Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/118

 

 

                                                                                                                                                                            

 

 

 

                                             2024/ШЦТ/118

 

 

 

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,

Улсын яллагч: А.А

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Ц

Шүүгдэгч: П.Б 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Пийн Бт холбогдох эрүүгийн 2412................. дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

              Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Витафит милк ХХК-д дамжлагын ажилтан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ............ хот, ............ дүүрэг, ...........дугаар хороо, ......... дугаар гудамж, ........... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Пийн Б /РД:............/    

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ....... аймгийн ........ сумын ......... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Г ХХК-ийн салбар 1 дэлгүүрт 3,645,600 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.       

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч П.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр .............. аймгийн ............ сумын ............. дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Г ХХК-ийн салбар 1 дэлгүүрт кассаар ажиллаж байхдаа 1 литрийн савлагаатай “Эден” нэртэй архи 30 ширхэг, “Тундра” нэртэй архи 30 ширхэг, 0,75 литрийн савлагаатай “Экспорт-40 жил” нэртэй архи 24 ширхэг, 2,5 литрийн савлагаатай “Нийслэл” нэртэй пиво 60 ширхэг эд хөрөнгийг завшиж, хохирогч Г ХХК-д 3,645,600 төгрөгийн хохирол учруулж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цгийн “...Салбар-1 дэлгүүр дээр Тундра архи 1 литрийн савлагаатай 30 ширхэг “Эден” архи 1 литрийн савлагаатай 30 ширхэг, “Экспорт-40 жил” архи 0,75 литрийн савлагаатай 24 _иирхэг, “Нийслэл” пиво 2,5 литрийн савлагаатай 60 ширхэг дутсан гэхдээ ойр зуурын зүйл болох тамхи тогооны угаалтуур, хөзөр, чихэр, жимс гэх мэт зүйлүүд мөн дутсан үүнийг Б, касс Ртой хувааж цалингаас нь суутгаж звсан юм. Б нь “Тундра” архи 1 литрийн савлагаатай 30 ширхэг, “Эден” архи 1 литрийн савлагаатай 30 ширхэг, “Экспорт-40 жил” 0,75 литрийн савлагаатай архи 24 ширхгийг тоо ёсоор нь өгсөн. Харин 60 ширхэг 2,5 литрийн 1иво өгөөгүй байгаа мөн урьд өмнөх өрний 4,625,000 төгрөг үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 153 хуу/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цгийн дахин өгсөн “....Б нь манай дэлгүүрээс завшсан архийг бүрэн барагдуулсан. Харин 2.5тай 60 ширхэг пивоны тооцоо болох 477.000 төгрөг нэхэмжилнэ. Гэхдээ урьд өмнө нь Б хувиараа дэлгүүр ажиллуулж байх хугацаандаа манай ХХК-иас авсан зээлийн үлдэгдэл болох 4.625.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 176-177 хуу/,

 Гэрч Д.Бгийн “...П.Б нь манай компанийн 1, 2 дугаарт салбарт 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд ажиллаж байсан юм. Би хариуцан ажиллуулдаг байсан. Салбар-1 дэлгүүрт 2023 оны 11 дүгээр сараас эхлэн худалдааны зөвлөхөөр ажиллаж эхэлсэн баримт харахгүй болохоор яг хэдэн төгрөгийн бараа хүлээн авсныг санахгүй байна, баримт дээр бүгд байгаа, тухайн үед би хүлээлцүүлж байсан. Үүний дараа 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Салбар-1 дэлгүүр дээр тооллого хийхэд 4,104,540 төгрөгийн архи согтууруулах ундаа буюу 1 литрийн савлагаатай “Эден” архи 30 ширхэг, 1 литрийн “Тундра” архи 18 ширхэг, 0,75 литрийн “Экспорт-40 жил” архи 24 ширхэг, 2,5 литрийн савлагаатай “Нийслэл” пиво 60 ширхэг зэрэг бараа дутсан. Б үүнийг “Бүрэн Ар” ХХК-д өрөндөө өгчихсөн гэж тайлбарласан. Худалдааны зөвлөх, Б, касс Р, энэ хоёрыг салбар хариуцсан менежер болох миний бие хариуцдаг өдрийн орлогыг маргааш өглөө хүлээн авдаг байсан. Тухайн орлого дээр ямар нэгэн зөрчил гардаггүй байсан.  Би тухайн үед 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр очиж хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд 01 дүгээр сарын 22-ны өдрөөс урагш бичлэг байхгүй бичигдээгүй мэдээлэл харагдаж байсан. 22-25-ны бичлэг бичигдсэн байсан. Тэгээд би Бээс яагаад бичлэг байхгүй байгаа талаар асуухад би үзье гэж хэлээд тухайн 4 өдрийн бичлэгийг шууд устгасан. Тэгээд яаж байгаа талаар асуухад би юу гэж устгадаг юм гээд байсан. Тэгээд би төв салбар дээр ирж удирдлагуудад хэлсэн юм. Намайг байхгүй байх хугацаанд Р хэдэн хоног чөлөө авсан энэ хугацаанд Б ганцаараа ажилласан байсан. Тэр үедээ авах боломжтой эсвэл манай дэлгүүр өглөө 8 цагт онгойдог касс, худалдааны зөвлөх хоёрт дэлгүүрийн 2 хаалганы түлхүүр нэг нэгээрээ байдаг. Хамт ирж байж л дэлгүүр онгойх боломжтой гэтэл Р өглөө цагтаа ажилдаа ирдэггүй байсан үед түлхүүрээ Бт өгөөд явуулдаг өглөөгүүр Б дэлгүүрээс ганцаараа ирээд бараа гаргах боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу/,

