Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
Хэргийн индекс | 101/2020/02466/и |
Дугаар | 101/ШШ2021/02350 |
Огноо | 2021-08-11 |
Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2021/02350
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х б ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.А,
Хариуцагч: С.Н нарт холбогдох,
Хувийн сууц, газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл, хариуцагч Ж.А, С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нарыг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х б ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ж.А нь 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Хас банктай зээлийн гэрээг байгуулан 17,500,000 төгрөгийн зээлийг 120 сарын хугацаатай, хашаа байшин худалдан авах зориулалтаар авсан. Ж.А нь зээлийн төлбөрийг төлөх зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хас банктай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан барьцаа хөрөнгө Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Дунд дарь эх 5 дугаар гудамж, тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаартай, 55 м.кв талбайтай хувийн сууцыг 12,600,000 төгрөг, мөн тус хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 366 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2,800,000 төгрөгт тооцож Хас банкинд худалдсан. 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Х б-н өмчлөлд шилжсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авч хууль ёсны өмчлөгч болсон. 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан амлалтын үүрэг хүлээх гэрээний дагуу 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Ж.Алтантуяаг хувийн сууц, газрыг буцааж худалдан авах нөхцөлөөр ханган бусдад худалдан борлуулалгүй байх үүргийг банк хүлээсэн гэвч Ж.А, С.Н нар буцаан аваагүй тул тухайн хөрөнгийг чөлөөлж, Хас банкинд хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардаж байгаа боловч өдийг хүртэл чөлөөлж өгөхгүй өмчлөгчийн эрхэнд саад учруулж, худалдан борлуулах боломж олгохгүй байна. Иймд Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Дунд дарь эх 5 гудамж, тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 55 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 366 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус хариуцагч Ж.А, С.Н нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү. Газрын хувьд Л.Гантуяа нь өмчлөгч боловч, банк Л.Гантуяа нарын хооронд түүний нэр дээр авахаар тохиролцож гэрээг байгуулсан байгаа гэв.
Хариуцагч Ж.А, С.Н нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Бид 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хас банкнаас Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Дунд дарь эх 5 гудамж, тоот хаягт байрлах 55 м.кв талбайтай хувийн сууц, 366 м.кв талбайтай хашааг лизингийн нөхцөлөөр худалдан авсан. Хашаа байшингийн үнэ 25,000,000 төгрөг бөгөөд урьдчилгаа 7,500,000 төгрөгийг Хас банкинд байршуулж, 17,500,000 төгрөгийг 10 жил буюу 120 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дуусах ёстой. 2012-2016 он хүртэлх хугацаанд нийт 17 сая орчим төгрөг төлсөн. Гэрээний хугацаа дуусаагүй учир хугацаагаа дуустал төлж барагдуулах хүсэлтэй байна. Цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн зээлийг төлж чадахгүй байдалд хүрсэн. Банк биднийг 2017 онд 5,000,000 төгрөг төлөөд гэрээнд тохиролцсон хугацаагаар төлбөрөө хий гэдэг, бидэнд өнөөдрийг хүртэл үүнийг төлөх мөнгөний боломж байхгүй гэдгээ хэлсэн. Зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлөх хүсэлтэй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х б ХХК нь Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Дунд дарь эх 5 гудамж, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 55 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 366 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус хариуцагч Ж.А, С.Н нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ж.А, С.Н нар нь зээлийн гэрээний дагуу зээлээ хэсэгчлэн төлөх хүсэлттэй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч Ж.А-тай 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Дунд дарь эх 5 дугаар гудамж, тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 55 м.кв талбайтай хувийн сууцыг 12,600,000 төгрөгөөр худалдан авахаар тохирчээ /хх-5-6/.
Мөн Л.Гантуяа, хариуцагч Ж.Анарын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдан хариуцагч нь Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Дунд дарь эх 5 дугаар гудамж, тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 366 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2,800,000 төгрөгөөр худалдахаар тохирсон байна /хх-7-8/.
