| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/1493/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/686 |
| Огноо | 2024-06-12 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/686
2024 06 12 2024/ШЦТ/686
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Улсын яллагч Ч.Батбаатар,
Хохирогч С.Хишигжаргал,
Шүүгдэгч Х.Ж, түүний өмгөөлөгч Л.Бурмаа /ҮД:475/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Жд холбогдох 2403 00135 0260 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.....оны 0.....дүгээр сарын 0.....-ний өдөр, Төв аймгийн ........... төрсөн,....... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “............................ ХХК-д бэлтгэгч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 2..... дугаар хороо, ............ эхийн 27 дугаар гудамжны ...............тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,
................... шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
................... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдэж байсан, Б овогт Хийн Ж /РД: /.
Хэргийн товч агуулга:
Х.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо, Баруун алтан өлгийн 37 дугаар гудамжны авто замд 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 17 цаг 44 минутын үед Toyota Prius-30 маркийн 04-28 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...; з/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах...; мөн дүрмийн “3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Хишигжаргалыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ж өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Хишигжаргалын өгсөн мэдүүлэгтээ: “...Алтан өлгийд би эмийн сангаас зээдээ эм аваад явж байсан. Манай гудамжинд засмал зам тавьсан. Эргэж байсан чинь гэнэт өөдөөс машин ороод ирсэн. Би зүүн тийшээ явсан. Хоёр хүүхэд гүйж ирээд машины номерыг авсан байсан. Миний зүүн талын хөл дотор урагдалтай байсан. Хагалгаанд ор гэсэн боловч хөгшин хүн орж болохгүй гэж хэлсэн. Би эмнэлэгт хэвтээд сувилалд хэвтсэн байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.04/,
Зам тээврийн осол гарсан газрын хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /06-14/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх.15-16/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх.10-11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Хишигжаргалын өгсөн: “2024 оны 02 дугаар сарын 24-ний орой 17 цаг өнгөрч байхад би гэрээсээ гараад эмийн сангаас зээ хүүдээ эм аваад гудамж руугаа ороод автозамын хойд талын явган хүний замаар баруунаас зүүн тийш чиглэн уруудаад явж байтал хар өнгийн суудлын авто машин авто замаас гараад явган хүний зам руу миний өөдөөс ороод ирэхээр нь би тэр авто машинаас зугтаад автомашины зам руу гарахад автомашины зүүн урд хэсгээр зүүн хөл рүүгээ хүчтэй мөргүүлээд эргэлдээд газарт унасан. Ингээд тэр машин зогсолгүй явган хүний авто замаараа явсан чигээрээ Монелийн авто зам руу нийлээд хойшоо чиглээд явсан. Намайг автомашинд мөргүүлсний дараа миний ард явж байсан залуу намайг мөргөөд зугтсан автомашины улсын дугаар, маркийг нь хараад цагдаад дуудлага өгсөн... Гомдолтой байна. өөрт учирсан эрүүл мэндийн хохирол эмчилгээний зардал мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.29-30/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3037 дугаартай:
“1. С.Хишигжаргалын биед зүүн өвдөгний дотор хагас, саран жийргэвч мөгөөрсний урагдал, зөөлөн эдийн няцрал, шингэн хуралт, цус хуралт, баруун гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.34-35/,
Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх.50-56/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх.59/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 504 дугаартай: “Toyota Prius-30 маркийн 04-28 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Ж нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах.” мөн дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” з/ “тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах...” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна. Явган зорчигч С.Хишигжаргал нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл, заалтыг зөрчөөгүй байх үндэслэлтэй гэж үзэж байна” гэх мөрдөгчийн магадалгаа /хх.85-87/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.92-95/,
Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.97/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Жы яллагдагчаар өгсөн: “... 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан... Тухайн осол болсон өдөр хохирогчийг эмнэлгээр дагуулж явж эмнэлгийн төлбөр төлөөд, хэрэгтэй эм, эмнэлгийн хэрэгслүүдийг худалдан авч өгөөд дараа нь С.Хишигжаргал хувийн эмнэлэгт хэвтэнэ гэхээр нь данс руу нь 200.000 төгрөг шилжүүлсэн...” /хх.99-100/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн өгсөн: “... Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч С.Хишигжаргал нь эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 223.000 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” /хх.115-116/,
“Тэнүүн Сүлд” ХХК-ийн албан бичиг /хх.123-124/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Х.Жы хувийн байдлыг тодорхойлох болон хохирол нөхөн төлсөн баримтууд /хх.17-23, 63-84, 103-111, 122, шинээр гаргасан 3 хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.60/ зэрэг болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Үйл баримтын дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Х.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо, Баруун алтан өлгийн 37 дугаар гудамжны авто замд 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 17 цаг 44 минутын үед Toyota Prius-30 маркийн 04-28 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... согтууруулах ундаа ... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...; з/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах...; мөн дүрмийн “3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Хишигжаргалыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх үйл баримтын талаар нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт Х.Жыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тусган хуульчилж,
Мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэж,
Мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “согтуурсан, мансуурсан үедээ”,
Мөн хэсгийн 2.2 дахь заалтад “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн бол” гэж уг гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжүүдийг тодорхойлсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.
Хохирогч С.Хишигжаргалын биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “С.Хишигжаргалын биед зүүн өвдөгний дотор хагас, саран жийргэвч мөгөөрсний урагдал, зөөлөн эдийн няцрал, шингэн хуралт, цус хуралт, баруун гуянд цус хуралт” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Х.Ж нь иргэн С.Хишигжаргалын биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.
Х.Ж нь хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.
Шүүгдэгч Х.Жы гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.
Иймд шүүгдэгч Х.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн:
497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,
510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж,
511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч Х.Ж нь эмчилгээ, сувилгааны нийт 1.500.000 төгрөгийг хохирогч С.Хишигжаргалд, Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн даатгалын төлбөрийн баримтаар нэхэмжилсэн 223.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд сайн дураар тус тус нөхөн төлжээ.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4 дэх хэсэгт заасны дагуу Гуравдугаар зэрэглэлийн сэтгэцэд учруулсан гэм хорын хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8.580.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Хохирогч С.Хишигжаргал нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Х.Жаас жич нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч Х.Ж гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Х.Жы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн ар гэрийн болон хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт, хохирогчийн гомдол саналгүй гэсэн зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Х.Жд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зарим үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Жд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж, 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэж тус тус заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хэдийгээр шүүгдэгч Х.Ж урьд нь олон жилийн өмнө орь залуудаа танхайрах болон өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, шүүхээс 2 удаа 1.5-2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн боловч тэдгээр ялыг биечлэн эдэлснээс хойш 24 жилийн хугацаанд дахин гэмт хэрэгт холбогдоогүй учир түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжтой, мөн тэрээр хэргийн газрыг орхиж явсан гэх боловч тэр өдрөө хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлж, учруулсан хохирлоос төлсөн байх тул шүүгдэгчийг хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэж үзэх шаардлагагүй юм.
Шүүгдэгч Х.Жд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулж байна.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шүүгдэгч Х.Жд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Хийн Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Жд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Х.Жд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтууд, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтыг тус тус баримтлан, шүүгдэгч Х.Жд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Х.Жд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 1.500.000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Х.Жаас 8.580.000 төгрөг гаргуулж, хохирогч С.Хишигжаргалд олгосугай.
8. Хохирогч С.Хишигжаргал нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Х.Жаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Жд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР