Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/159

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр,

Улсын яллагч Б.Жамъяндорж,

Шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.*******ид холбогдох эрүүгийн 2230002120143 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ...-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Өвөрхангай аймгийн ******* сумын ... дугаар баг ... тоотод оршин суух,

урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 95 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар,

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан, Т овогт Т-ын Н

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Т.******* нь “Зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “М.*******аас 2 тооны адууг авахаар тохиролцсон. Гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Үнэлгээний хөлс 2,000,000 төгрөг болсон гэсэн. Би М.*******т 9,000,000 төгрөгийг нь өгсөн. Одоо гомдол, саналгүй гэсэн.” гэв.

Эрүүгийн 2230002120143 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч Т.******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “Би 2021 онд Матад, Эрдэнэцагаан сумын заагт оторт гарсан. 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын танил *******аас 2 тооны адууг 9,500,000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь 5 хоногийн дараа хийхээр тохирч, сартай хүрэн морь, нэг хязаалан насны хүрэн морь явсан. Би тухайн 2 морины мөнгийг нь одоо болтол өгөөгүй байгаа.” гэх (хх 87-80 дугаар хуудас)
  • Хохирогч М.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Би 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн “Усан хөл” гэх газарт гэртээ байхад манай сумын Ядамсүрэнгийн ******* болон түүний эхнэр, Өвөрхангай аймгийн харьяат иргэн *******ын ******* нар манайд ирсэн. Тэгээд манайхаас сартай хүрэн морь, хүрэн цавьдар хязаалан насны Монгол үсгэн “Би” тамгатай 2 тооны адууг худалдаж авахаар Т.******* нь өөрөө үзэж хараад “хурдан удмын адуу байна” гээд нийлүүлээд 9,500,000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод тухайн үедээ *******ы унаж явсан “Bongo” маркийн ******* CYA улсын дугаартай машинаар ачиж авч явсан. Ингэж явахдаа Т.******* нь надад “Би худал ярьдаг хүн биш, би 5 хоногийн дотор данс руу чинь хийнэ" гэж хэлээд миний ******* гэсэн дугаартай дансыг авсан. Тэгээд 5 хоноод мөнгө нь орж ирэхгүй болохоор нь түүний 88819930 гэсэн дугаар луу залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд нэг холбогдсон чинь “малын эрэлд явж байгаад ирлээ. Одоо удахгүй хийнэ” гэж байсан. Тэгээд дахиад сураггүй болсон. Утас нь заримдаа холбогдохоо больдог. Я.*******тай ярьж Т.*******ийг асуухад “сая ярилаа, одоо чи залгаад ярьчих” гэхээр нь би залгахад утас нь холбогдохоо больсон байдаг. Би Т.******* гэх хүнээс мөнгөө авч чадалгүй одоог хүрсэн тул түүний энэ үйлдлийг залилах гэмт хэргийн шинжтэй гэж үзэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна.

Т.******* нь надаас уг 2 тооны адууг худалдаж авахдаа сартай хүрэн морийг 6,500,000 төгрөг, хүрэн цавьдар хязаалан адууг 3,000,000 төгрөгөөр тус бүр худалдаж авахаар тохирсон. Уг ханшийг бид 2 ярилцаж байгаад тогтоосон. Бид хоорондоо ямар нэгэн гэрээ хийгээгүй. Тухайн үед “5 хоногийн дотор мөнгийг нь шилжүүлнэ” гэж хэлж байсан болохоор итгэсэн.” гэх (хх 63-65 дугаар хуудас), 

  • Гэрч Ж.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Т.*******  манай нөхөрт “би худал ярьдаг хүн биш, би 5 хоногийн дотор данс руу чинь хийнэ” гэж хэлээд манай нөхрийн ******* гэсэн дугаартай дансыг авсан юм. Тэгээд 5 хоногийн дараа мөнгө нь орж ирэхгүй болохоор нь түүний 88819930 гэсэн дугаар луу залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд нэг холбогдсон чинь “малын эрэлд явж байгаад ирлээ. Одоо удахгүй хийнэ” гэж байсан. Тэгээд дахиад сураггүй болсон.” гэх (хх 77-78 дугаар хуудас),
  • Гэрч Ц.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Т.******* ах “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд сайн адуу байгаа гэж байна, хоёулаа яваад аваад ирье” гэсэн. Тэгээд Т.******* ах бид хоёр 05 дугаар сард Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум руу явж ******* гэх хүнээс сартай хүрэн морь, сартай зээрд хязаалан 2 тооны адууг 9,500,000 төгрөгөөр Т.******* ах худалдан авахаар тохиролцсон. Мөнгийг нь өгөөгүй 2 адууг аваад явсан. Тэгээд тус 2 адууг Матад сумын “Үүдэн жаран” гэх газар байлгаж байгаад 06 дугаар сард Т.******* ах адуугаа аваад Өвөрхангай аймаг руу буцсан. Түрүү жил буюу 2023 оны 08 дугаар сард Т.******* ахын Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас авч ирсэн сартай зээрд (одоо их насны морь болсон байгаа) нь манай адуутай нийлсэн байсан. Одоо тухайн адуу нь манай адуунд байгаа.” гэх (хх 81-82 дугаар хуудас) мэдүүлэг,
  • Эд зүйлд үзлэг хийсэн 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зураг (хх 54-58 дугаар хуудас),
  • Шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2402112 дугаартай “нас гүйцсэн үрээ 1,044,766.7 төгрөг, нийт хоёр үрээ 2,089,500 төгрөг” гэх дүгнэлт (хх 94-100 дугаар хуудас),
  • Шүүгдэгч Т.*******ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх 119-121 дүгээр хуудас)
  • Шүүгдэгч Т.*******ийн “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан шийтгэх тогтоолын хуулбар (хх 127-147 дугаар хуудас) зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

1. Гэм буруугийн талаар:

  • Шүүгдэгч Т.******* нь 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар баг “Усан хөл” гэх газарт М.*******аас 2 тооны адууг нийт 9,500,000 төгрөгөөр тооцож “мөнгийг нь 5 хоногийн дотор өгнө” гэж итгэл үнэмшил төрүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2 тооны адууг залилан авч, залилах гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч М.*******, гэрч Ж.*******, Ц.******* нарын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

2 Эрх зүйн дүгнэлт:

2.1 Залилах гэмт хэрэг гэдэгт: Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд хохирлын хэмжээ шаардахгүй, хэлбэрийн шинжтэй үйлдэл юм.

Тодруулбал, шүүгдэгч Т.******* нь хохирогч М.*******ын 2 тооны адууг “9,500,000 төгрөгөөр худалдан авна” гэж Өвөрхангай аймаг руу тээвэрлэж, улмаар мөнгөө өгөхгүй, утсаа унтраах, удахгүй өгнө гэж утсаар  худлаа ярих  зэргээр хуурч хохирогчийн эд хөрөнгөд хохирол учруулж байгаа нь гэмт үйлдэл болон үр дагавар бүхий шалтгаант холбоог бүрдүүлж байна.

2.2. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын өмчлөх эрхэд санаатай хохирол учруулан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

2.3. Прокуророос шүүгдэгч Т.*******ийг “Зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг Зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.******* нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

3. Эрүүгийн хариуцлагын талаар:

3.1. Шүүхээс шүүгдэгч Т.*******ийг Зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсанбуюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.                                         

Шүүгдэгч Т.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх” нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага хүндрүүлэх” нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3.2. Шүүгдэгч Т.*******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан гэмт хэрэг бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар:

3.2.1. Улсын яллагч:  “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Т.******* нь хохирогчоос уучлалт гуйж, сайн дураараа эвлэрсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Гэмт хэргийн улмаас хохирогч М.*******т 9,500,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч, хохирогч нар хоорондоо тохиролцсон байх тул хохирлыг бүрэн барагдуулсан гэж үзэхээр байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхгэх санал, дүгнэлтийг гаргав.

3.2.2. Шүүгдэгч Т.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь дэх хэсэгт заасан “хөнгөн” ангиллын гэмт хэргийг санаатай үйлдсэн, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, торгуулийн хэмжээ зэргийг харгалзан дээрх ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

4. Хохирол, хор уршгийн талаар

4.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.******* нь хохирогч М.*******ын эд хөрөнгөд 2,089,500 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогчид сайн дураараа 9,000,000 төгрөгийг нөхөн төлсөн болно.

Иймд шүүгдэгч Т.*******ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлбөргүй гэж үзлээ.

4.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2402112 дугаартай дүгнэлтээр “2,089,500 төгрөг” гэж тогтоосныг шүүгдэгч 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр, хохирогч 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шинжээчийн дүгнэлттэй танилцсан бөгөөд гомдол гаргаагүй байна.

5. Бусад асуудлаар

Шүүгдэгч Т.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй,  хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний хувийн бичиг баримт хэрэгт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болно. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Т-ын Н-ийг Зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсанбуюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т-ын Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  2,000 (хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.*******ид оногдуулсан торгох ялыг 8 (найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Т.*******ид таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Т.******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 9,000,000 (есөн сая)төгрөгийг төлсөн ба шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