Дээрх гэрээнүүдийг үндэслэн нэхэмжлэгч болон Л.Гантуяа нарт тус тус 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.
Хариуцагч Ж.А нь 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн барьцаат зээлийн гэрээгээр нэхэмжлэгчээс 17,500,000 төгрөгийн зээлийг газар, хувийн сууц худалдан авах зориулалтаар 120 сарын хугацаатай зээлж авсан боловч зээлийн гэрээний үүргээ зөрчсөнөөс дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нэр бүхий этгээдүүдэд шилжүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар шүүхэд маргаагүй.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч нь хууль бус эзэмшигчид холбогдуулан шаардлага гаргах эрхтэй.
Зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “амлалтын үүрэг хүлээх гэрээ”-ээр нэхэмжлэгч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд бусдад худалдахгүй байх, хариуцагч Ж.А-г хугацаанд буцаан худалдан авахаар тохиролцсон байх боловч хариуцагч дурдсан хугацаанд буцаан худалдах авах эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Тодруулбал, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зааснаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хувьд, хариуцагчийн өмчлөх эрх дуусгавар болсон, мөн дээрх “амлалтын үүрэг хүлээх гэрээ”-д заасан буцаан худалдан авах хугацаа өнгөрсөн байх тул хариуцагч нарын эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэстэй.
Түүнчлэн хариуцагч нар нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа тул төлбөрийг хэсэгчлэн төлж, хөрөнгөө буцаан авах хүсэлтэй гэж тайлбарлаж байх боловч худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаар талуудын байгуулсан зээлийн гэрээ дуусгавар болсон байна.
Иймээс хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч нарын хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Дунд дарь эх 5 гудамж, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 55 м.кв талбайтай хувийн сууцыг чөлөөлөх үндэстэй.
Харин өмчлөлийн газрын хувьд, өмчлөгч болох иргэн Л.Гантуяагийн зүгээс хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхээ хэрэгжүүлээгүй.
Нэхэмжлэгч Х б ХХК нь Л.Гантуяаг тухайн байгууллагад салбарын захирлаар ажилладаг, мөн банктай байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “газар өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ”-ээр банкны өмчлөх эрхтэй хобоотой харилцаа зохицуулагдаж байгаа гэж тайлбарласан.
Дээрх гэрээгээр нэхэмжлэгч банкны үүргийн гүйцэтгэлд тооцон авахыг санал болгосон газрыг нэр дээрээ шилжүүлэх боломжгүйтэй холбогдуулан Л.Гантуяа нь зарим газрын өмчлөх эрхийг шилжүүлэн авч хадгалах үүрэг хүлээсэн байна.
Гэвч Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт газрыг зөвхөн Монгол Улсын иргэдэд өмчлүүлэхээр заасан, мөн хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлэх тул нэхэмжлэгчид гэрээгээр өмчлөх эрх үүсэхгүй.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад өмчлөгч Л.Гантуяагийн эрх, ашиг сонирхол хөндөгдөх эсэх, түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд /хамтран нэхэмжлэгч, эсхүл гуравдагч этгээд/ оролцуулах эсэхийг нэхэмжлэгчээс тодруулахад шаардлагагүй гэж үзсэн болно.
Иймээс нэхэмжлэгчийг Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Дунд дарь эх 5 дугаар гудамж, тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 366 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй байх тул өмлөгчийн шаардах эрхийг хэрэгжүүлэхээр хариуцагч нарт холбогдуулан шаардлага гаргасан нь үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.А, С.Н нарын хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Дунд дарь эх 5 гудамж, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 55 м.кв талбайтай хувийн сууцыг чөлөөлж, нэхэмжлэлээс хариуцагч Ж.А, С.Н нарт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Дунд дарь эх 5 гудамж, тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 366 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Х б ХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.А, С.Н нараас 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х б ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА