Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/152

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Ө.Эрдэнэмөнх (томилолтоор),

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл,

Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******т холбогдох эрүүгийн 2330000000310 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, Сүхбаатар аймаг Баруун-Урт сум ... дүгээр баг .... тоотод оршин суух,

одоо Хэнтий аймгийн Хэрлэн сумын ... дугаар баг ... тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Н-н З

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.******* нь бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт  холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруу бусдын малыг хулгайлсандаа гэмшиж байна. Миний буруу манай мал хөдөө байдаг тул мал руугаа явах гээд гэрээсээ гарсан. Тэгээд эзэнгүй мал байхаар нь авсан. Бойны газар ажиллаж байсан. Одоо ажилгүй байгаа. Ах дүү нараасаа мөнгө авч хохирлыг нөхөн төлсөн.”    гэв.   

Эрүүгийн 2330000000310 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч Н.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “Би 2021 оны 10 дугаар сард Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар баг “Бүрэнцогт”-ын уурхайн хажууд “Тогоотын гол” гэх газарт намаржиж байсан. Миний санаж байгаагаар 2021 оны 10 дугаар сарын эхээр хэдний өдөр гэдгээ мэдэхгүй байна, ямар ч байсан “Тогоотын гол” гэх газраас ******* сум руу явахдаа өөрийн эзэмшлийн “Hyundai Porter” маркийн ******* CYA улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. ******* сум руу явах болсон шалтгаан нь машиндаа гагнуур хийлгэх, бензин тостой болох зорилготой байсан. Намайг ******* сум руу явах замд ******* сумын 2 дугаар баг “Хар толгой хөв” гэх газарт тасарсан хэдэн тооны хонь, ямаа байсан. *******д очоод бензин тосоо аваад машиндаа гагнуураа хийлгээд буцаад явахад тус газарт тасарсан байсан хонь, ямаанууд байхаар нь эзэнгүй хаваржааны хашаанд хөөж оруулаад 13 тооны хонь, 6 тооны ямааг өөрийнхөө машинд ачаад Сүхбаатар аймгийн төв рүү явсан. Тус аймгийн төвд ирээд тухайн үед шинээр баригдсан байсан шаргал өнгөтэй бойнд малын ченжид зарж борлуулсан. Миний хулгайлсан хонь, ямааны имүүд нь бүгд ижил байсан. Буруу чих нь сам, зөв чих нь араасаа догол байсан. Тухайн хонь, ямаануудад ямар нэгэн будаг байхгүй байсан. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэх (1-р хх 71-72 дугаар хуудас),

“Манайх 2023 оны 06 дугаар сард Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар баг “Тогоотын гол” гэх газарт зунжиж байсан. Тухайн үед их айхтар шуурганы дараа манай үрээ уруудаж алга болсон учраас би гэрийнхээ ойролцоо өөрийн эзэмшлийн “Hyundai Porter” маркийн ******* СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хайгаад явж байхад манайхаас ертөнцийн зүгээр урд зүгт ойролцоогоор 3 орчим км газарт олон тооны хургатай хонинууд тасарсан байхаар нь очсон. Тэгээд би хургатай хонинуудыг нь үлдээгээд 12 тооны төлгийг машин дээрээ ачаад Хэнтий аймаг руу очоод гэх малын ченжид худалдан борлуулсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Тухайн хонинуудын им нь зөв талын чих нь цуулга, буруу тал нь имгүй байсан шиг санаж байна. Мөн тухайн хонинууд нь “Сайханы говь” гэх газарт тасарсан байсан.” гэх (1-р хх 195-196 дугаар хуудас),

“2023 оны 04 дүгээр сард манайх “Тогоотын гол” гэх газарт хаваржиж байсан. Манай адуу Уулбаян сумын нутаг “Навцангийн гол” гэх газарт манай 2, 3 үрээ байсан. Тэгэхээр нь тус үрээнүүдээ очиж авахаар очиход хайгаад олоогүй. Тэгээд 2 өдөр “Навцангийн гол” гэх газарт байсан хар зүсмийн шүдлэн насны үхэр байхаар нь машинтайгаа очоод айлын эзэнгүй хаваржааны хашаанд оруулж хашиж байгаад машин дээрээ ачаад Хэнтий аймаг руу очоод ченж т худалдан борлуулсан. т зарсан үхрийнхээ мөнгийг бас л өөрийнхөө “ХААН” банкны дансаар авч байсан. Манайхаас “Навцангийн гол” гэх газар нь ертөнцийн зүгээр чанх урд зүгт ойролцоогоор 15, 16 хавьцаа байдаг.” гэх (2-р хх 8-10 дугаар хуудас),

“Миний санаж байгаагаар 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ******* сумын 5-р баг “Буурал хангай” гэх газарт Ч.*******гийн эзэмшлийн Халиун зүсмийн хоёр ташаан толгойн дээрээ зуузай тамгатай морийг тус газрын ойролцоо эзэнгүй шургааган хашаанд оруулж байгаад барьж аваад өөрийнхөө “Porter” маркийн ******* СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад Хэнтий аймгийн ченж эгчид зарж борлуулсан. Тухайн хүнээс өөрийнхөө ХААН банкны тоот дансаар авч байсан. Би Э. эгчээс энэ жилийн зун 07 дугаар сард 500,000 төгрөгийг зээлсэн боловч одоог хүртэл өгөөгүй байгаа. Мөн тухайн хүний адууг зарахдаа “малын бичгийг нь дараа өгнө” гэж хэлээд адуугаа зарж байсан.” гэх (2-р хх 69-70 дугаар хуудас),

“2022 оны 09 дүгээр сарын дундуур адуугаа алдаад хайгаад явж байхад Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр баг “Дэлгэрхаан” овооны ард талд 7 тооны имийг нь санахгүй байна 6 тооны эм төлөг, хургатай нийлээд 7 тооны хонь байхаар нь эзэнгүй айлын чулуун хороонд хашиж байгаад тухайн 7 тооны хонинуудыг Хэнтий аймгийн малын ченж Б.т худалдан борлуулсан. Би тухайн хонинуудыг өгөхдөө “малын бичгийг нь дараа өгье” гэж хэлээд зарсан. Би мөнгөө авахдаа өөрийнхөө ХААН банкны тоот дансаар авсан. Би тухайн үед тухайн малын хулгайн хэрэг үйлдэхдээ өөрийн “Porter” маркийн ******* СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй үйлдэж байсан. Би хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх (2-р хх 131-132 дугаар хуудас),

“2022 оны 05 дугаар сард манайх ******* сумын 4 дүгээр баг “Хавцал” гэх газарт хаваржиж байсан. Тухайн үед шуурганаар манай адуу уруудаж Уулбаян сумын баруун хойд талд, ******* сумын зүүн хойд талд 2 сумын зааг дээр бэлчдэг байсан. Тэгэхэд манай адуу нутаглаж байсан газарт хар сарман хоёр чих нь доороосоо догол имтэй гунжин үнээ их удсан. Тэгэхээр нь би өөрийнхөө “Porter” маркийн машинтай очоод эзэнгүй юм байна, шуурганаар уруудаж ирсэн үхэр юм байна гэж бодоод эзэнгүй айлын өвөлжөөнд оруулаад барьж аваад Э.т өгч байсан. Би тухайн үхрийг ******* сумын 5 дугаар баг “Хөндий” гэх газраас барьж авсан.” гэх (2-р хх 188-189 дүгээр хуудас),

“Би 2021 оны намраас хойш Хэнтий аймагт амьдарч байна. Хааяа нэг өөрийн мал руугаа очдог. 2022 оны 08 дугаар сарын сүүлээр хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна. ******* сумын 4 дүгээр баг “Дэлгэрхааны хад” гэх газраас мухар хөх зүсмийн шүдлэн насны зөв талын чих нь цуулга, баруун талын чих нь имгүй үхрийг эзэнгүй чулуун хашаанд оруулаад барьж аваад өөрийн ******* СҮА улсын дугаартай “Porter” маркийн тээврийн хэрэгсэл дээр ачаад Хэнтий аймгийн малын ченж Б. эгчид зарсан. Би тухайн хүнээс мөнгө авахдаа өөрийн ХААН банкны дансаар авсан. Бас л малын бичгээ “дараа мал өгөхдөө өгнө” гэж хэлээд өгсөн. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх (2-р хх 248-249 дүгээр хуудас),

“Би Хэнтий аймгаас ******* сум руу хүнээс унагатай гүү авахаар 2023 оны 05 дугаар сарын сүүлээр хэдний өдөр гэдгээ мэдэхгүй байна, унагатай гүүгээ үзээд буцаад Хэнтий аймаг руу явах гэж байхад манай нутагладаг “Тогоотын гол”-н эхэнд хоёр бөөр нь цагаан улаан шүдлэн гунж байсан. Тухайн гунжны буруу талын хойд хөл нь ташаан толгой хавцаа гэмтсэн бололтой хөдөлж чадахгүй хэвтэж байхаар нь тус гунжин шүдлэн насны үхрийг босгоод хажуу талын цемент нь хашаанд оруулаад барьж аваад өөрийнхөө “Porter” машин дээр ачаад Нараа гэх хүний бойнд оруулаад махыг нь эгчид зарсан. Махыг нь зарахдаа бас л малын гарал үүслийн бичиггүй өгч байсан.” гэх (3-р хх 50-51 дүгээр хуудас),

