Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/737

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваадорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,   

улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан ж,урмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

            **************

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, *******ын ******* тоотод өөрийн дагавар охин болох 15 нас 1 сар 19 хоногтой Т.*******ыг “...дүүгийнхээ гутал авах мөнгөнөөс авсан, ээжтэйгээ зүй бус харьцдаг...” гэх шалтгаанаас болж түүний хацран тус газарт гараараа алгадах, толгой руу өшиглөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь “зүүн мөрний ар, дал хэсэг, баруун бугалгын гадна дээд, дунд хэсэг, хоёр талын бугуйн чигчий хуруу талын төвгөр, зүүн гучны гадна дунд хэсэгт цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул түүний өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

Үүнд:

1. Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай гаргасан хүсэлтээ дэмжиж байна...” гэх мэдүүлэг,

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн үед охин уйлсан сууж байсан. Би дүүд гутал авч өгөөрэй гэсэн мөнгөнөөс өөртөө зарцуулсан байсан гэж хэлсэн. Би эмнэлэг дуудаж үзүүлээд, улмаар цагдаагийн газар очиж мэдүүлгээ өгсөн байгаа. Энэ хүн бол 1 удаа цохиогүй, 2-3 удаа зодож байгаа. Надад охин маань хэлдэг, би мэдэж байгаа. Урьд нь цүнхийг нь унатал өшиглөж байсан ба гэмтлийн зэрэг тогтоолгож байсан асуудал байхгүй. Эмнэлэг, шүүхэд хэлэхээр “аавыг чинь цагдаад өгнө шүү” гэдэг асуудал ч байгаа. Охин бол одоо “би дахиж харьцахгүй, дахиж очихгүй” гэж хэлж байсан. Би өөрөө ч угаасаа охиноо өгөхгүй...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн ******** дугаартай хэргээс:

3. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 1, 3 дугаар хуудас/,

4. Аюулгүйн зэргийн үнэлгээг “бага” гэж тогтоосон тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй иргэн Т.*******ын хохирогчоор өгсөн “...Тухайн өдөр манай дүү *******гийн төрсөн өдөр байсан бөгөөд аав, ээж дүүтэйгээ хамт гадуур гараад кино үзээд бас гутал авч өгөөрэй гээд 130,000 төгрөг өгсөн. ******* бид хоёр тухайн мөнгөөр нь кино үзэж дүүдээ гутал авч өгсөн. Аав ******* дүү бид хоёрыг “хорооллоос гутлаа аваарай” гэж хэлсэн ба дүү бид хоёр ярилцаад хороололд гутал үнэтэй байгаа байх гээд Баянхошууны шинэ эцсийн “Гүүшин” худалдааны төвөөс гутлаа 45,000 төгрөгөөр авсан. Тухайн үед би дүү *******д хандан “аав, ээж хоёрт гутлаа 90,000 төгрөгөөр авсан гэж хэлээрэй, хоёулаа үлдсэн мөнгөөр нь кино үзэж, “Bubble tea” авч ууя” гэж хэлээд бид хоёр “Өргөө” кино театрт очиж “Хамгийн сайхан нь 2” гэдэг нэртэй кино үзээд “Bubble tea” авч уусан ба 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ******* 8-7 тоотод байх гэртээ ирсэн. Би 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэртээ нагац ах ******* болон 3 дүүгийн хамт байж байгаад 21 цагийн үед найзынхаа гэрт үлдээсэн байсан цүнхээ авах гээд Баянхошууны шинэ эцэс рүү яваад цүнхээ авчхаад гэртээ 23 цаг өнгөрөөгөөд ирэхэд гэрт хойд аав *******, ээж Буянжаргал нар ирчихсэн байсан. Гэрт ороход аав, ээж хоёр ирчихсэн кино үзээд хэвтэж байсан бөгөөд “энэ гутлыг хэдээр авсан юм бэ” гэхээр нь би “90,000 төгрөгөөр авсан” гэж хэлэхэд хойд аав ******* “битгий худлаа яриад бай гичий минь, дүү чинь 45,000 төгрөгөөр авсан гэж хэлж байна, ямар арчаагүй юм бэ, чамайг ийм гэж бодсонгүй” гэж хэлэхээр нь би хойд аав *******ын өмнөөс нь “гутлыг нь авч өгсөн, хамт кино үзсэн, “Bubble tea” уусан” гэж хэлсэн. Мөн тухайн үед ээж Буянжаргал “би чамайг дүүдээ өмд авч өгөөрэй гэж хэлсэн биз дээ, яагаад авч өгөөгүй юм бэ” гээд уурлаад байсан. Би *******д өмд авч өгөөрэй гэж ээжийн хэлснийг сонсоогүй. Би ээжид “би таны өмд авч өгөөрэй гэж хэлснийг сонсоогүй, тэгвэл дараа өөрсдөө явж байгаарай, би дахиж та нартай харьцмааргүй байна” гээд хэлтэл ээж “тэгвэл битгий харьцаарай” гэхээр нь би “угаасаа харьцахгүй” гээд хэлтэл хойд аав ******* хэвтэж байснаа босож ирээд “чи ямар гудамжны жингэртэй харьцаж байгаа юу” гэж хэлээд миний нүүр хэсэгт олон удаа алгадаад, мөн зүүн гарнаас атгаж доош нь татаад газарт унагаасан. Газарт унагаачхаад дээрээс гурав, дөрвөн удаа өшиглөснөө буцаж мөрнөөс татаж босгоод миний баруун, зүүн хоёр мөр рүү гараараа алгадаад байсан ба тухайн үед нь би шалан дээр халтираад толгойн баруун хэсгээрээ савж унасан. Тэгээд унахад баруун хөлийн гуя руу хоёр удаа өшиглөөд газарт хэвтэж байхад мөн цохиод байсан. Тэгээд цохиж, цохиж байгаад цаашаа яваад өгсөн ба би газарт хэвтсэн хэвээрээ байсан. Намайг хэвтэж байхад ээж урд ирж сууснаа “чи яг яагаад аавтайгаа ингэж харьцаад байгаа юм бэ” гэхээр нь би “жүжиглэж харьцаж байснаас ингэж харьцсан нь дээр” гээд хэлэхэд хойд аав ******* “чи намайг анхнаасаа ааваа гэж боддоггүй байсан юм уу” гэхээр нь би “тиймээ, та миний биед хүрдэг хэн юм” гээд хэлтэл над руу телевизийн удирдлага шидээд, босож ирснээ миний толгойн дагз хэсэг болон хүзүү рүү нэг удаа өшиглөсөн. Ээжид хүзүүн дээр нь мөс тавьчих гэж хэлсэн. Тэгээд би “та нартай харьцмааргүй байна” гээд хэлсэн чинь “чамд хэрүүл хийх тэнхэл байгаа юм байна, хэрүүл хийхгүй болгоод өгнө” гэснээ босож ирээд тогооны залгуур бариад над руу ойртсон бөгөөд тухайн үед ээж “яах юм бэ, боль” гээд болиулсан. Тухайн үед ээжид намайг зүгээр тавьж бай, би алаад өгье гэж хэлж байсан. Би ээжид хүзүү өвдөөд байна гэж хэлэхэд ээж 103 дууддаг юм билүү гэхэд “эмнэлэг дуудаж яах юм маргааш болъё” гэж хэлсэн. Би газарт уйлаад хэвтэж байсан бөгөөд ээж, хойд аав хоёр намайг орон дээр гаргаж тавиад унтуулсан. Тухайн хэргийн улмаас би эмнэлгийн байгууллагаас үйлчилгээ авсан зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-14 дүгээр хуудас/,