Гэрч Э.Рын “...2024 оны 01 дүгээр сарын 04-ний үе шиг санаж байна барааг менежер Д, Б, шинээр орсон гээд нэг хүн байсан бид нар тооллого хийхэд бараа бүрэн байсан. Б бид хоёр 60-70 сая төгрөгийн бараа хүлээлгэж өгөөд тухайн барааг буцааж хүлээж авсны дараа 01 дүгээр сарын 10-13 үе байх дахиад бараанд тооллого хийхэд бараа бүрэн байсан. Үүний дараа 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Б менежер тооллого хийхэд 4 сая төгрөгийн архи дутаад муудах бараануудаа өөр салбарт зөөгөөд лацадсан. Би 2024 оны 01 дүгээр сарын 24-ний орой дэлгүүрээ хаахдаа би өөрийнхөө гадна хаалганы түлхүүрийг Бт өгөөд явуулсан учир нь би маргааш нь эмнэлгээр өөрийгөө үзүүлэх ажилтай байсан. Маргааш өглөө нь 8 цагт ирж амжихгүй гэдгээ хэлсэн уг нь бид хоёрт гадна, дотор хаалганы түлхүүр нэг нэгээрээ байдаг хамт ирж байж 8 цагт дэлгүүрээ онгойлгодог юм. Би 01 дүгээр сарын 25-ны өдөр 11 цагийн үед ирсэн намайг байхгүй хугацаанд тухайн дутсан архийг авсан гэж бодож байна. Б тухайн дутсан архийг өөрөө аваад хүнд өгсөн гэдгээ тооллого хийхэд хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/,

Гэрч Б.Оын “...П.Б нь 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр надаас 3,350,000 төгрөгийн архи, пиво зээлээр аваад Архангай аймгийн 100 жилийн баяр наадам өнгөрөхөөр өгнө гэж хэлээд авсан аймгийн 100 жилийн баяр наадам 07 дугаар сарын сүүлээр болсон юм. Тэгээд наадам өнгөрөөд архи, пивоны мөнгө нэхсэн боловч өгөөгүй явсаар байгаад 2024 оны 01 дүгээр сарын сүүлээр буюу 20-дын үеэр П.Б нь бараагаар өгч болох уу гэхээр нь би болно гэж хэлсэн. Би Бийг хувиараа дэлгүүр ажиллуулдаг гэдгийг мэддэг манай компаниас бараа захиалж авдаг байсан юм. Тэгээд Б нь 1 литрийн “Тундра” архи 30 ширхэг, 1 литрийн “Эден” нэртэй архи 40 ширхэг, 0,75 литрийн “Хар экс 40 жил” нэртэй архи 36 ширхгийг авч ирж өгөөд өрөө төлөөд явсан. Би тухайн барааг өөрийнхөө дэлгүүрээс авч ирж өгч байна гэж ойлгосон. Гэхдээ дээрх архины тоог нарийн сайн санахгүй байна бага зэрэг зөрөөтэй байж болох юм. Тухайн архийг Б өөрөө ирээд аваад явсан харин надад өгөх өрөө бэлэн мөнгөөр өгчихсөн учир одоо өр төлбөрийн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/,  

 

Яллагдагч П.Бийн өгсөн “...зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 165-166 хуу/,  

 Эд хөрөнгийн тооллого явуулах тухай журам /хх-ийн 26-28 хуу/,

             Г ХХК-ийн захирлын “Ажилд томилох тухай” тушаал  /хх-ийн 30 хуу/,

             Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн баримтууд /хх-ийн 32-103 хуу/,

             Шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаартай дүгнэлт /хх-ийн 147 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

  

Хөрөнгө завших гэмт хэрэг нь хууль, дүрэм, гэрээ, хэлцэл албан ажлын хүрээнд итгэмжлэн хариуцуулсан, өөрийнх нь эзэмшил, мэдэлд хууль зүйн дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буцаан өгөхгүй байх, өөрийн юм шиг хяналтгүйгээр захиран зарцуулж үнэ хөлс, орлогыг завших, хууль бус эзэмшил тогтоож өөрийн үзэмжээр ашиглах зэрэг арга хэлбэрээр илэрдэг.

 

Шүүгдэгч П.Бийн бараа бүтээгдэхүүнийг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж эд хөрөнгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

  

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Бийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

 

Иймд шүүгдэгч П.Бийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол 3.645.600 төгрөгөөс үлдсэн хохирол 477.000 төгрөг мөн дэлгүүрээс бараа зээлээр авсан өмнөх өрийн үлдэгдэл 4.625.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас 3.645.600 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн хэрэгт хамааралгүй өмнөх өрийн үлдэгдэл 4.625.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч П.Б нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан 3.645.600 /гурван сая зургаан зуун дөчин таван мянга зургаан зуун/ төгрөгийн хохирлоос 3.168.600 /гурван сая нэг зуун жаран найман мянга зургаан зуун/ төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг биетээр төлж барагдуулсан байх бөгөөд үлдсэн 477.000 /дөрвөн зуун далан долоон мянга/ төгрөгийг төлж барагдуулаагүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Бээс  477.000 /дөрвөн зуун далан долоон мянга/ төгрөгийг гаргуулан ..... аймгийн .......... сумын ............. дүгээр баг, “Г” ХХК-д /хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц/-д олгох нь зүйтэй байна.   

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч П.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч П.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд  прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

 

             Шүүгдэгч П.Бийг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Пийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн  17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бийг 2700 /хоёр мянга долоо зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бт шүүхээс оногдуулсан 2700 /хоёр мянга долоо зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бээс 477.000 /дөрвөн зуун далан долоон мянга/ төгрөг гаргуулан ....... аймгийн ........... сумын ............. дүгээр баг, “Г” ХХК-д /хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц/-д олгосугай.

 

6. Шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.ДОНИДДОЛГОР