  • Хохирогч С.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Хар толгойн хөв” гэх газарт нөхрийн хамт мал маллан амьдардаг.Би 2021 оны 10 дугаар сарын 05-аас мөн оны 10 дугаар сарын 09-ний хооронд зөв чих урдаасаа ухам, буруу чих зүрх имтэй 13 тооны хонь, 6 тооны ямаа алдаад олохгүй байна. Тухайн хонь ямаа алга болох үеэр манай хонь 3 хэсэг тасарсан байсан. Тэгээд хонь ямаагаа тоолоход дутсан. Тухайн үед ойр хавын хониор орж үзээд нэлээн хайсан боловч олдоогүй. Би алга болсон хонь, ямаа бүгдийг нь зүсээр нь мэдэхгүй байна. Содон зүстэй гэвэл бор халзан эр хонь, шар халзан эр хонь, хар толгой эр хонинууд алга болсон. Ер нь бол манайх хар толгойтой хуцтай болохоор ихэнх хонь нь хар толгой, хар халзан, хар хүзүүтэй хонинууд байсан байх. Алдсан 6 тооны ямаа нь бол дандаа улаан зүсмийн ямаа байгаа. Хонь ямаанууд нь бүгд зөв чих урдаасаа ухам, буруу чих зүрх имтэй. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Манайх ******* сумаас ******* сум орох төв замд ойрхон байдаг болохоор замын хүмүүс ачаад аваад явсан гэж бодож байна.” гэх (1-р хх 7-8 дугаар хуудас),
  • Хохирогч Н.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:Би Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “Аринг” гэх газар мал маллаж амьдардаг. 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Уулбаян сумын нутгаар алдсан үхрээ хайх гээд нөхрийн хамт явсан. Тэгээд тухайн өдрийн орой ирэхэд манай хонь гэрийнхээ гадаа ирсэн байсан. Би 2023 оны 06 дугаар сарын 11-ний өглөө худаг дээр хонио тоолоход манай хониноос тоогоороо 12 тооны хонь дутсан. Тэгээд би маргааш нь нөхрийнхөө хамт хонио ойр хавийнхаа айл өрхөөр хайгаад олоогүй. Тийм учраас би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Манай хониноос улаан хүзүүтэй эр төлөг 3 ширхэг, хундан цагаан эр төлөг, шар халзан эр төлөг, хар хүзүүтэй эр төлөг алга болсон байсан. Бусдынх  нь зүсийг сайн санахгүй байна. Нийт 12 тооны эр төлөг дутсан. Им нь зөв талын чих тайрмал, буруу чих цуулбар, зарим нь зөв талын чих тайрмал буруу талын чих цуулбар имтэй байгаа.” гэх (1-р хх 152-153 дугаар хуудас),
  • Хохирогч Ч.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би ******* сумын 5 дугаар баг “Загалын толгой” гэх газар мал маллан амьдардаг. Би 2023 оны 06 дугаар сарын 08-аас мөн оны 06 дугаар сарын 11-ний хооронд хоёр таашаан дээрээ зуузай тамгатай халиун морь алдаад олохгүй байна. Тухайн алдсан халиун морио хайгаад олохгүй байна. ******* сумын 5 дугаар багийн нутаг “Сайхны гол” гэх газарт нутагладаг Н.гийн ах Н.*******ыг сэжиглэж байна. Би морио 2,000,000 төгрөгөөр үнэлнэ.” гэх  (2-р хх 21-22 дугаар хуудас),
  • Хохирогч Н.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2022 оны 08 дугаар сарын 28-аас мөн оны 09 дүгээр сарын 01-ний хооронд Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багийн “Суганы бууц” гэх газраас зөв чих цуулбар, дээрээсээ ухам имтэй мухар хөх зүсмийн шүдлэн үхэр алдаад олохгүй байна. Тухайн үед алдсан үхрээ эрээд олохгүй байна. Манай үхэр алга болох үеэр Хэнтий аймагт байдаг ******* гэх залуу цэнхэр өнгийн ачааны машинтай манай нутаглаж байгаа “Суганы бууц” гэх газарт явж байсан. Би *******ыг авсан байх гэж сэжиглэж байна. Том биетэй шүдлэн үхэр байсан. Одоо хязаалан эр үхэр болсон байгаа гэж бодоод 3,500,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх  (2-р хх 200-201 дүгээр хуудас),
  • Хохирогч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:Би Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “Тогоотын гол” гэх газар нутагладаг. Манайх 2023 оны 05 дугаар сарын 28-аас 2023 оны 06 дугаар сарын 02-ны хооронд өөрийнхөө үхрээс бөөр алаг шүдлэн үнээгээ алдаад олохгүй байсан. Тэрнээс хойш би тухайн үхрээ өөрийнхөө тэр хавийн үхрээр хайгаад олохгүй байгаа юм. Тийм болохоор би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна.
  • Би өөрийн шүдлэн үнээгээ зах зээлийн ханшаар үнэлнэ. Миний алдсан үхэр бөөр алаг ягаан үнээ байсан. Зүүн чих араасаа хөндлөн баруун чих ганзага имтэй. Тухайн цаг хугацаанд манай тэр хавийн нутгаар нутагладаг байсан Зоригоо гэх хүнийг сэжиглэж байна. Тухайн цаг хугацаанд тэр хүн манай тэр хавиар явж байсан.” гэх (3-р хх 10-11 дүгээр хуудас),
  • Иргэний нэхэмжлэгч Г. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Манай сумын 1 дүгээр багийн нутаг “Бэлгэхийн говь” гэх газраас 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс мөн оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд буруу чих догол имтэй хар зүсмийн эр шүдлэн үхэр хулгайд алдагдсан. Тус үхрийн эзнийг нь олох гээд манай сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар сумын фейсбүүк группт алдагдсан үхрийн талаарх мэдээллийг тавихад эзэн нь гарч ирээгүй учраас тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр томилогдож уг хэргийн талаар мэдүүлэг өгч байна. Би тус үхрийн эзнийг сумын ард иргэдээс асууж тодруулахад эзэн нь гарч ирэхгүй байгаа юм.” гэх (1-р хх 207-208 дугаар хуудас),
  • Иргэний нэхэмжлэгч Р. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Манай сумын 4 дүгээр багийн нутгаас 2022 оны 09 дүгээр сарын 13-аас мөн оны 09 дүгээр сарын 15-ны хооронд буруу чих урдаасаа ганзага имтэй 7 тооны хонь хулгайд алдагдсан юм байна. Тус хонинуудын эзнийг нь олох гээд манай сумын хэсгийн төлөөлөгч олон фейсбүүк группт тус зургийг нь тавиад эзэн нь гарч ирээгүй учраас тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр томилогдож уг хэргийн талаар мэдүүлэг өгч байна. Би тус үхрийн эзнийг сумын ард иргэдээс асууж тодруулахад эзэн нь гарч ирэхгүй байгаа юм.” гэх (2-р хх 82-83 дугаар хуудас)
  • Иргэний нэхэмжлэгч Г. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Манай 5 дугаар багийн нутаг “Хөндий” гэх газраас 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс тус оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хооронд хоёр чих араасаа догол имтэй эрээн нүүртэй хар зүсмийн гунж хулгайд алдагдсан юм байна. Тус үхрийн эзнийг нь олох гээд манай сумын хэсгийн төлөөлөгч олон фэйсбүүк группт зургийг нь тавихад эзэн нь гарч ирээгүй учраас тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр томилогдож уг хэргийн талаар мэдүүлэг өгч байна. Би тус үхрийн эзнийг сумын ард иргэдээс асууж тодруулахад эзэн нь гарч ирэхгүй байгаа юм.” гэх (2-р хх 143-144 дүгээр хуудас),
  • Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би ХААН банкны 5644006323 тоот дансаараа иргэдээс худалдан авсан мал махныхаа гүйлгээг хийдэг. Би тухайн үед Н.*******аас 20 тооны бог мал худалдан аваад 3,092,000 төгрөгийг тоот данс руу “хонь” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн байна. Тухайн үед Н.******* надад хонь-13, ямаа-6, нийт 19 тооны бог мал өгсөн. Би тухайн хонь ямааны мөнгө болох 3,092,000 төгрөгийг Н.*******ын тоот дансанд шилжүүлсэн. “Porter” маркийн ******* СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 19 тооны бог мал ачиж ирээд манай бойнд өгсөн. Би худалдан авсан мал махаа бүртгэдэг. Н.*******аас мал мах авахдаа бүртгэж авсан. Би зүсийг нь сайн мэдэхгүй байна. Би мал мах худалдан авсан бүртгэл дээрээ зөв чих урдаасаа ухам, баруун чих араасаа тайрмал гэж бичиж авсан байна. Н.******* нь мал махаа өгөхдөө 873005 дугаартай малын гарал үүслийн код бичүүлсэн байна.” гэх (1-р хх 11-12 дугаар хуудас),
  • Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:Би тоот данснаас мал, мах худалдаж авсан иргэд рүү мөнгийг шилжүүлдэг. Би Хэнтий аймгийн төвд “Нараагийн бой” гэх газар буюу “Өгөөмөр мал” нядалгааны газар зогсож иргэдээс мах худалдан авдаг. 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Нараагийн бойнд зогсож байхад Н.******* нь “мах өгье” гээд ирэхээр нь тухайн махыг хиллээд авсан. Тухайн үед ******* нь надад 12 ширхэг хонины мах өгсөн. Би махыг нь хиллэж аваад мөнгийг нь Н.*******ын тоот данс руу хийж шилжүүлсэн. 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Н.******* нь надаас 200,000 мянган төгрөг зээлсэн тэрийгээ хасаад би 777,000 мянган төгрөг шилжүүлсэн. Н.******* өөрийнхөө унаад байдаг ачааны машинтай ирсэн байсан. Н.******* нь бойнд грүшика хийдэг байсан бөгөөд ажилдаа ирэхдээ тухайн ачааны машиныг унаж ирдэг байсан болохоор би машиныг нь танина. Би улсын дугаарыг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан цэнхэр өнгийн ачааны ачаа нь бардактай машин байсан. Би махыг нь авахдаа бүртгэлийн дэвтэртээ бичиж авсан. Н.******* нь надад мах өгөхдөө малын гарал үүслийн бичиг өгөөгүй. Би нэхсэн боловч одоохон авч ирж өгнө гээд авч ирж өгөөгүй.” гэх (1-р хх 156-158 дугаар хуудас),

“Би танина. Н.******* нь Нараагийн бойнд ажилладаг байсан. 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр намайг “Нараагийн бойнд” байхад Н.******* 1 тооны үхрийн мах авч ирж өгсөн. Н.*******ын өгсөн үхрийнх нь махны мөнгийг өөрийнхөө ХААН банкны тоот данснаас Н.******* данс руу шилжүүлсэн. Тухайн үед Н.*******ын 129 килограммтай үхрийн махыг 9,800 төгрөгөөр бодож нийт 1,264,000 төгрөг болсныг би Н.*******ын тоот данс руу шилжүүлсэн. Тухайн үед Н.******* нь ачааны машинтай орж ирээд тэвшин дээрээс махаа буулгаж өгөхөд машины тэвшнийх нь ар талын буланд хар зүсмийн үхрийн арьс байсан. Харин тухайн үед гэдэс толгойг нь надад авч ирж өгөөгүй. Н.******* нь үхрээ хийгээд шалдан мах надад авч ирж өгсөн. Н.******* нь тухайн үед цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Ачааных нь хэсэг нь бүхээгтэй байсан. Би тухайн машиныг харвал танина. Би Н.*******аас худалдан авсан 1 тооны үхрээ бүртгэж авсан. Миний мал мах худалдан авахдаа бүртгэдэг дэвтэрт байгаа. Н.******* нь надад мах өгөхдөө малын гарал үүслийн бичиг өгөөгүй. Н.******* тухайн үед одоохон гарал үүслийн бичгээ “авч ирж өгнө” гээд авч ирж өгөөгүй. Н.******* нь тухайн малыг өгөхдөө ганцаараа явж байсан.” гэх (1-р хх 211-213 дугаар хуудас),

“Н.******* нь ажил дээрээ байж байгаад “мал руугаа явлаа” гээд яваад нээх удахгүй 1, 2 хоногийн дараа буцаад ажилдаа ирдэг. Ирэхдээ бог, бод малтай ирээд Б. бид хоёрт хааяа мал өгдөг. Мал өгөхдөө малын гарал үүслийн бичиг огт өгч байгаагүй. Н.******* нь махаа өгөхдөө “манай ах, эгч аваад өгнө, удахгүй өгнө, сая яаруу сандруу яваад ирлээ” гээд янз бүрийн шалтаг шалтгаан хэлээд намайг мартагнуулаад байдаг. Тэгээд би санахаараа хэлэхэд “юу нь сүртэй юм” гэх мэтээр уурлаад байдаг. Миний хувьд тухайн хүн , Нараагийн бойнд ажилладаг учраас итгэж найдаад тухайн хүний малыг авдаг байсан нь үнэн. Тийм ч учраас тухайн хүнээс мал мах авсан бүртгэлээ өөрийнхөө хар дансны дэвтэрт бичсэн байгаа юмаа. Өмнө нь надаас уг хэргийг шалгаж байсан цагдаа тухайн малын бүртгэлийг авч байсан. Намайг өглөө ажилд ирэхэд өгөх гэж байгаа бог, бод малуудаа бойнд оруулаад надад өгөхөд бэлэн болгосон байдаг. Надад мах өгөхдөө дандаа ганцаараа байдаг. Б.******* нь ажил дээрээ байхдаа хэд хоногоос малдаа явъя, очихгүй бол болохгүй гээд байнгын ярьдаг учраас тухайн хүнийг малтай юм байна гэж боддог байсан.” гэх (1-р хх 215-217 дугаар хуудас),

Би тоот дансыг анх 2000 оны эхээр нээж байсан. Би энэ данснаас өөр ХААН банкны данс ашигладаггүй. 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Н.*******аас 7 тооны хонь худалдан авсан. Тухайн үед Н.*******ын 7 хонины мах нийт 159 килограммтай махыг 7,100 төгрөгөөр бодож нийт 1,100,000 төгрөг болсон. Би худалдаж авсан хонины махны мөнгийг өөрийнхөө ХААН банкны тоот данснаас Н.*******ын ХААН банкны тоот данс руу “оюунаа мах” гэсэн утгатай 2022 оны 09 дугаар 15-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 900,000 төгрөг, мөн оны 09 дугаар сарын 16-ны өдөр үлдэгдэл 400,000 төгрөгийг нь шилжүүлсэн. Н.Зоригбаатар нь тухайн үед малын гарал үүслийн бичиггүй мал мах авч ирж өгсөн учраас би мөнгийг нь хувааж хийсэн. Би малын гарал үүслийн бичиггүй мал мах авчирч өгсөн хүмүүсийн малын мөнгийг нь дутуу хийгээд бичгээ авч ирж өгөхөөр үлдэгдэл мөнгийг нь хийдэг. Намайг “Нараагийн бой”-нд ажиллаж байхад 2022 оны 09 дугаар сарын 15-ны өдөр хонио бойнд оруулаад надад махыг нь өгсөн. Би тухайн үед Н.*******ыг ямар хонь бойнд оруулж байгааг хараагүй. Н.******* нь надад хониныхоо махыг өгөхдөө малын гарал үүслийн бичиг өгөөгүй. Би нэхсэн боловч “одоохон авч ирж өгнө” гээд авч ирж өгөөгүй. Н.******* нь цэнхэр өнгийн “Porter” маркийн тээврийн хэрэгсэлтэй байсан. Би тухайн махыг авахдаа бүртгэлийн дэвтэр дээрээ бичиж авсан. Н.*******ын өгсөн 7 тооны хонины бүртгэл нь надад байгаа. Н.******* нь тухайн малыг өгөхдөө ганцаараа явж байсан. Би урьд өмнө нь Н.*******аас мал мах худалдаж авч байсан. Би тухайн үед хулгайн мал гэдгийг мэдээгүй.” гэх (2-р хх 86-88 дугаар хуудас),

