Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/98

 

 

2024 оны 06 сарын 25-ны өдөр                             Дугаар 2024/ШЦТ/98                                           Даланзадгад сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

  Нарийн бичгийн дарга А.Золзаяа,

             Улсын яллагч Б.Мөнхдөл,

              Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох 2428000000140 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгч ******* нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг Аргалант хороолол 1-4 тоотод 2024 оны 05 дугаар сарын 07-ны өглөө иргэн ******* маргалдан зодож биед баруун шууны цацраг ясны далд хугарал, зүүн гуяны цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж хэлэх зүйлгүй гэв.

 

Хохирогч *******ын мэдүүлэгт: Би 2024 оны 05 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын "Z" нэртэй бааранд байхад гэдэг манай найз гэрт хүрээд ирээрэй би түрүүлээд харьж байя гэж хэлсэн. Тэгээд үүрээр 6 цаг өнгөрч байхад би ******* гэдэг залуугаас гар утсыг нь гуйж аваад хэдэн найз руугаа ярьсан. Тэгээд унаа дуудчихаад гийн гэрээс гараад бие засах гээд гадаа нойл руу орж байхад ******* надаас гар утсаа авсан. Би *******гээс утсаа өгөөч унаа дуудаадахъя гэж гуйхад ******* чадахгүй, би ажилтай байна яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэрнээс болж маргалдаад ******* миний баруун гарыг мушгиад дараад унагачихсан. Намайг унагачихаад гийн гэрээс гүйгээд гараад явсан.... Тухайн үед ******* миний баруун гарыг хугалж, зүүн хөлний гуя хэсэгт хөхрөөд хавдсан байсан. 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр дансаа гээд 120.000 төгрөг миний данс руу хийсэн. Бүх зардлаа нэхэмжлэх хүсэлтэй байна. /хавтаст хэргийн 10-15 дахь тал/

Гэрч мэдүүлэгт: Намайг сэрэхэд үүрийн 06 цаг өнгөрч байсан ба сэрээд харсан чинь Сүхээ дээр нэмэгдээд Тод гэдэг ах ирсэн. ах тэр гурав ууцгааж байсан. ... Би хичээл дээрээ очоод 08 цаг өнгөрч байхад манай найз ******* над руу залгаад энэ Сүхээ гэдэг хүн намайг цохиод авлаа, танай гэрт агсан тавиад над руу агсраад дайраад байна гээд утсаар ярихаар нь би юм юу болсон юм. Наад хүн чинь яваагүй юм уу гэж хэлчихээд хичээлээ гараад ******* найз дээрээ очиж уулзаад *******г Цэций явах унаанд суулгаж өгсөн. *******гээс сонсоход гар утаснаас болж хоорондоо маргалдсан гэж байсан. /хавтаст хэргийн 19-21 дэх тал/

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 258 дугаартай шинжээчийн дүгнэлтэд "...*******ын биед баруун шууны цацраг ясны далд хугарал, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тоГтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хавтаст хэргийн 24-25 дахь тал/

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 05 сарын 07-ны өглөө Даланзадгад сумын 8 дугаар баг Аргалант хорооллын 1-4 тоотод байдаг найзынхаа гэрт *******тай муудалцаж биед халдаж баруун гарыг хугалж гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. /хавтаст хэргийн 33 дахь тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 08 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 34 дэх тал/

            Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/

            Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 41 дахь тал/

             Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 38 дахь тал/

             Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хавтаст хэргийн 55-62 дахь тал/

            Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “******* миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээж байна. Хохирогч *******ад хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэх хүсэлт /хавтаст хэргийн 72 дахь тал/

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 49 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 73 дахь тал/

            Прокурорын санал /хавтаст хэргийн 75-76 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

            Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 49 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 73 дахь тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба хүсэлтийг сайн дураар гаргасан, түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хэргийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.    

Шүүгдэгч *******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.   

Шүүгдэгч *******гийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг Аргалант хороолол 1-4 тоотод 2024 оны 05 дугаар сарын 07-ны өглөө иргэн ******* маргалдан зодож биед баруун шууны цацраг ясны далд хугарал, зүүн гуяны цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 08 дахь тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 10-15 дахь тал/, гэрч мэдүүлэг /хавтаст хэргийн 19-21 дэх тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 258 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ын биед баруун шууны цацраг ясны далд хугарал, зүүн гуяны цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 258 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/-ээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...*******д хугалуулсан гараа эмчлүүлэх бүх зардлыг нэхэмжилнэ /хавтаст хэргийн 15 дахь тал/ гэх ба Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан 2024 оны 06 сарын 13-ны өдрийн хүсэлтдээ “ ******* нь 2024 оны 05 сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн 8 дугаар баг 1-4 тоотод ******* гэх хүнд зодуулж баруун гарын яс хугарсны хохирлыг барагдуулсан тул надад гомдол санал байхгүй байна. /хавтаст хэргийн 69 дэх тал/ гэжээ.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд “... Нийлээд 3.000.000 төгрөг болж байгаа. Цалингийн 600.000 гаруй төгрөг 2 сарын зээл гэж төлсөн. Нийт 3.000.000 төгрөг төлсөн. Баримтыг нь энэ сарын 6-нд өгсөн байгаа. 2 сарын цалингийн зээлийг нь төлсөн. Баримтаа өгөөгүй. Хоорондоо зохицож өгсөн байгаа гэх тайлбар, мэдүүлэг гаргасан ба шүүгдэгч нь хохирогчид эмчилгээтэй холбоотой зардалд 1.738.285 төгрөгийн хохирол төлбөр болох нь хохирогчийн хүсэлт, шүүгдэгчийн тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******г хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь хувийн байдлын хувьд  Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 45-53 дахь тал/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 41 дахь тал/, Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 38 дахь тал/ зэргээр тодорхойлогдож байна. 

Шүүгдэгч *******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, прокурорын саналыг баталж, шүүгдэгч *******г гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй  гэж үзэв.

Улсын яллагчийн зүгээс:  Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг, 

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв.

Шүүх ялын санал, дүгнэлтийг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй гэж хуульчилсан байх тул шүүгдэгч *******д оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоног буюу 3 сарын дотор төлөхөөр  тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч  *******ад 1.738.285 /нэг сая долоон зуун гучин найман мянга хоёр зуун наян тав/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирол төлбөрийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

 

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

                                                                   

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