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн *******ын гэрчээр өгсөн “...2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр манай охины төрсөн өдөр байсан тул манай охин ******* нь дүүтэйгээ хамт кино үзэхээр явсан. ******* нь *******д 130,000 төгрөг өгөөд “киногоо үзээд, дүүдээ гутал авч өгөөрэй” гэж хэлээд тухайн өдрийн 09 цагийн үед явсан. Тэгээд 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 20 цагийн үед нөхөр ******* бид хоёр гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, *******ын 8-7 тоотод ирэхэд манай охин 10 настай *******, 6 настай охин Үлэмж, 3 настай хүү Өсөхбаяр, манай ах ******* нар гэрт байсан ба *******ыг гараад явсан гэж байсан. Тэгээд тухайн өдрийн буюу 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөр шилжих шилжих шөнө 01 цагийн үед манай охин ******* гэрт орж ирэхээр нь би *******д хандаж “чи хаагуур явж байгаад ирж байгаа юм бэ, орой болчхоод байхад” гэж хэлтэл ******* надад хандаж “сүртэй юм бэ, шийдэн дээр байж байгаад ирлээ” гэхээр нь би *******д хандаж “чи яагаад дүүдээ 45,000 төгрөгөөр гутал авч өгч байгаа юм бэ, аав чинь чамд 130,000 төгрөг өгсөн биз дээ” гэхэд тэрээр “би 95,000 төгрөгөөр гутал авч өгсөн” гэж хэлэхээр “чи үлдсэн мөнгөө яасан юм бэ” гэхэд “би шийдэн дээр тоглож байгаад ирж байна” гэж хэлсэн. Тэгээд би *******д хандаж “яагаад ингэж орой гэртээ ирээд байгаа юм бэ” гэхэд ******* надад хандаж “та нарт ямар хамаатай юм” гэж хэлэхэд манай нөхөр ******* нь *******д хандаж “чи ээжийнхээ өөдөөс яагаад хэрэлдээд байгаа юм бэ” гэж хэлсэн. ******* “танд хамаагүй, та миний эцэг биш” гэж хэлэхэд ******* босож ирээд ******* руу далайсан чинь ******* 2 гараараа нүүрээ дарахаар нь ******* *******ын нүүрээ дарсан байсан 2 гаран дээр 2 удаа алгадсан. Тэгээд ******* гарч тамхи татаж орж ирээд сууж байхад нь ******* *******ын өөдөөс “та миний эцэг биш байж надад яахаараа гар хүрч байгаа юм” гэхээр нь ******* “би чиний төлөө хэлж байна” гэхэд ******* та нарт хамаагүй гээд орилохоор нь ******* нь *******ын бөгсөн дээр нь гараараа 2 удаа алгадаад, мөн ******* нь *******ын бөгс нуруу хэсэг рүү нь 1 удаа өшиглөхөөр нь би “одоо боль, боль” гээд *******ыг орон дээр хэвтүүлээд унтуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр *******ын өгсөн “...2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө миний төрсөн охин Т.******* нь хойд аав *******таа зодуулсан байсан ба тухайн өдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 12 цагийн үед би ажил дээр байхад над дээр манай охин Т.******* ирсэн. Тэгээд тухайн үед *******ын дал, мөр, гар хөл зэрэг нь хавдаж хөхөрсөн байсан. Тэгээд би охин *******тай Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. ...Манай охин *******ын сэтгэл, санаа зүгээр хэвийн байгаа, одоо хичээлдээ яваад хэвийн байгаа тул сэтгэл санааны хохирол тогтоолгох шаардлагагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

8. “Мед траума” эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу /хавтаст хэргийн 23, 26 дугаар хуудас/,

9. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 6078 дугаартай “...1. Т.*******ын зүүн мөрний ар, дал хэсэг, баруун бугалганы гадна дээд, дунд хэсэг, хоёр талын бугуйн чигчий хуруу талын төвгөр, зүүн гуяны гадна дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо, 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ, 3. Уналтаас болж үүсэхгүй, 4, 6. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой, 5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

10. Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 31-36 дугаар хуудас/,

11. Насанд хүрээгүй хохирогч Т.*******ын төрсний гэрчилгээний хуулбар, түүний насыг тоолсон мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас/,

12. Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...Намайг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, *******ын ******* тоотод дагавар охин болох 15 нас 1 сар 19 хоногтой Т.Сайнжаргалыг “дүүгийнхээ гутал авч өгөх мөнгөнөөс авлаа, ээжтэйгээ зүй бус харьцлаа” хэмээн уурлаж, түүний хацар тус газарт алгадаж, толгой руу өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн хэрэгт мэдүүлэг авах гэж байгааг ойлгож мэдлээ. Уг прокурорын тогтоолыг болон зүйл, ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Хоёр: Шинжлэн судалсан нотлох баримтын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх журмыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Түүнчлэн шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, мөн өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, улмаар түүний гаргасан хүсэлтийг прокуророос хангаж шийдвэрлэж, хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрч, ял тохирсноор прокуророос хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, *******ын ******* тоотод өөрийн дагавар охин болох 15 нас 1 сар 19 хоногтой Т.*******ыг “...дүүгийнхээ гутал авах мөнгөнөөс авсан, ээжтэйгээ зүй бус харьцдаг...” гэх шалтгаанаас болж түүний хацран тус газарт гараараа алгадах, толгой руу өшиглөх зэргээр биед нь хууль бусаар халдаж эрүүл мэндэд нь “зүүн мөрний ар, дал хэсэг, баруун бугалгын гадна дээд, дунд хэсэг, хоёр талын бугуйн чигчий хуруу талын төвгөр, зүүн гучны гадна дунд хэсэгт цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Насанд хүрээгүй хохирогч Т.*******ын биед учирсан “зүүн мөрний ар, дал хэсэг, баруун бугалгын гадна дээд, дунд хэсэг, хоёр талын бугуйн чигчий хуруу талын төвгөр, зүүн гучны гадна дунд хэсэгт цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч *******ын түүний хацар руу алгадах, толгой руу өшиглөх идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн ба уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокуророос шүүгдэгч *******ын дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүхээс дүгнэлээ.

 

Түүнчлэн шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд зохих эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Т.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар нь гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

Насанд хүрээгүй хохирогч Т.******* болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэж мэдүүлдэг, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг сайн дураараа тогтоолгоогүй тул шүүгдэгч *******аас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг гаргуулах шаардлагагүй гэж үзлээ.

 

Харин мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс ”...Би гомдолтой байна, хуулийн дагуу шалгуулмаар байна...” гэж мэдүүлдэг, мөн эмчилгээ, сувилгаатай холбоотой баримтыг хохирогч талаас бүрдүүлж өгөөгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч Т.******* болон түүний хууль ёсны төлөөлөгч ******* нарт цаашид гарах эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой зардалд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад аюулгүйн зэргийн үнэлгээ “бага” гэж тогтоогдсон зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тус тус харгалзан үзсэн болно.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч ******* нь ухамсарлан ойлгосноо илэрхийлж, улмаар хүлээн зөвшөөрсөн бөгөөд улсын яллагчаас гаргасан торгох ялын санал нь хуульд нийцсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор байх тул шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, прокурорын гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх шийдвэрлэв.

  

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******т шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч Т.******* болон түүний хууль ёсны төлөөлөгч ******* нар нь цаашид гарах эмчилгээ, үйлчилгээний зардалд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

            5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс“сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэснийг тус тус дурдсугай.      

 

            6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

            7. Давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ДАВААДОРЖ