Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2078

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/01720 дугаар шийдвэртэй, Г.Аын нэхэмжлэлтэй, хариуцагч “М” ХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Даваабилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ренчинболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оноос “М” ХК-д агаарын хөлгийн үйлчлэгчээр ажиллаж байсан. 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “албаны визийг хувийн зорилгоор ашигласан, сургалтанд хамрагдаагүй ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас халсан тушаал үйлдсэн. Уг сургалтанд хамрагдах хугацаанд миний бие эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, үүнийгээ компанид мэдэгдсэн. Одоогийн байдлаар ажлаас халагдаад 4 дүгээр сар бүтэн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт тасарч 2 сар гаруй ажилгүй байна. Миний цалин хөлс нислэгээс хамаарч илүү цаг янз бүр бодогддог учраас дундаж цалин хөлс тооцох журмын дагуу цалингийн дунджаар тооцоход 3, 4, 5, 6 сараас шүүхийн шийдвэр гаргах өдөр хүртэлх хугацааны цалин нэхэмжилж байна. Иймд намайг ажилд эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэнэ үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” хувьцаат компанийн бүхээгийн үйл ажиллагааны хэлтэст ажиллаж байсан Г.А нь ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан үеийн цалин хөлсийг олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Гүйцэтгэх захирлын 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/457 тушаалаар Г.Аыг бүхээгийн үйл ажиллагааны хэлтэст агаарын хөлгийн үйлчлэгчээр түр томилон хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд нислэгийн ачааллын үеийг даван туулах болон компанийн хэвийн үйл ажиллагааг хангах, мөн ажилтны өөрийн хүсэлтийг харгалзан 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд хөдөлмөрийн гэрээг сунган ажиллаж байсан. “М” ХК-ийн бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн агаарын хөлгийн үйлчлэгч нь жилд 1 удаа гэрээт сургалтын төв /одоогоор БНСУ-н Корейн Эйр компанийн сургалтын төв/-д авран хамгаалах сургалтанд хамрагдаж сертификат авдаг. Энэхүү сертификат нь тухайн жилдээ агаарын хөлгийн үйлчлэгчээр ажиллах эрхтэй болдог бөгөөд “М” ХК-ийн агаарын хөлгийн нийт үйлчлэгч нарын 2018 оны сертификат авах давтан сургалтыг 2018 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдрийн хооронд БНСУ-ын Корейн Эйр компанийн сургалтын төвд зохион байгуулах хуваарь гарган, төлөвлөж тус компаниас урилга авсан байсан. Сургалтанд хамрагдах Г.А нь визний материалаа бүрдүүлэн БНСУ-ын виз авсан боловч уг сургалтанд хамрагдалгүй, хэлтэст мэдэгдэлгүй, хувийн журмаар БНСУ-ын Бусан хотод зорчихдоо ашигласан байсан нь нотлогдсон. Нэгэнт 2018 оны хуваарьт сургалтанд хамрагдаагүй учир ажиллах боломжгүй болсон тул бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн даргын саналыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.1.2 дэх заалт, Компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.9, 8 дүгээр зүйлийн 8.11 дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халсан нь хуулинд нийцсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.Аыг “М” ХК-ийн агаарын хөлгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар “М” ХК-иас Г.Ад урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 524 190 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “М” ХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “М” ХК-иас 157 537 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн төлсөн 166 000 төгрөгөөс 157 537 төгрөгийг улсын төсөвт үлдээж, үлдэх 8 463 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Г.А шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тухайн өдрийн байдлаар 3,4,5 сарын цалин хөлсний олговорт 9 440 067 төгрөгийг нэхэмжилж, шүүх хуралдаанд Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар “ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлс” буюу шүүхээс шийдвэр гаргах өдөр хүртэл 14 130 262 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж нэхэмжилсэн. Цалин хөлсний нөхөн олговорыг шүүх тооцохдоо буруу тооцоолсон. Үүнд: хариуцагч нэхэмжлэгчийг 2018 оны 3 дугаар сарын 22-оос эхэлж ажлаас халж, ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 3 сарын цалингийн олгогдоогүй дутуу хэсэг /2 991 046 төгрөг/-ээс эхлээд шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл бүх хугацааны цалин хөлсний олговор нэхэмжилсэн. Гэтэл шүүх шийдвэртээ 3 сарын үлдэгдэл цалин, 4 сарын цалин бүтэн зэргийг гаргаагүй, ямар ч үндэслэлгүйгээр хасч тооцож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажлаа хийж байсан талаарх баримт, ажлын цагийн бүртгэл зэргийг шүүхэд гаргаж өгөөгүй учраас цалинг 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл олгох нь үндэслэлгүй гэж үзлээ” гэсэн дүгнэлт хийсэн нь маш ойлгомжгүй байна. Шүүхэд ажлаас халсан Б/357 тоот тушаалаар 3 дугаар сарын 22-оос ажлаас чөлөөлсөн гээд огт ажил хийлгээгүй, түүнээс цалин хөлс олгоогүй, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасарсан зэрэг нь хэрэгт авагдсан ажлаас халсан тушаал, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбараар хангалттай нотлогдож байдаг. Мөн шүүгч өөрөө ажлаас халсан байдал хууль зөрчсөн байна гэж ажилд эргүүлэн тогтоосон шийдвэр гаргасан хэрнээ ажилгүй байсан, цалин тасалдсан хугацааг юу гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна.

