| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 185/2024/0102/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/590 |
| Огноо | 2024-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/590
2024 06 11 2024/ШЦТ/590
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,
улсын яллагч Д.Пүрэврагчаа,
шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Ж.Буджав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А ургийн овогт Ц.М-д холбогдох эрүүгийн ***************** дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.М нь 2023 оны 05 дугаар сарын 28-ны шөнө 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Оийн эзэмшлийн айфоне 13 про загварын гар утсыг авахаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Ц.Оийн толгойн тус газар цохиж, түүний эрүүл мэндэд баруун духны дэлбэнгийн суурийн хэсгийн цусархаг няцрал, баруун духны дэлбэнгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн ************** дугаартай хэргээс:
Улсын яллагч хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-9, 19-21-р хуудас/, хохирогч Ц.Оийн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/, гэрч М.Нгийн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/, гэрч Х.Агийн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 7028 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-38-р хуудас/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн СБ1-23-1856 дугаартай дүгнэлт /хх-ийн 42-45-р хуудас/, хохирол нэхэмжилсэн талаарх баримт болон хохирол төлсөн баримт /хх-ийн 51-54-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 1 хуудас баримтыг шинжлэн судлуулав.
Шүүгдэгч Ц.М нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Ц.Мид холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
1.Гэм буруугийн талаар:
1.1. Шүүгдэгч Ц.М нь 2023 оны 05 дугаар сарын 28-ны шөнө 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Оийн эзэмшлийн айфоне 13 про загварын гар утсыг авахаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Ц.Оийн толгойн тус газар цохиж, түүний эрүүл мэндэд баруун духны дэлбэнгийн суурийн хэсгийн цусархаг няцрал, баруун духны дэлбэнгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 6-9-р хуудас/
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-21-р хуудас/,
- Хохирогч Ц.Оийн: “...2023 оны 05 дугаар сарын 27-ноос 18-ны шилжих шөнө гадуур найзуудтайгаа сууж байгаад шөнө 03 цагийн орчимд найзууд болох Одгэрэл, Энхцэцэг хоёроор гэрийнхээ гадаа хүргүүлсэн юм. Тухайн үед 2 найз маань оруулаад өгөх үү гэхэд гайгүй ээ өөрөө яваад орчихно гэж хэлээд машинаас нь буусан. Тэгээд гэрийн орцоор ороод лифтэнд суугаад 6 давхарт буугаад хаалганы гол руу түлхүүрээ хийгээд эргүүлэх явцад араас цохиод авсан бөгөөд тухайн үед юу болж байгааг мэдэхийн сөхөөгүй ухаан балартаж нэг сэрэхэд хана налсан байдалтай хажууд охин ирчихсэн ээж яачхав аа гээд зогсож байсан. Ингээд халаасанд байсан утас алга болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,
- Гэрч М.Нгийн: “...2023 оны 05 дугаар сарын 27-ноос 28-ныг шилжих шөнө өөрийн эхнэр Отай шөнө 02 цагийн орчимд утсаар холбогдож ярихад “одоо гараад очих гэж байна” гээд ярьсан. Тухайн үед охинтойгоо ярихдаа ээж нь байрны гадна ирчихлээ одоо орж байна гэж ярьсан. Тэгээд эргээд хаалга дугарах шиг болоод эхнэр гаднаас орж ирэхдээ утсаа дээрэмдүүлээд нүүр гар нь цус болсон байдалтай орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,
- Гэрч Х.Агийн: “...2023 оны 05 дугаар сарын 28-ны өглөө 11 цагийн үед гэрийнхээ гадаа буюу Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 3 байрны гадаа зогсож байтал нэг залуу ирээд та барилгын ажил хийдэг үү гэхээр нь тийн гээд хэлтэл дүү нь ч гэсэн барилгын ажил хийдэг юм гээд ярилцаад байж байтал халааснаасаа нэг гар утас гаргаж ирээд энийг барьцаанд тавьж архи авъя гэж хэлсэн бөгөөд тухайн утсыг би гэрийнхээ хажуу талын Наран маркет дэлгүүр ороод тавья гээд тухайн утсыг үзүүлтэл худалдагч нь наадах чинь кодтой утас байна кодыг нь гаргаадхаач гэхээр нь нөгөө залууг дуудаад кодоо хийгээч гээд хэлтэл тухайн залуу би кодоо санахгүй байна гэж хэлсэн. Тэгээд худалдагч нь за за 6,500 төгрөгийн архи авч байгаа юм чинь хийчхээрэй гээд дансны дугаараа өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 7028 дугаартай “...Ц.Оийн биед баруун духны дэлбэнгийн суурийн хэсгийн цусархаг няцрал, баруун духны дэлбэнгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38-р хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний СБ1-23-2856 дугаартай дүгнэлт /хх-ийн 42-45-р хуудас/,
- Хохиролтой холбоотой баримт болон хохирол төлсөн баримт /хх-ийн 51-54-р хуудас/ зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ц.Мийн хохирогч Ц.От хүч хэрэглэж, түүний эзэшлийн “Айфоне 13 про” загварын гар утсыг дээрэмдэн авч 2,175,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн үндсэн шинжийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлддэг, уг үйлдлийн улмаас хүний биед учирсан гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан байхыг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргүүд юм.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Ц.М нь 2023 оны 05 дугаар сарын 28-ны шөнө 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Оийн эзэмшлийн айфоне 13 про загварын гар утсыг авахаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Ц.Оийн толгойн тус газар цохиж, түүний эрүүл мэндэд баруун духны дэлбэнгийн суурийн хэсгийн цусархаг няцрал, баруун духны дэлбэнгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг “Дээрэмдэх” болон “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ц.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор Эрүүгийн хуульд тодорхойлсон бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Ц.От 2,175,000 төгрөгийн хохирол /хх-ийн 42-45-р хуудас/-оос шүүгдэгч Ц.М нь мөрдөн байцаалтын шатанд 1,700,000 төгрөг төлсөн /хх-ийн 51-54-р хуудас/, мөн шүүхийн хэлэлцүүлэгт үлдэгдэл хохирол төлбөр болох 475,000 төгрөгийг төлсөн баримт /1 хуудас/ гаргаж өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааыснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногийн хорих ялаар тооцож, нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 7 сар 20 хоногийн хугацаагаар тогтоох” саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар миний үйлчлүүлэгч Ц.Мид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.
Шүүх шүүгдэгч Ц.Мид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн буюу түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд хорих болон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд мөн нийцнэ.
Шүүгдэгч Ц.Мид Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоног хорих ялаар тооцож, түүний эдлэх нийт ялын хэмжээг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн нийт 12 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди - 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Мид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А ургийн овогт Ц.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж довтолж дээрэмдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мийг 480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, түүний эдлэх нийт ялын хэмжээг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мид оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч Ц.М нь энэ хэрэгт 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн нийт 12 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг бүхий Сиди - 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