Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
Хэргийн индекс | 105/2022/1493/Э |
Дугаар | 2024/ШЦТ/703 |
Огноо | 2024-06-17 |
Зүйл хэсэг | 17.8.1., |
Улсын яллагч | Д.АЗЗАЯА |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/703
2024 06 17 2024/ШЦТ/703
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Улсын яллагч Д.Аззаяа /томилолтоор/,
Шүүгдэгч Л.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Ст холбогдох 2406 00000 1045 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19........ оны 08 дугаар сарын ............-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...... настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ............... ажилтай, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүрэг......... дугаар хороо, .............. дугаар гудамжны ............. тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,
................. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт тус тус зааснаар 25 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, .............. дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 04 жил 03 cap 28 хоногийн хугацаагаар хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоож, хяналтын хугацаа 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон, Б овогт ЛС /РД: /.
Хэргийн товч агуулга:
Л.С нь согтуугаар 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 05 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны 429 дүгээр байрны гараашинд байршуулсан байсан иргэн Г.Түвшинтөрийн эзэмшлийн Тоёота Харриер загварын 26-17 УАМ улсын дугаартай автомашины хоёр толийг цохин хугалж 1.800.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.С өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.05/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Түвшинтөрийн өгсөн: “... Би 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 07:10 цагт машин дээрээ иртэл зүүн талын толины хавтас газар унасан толь нь байхгүй байсан ба нөгөө талын толь мөн адил байхгүй байсан. Тухайн үедээ машинаа нээхгүй орхиод хүүхдээ сургуульд нь хүргэж өгч ирээд цагдаад хандсан. Тухайн толь хугалсан гэх хүнийг тус гараашны хяналтын камераас шүүж үзээд Олимп хотхоны 430-р байрны 15-р давхраас олоод ойр орчинд нь байсан хогон дундаас өөрийн машины хоёр толийг олсон тэгээд дахин цагдаад хандсан. Миний машин Тоёота Харриер 65 гэдэг машин ба алдсан хоёр толь нь нэг бүрийн үнэ 900,000 төгрөг болно. Би тухайн алдсан толио олсон боловч ахин ашиглагдах боломжгүй тул шинээр төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх.11-12/,
“Дамно” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.19-21/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.01-02/,
Яллагдагчид эрх үүрэг, тайлбарласан баталгаа /хх.46/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Сын яллагдагчаар өгсөн: “... Би 2024 оны 04 дүгээр сарын 14-ны оройны 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхонд найз Цэрэнсодномын гэрт очиж 0.75 литрийн Хараа нэртэй цагаан архи 3 шилийг хувааж ууж байгаад унтсан. Тэгээд 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өглөөний 05 цагийн орчимд Цэрэнсодномын эхнэр нь гэртээ ирээд архи уусан байна гээд маргаан гараад би гэрээс нь гарсан. Тэгээд би Цэрэнсодномын байрны гадна гараад намайг гэрээсээ хөөж гаргалаа гэж бодоод уурлаад Цэрэнсодномын машины толийг цохиж хугалчхаад хогийн цэг рүү хаяад явсны дараа Цэрэнсодном миний араас гарч ирээд уулзахад миний цохиж хугалсан машины толь нь түүний машины толь биш байсан. Би тухайн үед уусан архиндаа согтож, өөрийн уур уцаараас болж тухайн машины толийг эвдэж гэмтээсэн зүйл болсон. ...Өөрийн гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.47/,
Хохирогч Г.Түвшинтөрийн хохиролд 1.800.000 төгрөг хүлээж авсан, гомдол, санал байхгүй тухай бичгээр гаргасан тайлбар /хх.52/,
Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх.58/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Л.Сын иргэний үнэмлэхийн хуулбар /хх.44/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.30-39/,
Хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.40-43/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргиййн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Үйл баримтын талаарх дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Л.С нь согтуугаар 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 05 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны 429 дүгээр байрны гражид байршуулсан байсан иргэн Г.Түвшинтөрийн эзэмшлийн Тоёота Харриер загварын 26-17 УАМ улсын дугаартай автомашины хоёр толийг цохин хугалж 1.800.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх үйл баримтын талаар нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Сыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг тусган хуульчилж,
Мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулжээ.
Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн идэвхтэй үйлдэл байх бөгөөд бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Эд хөрөнгө устгасан гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй, өөрөөр хэлбэл, сэргээн засварлахааргүй болгосныг, эд хөрөнгө гэмтээсэн гэж эд хөрөнгөд гэмтэл учруулсан бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг тус тус ойлгоно.
Шүүгдэгч Л.С нь хохирогч Г.Түвшинтөрийн тээврийн хэрэгслийн эд зүйлсийг гэмтээж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор заасан байдаг ба шүүгдэгч Л.С нь хохирогч Г.Түвшинтөрийн эд зүйлсийг гэмтээж бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш буюу 1.800.000 төгрөгийн хохирол учруулжээ.
Шүүгдэгч Л.Сын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой, шунахайн сэдэлттэй байна.
Иймд шүүгдэгч Л.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.
Хохирогч Г.Түвшинтөр баримтаар нэхэмжилсэн 1.800.000 төгрөгийг шүүгдэгч Л.С нөхөн төлсөн, хохирогч нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч Л.С гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Шүүгдэгч Л.Сын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Л.Ст эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа ... учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Л.С нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт тус тус зааснаар 25 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 150 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 04 жил 03 cap 28 хоногийн хугацаагаар хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар тогтоосон хяналтын хугацаа 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болохоос 2 хоногийн өмнө санаатай гэмт хэрэг үйлджээ.
Хэдийгээр шүүгдэгч Л.С нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн боловч 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж,
9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан... Хүнийг санаатай алах /Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл/ ... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамааруулахгүй” гэж тус тус заасан байх тул уг өршөөлийн хуульд шүүгдэгчийг хамруулах боломжгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж заасан байна.
Иймд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг тогтоох нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.С нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Л.Ст урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйл, 37.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт ЛСыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ст 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Л.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 30 хоногийн хугацаагаар хорих ялд тооцож,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 25 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 04 жил 03 cap 28 хоногийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 04 жил 03 cap 58 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Л.Ст оногдуулсан нийт 04 жил 03 cap 58 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Л.Ст урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.С урьд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Ст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР