Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2077

 

 

 

 

 

 

 

 

 

“АД” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/01604 дүгээр шийдвэртэй, “АД” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ү” ХХК, “Ш” ХХК-д холбогдох, даатгалын гэрээнээс татгалзсан татгалзлыг баталгаажуулах, даатгалын баталгааг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч “АД” ХХК, хариуцагч “Ү” ХХК нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “АД” ХХК нь “Ү” ХХК-тай 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 11/01/157 тоот Даатгалын гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 437 дугаар зүйлийн 437.2, Даатгалын гэрээний 10 дугаар зүйлд заасны дагуу 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “АД” ХХК ба “Ү” ХХК нарын хооронд байгуулагдсан 11/01/157 тоот Даатгалын гэрээ, гуравдагч этгээдэд гаргаж өгдөг даатгалын баталгааг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. “АД” ХХК-ийн хүсэлтээр талуудын маргаж байгаа нэг гэрээ буюу  “даатгалын баталгаа баримт” эх хувиар аьагдсан үүний орчуулгыг “Легас” ХХК үнэн зөв эргэлзээгүй талаас нь гүйцэтгэсэн гэж үзэн нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

1. “Ү” ХХК нь “манайх тендерээр ажил авахаар материал бэлдэж байгаа, эхлээд уралдаант шалгаруулалтаар авах гэж буй ажлын нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх буюу 1 250 000 000 төгрөгийн өртөг бүхий байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээний даатгалын гэрээг тодорхой хугацаагаар байгуулья” гэсэн тул манайх 11/01/157 дугаар гэрээг 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулж, үйлчлэх хугацааг 9 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэнэ гэж заасан. Гэрээ байгуулсан өдөр “Ү” ХХК нь дэд гэрээлэгчээр шалгараагүй байсан ба даатгалын үнэ, хураамж төлөөгүй тул “АД” ХХК нь дээрх гэрээнээс татгалзаж байна. Даатгалын байгууллага нь хураамжаас санхүүжиж, өдөр тутмын үйл ажиллагааг явуулдаг. “Ү” компанийн удирдлага даатгалын гэрээ байгуулсаны дараа тендерээр ажлаа авмагц даатгалын гэрээний хураамжаа төлнө” гэдэг байсан. “АД” компанид “Ү” компанийн зүгээс гэрээний хүчинтэй үйлчлэх хугацаанд даатгалын тохиолдол үүссэн талаар огт мэдэгдээгүй. Гэтэл 2013 оноос эхлэн “Ү” ХХК, “Шангрила Улаанбаатар Хотел” ХХК-ийн удирдлагууд баталгааны дагуу төлбөр шаардсан ба энэ үед ч хураамжаа төлөөгүй байсан.

2. “Ү” ХХК-ийн удирдлага даатгалын гэрээ байгуулсны дараа “тендерээр шалгарсан мэдэгдэлээ авсан тул ажил үйлчилгээгээ даатгалд хамруулсан тухай даатгалын баталгаагаанд гарын үсэг зурж өгөөч, ингэснээр туслан гүйцэтгэгчээр ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурах нөхцөл бүрдэнэ” гэсэн. Ингэхдээ “Шангрила Улаанбаатар Хотел” ХХК-ийн гэрээнд хавсаргагдах “даатгалын баталгаа бичиг”-ийг “Шангрила Улаанбаатар Хотел” ХХК-ийн удирдлага манайд ийм баримтад гарын үсэг зуруулах шаардлага тавьж байгаа, энэ нь туслан гүйцэтгэх гэрээний дагуу үйлдэгдсэн баримт болно гээд англи хэл дээр бичигдсэн баримтыг авч ирсэн. “АД” ХХК-ийн захирал н.Чулуунцэцэг нь англи хэл мэдэхгүй атал тухайн баримтад “Ү” ХХК, “Шангрила Улаанбаатар Хотел” ХХК-ийн нэр дурьдагдсан байсан тул гарын үсэг зурсан. Даатгалын баталгаа баримтад утга агуулгын хувьд гэрээний нөгөө талын эрх ашгийг ноцтой зөрчсөн. Мөн Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8, 202.2.10, 202.2.12-т заасныг зөрсөн. Баталгаанд “Ү” ХХК, “АД” ХХК-ийн зүгээс баталгааны дүнг хамтран болон дангаараа төлөх үүрэг хүлээжээ. Энэ нь даатгалын баталгаа гэж тайлбарлаж буй хэлцлийг батлан даалтын гэрээ гэж үзэх үндэслэлгүй гэж мэтгэлцэж буй нэхэмжлэгчийн татгалзлыг нотлож байна. Учир нь Батлан даалтын гэрээгээр “Ү” ХХК өөрөө мөн үүрэг хүлээж, өөрийгөө батлан даасан болж буй тул “Ү” ХХК-ийн шүүхэд өгсөн тайлбар хуулийн үндэслэлгүй. Баталгааны 3 дахь заалтаар туслан гүйцэтгэгч баталгаа гаргаж өгөхийг зөвшөөрсөн гэсэн нь даатгалын гэрээний дагуу “Ү” компани нь даатгалын баталгаа гаргуулахыг зөвшөөрсөн, үүний дагуу “АД” ХХК-иар гаргуулж хариуцагч “Шангрила Улаанбаатар Хотел” ХХК-д өгсөн гэдгийг, улмаар 2 гэрээ хэлцэл нь шууд харилцан хамаарал бүхий гэрээ болохыг нотлож байна. Баталгаанд баримтлах нөхцөлүүд гэсний 1 дүгээр зүйлд баталгаа гаргагч нь захиалагчид учирсан хохирол алдагдал, төлбөр, өртөг, зардал, зарлагын талаар тухайн доголдол болон мөнгөн дүнгийн нотолгоогүйгээр ... төлнө гэж зааснаас үзвэл ямар ч нөхцөл үүссэн мэдэх боломжгүй атал үндэслэлтэй ч бай, үндэслэлгүй ч бай ихээхэн хэмжээний мөнгийг төлөх баталгааг “АД” ХХК, “Ү” ХХК гаргасан болж байна. Баталгааны 3 дугаар заалтад баталгаа гаргагч нь захиалагч туслан гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлтэй холбоотой эрхээсээ татгалзсан, түүний эсрэг хэрэгжүүлэх боломжтой эрхээсээ татгалзсан ... тухай мэдэх эрхээсээ татгалзаж байна, ямар ч тохиолдолд эл баталгаа хүчин төгөлдөр хэвээр байна гэсэн утга бүхий заалт орсон ба энэ нь баталгаа хэдий хугацаагаар үйлчлэхийг тааж мэдэшгүй төдийгүй, баталгаа гаргуулагч энэ эрхээсээ татгалзсан ч гэсэн баталгааны дагуу мөнгө төлөх үүрэг хүлээсэн болоод байна. 5 дугаар заалтад Захиалагч нь эрхээ туслан гүйцэтгэгч, баталгаа гаргагчийн зөвшөөрөлгүйгээр баталгааны дагуу эрхээ өмнөх, одоо, ирээдүйн аливаа эрхээ хэдийд ч шилжүүлэх эрхтэйг баталгаа гаргагч, туслан гүйцэтгэгч нар хүлээн зөвшөөрч буй гэсэн нь захиалагч баталгааны дагуу эрхээ буюу 1 тэрбум гаруй төгрөг төлүүлэх баталгаа гаргуулж авсан эрхээ ирээдүйд буй болох ямар ч үүрэгтэйгээ хамаатуулан хэрэгжүүлж болох тодорхойгүй нөхцөл байдлыг буй болгожээ. Мөн урьд өмнө хэн нэгний өмнө хүлээсэн үүргийнхээ гүйцэтгэлийг энэ баталгаагаар хангуулж болох үүргийг баталгаа гаргасан талууд болох “АД” ХХК, “Ү” ХХК хүлээлгэсэн заалт болжээ.

3. Даатгалын баталгаа бичиг дээр хариуцах үнийн дүнг илт зөрүүтэй бичиж орчуулсан төдийгүй талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байсан үеийн огноог нөхөж бичсэн. Учир нь англи хэл дээр нэг тэрбум хоёр зуун тавин сая ам.доллар гэж бичсэн атал түүнийг тоогоор 1 246 357 225.5 ам доллар гэж илт зөрүүтэй бичсэн байна. Тоогоор 1 246 357 225.5 ам.доллар гэж бичсэн нь “Ү” ХХК, “Шангрила Улаанбаатар Хотел” ХХК-ийн 2012 оны 7 дугаар сарын 5-нд байгуулсан гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тохирч байна. Харин үсгээр англи хэл дээр нэг тэрбум хоёр зуун тавин сая ам.доллар гэж бичсэн нь даатгалын гэрээний үнэтэй тохирч байна. Мөн хариуцагч талуудын батлан даалт гэж тайлбарлаж буй баримт дээр цэнхэр өнгийн үзгээр 2011 оны 5 дугаар сарын 15 гэсэн огноог нөхөж бичсэн байна. Энэ цаг хугацаанд болон үүнээс өмнө хугацаанд “АД” ХХК, “Ү” ХХК, “Шангрила Улаанбаатар Хотел” ХХК-ийн хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаанд орсон баримт хэрэгт байхгүй, байх ч ёсгүй юм. “АД” ХХК нь даатгалын гэрээ байгуулсаны дагуу даатгалын баталгаа гаргаж өгсөн. Гэвч баталгаа гаргуулж авсан “Ү” компани нь шударга бус үйлдэл гаргаж үнэн зөв тайлбар өгөхгүй байгаад гомдолтой байна.

4. Даатгалын баталгааг “Шангрила Улаанбаатар Хотел” ХХК-ийн зүгээс батлан даалт гэж тайлбарлаж байгаа төдийгүй “АД” компанийн зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн гэрээний хавсралт болгож байгаад гомдолтой байна. Ийм учраас Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйлийг үндэслэн “Шангрила Улаанбаатар Хотел” ХХК-ийн зүгээс батлан даалт гэж тайлбарлаж байгаа, гэрээ байгуулахаас 2-4 жилийн өмнө буюу 2005-2009 онуудад хянагдаж байсан, 2011 оны 5 дугаар сарын 25 гэсэн огноог гараар нөхөж бичсэн, 2011 оны 11 дүгээр сард гарын үсэг зурагдсан даатгалын баталгаа гаргагч ”АД” ХХК нь ноцтой төөрөгдөлд орсон, баталгаа гаргуулагч ”Ү” ХХК болон баталгааг хүлээн авагч ”Шангрила Улаанбаатар Хотел” ХХК хуурч мэхлэн хийлгэсэн гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.

Монгол улсад бүх албан хэрэг монгол хэл дээр явагдах хуультай байхад “АД” ХХК-ийн захирал н.Чулуунцэцэг нь гарын үсэг зурж буй хэлцлийн агуулгыг уншиж ойлгоогүй, түүнд хэн ч орчуулж өгөөгүй байхад даатгал хийсэн тухай баталгааны баримт дээр гарын үсэг зурж байна гэж ойлгуулсан тул ноцтой төөрөгдөлд орж гарын үсэг зурсан байгаа. Мөн гарын үсэг зурж буй баримт дээр нь хэзээ ч он cap нөхөж тавьж болох зай байхад гарын үсэг зурсан. Учир нь “Ү” ХХК-ийн удирдлага энэ зайнд тендерт шалгарсан эрх авсан тухай 2011 оны 7 дугаар сарын 06 гэсэн огноо тавигдана гэж хэлсэн тул бүрэн итгэсэн байдаг юм. Ийм учраас даатгалын баталгаан дээр өнөөдөр хэрэгт холбоотой үйл баримттай он cap өдрөөр холбогдохгүй 5 дугаар сарын 25 гэсэн огноо тавигдсан байгаа. Энэ баримт дээр “АД” компанийн хүсэл зоригийг үл хайхран хэзээ ч түүний эрх, үүргийг хэн нэгэн этгээдэд шилжүүлж болох төдийгүй “АД” компани энэ гэрээнээс ямар ч тохиолдолд татгалзах эрхгүй, түүний эрх, үүргийг шилжүүлсэн тухай мэдэх эрхээсээ татгалзсан, мөн хэн нэгний өмнө ямар ч хамаагүй үүрэг хүлээнэ гэсэн заалтууд байна. Даатгалын гэрээнд заасан үнийн дүн болох 1 250 000 000 төгрөгийг англи хэлээр бичсэн боловч 1 246 357 225.5 төгрөг гэсэн тоог тавьсан нь ойлгомжгүй байна. Гэрээг “Шангрила Улаанбаатар Хотел” ХХК-ийн зүгээс өөрийн хүссэн зоргоор тайлбарлаж, ямар ч гэрэний хавсралт болгож болох нөхцөл байдлаар үйлджээ.

