Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/78

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуян,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Хохирогч Т.Б*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,

Шүүгдэгч Ч.Т*******т нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч*******ы Т*******тад холбогдох Эрүүгийн хэргийг 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

Шүүгдэгч Ч.Т*******т 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр согтуугаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 34-08 тоотод Т.******* маргалдаж улмаар архины шилээр цохиж бие махбодид нь баруун шуу ясны далд хугарал, нэг шүдний булгарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Т*******т 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр согтуугаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 34-08 тоотод Т.******* маргалдаж улмаар архины шилээр цохиж бие махбодид нь баруун шуу ясны далд хугарал, нэг шүдний булгарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Ч.Т*******тын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ... Тэгээд гэдэс идээд яв гэхээр нь гэдэс идэх далимдаа нэг шил архи Б*******гаар зээл авахуулсан. Тэгээд дахин нэг шил архи уухаар болж ямаа өгсөн найзаасаа 10.000 төгрөг авч дахин нэг шил архи авчирч уусан. Тэгээд бүгд согтсон. Би таксигаар хүргүүлсэн. Тэгээд гэртээ унтаж байхад орой манай эхнэр ирээд Дашпүрэвийн чинь эхнэр утсаар яриад танай нөхөр миний гарыг хугалчихлаа гэж нэг эмгэний утсаар ярьлаа гэж байсан. Нөгөөдөр нь Дашпүрэв ирээд манай эхнэрийн гарыг чи хугалсан байна гэх зүйл ярьсан. Би юу яриад байгаа юм чи гэхэд авгай нь хажуугаас чи хугалсан байна гэх зүйл ярьсан гэх мэдүүлэг хх-ийн 37-38

Хохирогч Т.Б*******гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ... Т*******т архи ууж байхдаа одоо газрын гэрчилгээ авъя гэхээр нь Дашпүрэв үнэ өртгөө өгөөгүй байж  яагаад гэрчилгээг нь одоо авдаг юм гэж хэлэхэд Т*******т уурлаж хүн шатаалаа гээд байхаар нь би Т*******тад чи архи дарс авсан биздээ хэн чамайг архи ав гэсэн юм гэхэд над руу агсарч ууж байсан архины шилээрээ цохих үед нь баруун гарынхаа шууны ясыг гэмтээсэн. Маргааш өглөө нь Т*******т надад эхлээд 40.000 төгрөг, дараа нь 70.000 төгрөг өгөөд эмнэлэгээр явж байгаарай гэж хэлээд би гэртээ хариад буцаж ирнэ гэж хэлээд уулчлалт гуйгаад явсан... Сүүлд 300.000 төгрөг бэлнээр өгсөн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй  гэх мэдүүлэг/ хх-ийн 17-26 дугаар хуудас/,

Гэрч Б.Дашпүрэвийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...тэгээд манй эхнэртэй яриад тэр ямаа авахаар болж өдөр нь манай эхнэр захаас ирээд Т*******тад ямааны мөнгө 30.000 төгрөг өгсөн. Т*******т манай эхнэрээс авсан мөнгөөрөө нэг шил архи авч Алтангэрэл бид хоёртой хувааж уучихаад үлдсэн мөнгөө аваад найз нь ажилтай гээд Алтангэрэлтэй цуг гараад явсан. Тэгээд ямааг нь очиж авцгаасан. Ямааны гэдэс арилгах хооронд Т*******т гараад явсан. Удаагүй орж ирэхдээ 2 шил архи барьсаар орж ирсэн. Би ч нэг шил архи авсан байсан. Тухайн үед би Т*******тад найзад нь нэг газрын гэрчилгээ байгаа чи үнэ тохироод авчих хүн байвал мэдэж байгаарай гэж ярьсан. Тэгээд Т*******т дахин явж 2 шил архи авчирсан байсан. Т*******т архи ууж байхдаа одоо газрын гэрчилгээ авъя гэхээр нь би чи үнэ өлтөгөө өгөөгүй байж яахаараа гэрчилгээг одоо авч явах гэдэг  юм бэ? Гэж хэлтэл Т*******т уурлаад намайг түлхэж унагаасан. Тэгэхээр нь би Алтангэрэлд би согтоод байна хэсэг гадаа гаръя гэж хэлээд гэрээс гарсан. Гэтэл намайг гадаа байх хооронд Т*******т манай эхнэр ******* муудалцаж архины шилээр гар луу нь цохиж гэмтээсэн байсан. Маргааш өглөө Т*******т манайд ирээд уучлалт гуйж 70.000 төгрөг өгөөд эмнэлэгт үзүүлээрэй гэж хэлээд явсан. Түүнээс хойш дахиж уулзаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Энхдалай, Б.Дашпүрэв нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 20-21-р хуудас/,

Хохирогч Т.Б*******, гэрч Ц.Энхдалай нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 22-23-р хуудас/,

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 29-30-р хуудас/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 608 тоот дүгнэлтэнд:

Түмэнбаярын Б*******гийн биед гэмтэл учирсан байна. Түмэнбаярын Б*******гийн биед баруун шуу ясны далд хугарал, нэг шүдний булгарал бүхий гэмтэл  учирсан байна. Баруун шуу ясны далд хугарал бүхий гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Нэг шүдний булгарал бүхий гэмтлийн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шууны ясны далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэргийг тогтоож журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Нэг шүдний гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар энгийн хөдөлмөрийн чадварт тогтонги бага хэмжээгээр нөлөөлөх гэмтэл тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт тогтонги 5% нөлөөлнө гэх дүгнэлт /хх-ийн 31-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Иймд шүүгдэгч Ч.Т*******тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Т*******тад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Эрүүгийн 201622000711 дугаартай хэрэгт хураагдан ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Хохирогч Т.Б*******  нь шүүгдэгч Ч.Т*******ттай эвлэрсэн болох нь 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн эвлэрлийн гэрээгээр батлагдаж байх ба шүүгдэгч нь хохирогч Т.Б*******д төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Т*******т нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-р хуудас/-аар тогтоогдож байна.

 

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Шүүгдэгч Тоос овогт Ч*******ы Т*******тыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Ч.Т*******тыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ч.Т*******тад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ч.Т*******тад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Т*******тад урьд авсан батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.НЯМСҮРЭН