Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 64

 

О.Ц-эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0197/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Ц.Цэен-Ойдов

Шүүгдэгч                                       О.Ц-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Ө.Өлзиймаа

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолтой, О-ийн Ц-эд холбогдох, 2018001590175 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 1 жил 6 сар хорих ял,  2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан., ********** регистрийн дугаартай, Ө- овогт О-ийн Ц-.

Шүүгдэгч О.Ц- нь 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 20 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг “Бэрх” уулын өврөөс иргэн Б.Б-ын бор зүсмийн 1 тооны адууг бэлчээрээс нь хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Ө- овогт О-ийн Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1.т заасан “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч О.Ц-эд 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3., 4.т зааснаар шүүгдэгч О.Ц-эд оногдуулсан 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4., 1.7., 1.8., 1.9.т зааснаар шүүгдэгч О.Ц- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн барин хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.т зааснаар шүүгдэгч О.Ц-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2.т зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.Ц-эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа давж заалдах гомдолдоо:

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтууд цугларсан байх тул хэргийн үйл баримт, гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг прокуророос шүүхэд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн байдал, гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлыг авч үзээгүй байна.

Шүүгдэгч О.Ц- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, үйлдсэн гэмт хэргээ шударгаар мэдүүлж, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч Б.Б-ын 1 тооны адууны хохирол 1,500,000 төгрөгийг бүрэн төлсөн, хохирогч Б.Б-ын зүгээс хохирол төлбөрөө авсан гомдол санал дахин нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн болох нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч О.Ц- нь урьд 2 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай байх боловч одоогийн гэмт хэргийг үйлдэхээс өмнө нь хамгийн сүүлд 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жил 06 сарын хугацаатай хорих ялаар шийтгэгдэж ялаа эдэлж дууссан байна.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж заасан хуулийн зохицуулалтаар дараагийн гэмт хэрэгт заавал хорих ял оногдуулна гэж үзэхгүй юм.

Иймд анхан шатны шүүхээс О.Ц-эд оногдуулсан 08 сарын хугацаанд нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулсан нь эрх зүйн байдлыг нь дордуулсан гэж үзээд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаатай тэнсэж хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа тайлбартаа:

Анхан шатны шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлыг анхаарч үзээгүй.

Миний үйлчлүүлэгч урьд хоёр удаа ял шийтгэл эдлэж байсан ч энэ нь дараагийн ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй.

Иймд миний үйлчлүүлэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.   

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч О.Ц- тайлбартаа:

Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Цаашид дахиж ийм үйлдэл гаргахгүй гэдгээ амлаж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч О.Ц- нь 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн  20 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг “Бэрх” уулын өврөөс иргэн Б.Б-ын бор зүсмийн  адууг бэлчээрээс нь хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох  шүүгдэгчийн өөрийн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч  Б.Б-,  гэрч  Ц.Б-, Б.Я-, Г.Н-, М.Ө-, Д.Э- нарын мэдүүлэг,  /х.хийн 17-18., 20-25-р хуудас /эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.хийн 11-14-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон., үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв, анхан шатны шүүх  шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан ял оногдуулжээ.

Мөн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явагдсан., хэрэгт хамаарал бүхий хохирлын үнэлгээг эрх бүхий “К-“ ХХК  гаргасан.,   шүүх хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн  хэргийн хэмжээнд  хэлэлцэж шийдвэрлэсэн  байна.

Гэвч шүүгдэгч О.Ц- нь үйлдсэн хэргээ үнэн, зөв хүлээн мэдүүлж гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан., хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн., мөн үйлдсэн хэргийн байдал, учруулсан хохирлыг хэр хэмжээ зэрэг Эрүүгийн хуульд заасан нөхцөл байдлыг харгалзан үзээд түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах  нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолын тогтоох  хэсгийн 1 дугаар заалтыг :

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч  О.Ц-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1.д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй... гэж өөрчилсүгэй.    

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт :

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3.,  7.3 дугаар зүйлийн 2.5.д зааснаар шүүгдэгч О.Ц-эд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй..,      

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4., 5.д зааснаар шүүгдэгч шүүгдэгч О.Ц- нь тэнссэн хугацаанд шийтгэх тогтоолоор хүлээлгэсэн үүргийг   зөрчсөн,  мөн тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан  санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн  6.8., 6.9. дүгээр зүйлд  заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.,

-Шүүгдэгч О.Ц-эд тэнссэн 1 жилийн хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул  аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай., гэсэн заалт тус тус нэмж, тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг хүчингүй болгож,  бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.   

3.Шүүгдэгч О.Ц- нь 2020-05-15-ны өдрөөс 90 хоног цагдан хоригдсоныг дурдаж,  түүнд  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, нэн даруй сулласугай.

4.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн  давж заалдах гомдлыг  хүлээн авсугай.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

                                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                                                   ШҮҮГЧИД                         Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                             Ц.ТУЯА