021-01-18-ны өдрийн огноотой тойрох хуудас /хх-56/, ажил хүлээлцэх хуудас /хх-57/, 0248226 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-6-8/, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдсон.
Ажил олгогчийн 2021-01-14-ний өдрийн Б/10 тоот тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан бөгөөд ажилтаны үйлдэл, эс үйлдэхүй нь ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байх учиртай.
Хариуцагч тал нэхэмжлэгчийг тооцооны нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа ажлаас халагдсан Ж.О-ийн данс руу цалин гэж мөнгө шилжүүлж байсан ерөнхий нягтлан бодогчийн үйлдлийг ажил олгогчид мэдэгдээгүй үйлдэл нь дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон гэж ажил олгогчийн ажилтаныг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлийг тайлбарласан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүгчийн 2021-06-21-ний өдрийн 101/ШЗ2021/09909 дугаар захирамаар хариуцагчаас гаргуулсан Дотоод хяналт шалгалтын удирдамж нь 2020-12-01-ний өдрийн огноотой /хх-166/, дотоод аудитын хяналтын дүгнэлт нь 2020-12-07-ны өдрийн огноотой /хх-169-181/ байх бөгөөд тухайн дүгнэлтийг гаргасан дотоод, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Б.М гэж, танилцсан дарга Ү.О гэж гарын үсэг зурсан байна /хх-181/.
Нийслэлийн засаг даргын тамгын газраас ирүүлсэн 2021-07-20-ны өдрийн 03/2828 тоот албан бичигт нийслэлийн засаг даргаас орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг батлаагүй байна гэж тодорхойлсон /хх-198/.
Хариуцагч байгууллагаас ирүүлсэн Байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам-ыг Ү ц х ОНӨТҮГ-н даргын 2019-02-28-ны өдрийн А-09 тоот тушаалаар баталсан /хх-182/, комиссын бүрэлдэхүүнийг дээрх тушаалын 1-р хавсралтаар мөн баталсан /хх-183/ ба үүнд комиссын дарга нь захиргаа, санхүү, маркетингийн хэлтсийн дарга, гишүүд нь үйлдвэрлэл, ногоон байгууламжийн хэлтсийн дарга, ХАБЭА ажилтан, цахилгааны инженер, нарийн бичгийн даргаар гэрээний мэргэжилтэн гэсэн бүрэлдэхүүнээр байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулахаар заажээ.
Дээрх комиссийн бүрэлдэхүүнийг томилсон тус байгууллагын даргын 2019-02-28-ны өдрийн А/09 тоот тушаал хүчингүй болсон эсэх, комиссын бүрэлдэхүүн өөрчлөгдсөн эсэх нь тодорхойгүй, дотоод хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн дангаар байгууллагын дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлэхээр үүрэг хүлээсэн болох нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй.
2020-12-01-ний өдрийн дотоод хяналт шалгалтын удирдамжийг ДХШҮХАмэргэжилтэн боловсруулсныг байгууллагын дарга баталсан, зорилгоо байгууллагын захиргаа, санхүү, маркетингийн хэлтсийн үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхд байгууллагын хэмжээнд хяналт тавьж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхэд оршино гэж тодорхойлжээ /хх-166/.
Гэвч дотоод аудитын хяналтын дүгнэлтэд дотоод, хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Б.М нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын хавсралт Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод, хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам болон холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн зорилт, чиг үүргийн хүрээнд хийж гүйцэтгэсэн талаар дурдсан байх боловч дүгнэлтийн агуулга хэсэгт маркетинг хамтын ажиллагааны мэргэжилтэн Ж.Оюун-Эрдэнэ, тооцооны нягтлан бодогч О.Б, ерөнхий нягтлан бодогч С.Б гэсэн ажилтаныг шалгасан талаар дурдсан байх бөгөөд дотоод хяналтын удирамжийн хамрах хүрээнд орох захиргаа, санхүү, маркетингийн хэлтсийн ажилчид шалгагдсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар дурдаагүй байна /хх-169-181/.
Түүнчлэн 2019-02-28-ны өдрийн А-09 тоот тушаалаар батлагдсан Ү ц х ОНӨТҮГ-н үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журамд зааснаар дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах эрх үүргийг байгууллагын хэмжээнд дотоод хяналтын үйл ажиллагаа хариуцсан комисс, түүний бүрэлдэхүүн хэрэгжүүлэхээр, дотоод хяналт шалгалтын комиссыг газрын даргын тушаалаар батлагдсан бүрэлдэхүүнээр хэрэгжүүлэхээр заасан буюу дотоод хяналт шалгалтыг комиссийн бүрэлдэхүүнээр ажиллахаар байхад дотоод хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн дангаар гүйцэтгэсэн нь үндэслэлгүй байна /хх-184-187/.
Дотоод хяналт, шинжилгээ үнэлгээний ахлах мэргэжилтэний ажлын байрын тодорхойлолт нь газрын даргын шууд удирдлага дор байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах, байгууллагын үйл ажиллагаа иргэд аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж буй ажил үйлчилгээ нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрт нийцэж байгаа эсэхэд хяналт үнэлгээ хийх, дүгнэлт зөвлөмж гаргах, газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр удирдлагыг хангах үүрэгтэй /хх-188-191/ байх бөгөөд газрын даргын 2020-12-01-ний өдрийн Б/158 дугаар тушаалаар Б.М-г туршилтын 3 сарын хугацаагаар дотоод, хяналт шинжилгээ, үнэлгээний ахлах мэргэжилтнээр ажилд томилсон /хх-192/ байна.
Байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах комисс нь дээрх журамд зааснаар илэрсэн зөрчил дутагдлын дагуу байгууллагын дотоод дүрэм, журамд заасан арга хэмжээг авах талаар байгууллагын даргын зөвлөлийн хуралд санал хүргүүлэхээр байх бөгөөд хариуцагч байгууллагын даргын 2019-02-28-ны өдрийн А/09 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан комисс дотоод хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж явуулсан болох нь, комисс даргын зөвлөлийн хуралд шалгалтын талаар танилцуулж, санал хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй тул 2020-12-01-ний өдрийн огноотой дотоод хяналт шалгалтын удирдамж, дүгнэлт зэргийг хариуцагч байгууллага нөхөн гүйцэтгэсэн байх боломжтой гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Зохигчдын хооронд 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.2.7-д мөнгө, эд хөрөнгө хариуцсан ажилтан ажлын хариуцлага алдаж, байгууллагад хохирол учруулсан нь нотлогдсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар /хх-134-135/ гэрээний талууд тохирсон байх боловч ажил олгогч хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаалд хөдөлмөрийн гэрээг бус хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэл болгосон ба нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2021-01-14-ний өдрийн Б/10 тоот тушаалын үндэслэлд 2020-12-01-ний өдрөөс явагдсан дотоод хняалт шалгалтын дүгнэлтийн талаар тусгаагүй, ажил олгогчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон Б/10 тоот тушаалын үндэслэл болох Байгууллагын дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам гэх баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Мөн хамтын ажиллагааны мэргэжилтэнээр ажиллаж байсан Ж.О- ийн данс руу цалин гэж мөнгө шилжүүлсэн нь ажил олгогчийн итгэлийг эвдсэн гэж хариуцагч тал татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байх боловч тухайн ажилтаны данснаас бусад ажилчидын цалинг шилжүүлдэг буюу жишээ нь хуульч Э-ын цалинг шилжүүлсэн болохыг шүүх хуралдаанд оролцсон хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарласан.
Дээрх ажилтаны данс руу шилжүүлсэн цалин гэх гүйлгээний шилжүүлэг нь хууль бус гүйлгээ болохыг, ажил олгогчийг зөвшөөрөлгүй хийгдсэн гүйлгээ болохыг нотолсон баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй бөгөөд Үндэсний аудитын газрын Нийслэл дэх төрийн аудитын газрын 2021-06-10-ны өдрийн 949 дүгээр албан бичгээр ирүүлсэн Ү ц х ОНӨТҮГ-ын даргад хаягласан зөрчилгүй тухай аудитын санал дүгнэлтэд 2020-12-31-ний өдрөөрх санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл материаллаг алдаагүй, Төвсийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, сангийн сайдын баталсан холбогдох журамд нийцүүлэн үнэн зөв, шударга толилуулсан талаар дурдсан байна /хх-90-120/.
Иймд талуудын маргааны зүйл бол ажилтаныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн Б/10 тоот тушаал тул уг тушаалын үндэслэлийн талаар шүүх дүгнэх бөгөөд гагцхүү ажил олгогч, ажилтаны хооронд үүссэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа ажил олгогчийн тушаалын хууль зүйн үндэслэл болох ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтаны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх бөгөөд ажил олгогчийн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан хэдий ч ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир шүүх уг тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговоролгоно... гэж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцох-оор тус тус заасан.
Нэхэмжлэгч О.Б-ийн 2020 оны 12-р сарыг дуусталх хугацаанд бүтэн ажилласан талаарх тайлбарыг хариуцагч тал үгүйсгэж маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын 0248226 дугаартай дэвтэрт 2020 оны 12-р сарын цалин хөлс бичигдсэн байх тул ажилтны дундаж цалинг тооцохдоо дээрх дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбарт бичигдсэн сүүлийн бичилт болох 2020 оны 12, 11, 10 дугаар сарууд байх бөгөөд эдгээр саруудын бичилтээс 1 сарын цалингийн дунджийг тооцоход 1.385.694+1.062.601+1.073.601 =3.521.896:3=1.173.965 төгрөг байх бөгөөд ажлын 22 хоногт хуваахад нэг өдрийн цалинтэй тэнцэх олговор нь 53.362 төгрөг байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг ажил олгогчийн тушаал гарсан 2021-01-14-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2021-08-03-ны өдрийг хүртэлх ажлын 142 өдрөөр тооцож олговорт 7.577.404 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, ажил олгогч ажилтаны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн бичилт хийх үүрэгтэй, ...байгууллагын үндсэн ажилтны ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг цалин хөлсний доод хэмжээгээр тооцож ажил олгогч төлөх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч О.Б-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Ү ц х ОНӨТҮГазарт даалгах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох хураамжид 136.188,46 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Шовогт О-ын Б-ийг Ү ц х ОНӨТҮГазрын захиргаа, санхүү, маркетингийн хэлтсийн тооцооны нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Ү ц х ОНӨТҮГазраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 142 хоногийн олговорт 7.577.404 /долоон сая таван зуун далан долоон мянга дөрвөн зуун дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Б-т олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Б-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулалт хийхийг хариуцагч Ү ц х ОНӨТҮГазарт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж,
мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 136.188,46 төгрөгийг хариуцагч Ү ц х ОНӨТҮГазраас гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