| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2024/0074/э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/102 |
| Огноо | 2024-06-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/102
2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Дугаар 2024/ШЦТ/102 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Б.Мөнхдөл,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох 2428000000146 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг ......... тоотод орших гэрийнхээ хашаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ******* нуруу хэсэгт хутгалж, түүний нуруунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өмнө нь мэдүүлгээ өгсөн.
Хохирогч ******* мэдүүлэгт: Би хамтран амьдрагч гэр бүлийн хамаарал бүхий хүн нөхөр *******ын эсрэг мэдүүлэг өгөхгүй. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. /хавтаст хэргийн 17-18 дахь тал/
Гэрч ******* мэдүүлэгт: Чулуунбаатарынд сууж байхад орой эхнэртэйгээ муудалцаад байсан. Тэгээд Чулуунбаатар согтоод байхаар нь гэрийн зүүн талд байх орон дээр унтуулчихаад бид хэд гадаа суусан. Гадаа юм яриад сууж байхад Чулуунбаатар хутга барьж гарч ирээд эхнэрийнхээ дал хэсэгт бор иштэй хутгаар 2 дүрчихсэн, Дүрсэн даруйдаа Чулуунбаатар гэр рүүгээ гүйгээд ороод явсан. /хавтаст хэргийн 22-24 дэх тал/
Гэрч ******* мэдүүлэгт: Чулуунбаатар гэртээ ирээд хардалтын улмаас нэлээн маргалдсан. Тэгээд маргалдаад байхаар нь гэрийн зүүн талын орон дээр Чулуунбаатарыг унтуулаад гараад сууцгаасан. Гадаа сууж байхад Чулуунбаатар нээх удалгүй гэрээс гарч ирж байсан. Тэгээд Чулуунбаатарын эхнэр газар унах шиг болсон харсан чинь далны доод хэсэгт модон иштэй хутга зоолттой байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. /хавтаст хэргийн 25-27, 34-36 дахь тал/
Гэрч ******* мэдүүлэгт: Чулуунбаатар нь гэртээ ирээд эхнэртээ агсраад гэр орон заваан байна гэж хэлээд хардаад байх шиг байсан. Тэгээд бид хэд маргалдаад байхаар нь явах гэтэл эхнэр нь явуулахгүй унтуулчаад яваарай. Та хэдийг явсан дараа агсан тавих байх гээд байхаар нь бид хэд унтуулчихаад явъя гээд үлдсэн. Чулуунбаатар уг орон дээр унтчихаар нь бид хэд гадаа сууж байгаад харьцгаая гээд гадаа сууж байтал нээх удалгүй араас гарч ирээд Чулуунбаатар нь эхнэр Чимэгийг хутгалчихсан. Тэгээд Чулуунбаатар гэр рүүгээ шууд ороод өгсөн. Тухайн үед Бадамханд цагдаагийн байгууллагат хандсан. /хавтаст хэргийн 28-30 дахь тал/
Гэрч ******* мэдүүлэгт: Бид хэд гадаа сууцгааж байтал нээх удалгүй араас гараад ирсэн. Тэгээд миний урд ирээд хараад байхаар нь эхнэр чинь тэнд байна гэж хэлтэл эхнэрийнхээ ард очоод нурууны ар хэсэгт хутгалчихаад шууд гэр рүүгээ ороод явчихсан. /хавтаст хэргийн 31-33 дахь тал/
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 305 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "******* биед нуруунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. ******* биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. ******* биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хавтаст хэргийн 39-40 дахь тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 7- 12 дахь тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 06 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 91 дэх тал/
Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 92 дахь тал/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 95 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 111 дэх тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба хүсэлтийг сайн дураар гаргасан, түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хэргийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Их-уул 19-9 тоотод орших гэрийнхээ хашаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ******* нуруу хэсэгт хутгалж, түүний нуруунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 06 дахь тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/, гэрч ******* мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дэх тал/, гэрч ******* мэдүүлэг /хавтаст хэргийн 25-27, 34-36 дахь тал/, гэрч ******* мэдүүлэг /хавтаст хэргийн 28-30 дахь тал/, гэрч А.Алтангэрэлийн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-33 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 305 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дэх тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 305 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дэх тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор” заасан.
Шүүгдэгч ******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч мэдүүлэгтээ “Би хамтран амьдрагч гэр бүлийн хамаарал бүхий хүн нөхөр *******ын эсрэг мэдүүлэг өгөхгүй. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй /хавтаст хэргийн 17-18 дахь тал/ гэснээр шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй, хохирол төлбөрийн тухайд маргаангүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь хувийн байдлын хувьд оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 92 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 95 дахь тал/ зэргээр тодорхойлогдож байна.
Шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт хийн шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, прокурорын саналыг баталж, шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ... улсын яллагчийн саналыг зөвшөөрч байна гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв.
Шүүх ялын санал, дүгнэлтийг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй гэж хуульчилсан байх тул шүүгдэгч *******т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 30 хоног буюу 1 сарын дотор төлж барагдуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ сарын дотор төлж барагдуулахыг даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн модон иштэй, ажлын хэсгийн урт 14 см, бариул хэсгийн урт 12 см, нийт урт 26 см урттай хутга 1 ширхэгийг оролцогчид буцаан авах хүсэлт гаргаагүй тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь 9 хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн ******* Чулуунбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч ******* торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч шүүгдэгч *******аас хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирол төлбөрийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн модон иштэй, ажлын хэсгийн урт 14 см, бариул хэсгийн урт 12 см, нийт урт 26 см урттай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