Н.******* нь надаас “хөдөө явж мал авч ирж өгөх гэсэн чинь бензиний мөнгөгүй байна, мөнгө зээлчих” гээд надаас 300,000 мянган төгрөг зээлсэн. Тэгээд надад мал авчирч өгсөн. Н.Зоригбаатар нь бойнд мах ачдаг болохоор таньдаг. Н.Зоригбаатар надаас бага хэмжээгээр 200,000, 300,000 төгрөг зээлдэг. Дараа нь удаахгүй өгдөг. Намайг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Нараагийн бой”-нд байхад Н.******* 1 тооны үхрийн мах авчирч өгсөн. Тухай үед Н.*******ын 138 килограммтай үхрийн махыг 7,800 төгрөгөөр бодож нийт 1,075,000 төгрөг болсноос би Н.Зоригбаатарын 2022 оны 08 дугаар 26-ны өдөр зээлсэн 300,000 төгрөгийг нь хасаад өөрийнхөө ХААН банкны тоот данснаас Н.*******ын ХААН банкны тоот данс руу 775,000 төгрөг шилжүүлсэн. Н.Зоригбаатар тухайн үед үхрээ хийгээд шалдан мах надад авч ирж өгсөн. Н.******* нь үхрийн махаа авч ирж өгөхдөө цэнхэр өнгийн “Porter” маркийн тээврийн хэрэгсэлтэй байсан. Би Н.*******аас худалдан авсан 1 тооны үхрийнхээ махыг бичиж тэмдэглэсэн. Миний мал мах худалдан авахдаа бүртгэдэг бүртгэлийн дэвтэр байгаа. Н. ******* нь надад мах өгөхдөө малын гарал үүслийн бичиг өгөөгүй. Би нэхсэн боловч “одоохон авчирч өгнө” гээд авч ирж өгөөгүй. Н.******* нь тухайн малыг өгөхдөө ганцаараа явж байсан.” гэх (2-р хх 204-206 дугаар хуудас),

  • Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Н.******* нь манай мал махны газарт грушик хийдэг. Би Хэнтий аймгийн төвд хийдийн 21-01 тоотод нөхөр ын хамт иргэдээс мал мах худалдан авдаг. Худалдаж авсан махаа Улаанбаатар хот руу “Дэнжийн 1000”, “Шонхор” захад ченж нараар заруулдаг. Би 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өөрийнхөө ХААН банкны 5959214994 тоот данснаас ХААН банкны тоот данс руу “Зоригоод з” гэсэн утгатай гүйлгээ хийж, Н.*******т мөнгө зээлсэн байна. Би хүнд мөнгө зээлэхээрээ гүйлгээний утга дээр нэрийг нь тавиад “з” үсэг тавиад гүйлгээгээ хийдэг юм. 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Н.*******ыг мал мах өгсөн эсэхийг сайн санахгүй байна.” гэх (2-р хх 25-26 дугаар хуудас),

“Би 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Н.*******аас 170 килограммтай үхрийн махыг 1 килограммыг нь 9,800 мянган төгрөгөөр худалдан авч нийт 1,657,000 төгрөг болсноос Н.Зоригбаатарын ХААН банкны тоот данс руу өөрийнхөө ХААН банкны 5959214994 тоот данснаас 987,000 мянган төгрөг шилжүүлж, үлдсэн 670,000 төгрөгийг нь бэлнээр өгсөн. Би хүнд бэлэн мөнгө өгдөггүй юм. Тухай үед Н.******* “надаас бэлэн мөнгө өгчих” гэж гуйхаар нь бэлнээр 670,000 төгрөг өгсөн юм.” гэх (2-р хх 147-148 дугаар хуудас),

2023 оны 06 дугаар сарын 01-ны өдөр “Өгөөмөр”-ийн бойн байхад Н.******* нь ирээд “үхрийн мах өгье” гээд өгөхөөр нь махыг нь хиллээд үзэхэд 129 км үхрийн мах байсан.Тухайн үхрийн махыг нь би нэг кг нь  9,000  төгрөгөөр бодож авсан. Тэгээд тухайн үхрийн мах нь 1,161,000 төгрөг болоод урьд Н.******* нь надаас 300,000 мянган төгрөг зээлсэн байсан болохоор би тухайн мөнгөө хасаад Н.*******ын тоот дансанд нийт 861,000 мянган төгрөг шилжүүлсэн.” гэх (3-р хх 14-16 дугаар хуудас),

  • Гэрч С. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “5959214994 тоот ХААН банкны данс бол манай эхнэр ийн мал мах худалдан авахдаа гүйлгээ хийдэг данс. Н.******* нь 2023 оны 06 дугаар сарын эхээр манай эхнэр бид хоёрт “адуу авч ирж өгнө” гээд 500,000 төгрөг зээлж авсан. Дараа нь намайг “Нараагийн бой”-нд байхад адуугаа авчирч  өгсөн. Яг хэзээ ямар адуу авчирч өгсөн гэдгийг сайн мэдэхгүй. Н.******* нь тухайн үед малын гарал үүслийн бичиггүй авчирч өгсөн. Би Н.*******аас “малын гарлын бичгээ” гэхэд надад “маргааш өглөө өгнө” гэж хэлж байсан.” гэх (2-р хх 29-30 дугаар хуудас) мэдүүлэг,
  • “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2302398 дугаартай “******* СҮА улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 14,917,500 төгрөг.” гэх шинжээчийн дүгнэлт (1-р хх 39-50 дугаар хуудас),
  • “Болор үнэлгээ ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2302331 дугаартай “19 тооны бог малын үнэлгээ 2,431,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (1-р хх 20-34 дүгээр хуудас),  
  • “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2302320 дугаартай “12 тооны хонины зах зээлийн үнэлгээ нь 1,560,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (1-р хх 168-179 дүгээр хуудас),

- “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2302350 дугаартай “ 1 тооны шүдлэн эр үхрийн зах зээлийн үнэлгээ 590,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (1-р хх 227-238 дугаар хуудас),  

- “Болор үнэлгээ ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2302313 дугаартай “1 тооны адууны зах зээлийн үнэ 1,204,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (2-р хх 40-45 дугаар хуудас),  

