Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр,

Улсын яллагч Б.Жамъяндорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр (цахимаар),

Шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.*******эд холбогдох 2330002790123 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, Сүхбаатар аймгийн ******* сумын ... дугаар баг ... гэх газар нутаглах,

 урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/239 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан, Г овогт Х-ын Э

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар):

Шүүгдэгч Х.******* нь “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн үед эхнэр нь байсан. Миний мотоцикл бензингүй байсан болохоор мотоцикл гуйхад “өгөхгүй” гэсэн. Би эрэлд явж байсан. Архи уугаагүй байсан. Би гэрээс нь гарахдаа мотоциклыг унаад гарсан. Тэгээд айлын пинд үлдээсэн. 2 хоногийн дараа өгөх гэхэд “өөрөө ирж авна” гэсэн. Жолоо барьдаг хүн байгаагүй. Үлдээсэн айлд өвгөн, эмгэн хоёр амьдардаг. Миний буруу.”  гэв.  

Эрүүгийн 2330002790123 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч Х.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “2023 оны 06 дугаар сарын 19-ний шөнө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ... дугаар баг ... гэх газар өөрийн эзэмшлийн “Dayun” гэдэг мотоциклтойгоо явж байхад бензин нь дууссан. Тэгээд 10 гаруй км газар явган гүйгээд Н.*******ын гэрт очоод эхнэрээс нь “мотоциклоо өгчих, бензинд яваад ирье” гэсэн чинь” чадахгүй, явган гүйгээд яв” гээд байсан. Гэрийнх хажуу талын цагаан худгийн хажууд улаан өнгийн “Haojue” маркийн мотоцикл байхаар нь очоод үзсэн чинь бензинтэй, түлхүүргүй гишгээд асаж байсан. Тэгэхээр нь тэр чигээр нь унаад өөрийн гэр лүүгээ яваад 5 литр бензин аваад өөрийнхөө мотоцикл руу очоод бензинээ хийгээд 2 мотоцикл унаж болохгүй учраас “Хажуу булаг”-ийн хаваржаанд байсан айлын пүнз хашаанд хийж үлдээгээд гэртээ харьж амарсан.” гэх (хх 68-69 дүгээр хуудас),
  • Иргэний нэхэмжлэгч Н.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “2022 оны өвөл яг хэзээ гэдгийг нь санахгүй байна эрлийн хүн манайд мотоциклоо үлдээгээд явсан. Би уг мотоциклыг малдаа унаж хэрэглэдэг. Мотоциклоо надад үлдээхдээ “энэ мотоциклыг та унаж хэрэглээд байж байгаарай” гэж хэлээд явсан. Миний хувьд тухайн хүнд эрэл суралд туслаад малыг нь машинд ачиж өгөөд явуулсан. Тэр хүн “мотоцикл нь машинд нь багтахгүй байна” гээд үлдээгээд явсан. Надад “өөр хүнд битгий өгөөрэй” гэж хэлээд явсан боловч одоог хүртэл мотоциклоо ирж аваагүй. Тухайн үед би гар утасны дугаараа цаасанд бичиж өгсөн. Мөн түүний гар утасны дугаарыг нь цаасан дээр бичиж авч үлдсэн. Гар утасны дугаарыг нь бичсэн цаасаа нүүдэл хийж байхдаа гээсэн байсан. Миний хувьд мотоциклоо үлдээгээд авсан үед нутаглаж байсан нутгийнхаа ойр орчимд жилийн 4 улиралд нүүж суугаад нутаглаж байгаа. Гэтэл 2023 оны 06 дугаар сарын 19-ний шөнө намайг гэртээ байхгүй байхад манай эхнэр хүүхдүүдийг айлгаад гэрийн гаднаас уг мотоциклыг манайхтай ойрхон нутагладаг Баагий гэдэг залуу аваад явсан байсан. Түлхүүрийг нь өгөхгүй болохоор кундакторын утсыг нь салгаад унаад явсан байсан. Баагий гэдэг залууд уг мотоциклыг авч явах ямар ч эрх байхгүй юм.

Баагий гэдэг залуу миний мотоциклыг авч ирж өгөхгүй байсан. Би 5-6 хоног уулзах гээд уулзаж чадахгүй яваад байсан. Баагий гэртээ ирэхгүй байсан. Би түүнтэй утсаар холбогдож ярьсан бөгөөд “мотоциклоо хаана байгааг асуусан” юм. Тэгэхэд намайг загнаад “пизда минь намайг хулгай хийхийг хаана харсан юм. Айлын өвөлжөөнд ногоон пин налуулж орхисон” гэж хэлсэн. Тэгээд “чи өөрөө олж авахгүй юу” гээд байсан. Тэгэхээр нь би ойролцоо өвөлжөөнүүдээр явж 2 хоног хайж байгаад мотоциклоо олж авсан. Мотоциклоо олж авахад Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Хажуу булаг” гэдэг газар Ю.Ганбат гэдэг айлын өвөлжөөнд битүү хаалгатай пүнзэнд хийгээд хаалгыг нь хадаасаар цүүлээд орхисон байсныг нь авсан. Тухайн өвөлжөөнд тэр үед айл байгаагүй. Мотоциклд эвдрэл гэмтэл байхгүй байсан.” гэх (хх 25-26 дугаар хуудас),