Шүүх ажилтныг халсан байдал хууль бус байна гэж дүгнэж байгаа бол хуулинд зааснаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон өдрөө шүүхийн шийдвэр гарах хүртэл бүх хугацааны цалин хөлсийг гаргаж шийдвэрлэх нь зүй ёсных. Зарим хэсгийг цоолборлож олгоод, заримыг хасаад байгаа үндэслэл нь маш ойлгомжгүй байна. Хариуцагч буюу ажил олгогчийн буруутай үйлдлийн улмаас ажилтны 4 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасарсныг хэн хариуцах вэ.

Мөн цалин хөлсний дундажийг буруу тооцсон. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн А-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэсэн байдаг. Ажил олгогч Г.Аыг 2018 оны 3 дугаар сард ажлаас халснаар 3 сарын цалин хөлс дутуу орсон, дутуу хэсгээ нэхэмжилж байна. Тэгэхээр түүний ажилласан сүүлийн 3 сар нь 12, 1, 2 сар байна, эндээс дундаж цалин хөлсийг тооцвол 3 224 510 төгрөг байх ёстой. Дээрх журмын 6 дугаар зүйлд “...хэрэв ажилтан дундаж цалин хөлсийг тодорхойлох хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар /өвчтэй, чөлөөтэй байсан гэх мэт/ бүрэн ажиллаагүй, эсхүл ажилтны ажилласан хугацаа нь дундаж цалин хөлс тодорхойлохоор заасан хугацаанд хүрэхгүй тохиолдолд тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдөр /цаг/-ийн тоонд хувааж нэг өдөр /цаг/-ийн дундаж цалин хөлсийг тодорхойлно.” гэсэн зарчим байдаг. Бодит байдлыг харахад нэхэмжлэгч 2 дугаар сард өвчтэй акттай /хэрэгт өвчтэй акт хавсаргагдсан/ цалин мөн дутуу авсан байдаг. Гэхдээ 3 дугаар сар бол ажлаас халж, маргаан үүсч үйл баримт болж, цалин дутуу олгогдож, цалингийн дутууг нэхэмжилж байхад түүнээс цалин хөлсний дундажийг тооцох нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч шүүхээс ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор 14 130 262 төгрөг нэхэмжилж байхад шүүхийн шийдвэрээр 4 524 190 төгрөгийг хангасан. Бусад хэсэг яасан эсэх нь тодорхойгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангасан мэт шийдвэр гаргаад байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 606 072 төгрөгийг хэрхсэн нь тодорхойгүй. Иймд анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хэрэгт хавсаргасан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт өгч, нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хасагдсан 9 606 072 төгрөгийн цалин хөлсний олговорыг гаргуулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “М” ХК-ийн бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн агаарын хөлгийн үйлчлэгч нь жилд 1 удаа гэрээт сургалтын төвд авран хамгаалах сургалтанд хамрагдан гэрчилгээ авдаг бөгөөд түүгээр тухайн жилдээ агаарын хөлгийн үйлчлэгчээр ажиллах эрхтэй болдог. 2018 оны давтан сургалтыг 2018 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөс 3 дугаар 15-ны хооронд БНСУ-ын “Корейн эйр” компани зохион байгуулах хуваарь гарган төлөвлөж, урилга авсан байсан. Нэхэмжлэгч уг сургалтанд хамрагдах зорилгоор материалаа бүрдүүлж тухайн улсын виз авсан боловч сургалтанд хамрагдалгүй, хэлтэсдээ мэдэгдэлгүй хувийн журмаар БНСУ-ын Сөүл, Бусан хот руу зорчихдоо ашигласан нь баримтаар нотлогдсон. Нэхэмжлэгч сургалтанд хамрагдах хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гэх боловч сургалтанд хамрагдаагүй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Сургалтанд хамрагдаж гэрчилгээ аваагүй тохиолдолд нислэгт хамрагдах боломжгүй юм. Б/357 тоот тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 болон бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн даргын саналыг үндэслэн тус тушаалын 1 дүгээр хэсэгт гаргасан зөрчлийг тусгасан. Нэгэнт тухайн сургалтанд хамрагдаагүй, нислэгт явах боломжгүй, зөрчил гаргасан, мөн өөрөө нислэгт явах боломжгүйн улмаас өргөдөл өгсөн тул дээрх тушаал хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх цалин тооцохдоо өмнөх цалин хөлсний дунджаар тооцсон ба нэхэмжлэгчийн үндсэн цалин 775 000 төгрөг байдаг. Агаарын хөлгийн үйлчлэгчийн цалингийн бүтэц нь үндсэн цалин, нислэгт явсан блок цагаар бодогдон олгогддог. Нэхэмжлэгч сургалтанд хамрагдаагүй учир нислэгт явах боломжгүй болсон, мөн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс хойш ажлаа хийгээгүй талаар талууд маргаагүй байхад шүүх ажилгүй байсан хугацааны цалинг нислэгийн блок цагтай бодож олгосон нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нислэгт явах боломжгүй болсон нь нотлогдсон байтал цалингийн цагийн хөлс орсон байдлаар тогтоосон нь буруу. Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөөгүй байсан бол зөвхөн үндсэн цалингаа авах байсан. Мөн нэхэмжлэгч ажлын ачааллын улмаас түр нэмэгдүүлсэн орон тоон дээр хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр ажиллаж байсан бөгөөд уг гэрээний хугацаа 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болох байсан. Иймд шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч “М” ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч Г.А нь “М” ХК-д агаарын хөлгийн үйлчлэгчээр ажиллахаар 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хөдөлмөрийн хугацаатай гэрээ /хх24/ байгуулан ажилласан боловч 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/357 дугаар тушаалаар мөн оны 3 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар /хх4,22/ хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдож байна.