- “Болор үнэлгээ ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн 2302351 дугаартай “7 тооны хонины зах зээлийн үнэ 876,200 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (2-р хх 98-110 дугаар хуудас),  

- “Болор үнэлгээ ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2302349 дугаартай “1 тооны үхрийн зах зээлийн үнэлгээ 613,300 төгрөг.” гэх шинжээчийн дүгнэлт (2-р хх 158-169 дүгээр хуудас),   

- “Болор үнэлгээ ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2302330 дугаартай “1 тооны үхрийн зах зээлийн үнэлгээ 1,300,000 төгрөг.” гэх шинжээчийн дүгнэлт (2-р хх 216-228 дугаар хуудас),   

- “Болор үнэлгээ” ХХК-ын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2302361 дугаартай “12 тооны хонины зах зээлийн үнэлгээ 1,433,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (3-р хх 24-34 дүгээр хуудас),    

- Шүүгдэгч Н.*******ын ХААН банкны 5448008010 тоот дансны хуулга (1-р хх 54-55, 184, 243, 2-р хх 59, 115, 174, 236, 3-р хх 39 дүгээр хуудас),    

-  Гэрч Б.ийн ХААН банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх 183, 246, 2-р хх 119, 233 дугаар хуудас),

  • Гэрч Э.ийн ХААН банкны 5959214994 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хх 56, 117 дугаар хуудас),
  • Мал мах худалдан авсан тухай бүртгэлийн хуулбар (1-р хх 60, 185, 248, 2-р  хх 121, 179, 238, 3-р хх 38, 40 дүгээр хуудас),
  • Шүүгдэгч Н.*******ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1-р хх 72-80 дугаар хуудас),
  • Хохирогч С.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн маягт (1-р хх 83 дугаар хуудас),
  • Хохирогч Н.*******гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн маягт (1-р хх 197 дугаар хуудас),
  • Хохирогч Ч.*******гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн маягт (2-р хх 71 дүгээр хуудас),

          - Хохирол нөхөн төлсөн баримтууд (3-р хх 188-189, 191-192, 199-202) зэрэг болно. 

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

1. Гэм буруугийн талаар:

  • Шүүгдэгч Н.******* 2021 оны 10 дугаар сарын 05-аас 09-ний өдрийн хооронд Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Хар толгойн хөв” гэх газраас амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор хохирогч С.*******ын олон тооны мал буюу 13 тооны хонь, 6 тооны ямааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, ******* СҮА улсын дугаартай “Hyundai porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад худалдан борлуулж бусдад 2,431,000 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2022 оны 05 дугаар сарын 30-аас 06 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “Хөндий” гэх газраас амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор бусдын эзэмшлийн 1 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар,   ******* СҮА улсын дугаартай “Hyundai porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, мал махны ченж Э.т худалдан борлуулж, бусдад 613,300 төгрөгийн хохирол учруулсан, 
  • 2022 оны 08 дугаар сарын 28-аас 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “Суганы бууц” гэх газраас амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор хохирогч Н.*******ын эзэмшлийн 1 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, ******* СҮА улсын дугаартай “Hyundai porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, мал махны ченж Б.т худалдан борлуулж, бусдад 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2022 оны 09 дүгээр сарын 13-аас 15-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “Дэлгэрхааны хад” гэх газраас амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор бусдын эзэмшлийн 7 тооны хонийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, ******* СҮА улсын дугаартай “Hyundai porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, мал махны ченж Б.т худалдан борлуулж, бусдад 876,200 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2023 оны 04 дүгээр сарын 26-аас 29-ний өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр баг “Бэлгэхийн говь” гэх газраас амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор бусдын эзэмшлийн 1 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, ******* СҮА улсын дугаартай “Hyundai porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, мал махны ченж Б.т худалдан борлуулж, бусдад 590,000 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2023 оны 05 дугаар сарын 28-аас 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Тогоотын гол” гэх газраас хохирогч Б.*******ийн 1 тооны үхрийг ******* СҮА улсын дугаартай “Hyundai porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан амар хялбар аргаар, өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,433,000 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2023 оны 06 дугаар сарын 08-аас 11-ний өдрийн хооронд Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “Буурал хангай” гэх газраас амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор хохирогч Ч.*******гийн эзэмшлийн 1 тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, ******* СҮА улсын дугаартай “Hyundai porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, мал махны ченж Э.т худалдан борлуулж, бусдад 1,204,000 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Аринг” гэх газраас хохирогч Н.*******гийн 12 тооны хонь буюу олон тооны бог малыг ******* СҮА улсын дугаартай “Hyundai porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан амар хялбар аргаар, өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,560,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна хохирогч С.*******, Н.*******, Ч.*******, Н.*******, Б.*******, иргэний нэхэмжлэгч Г., Р., Г., гэрч , Б., гэрч Э., С. нарын мэдүүлэг, “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2302398 дугаартай, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2302331 дугаартай, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2302320 дугаартай, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2302350 дугаартай,  2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2302313 дугаартай, 2023 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн 2302351 дугаартай, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2302349 дугаартай, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2302330 дугаартай, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2302361 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч Н.*******ын ХААН банкны 5448008010 тоот дансны хуулга, гэрч Б.ийн ХААН банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Э.ийн ХААН банкны 5959214994 тоот дансны хуулга, мал мах худалдан авсан тухай бүртгэлийн хуулбарууд зэргээр нотлогдож байна.

2 Эрх зүйн дүгнэлт:

2.1. Мал хулгайлах гэмт хэрэг гэдэгт: Бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хууль бусаар авч, бүрмөсөн, үнэ төлбөргүй, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгоно. Энэ зүйлд “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна.

Машин механизм гэж: “Зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгсэл”-ийг ойлгохоор хуульчилжээ.

Тодруулбал, шүүгдэгч Н.******* нь хохирогч нарын малыг бэлчээрээс нь авч явахдаа өөрийн өмчлөлийн ******* СҮА улсын дугаартай “Hyundai porter” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан нэг газраас нөгөө газар луу тээвэрлэснээр хулгайлах гэмт хэрэг төгссөн байна.

2.2. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын өмчлөх эрхэд санаатай хохирол учруулан гэмт хэргийг амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох зорилгоор, шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

2.3. Прокуророос шүүгдэгч Н.*******ыг бусдын олон тооны малыг, машин механизм ашиглаж хулгайлсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “бусдын олон тооны малыг, машин механизм ашиглаж хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

2.4. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

3. Эрүүгийн хариуцлагын талаар:

3.1 Шүүхээс шүүгдэгч Н.*******ыг “бусдын олон тооны малыг, машин механизм ашиглаж хулгайлсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх” нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага хүндрүүлэх” нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          3.2.  Шүүгдэгч Н.*******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан гэмт хэрэг бөгөөд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар талууд шүүхийн хэлэлцүүлэгт дараах санал, дүгнэлтийг гаргав.         

3.2.1. Улсын яллагч: “Шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Н.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, нөхцөл байдал тогтоогдохгүй, хохирогч нарын хохирлыг нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Хохирогч нарын хохирлыг барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох ******* СҮА улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 14,917,500 төгрөгийг шүүгдэгч Н.*******аас гаргуулж улсын орлого болгуулах. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах” гэх санал, дүгнэлтийг,         

3.2.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл: “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцож байгаа. Шүүх эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах хуулийн заалт байгаа. Н.******* нь ам бүл дөрвүүлээ, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Зуны цагт мал мах, бойны газар ажилладаг, анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа, мөн хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан учир эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж харж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Мөн Н.*******ын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргаж, мэтгэлцсэн.

2.3. Шүүгдэгч Н.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнд” гэмт хэрэгт анх удаа холбогдсон, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогч нарт  учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар 1 жил, 6 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

4. Хохирол, хор уршгийн талаар

4.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж заасан.

4.2. Энэ хэргийн улмаас хохирогч С.*******д 2,431,000 төгрөгийн, Н.*******т 1,300,000 төгрөгийн, Б.*******т 1,433,000 төгрөгийн, Ч.*******д 1,204,000 төгрөгийн, Н.*******д 1,560,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч 613,300 төгрөгийн, Р.ад 876,200 төгрөгийн, Г.од 590,000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч Н.******* нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн (3-р хх 188-189, 191-192, 199-202) болохыг дурдах нь зүйтэй.

4.3. Хохирогч С.*******, Н.*******, Ч.******* нарын гэмт хэргийн улмаас сэтгэц учирсан хохирлыг Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтад заасан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-аар тогтоосон бөгөөд “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах” тухай Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд, Эрүүл Мэндийн Сайдын хамтарсан А/268, А/275 дугаар тушаал 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан, Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой шүүх шинжилгээний тухай хууль  болон  дагалдах  бусад  хуулийн  зохицуулалтыг  2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан бөгөөд тухайн гэмт хэрэг нь уг хуульд заасан цаг, хугацаанаас өмнө үйлдэгдсэн байна. 

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт “Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй.”, 230.2 “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.”,

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэсэн нэмэлт өөрчлөлт нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр орсон бөгөөд Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн “хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан  тул   дээрх иргэдийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт гаргуулж  олгох боломжгүй байна.

5. Бусад асуудлаар:  

5.1. Шүүгдэгч Н.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд зүйл байхгүй, иргэний хувийн бичиг баримтыг хавсаргаж ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс тоолох нь зүйтэй.

5.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”,

Мөн хуулийн 2 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн ******* СҮА улсын дугаартай “Hyundai porter” маркийн автомашиныг ашиглаж үйлджээ.

5.3. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан автомашин буюу тээврийн хэрэгслийн үнэлгээг “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2302398 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 14,917,500 (арван дөрвөн сая есөн зуун арван долоон мянга таван зуу) төгрөг гэж тогтоосон бөгөөд шүүгдэгч нь уг тээврийн хэрэгслийг “2023 оны 07 дугаар сард 4,000,000 төгрөгөөр зарсан” (1-р хх 71) талаар мэдүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2302398 дугаартай эд хөрөнгийн үнэлгээний дагуу 14,917,500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Н-н З-ыг бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Н.*******ыг 1 (нэг) жил, 6 (зургаа)  сарын хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.*******т оногдуулсан 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Н.*******т шүүхийн шатанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч Н.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт  учирсан хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* СҮА улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 14,917,500 (арван дөрвөн сая есөн зуун арван долоон мянга таван зуу) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