4. Уг гэрээгээр “Ү” ХХК нь “Шангрила Улаанбаатар Хотел” ХХК-тай барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээг 2012 оны 7 дугаар сарын 5-нд байгуулсан. Гэтэл 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 11/01/157 дугаартай даатгалын гэрээгээр бол даатгал үйлчлэх хугацаа 2011 оны 9 дүгээр сарын 6-наас 2012 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 24 цагт дуусна гэжээ. “Шангрила Улаанбаатар Хотел” ХХК-ийн удирдлага хүчин төгөлдөр хугацаа бүхий даатгалын гэрээ шаардахгүйгээр “Ү” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл аль аль талд нь даатгалын гэрээ, даатгалын баталгаа баримт шаардлага байхгүй байсан байна. Харин “АД” ХХК-иас ямар нэг аргаар даатгалын баталгаа буюу дараа нь батлан даалт гэж тайлбарлаж болохуйц баримт авах хүсэл зорилго агуулсан учир даатгалын гэрээ байгуулаад даатгалын хураамж төлөөгүй байжээ. 2011 оны 9 дүгээр сарын 5-нд гарын үсэг зурсан даатгалын баталгааг “Ү” ХХК “Шангрила Улаанбаатар Хотел” ХХК-ийн хуурч мэхлэн хийсэн гэрээ гэж, “АД” ХХК-ийн зүгээс ноцтой төөрөгдөлд орж гэрээ байгуулсан гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах үндэслэл батлагдаж байна. Иймд “АД” ХХК, “Ү” ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 11/01/157дугаартай даатгалын гэрээнээс татгалзсан татгалзлыг шүүхийн шийдвэрээр баталгаажуулах, энэ даатгалын гэрээний дагуу олгосон даатгалын баталгааг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч “Шангрила Улаанбаатар Хотел” ХХК хариу тайлбартаа: Бид гэрээний дагуу төлбөр тооцоо төлөх эсэх талаар маргаан шийдээгүй. Нэхэмжлэлийн шаардлага “АД” ХХК “Ү” ХХК-тай байгуулсан гэрээнээсээ татгалзсныг шүүхээр баталгаажуулна гээд байгаа. Гэтэл гэрээнээс татгалзах эсэх асуудал нь гэрээний талуудын эрхийн асуудал болохоос шүүх гэрээнээс татгалзсныг баталсугай гэх зүйл байхгүй. Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйлийг ярьж байгаа боловч үндэслэл нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйл нь дотроо олон заалттай. Хэрэв Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийг ярьж байгаа бол хэнд яаж хууртсан юм. “Шангрила Улаанбаатар Хотел” ХХК-ийн зүгээс хуурсан үйлдлэл байна гэж маргаж байгаа юм уу тодорхой тохиолдлуудаа мэтгэлцээнийхээ явцад хэнд нь холбогдуулж юу шаардаад байгаагаа тодруулаагүй нь Улсын Дээд шүүхээс буцаах үндэслэл болно. Хамааралтай хамааралгүй баахан зүйл яриад байна. Манай зүгээс батлан даалтын гэрээ гэж үзэж байгаа. Хэлцлийн хувьд ямар хэлцэл гэдгээ тодруулах ёстой байх. Батлан даалтын гэрээ байгуулах эрх байхгүй, ийм зүйл хийдэггүй гэж тайлбарлаж, хууль зүйн үндэслэлээ тодруулахгүй байгаа нь тайлбар хийхэд төвөгтэй байна. Яриад байгаа үндэслэлээр төөрөгдөлд орсон гэж үзэх боломжгүй гэжээ.

 

Хариуцагч “Ү” ХХК хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл шаардлага ойлгомжгүй байна. Учир нь 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан даатгалын гэрээнээс татгалзсан татгалзлыг шүүхээр баталгаажуулах шаардлагатай мэтээр нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Даатгалын гэрээнээс татгалзсан гэсэн атлаа энэхүү гэрээний дагуу олгосон даатгалын баталгааг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардлага гаргасан нь хүртэл огт ойлгомжгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч тал 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш даатгалын хураамж төлөх тухай мэдэгдсэн гэх боловч ямар нэгэн мэдэгдэл манайд ирээгүй. Ямар баримтын талаар яриад байгааг мэдэхгүй байна. Өөрсдөө гарын үсгээ зурсан асуудлаа хүчээр зуруулсан мэт, өөр хүн гэрээний ач холбогдлыг тайлбарлаж өгөх байсан мэт, Англи хэл мэдэхгүй хүнд тайлбарлан туслах байсан мэтээр өөрсдийн үйл ажиллагааг бусдад буруу нялзаасан мэтээр ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хууран мэхэлж гэрээ хийсэн гэдэг нь баримтаар нотлогдоогүй. Даатгалын тохиолдол бий болсон эсэхийг тухайн үед нь шийдээд үнэхээр бий болсон бол нөхөн төлбөрөө олгоод явах ёстой. Өөр шүүхэд даатгалын тохиолдол үүсссэн болж байж болзошгүй. Тийм учраас нөхөн төлбөр олгож өгнө үү гэсэн асуудлыг хольж яриад байна. Даатгалын хураамжийг төлөөгүй тул тодорхой хугацаанд шаардах эрхийг өгсөн байдаг. Хэрвээ төлөхгүй бол тухайн үедээ түүнд холбоотой үр дагаврыг хариуцахгүй гээд хуульд заагаад өгсөн байгаа. Иймд “АД” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 431 дүгээр зүйлийн 431.4, 431.4.7-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн “АД” ХХК, “Ү” ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 11/01/157 дугаартай Даатгалын гэрээнээс татгалзсан татгалзлыг шүүхийн шийдвэрээр баталгаажуулах, уг гэрээний дагуу олгосон 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр үйлдсэн даатгалын баталгааг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “АД” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 407 996 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “АД” ХХК-иас шинжээчийн ажлын хөлсөд 1 434 409 төгрөгийг гаргуулан “Легас” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Энэ хэргийг хяналтын шатны шүүхээс буцаахдаа талуудын хооронд батлан даалтын гэрээ байгуулсан эсэх талаар талууд маргаж буйг шүүх анхаарч үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 116 дугаар зүйлд нийцээгүй байна гэж дүгнэсэн байгаа.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...зохигчийн байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний шинжтэй байх тул гэрээг даатгалын гэрээ гэж үзнэ ... Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.7 дахь заалт, гэрээний 10.2, 10.2.1-т зааснаар хариуцагч “Ү” ХХК нь даатгалын хураамж төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь 2011 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гэрээг нэг талын санаачлагаар цуцалсан гэж үзнэ” гэж үндэслэл бүхий зөв дүгнэсэн. Гэвч шүүхээс “...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн” гэж үзээд гомдол гаргаж байна. Даатгалын гэрээнээс татгалзсан татгалзлыг шүүхийн шийдвэрээр баталгаажуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасан эрхийг хүлээн зөвшөөрөх, 9.4.10-д хуулиар тогтоосон бусад арга гэсэн заалттай нийцсэн гэж нэхэмжлэгчийн хувьд үзэж байна. Учир нь “АД” ХХК-ийн удирдлага 2013, 2014 онуудад “Шангрила Улаанбаатар Хотел” ХХК-ийн албан бичигт хариу өгөхдөө “Ү” ХХК-тай байгуулсан даатгалын гэрээг даатгалын хураамж төлөөгүй үндэслэлээр цуцлаж байгааг мэдэгдсээр байтал даатгалын баталгааны дагуу их хэмжээний мөнгө нэхсэн тул тухайн гэрээнээс татгалзаж байгаа болно. Мөн шүүхээс даатгалын баталгааг баталгааны гэрээ гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6 дахь хэсэгт заасныг хэрэглээгүй гэж үзэж байна.

