Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/155

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Жамъяндорж,

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******эд холбогдох эрүүгийн 2430000000102 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг .... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Б-ын Ц

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.******* нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ““*******” баарнаас согтуу гарсан. Болсон  асуудлыг санахгүй байгаа.” гэв.

Эрүүгийн 2430000000102 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “2024 оны 03 дугаар сарын 29-ний орой найзуудынхаа хамт гадуур архи уугаад явсан. Миний санаж байгаагаар 3-4 шил архи, нэлээн хэдэн шил пиво уусан. Тэгээд явж байгаад 01 цагийн үед би “*******” баар луу орсон. Уг нь хүнтэй уулзах гэж орсон. Тэр хүнтэйгээ уулзаад гарах гэж байхдаа нэг хүнтэй мөрлөлцөөд уурандаа тэр хүнийг 2-3 удаа цохиж унагасан. Тухайн хүнийг би танихгүй тухайн үед согтуу байсан болохоор уурлаад цохисон.Тэр хүн унахдаа арагшаа савж унаж байсан санаж байна. Миний хувьд тухайн үйлдлийг хийсэндээ гэмшиж байна.” гэх (хх 26-27 дугаар хуудас),
  • Хохирогч О.*******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Тэгээд 21 цагийн үед******* гэх айл руу 0.75 литрийн 1 шил “Eden” архи аваад очсон. Түвшинтулгатай тэр архийг хувааж уугаад нэлээн согтсон. Нэг мэдэхэд******* бид хоёр “*******” баарны үүдэнд машинаас бууж байх шиг байсан.  Тэгээд тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Маргааш нь сэрэхэд миний толгойн дээд хэсэгт оёдол тавьсан, зүүн нүд доод хэсэгтээ хөхөрсөн, хамар хөндүүрлэж, хацар хавдсан байсан. Би*******ас юу болсон талаар асуухад “баар луу орж байгаад үүдэнд нь нэг ууртай залуутай тааралдаад таныг цохиж унагаасан. Тэгээд би тэр залууг хорьсон чинь дахиж таныг цохисон” гэж хэлсэн.” гэх (хх 5-6 дугаар хуудас),
  • Гэрч З.*******н “Цэвээнээ гэх зүс таних залуу нэлээн бухимдалтай байдалтай ******* ахын урдаас ирж яваа харагдсан. Тэгээд яг хаалга хэсэгт ******* ахыг мөрлөсөн. Тэгтэл Цэвээнээ шууд эргэж хараад ******* ахыг баруун гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохиход ******* ах ойчоод өгсөн. Тэгэхээр нь би Цэвээнээ гэх залууг барьж авахад миний гарыг тавиулаад дахиж очоод ******* ахыг дахиж цохиход ******* ах дахиад газар унаад өгсөн. Тэгэхээр нь би дахиж очоод Цэвээнээг барьж хориход ******* ах босож ирээд байж байхад Цэвээнээ дахиж миний гараас мултраад дахиж ******* ахын нүүр хэсэгт нь цохисон. Тэгээд хартал ******* ахын нүүр нь цус болсон байсан. Цэвээнээ шууд гараад явчихаар нь би цагдаа руу дуудлага өгсөн.” гэх (хх 8-9 дүгээр хуудас) мэдүүлэг,
  • Хохирогч О.*******т үзлэг хийсэн “Яаралтай тусламжийн хуудас №2537” (хх 12 дугаар хуудас),
  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 139 дугаартай “1. О.*******ын биед хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт (хх 13-14 дүгээр хуудас),

  • Б.*******эд холбогдох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх 28-34 дүгээр хуудас),
  • Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 21/81 дугаартай “хохирогч О.******* нь аймгийн Нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч, эрүүл мэндийн даатгалын сангаас зардал 157,500 төгрөг гаргуулсан” гэх албан тоот, эмчилгээний зардлын баримт (хх 36-37 дугаар хуудас),
  • Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт (хх 38 дугаар хуудас) зэрэг нотлох баримт хэрэгт авагдсан болно.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