  • Гэрч У.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “2023 оны 06 дугаар сарын 19-ний шөнө 00 цагийн орчимд манай гэрийн гадаа байсан “Haojue” маркийн дугааргүй улаан өнгийн мотоциклыг аваад явсан байсан учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Хөдөө манай гэрт манай дүү Э.*******, 3-6 насны 2 хүүхэдтэйгээ байсан.” гэх (хх 30-31 дүгээр хуудас),
  • Гэрч Э.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “2023 оны 06 дугаар сарын 19-ний шөнө манай нөхөр ******* нь гэртээ байхгүй байсан юм. Би гэртээ 4-6 насны 2 хүүхэдтэйгээ хөдөө гэртээ амарч байхад шөнө 00 цагийн үед согтуу хүн ирээд хаалга балбаад байсан. Би хаалгаа тавьж өгөхгүй нэг хэсэг болсон. Тэгсэн чинь “хойд айлын Баагий байна” гэхээр нь би хаалгаа тавиад өгсөн юм. Тэгсэн чинь “танай гадаа байгаа мотоциклын түлхүүр хаана байна” гээд байсан. Би “мотоциклдоо байгаа байлгүй дээ, чи яах гэж байгаа юм” гэхэд “намайг энэ мотоциклыг аваад ир гэсэн, би авч явлаа” гэхээр нь би “чамд өгөхгүй, би эзэнд нь өгнө” гэж хэлсэн. Тэгээд Баагий манай гэрээс гараад явсан. Тэгээд буцаж ирээд хаалга балбаад байсан. Тэгээд мотоциклын түлхүүр нэхээд байхаар нь би өгөөгүй. Тэгсэн чинь гаднаас манай нөхрийн мотоциклыг асааж унаад яваад өгсөн. Тухайн үед манайд орж ирэхдээ ганцаараа нэлээн халамцуу байсан.” гэх (хх 34-35 дугаар дүгээр хуудас) мэдүүлэг,
  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн 2023 оны 08 дугаар сарын 18-ны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх 9-12 дугаар хуудас),
  • “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2302303 дугаартай ““Haojue” маркийн мотоциклын зах зээлийн үнэлгээ 2,437,500 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (хх 45-54 дүгээр хуудас),
  • Шүүгдэгч Х.*******эд мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа  (хх 70-73 дугаар хуудас),
  • Шүүгдэгч Х.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд эрүүгийн хариуцлага хүлээсэн шийтгэх тогтоолын хуулбар   (хх 74-82 дугаар хуудас) зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.******* нь 2023 оны 06 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын .... дугаар баг ... гэх газар Н.*******ын эзэмшиж буй “Haojue” маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 2,437,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна иргэний нэхэмжлэгч Н.*******, гэрч У.*******, Э.******* нарын мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн 2023 оны 08 дугаар сарын 18-ны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2302303 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

2. Эрх зүйн дүгнэлт:

2.1. “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн” гэдэгт: Бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл байх бөгөөд хууль бусаар авсан гэж “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч, үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн авсныг”,

Илээр авсан гэж “бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэж, илээр тэдний нүдэн дээр авсныг”,

Хүч хэрэглэхгүйгээр гэж “бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэн”-ийг тус тус ойлгож, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг.

Тодруулбал, шүүгдэгч Х.******* нь бусдын эзэмшилд байгаа  тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, өөрийн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд гэрийнх нь гаднаас хүч хэрэглэхгүйгээр, илээр авч өөр газар үлдээж, орхисон үйлдэл нь хор уршиг бүхий гэмт үйлдлийн болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.

Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль авсан гэмт үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй.

2.2. Прокуророос шүүгдэгч Х.*******ийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэнгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

3. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Х.*******ийг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Х.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3.1. Шүүгдэгч Х.*******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг нь “зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талууд эрүүгийн хариуцлагын талаар дараах саналыг гаргав.

3.1.1 Улсын яллагч: “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Х.*******ийн хувийн байдал, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа нөхцөл байдал болон мотоциклыг авсан үйлдэлдээ маргаагүй зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай.

Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Гэмт хэргийн улмаас хохирогч Н.*******т 2,437,500 төгрөгийн хохирол учирсан боловч Н.******* нь мотоциклыг биет байдлаар нь буцаан авсан болно. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардалгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх” гэх санал, дүгнэлтийг,

3.1.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр: “Шүүх хуралдаанд Х.*******ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Тэрээр өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа зэргийг харгалзан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүй тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү.” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

3.2. Шүүгдэгч Х.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь дэх хэсэгт заасан “хөнгөн” ангиллын гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар “хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

3.2.1. Шүүгдэгч Х.******* нь Сүхбаатар аймгийн ******* сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суудаг болох нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр олгогдсон “Иргэний үнэмлэхийн лавлагаа”, “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний биеийн байцаалт зэргээр тогтоогдож байна.

3.2.2 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газар, хэлтэс хариуцан хөтөлнө.” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Х.*******эд оногдуулсан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ”-ний биелэлтэд хяналт тавихыг нутаг дэвсгэрийн харьяаллаар Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтоов.

4. Хохирол, хор уршгийн талаар

4.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.

4.2. Шүүгдэгч Х.******* нь бусдын эд хөрөнгөд 2,437,500 төгрөгийн хохирол санаатай учруулсан бөгөөд иргэний нэхэмжлэгч Н.******* “Мотоциклоо буцааж авсан. Тухайн үедээ унаж яваад үлдээсэн байсан. Эвдрэл гэмтэл байхгүй. Гаргах гомдолгүй” (хх 102) гэж мэдүүлжээ.

Иймд шүүгдэгч Х.******* энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

5. Бусад асуудлаар:

Шүүгдэгч Х.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Х-ын Э-ийг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х-ын Э-д хорих ял оногдуулахгүйгээр 1  (нэг) жил, 6  (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгчид дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Х.*******эд мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Х.*******эд шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

6.  Шүүгдэгч Х.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