Хэрэгт даатгалын баталгаа эсвэл баталгааны гэрээ гэж дүгнэж болох нэг л баримт байгаа. “АД” ХХК-ийн зүгээс 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан даатгалын гэрээг үндэслэн 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр даатгалын баталгаанд гарын үсэг зурсан. “АД” ХХК-ийн ажил хэргийн хүрээнд тогтсон үйл ажиллагаа нь зөвхөн даатгал байдаг тул баталгааны гэрээ байгуулах нь тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хувьд төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн хэм хэмжээг зөрчиж байгаа үйлдэл болох тул шүүхээс энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Даатгалын гэрээний хураамжийг төлж гэрээгээ баталгаажуулаагүйг шүүх дүгнэсэн мөртлөө хүчин төгөлдөр бусад тооцож болох гэрээний үндсэн дээр гарын үсэг зурагдсан даатгалын баталгааг баталгааны гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх талуудын хооронд анх даатгалын гэрээний харилцаа үүсэж, түүний дагуу олж авсан баримтыг хариуцагч өөрийн хүсэл зоригт нийцүүлэн тайлбарлаж, харин түүнийгээ өөр бусад баримтаар нотлож чадахгүй байгаад нэг мөр дүгнэлт өгөөгүй гэж үзэж байна. Маргааны зүйл болсон 2011 оны 9 дүгээр сарын 05-ны огноо тавигдсан 3 хуудас баримтыг /цаашид маргааны зүйл гэх/ талууд дараах нөхцөл байдалд үйлдсэн. “Ү” ХХК-ийн зүгээс “манайх даатгалын гэрээ байгуулсан бөгөөд 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн даатгалын гэрээ үйлчлэх тул даатгалын баталгаагаа авья” гэсэн хүсэлтийг “АД” ХХК-д гаргасан. “Шангрила Улаанбаатар Хотел” ХХК-ийн зүгээс “манайх туслан гүйцэтгэгчтэй байгуулах гэрээний дагуу даатгалын баталгааны загварыг өөрийн үйлдсэн маягт баримт дээр гарын үсэг зуруулж авдаг” гээд 2005, 2009 онуудад хянагдаж байсан тэмдэглэлийн огноотой баримтыг авчирч “АД” ХХК-ийг ноцтой төөрөгдөлд оруулан 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гарын үсэг зуруулсан. “Ү” ХХК нь даатгалын хураамж төлөөгүй боловч туслан гүйцэтгэх гэрээ байгуулмагц хураамжаа төлнө гэж “АД” ХХК-г хуурч мэхлэн тухайн баримтад гарын үсэг зуруулсан ба даатгалын хураамжийг төлөөгүй.