  1. Гэм буруугийн талаар:
  • Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ 2024 оны 03 дугаар сарын 30-ны шөнө 01 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “*******” бааранд “хажуугаар зөрөхдөө мөрлөсөн” гэх шалтгаанаар О.*******ын нүүрэн тус газар гараараа 3 удаа цохиж газар унагасны улмаас түүний эрүүл мэндэд “хуйханд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч О.*******, гэрч З.Түвшинтулга, хохирогч О.*******т үзлэг хийсэн “Яаралтай тусламжийн хуудас №2537”, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 139 дугаартай шинжээчийн дүгнэлт, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 21/81 дугаартай албан тоот, эмчилгээний зардлын баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

2. Эрх зүйн дүгнэлт:

2.1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: Бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

 Тодруулбал, шүүгдэгч Б.******* нь хохирогч О.*******ын бие мах бодод халдаж түүний эрүүл мэндэд “хөнгөн гэмтэл” учруулж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан нь хор уршиг бүхий гэмт үйлдлийн болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.

2.2. Шүүгдэгч Б.******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч О.*******ын биед халдаж эрүүл мэндэд нь “хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

2.3. Прокуророос шүүгдэгч Б.*******ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

3. Эрүүгийн хариуцлагын талаар:

3.1. Шүүхээс шүүгдэгч Б.*******ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            3.2. Шүүгдэгч Б.*******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан гэмт хэрэг бөгөөд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт:

“Шүүгдэгч Б.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.*******ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 680 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 680,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй, Хохирогчийн зүгээс энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг иргэний шүүхэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг 2 дугаар зэрэглэл гэж тогтоогдсон. Хохирогч О.******* нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг эмчлэн эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 157,500 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон. Шүүгдэгч Б.*******ээр эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг нөхөн төлүүлэх, шүүгдэгчийг цагдан хориогүй, баривчлаагүй тул эдлэх ялд оруулан тооцох саналгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэн ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид прокурорын шатанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх” гэх санал, дүгнэлтийг гаргав.

3.3. Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” ангиллын гэмт хэрэгт холбогдсон, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж,  түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, торгуулийн хэмжээ зэргийг харгалзан дээрх ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

  1. Хохирол, хор уршгийн талаар

4.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд хохирогч О.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой баримт гаргаагүй, “сэтгэл санаанд учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ” (хх 55) гэсэн болно.

Хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.

4.2. Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд, Эрүүл Мэндийн Сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2 дахь хэсгийн 2.1.1 “Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтооно,

Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтын 3.6-д “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах (Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйл), Хулгайлах, (Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл), Залилах (17.3 дугаар зүйл), Мал хулгайлах, (Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл), Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг "Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл"-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ” гэж заажээ.

4.2.1. Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дөрөв дэх хэсэгт “Хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг”-ийг “Хоёрдугаар зэрэглэл” гэж тогтоосон бөгөөд “Хөдөлмөрийн хөлсний доод  хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээний нөхөн төлбөр олгоно” гэж заасан бөгөөд хохирогч О.******* нь “хоёрдугаар зэрэглэл”-ийг хүлээн зөвшөөрсөн (хх 38) байгааг дурдъя.

4.2.2. Хөдөлмөр нийгмийн түншлэлийн хорооны гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор “Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс сард 660,000 төгрөг” байхаар тогтоосон ба хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг 660,000х5=3,300,000 төгрөг гэж тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иймд хохирогч О.*******ын сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд шүүгдэгчээс 3,300,000 төгрөгийг гаргуулж  хохирогчид олгуулахаар шийдвэрлэлээ.

  1. Бусад асуудлаар:

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтыг эх хувиараа нь хавсаргаж ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б-ын Ц-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баяржаргалын *******ийг 650 (зургаан зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******эд оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.*******эд шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.******* хохирол, хор уршигтай холбоотой баримт гаргаагүй болохыг дурдсугай. 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ээс 157,500 (нэг зуун тавин долоон мянга таван зуу)  төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ээс хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 3,300,000 (гурван  сая гурван зуун мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн .... тоотод оршин суух П овогт О-ын С-т олгосугай.

9. Хохирогч О.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