 

Ажил олгоч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хариуцагч байгууллага Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн даргын саналд үндэслэж Г.А нь “Кореан эйр” сургалтын төвд зохион байгуулагдсан нисэх бүрэлдэхүүний авран хамгаалах давтан сургалтанд хамрагдаагүй, нэгдсэн журмаар авсан визийг хувийн шугамаар БНСУ-ын Бусан хотод зорчихдоо ашигласан гэж үзжээ. Нэхэмжлэгчийн хувьд тухайн цаг хугацаанд өвчний учир эмнэлгийн магадлагаагаар ажлаас чөлөөлөгдсөн байсан гэж тайлбарлаж байгаа тул сургалтад оролцоогүйг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх, сургалт зохион байгуулах БНСУ-ын Корейн Эйр компаниас /хавсралтаар/ урилга илгээсэн нэр бүхий 74 ажилтанд нэхэмжлэгч нэр заагдсан эсэх, 2018 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 7 хоногоор үргэлжлэх сургалтад хуваарийн дагуу аль хэсэгт нь хамрагдсан талаарх нөхцөл байдал тодорхойгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Хэрэгт авагдсан буюу хариуцагч байгууллагаас уг хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж нотлох баримтаар ирүүлсэн БНСУ-ын “Кореан эйр” компанийн сургалтын төвд зохион байгуулагдах нисэх бүрэлдэхүүний авран хамгаалах давтан сургалтанд хамрагдах нэрсийн жагсаалт бүхий баримтууд /хх44-47/ гадаад хэл дээр бичигдсэн, албан ёсоор орчуулагдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, хэргийн 49, 50 дахь талд авагдсан хуулбар баримтууд нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагад нийцэхгүй байна.

 

Дээрх тохиолдолд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар бичмэл нотлох баримтын жинхэнэ эхийг шаардах авах эсхүл мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах зохицуулалтыг хэрэгжүүлэх эсэхийг анхаараагүй нь учир дутагдалтай болжээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлогдвол зохих үйл баримтыг зөв тогтоохын тулд шүүхийн эрх хэмжээнд гүйцэтгэх ажиллагаа бүрэн хийгдээгүй гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн маргаан, түүнд хамаарах хууль хэрэглээний талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/01720 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 168 647 төгрөг, хариуцагчийн 157 537 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                    Т.ТУЯА