“АД” компанийн удирдлага Даатгалын баталгаа олгох үүргийнхээ хүрээнд даатгалын баталгаан дээр гарын үсэг зурж байна гэж үзэн ноцтой төөрөгдөлд орж “Шангрила Улаанбаатар Хотел” ХХК-ийн үйлдсэн маягт болох 3 хуудас баримт дээр гарын үсэг зурсан. Эдгээрээс өөрөөр талуудын хооронд Баталгааны гэрээ байгуулахаар солилцсон бичиг баримт байхгүй. Анхан шатны шүүхээс маргааны зүйл болсон 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн огноо тавигдсан 3 хуудас баримтыг нэг хариуцагч нь батлан даалтын гэрээ гэж, нөгөө хариуцагч нь энэ баримтын талаар огт тайлбар өгөөгүйд ач холбогдол өгч дүгнээгүй. Хэрэгт даатгалын баталгаа, баталгааны гэрээ гэж тайлбарлаж болох хоёр өөр баримт бичиг байгаа бол агуулгыг үндэслэн шүүхээс дүгнэлт хийж болох байлаа. “Шангрила Улаанбаатар Хотел” ХХК-ийн зүгээс маргааны зүйлийг “АД” ХХК нь батлан даалт гаргаж өгсөн гэж анхнаасаа маргасан боловч батлан даалтын гэрээ байгуулах болсон үндэслэл, энэ талаар харилцаж байсан нотлох баримт гаргаж өгөөгүй. Харин туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний дагуу маргааны зүйл болсон англи хэл дээрх баримтын эхийг өөрсдөө гаргаж өгч гарын үсэг зуруулсан нь хууль зөрчөөгүй гэж мэтгэлцсэн. Мөн шүүх хуралдаанд гүйцэтгэлийн баталгаа гаргаж өгсөн гэж өөр үндэслэл зааж мэтгэлцсэн нь тэмдэглэлд бүрэн тусгагдсан байгаа. Гүйцэтгэлийн баталгаа гэж үзвэл энэ нь даатгалын үйлчилгээний нэг төрөл болох тул мөн л даатгалын хураамж төлөх үүрэгтэй гэж нэхэмжлэгч мэтгэлцсэн. “Ү” ХХК-ийн зүгээс “Манайх “АД” ХХК-тай даатгалын гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн даатгалын гэрээнээс татгалзах нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна, бид мөнгөө төлсөн баримтаа алга болгосон гэж маргадаг. “Ү” ХХК нь “Манай гүйцэтгэх ажилд “АД” ХХК нь баталгаа гаргаж өгсөн эсвэл батлан даалт гаргаж өгсөн” гэж ерөөсөө маргадаггүй болно.

Шүүх Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.1 дэх хэсэгт “Даатгагч нь гарын үсэг зурсан даатгалын баталгааг даатгуулагчид гардуулах үүрэгтэй гэж заасан. Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.1 дэх хэсэгт зааснаар Даатгагч болон даатгуулагч нар нь нэг баримт үйлдэж гарын үсэг зурах шаардлагагүй байна” гэж зөв дүгнэсэн атлаа хуулийн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Учир нь даатгалын баталгааг нэг загвараар үйлдэх, талууд заавал гарын үсэг зурцгаана, эсвэл зөвхөн нэг тал гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр байна гэсэн хууль тогтоомжоор зохицуулсан журам, дүрэм байхгүй. Хариуцагч “Шангрила Улаанбаатар Хотел” ХХК-ийн зүгээс “АД” ХХК ийм хэлбэрээр даатгалын баталгаагаа гаргаж өгдөг, “АД” ХХК-ийн даатгалын баталгаа ийм загвартай, маргааны зүйл болсон баримт өөр бичиглэлтэй тул батлан даалт” гэж тайлбарлаж мэтгэлцсэн. Өөрсдөө манай туслан гүйцэтгэх гэрээний дагуу ийм маягт баримтаар даатгалын баталгаагаа гаргуулж авья гэсэн хүсэлт гаргаж, түүн дээр гарын үсэг зуруулсан атал өөрөөр тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгчийг ноцтой төөрөгдөлд оруулсныг баталсан.

Хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад талууд туслан гүйцэтгэх гэрээг иш татаж мэтгэлцсэн. Хариуцагч тал 2 төрлийн гэрээг нотлох баримтаар хэрэгт хавсаргуулсан. Эдгээр гэрээний Баталгааны бонд гэсэн 7, 10 дугаар заалтад “Дэд гэрээлэгч нь энэхүү гэрээ байгуулах мэдэгдэл дээр гарын үсэг зурсан өдрийн дараа буюу дундын төлбөр хийсэний дараа Дэд гэрээний гүйцэтгэлийг баталгаажуулан захиалагчийн тусын тулд үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх үнийн дүн бүхий баталгааны бондыг хүлээн зөвшөөрсөн банк эсхүл даатгалын компаниар гаргуулна. Баталгааны бондын хэлбэрийг захиалагч батлах бөгөөд энэхүү бондыг гаргуулахтай холбоотой зардлыг дэд гэрээлэгч хариуцна” гэсэн ижил утгатай заалт байна.

Баталгаа гаргахын тулд дараах нөхцөлүүд бүрдэх заалттай гэрээ байна. 1.Захиалагч нь туслан гүйцэтгэгчтэй харилцаад нэг банк эсвэл даатгалын компанийг хүлээн зөвшөөрнө. 2.Баталгааг гаргуулсан зардлаа туслан гүйцэтгэгч өөрөө хариуцан төлнө. 3.Баталгааг гаргуулах хугацаа нь дундын төлбөр хийгдсэний дараа зэрэг нөхцөл байна. Энэ зардлыг “Ү” ХХК нь “АД” ХХК-д төлөөгүй байх тул шүүхээс маргааны зүйлийг баталгааны гэрээ гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн “Даатгалын баталгаа гэж маргаж байгаа 2005 онд хянан тохиолдуулсан гэх нэгдүгээр хуудасны Нийтлэг үндэслэл заалтын 3-д Туслан гүйцэтгэх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх баталгаа болгож баталгааны үнийн дүнгээр захиалагчид баталгаа гаргаж өгөхөөр гэрээний нөхцөлийн дагуу туслан гүйцэтгэгч зөвшөөрч тохиролцсон болно” гэжээ. Баталгаанд баримтлах нөхцөлүүд, 1 дэх заалтад Баталгааны үг хэллэг, нэр томьёо нь туслан гүйцэтгэх гэрээнд заасантай ижил утга илэрхийлнэ гэжээ. Эдгээр заалт нь баталгааны гэрээ гэж үзэж буй баримт нь туслан гүйцэтгэх гэрээний нөхцөлтэй шууд уялдаатай баримт болохыг нотлож байна. Нэгэнт баталгааны гэрээ нь зардал төлөгдөх нөхцөлтэй үйлдэгдсэн боловч зардлыг төлсөн баримт, төлүүлснийг нотлох баримтаа хариуцагч талууд гаргаж өгөөгүй тул баталгааны гэрээ байгуулсан гэж үзэх гол нөхцөл хуулийн дагуу хангагдаагүй тул шүүхээс баталгааны гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болохыг нотлосон. Эдгээр нь нэхэмжлэгч ноцтой төөрөгдөлд орсон, хууран мэхлэгдсэний улмаас маргааны зүйлд гарын үсэг зурсан гэдгийг бүрэн нотлож байгаа. Тухайлбал хариуцагчийн зүгээс эхлээд өөрийн орчуулагчаар батлан даалт гэсэн үг үсгээр бүх орчуулгыг хийлгэсэн. “Ү” ХХК нь “АД” ХХК-тай байгуулсан даатгалын гэрээний дагуу “АД” ХХК-иас даатгалын баталгаа авах эрхтэй, даатгалын компани даатгалын баталгаа гаргаж өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэй. Ингээд “даатгалын баталгаа” авсанаа “Шангрила Улаанбаатар Хотел” ХХК-д хүлээлгэн өгсөн байна. Хариуцагч талууд 2011 оны 9 дүгээр сард “АД” ХХК-ийн захиралд хандан нэг нь даатгалын баталгаа авч байна гэж хууран мэхлэж, нөгөө нь даатгалын баталгааг туслан гүйцэтгэх гэрээний дагуу ийм хэлбэрээр авна гэж ноцтой төөрөгдөлд оруулан хожим хойно ямар ч гэрээ гэж тайлбарлаж болох баримттай үлдсэн болно. “АД” ХХК-ийн даатгалын баталгаа гаргаж байна гэж үзэж гарын үсэг зурсан баримтыг өөрийн бүрдүүлсэн нотлох баримтыг иш татаж ийм даатгалын баталгаа байдаггүй юм гэж мэтгэлцээд, үүнийгээ үндэслэн өөр гэрээ болгон тайлбарлаад байгаа тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Энэ нь даатгалын баталгааг хүчингүй болгож байгаа бус харин даатгалын баталгаа гэж бичүүлж авсан баримтаа нөгөө тал батлан даалтын гэрээ гэж өөрөөр тайлбарлаж улмаар 1 250 000 000 төгрөг нэхэмжлээд байгаа учир түүнийг хүчингүй болгуулах нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэх чухал үйл баримт юм. Үүний дараа даатгалын баталгаа гэгчийг нь өөрсдийнх нь нотлох баримтаар өгсөн баталгаатай адилхан хэлбэрээр хийж өгөөд түүнээс татгалзах эрх нь нэхэмжлэгчид мөн байгаа гэж үзэж байна. Шүүхээс туслан гүйцэтгэх гэрээг 2011 оны 7 дугаар сард байгуулсан гэж үндэслэлгүй дүгнэсэн. Гэтэл туслан гүйцэтгэх гэрээг 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулж гарын үсэг зурсан нь хэрэгт хавсаргагдсан. Харин 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдөр туслан гүйцэтгэгчээр шалгарсан тухай мэдэгдлийг нөгөө талдаа хүргүүлсэн байдаг. Мөн шүүх нэхэмжлэгч, хариуцагч нар даатгалын баталгааны гэрээ байгуулсан, хүчинтэй эсэх, нөгөө тал нь батлан даалт гаргуулсан талаар хоорондоо маргалдаж байхад зөвхөн баталгааны гэрээ гэж хөндлөнгийн, нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт хийгээд байгааг ойлгохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “АД” ХХК нь хариуцагч “Ү” ХХК, “Ш” ХХК нарт холбогдуулан даатгалын гэрээнээс татгалзсан татгалзлыг баталгаажуулах, даатгалын баталгааг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар “Ү” ХХК нь 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр №11/01/157 тоот даатгалын гэрээг /1хх11-17/ “АД” ХХК-тай байгуулсан байх бөгөөд тухайн гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3, 431.4 дэх хэсэгт заасан шаардлага болон нөхцөлийг тодорхой тусгасан хүчин төгөлдөр гэрээ байна. Харин уг даатгалын гэрээ байгуулснаас хойш даатгуулагч нь зохих даатгалын хураамжийн төлбөрийг төлсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй талаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зохицуулсан. Дээрх гэрээний дагуу даатгалын хураамжийн төлбөрийг төлөөгүй гэх үйл баримтыг “Ү” ХХК нь няцаагаагүй, хураамж төлснөө шүүхэд нотлоогүй тул нэхэмжлэгч нь тухайн үндэслэлээр гэрээнээс татгалзах эрхтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч “Ү” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд нэхэмжлэгч гэрээнээс татгалзах буюу Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8-д зааснаар үүссэн гэрээний харилцааг дуусгавар болгох замаар эрхээ хамгаалах эрхтэй. Энэ талаар шүүхэд хандсаныг иргэний эрх зүйн хамгаалалтын төрөл биш гэж анхан шатны шүүх дүнэсэн нь буруу байна.

 

Харин 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан гурван талт гэрээ буюу нэг талаас “АД” ХХК, “Ү” ХХК, нөгөө талаас “Ш” ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээ нь “АД” ХХК болон “Ү” ХХК-ийн хооронд 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан Даатгалын гэрээний шууд үр дагавар болж баталгаа байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй юм. “АД” ХХК болон “Ү” ХХК-ийн урьд нь байгуулсан гэрээ ерөнхий утгатай буюу “Ш” ХХК-д гүйцэтгэсэн ажлаас үүсэх хариуцлагын талаар ерөнхий нөхцөл заагдсан. Харин сүүлд байгуулагдсан гурван талт гэрээний орчуулагдсан агуулгаас үзвэл “Ү” ХХК-ийн гүйцэтгэх ажил, гэрээний дагуу “Шингри-Ла Улаанбаатар хотел” ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээс доголдол, хохирол үүссэн тохиолдолд тодорхой мөнгөн дүнгийн хэмжээгээр үл маргах журмаар төлөх агуулгыг тохиролцсон байна. Иймд “АД” ХХК-ийг батлан даалтын гэрээний үүрэг хүлээсэн хэлцэл хийсэн гэж үзнэ.

 

Уг гэрээнд талууд харилцан хүлээх үүргийн талаар тодорхой Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгийн хэлцэл хийжээ. Уг гэрээнд талуудыг төлөөлөн захирал н.Чулуунцэцэг нь гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцааны оролцогч болно.

 

Нэхэмжлэгч нь уг гэрээг хийсэн эрх бүхий этгээд нь гадаад хэл мэдэхгүйн улмаас ийнхүү гадаад хэл дээр бичигдсэн баримтад гарын үсэг зурсан нь тухайн хэлцлийг ноцтой төөрөгдлийн улмаас нөгөө талдаа хууран мэхлэгдэж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл болох талаар тайлбарлажээ. Гэвч хэлцэл хийсэн дээрх нөхцөл байдал нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан “ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл”, мөн хуулийн 59 дүгээр зүйлд заасан “хууран мэхэлж хийсэн хэлцэл”, 60 дугаар зүйлд заасан “хүч хэрэглэж хийсэн хэлцэл” гэж үзэх хууль зүйн үндэслэлд хамаарахгүй.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болох талаар зохицуулсан. Хэлцэл хийгч компанийн удирдлагын хувьд өөрийн үйлдэж байгаа баримт бичиг, түүнийг ямар хэл дээр үйлдсэнээс үл хамааран тухайн хуулийн этгээдийг төлөөлөн гарын үсэг зурах эрхээ хэрэгжүүлсэн тохиолдолд түүнийг хууран мэхлэгдсэн эсхүл төөрөгдсөн гэж үзэх, хэлцлийг нь хүчин төгөлдөр бус гэж тооцох боломжгүй юм.

 

Дээрх хууль зүйн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Хариуцагч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийн зарим хэсэгт давж заалдах гомдол гаргасан боловч уг гомдлоосоо татгалзсаныг дурдаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1081/ШШ2018/01604 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “АД” ХХК, “Ү” ХХК нарын байгуулсан 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн даатгалын гэрээнээс татгалзсныг баталж, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул “АД” ХХК, “Ү” ХХК, “Ш” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийнхуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “АД” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 407 996 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ү” ХХК-иас 6 407 996 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “АД ХХК-д олгож, нэхэмжлэгч “АД” ХХК-иас шинжээчийн ажлын хөлсөд 1 434 409 төгрөгийг гаргуулан “Легас” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 407 996 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                    Т.ТУЯА