| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Туяа |
| Хэргийн индекс | 166/2020/0214/Э |
| Дугаар | 66 |
| Огноо | 2020-08-13 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 66
Б.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс: 166/2020/0214/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Б.Батсүх
Шүүгдэгч Б.Б-
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 227 дугаар шийтгэх тогтоолтой, Б-гийн Б-д холбогдох, 2018002040184 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Л.Оюунсувд нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй. ********** регистрийн дугаартай, Б- овогт Б-гийн Б-.
Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Дулаан Хаан сумын "Арангатын даваа” гэх газраас “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” 1971 оны Нэгдсэн Үндэсний Байгууллагын Конвенцын жагсаалтад заасан “Дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай ургамал түүж бэлтгэн өөрийн түр оршин суудаг Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар багийн ** дугаар байрны ** тоотод хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 227 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Б- овогт Б-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.т заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.т зааснаар Б.Б-ыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар Б.Б-д оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,
Эд мөрийн баримтаар хураагдсан “JULIE” гэсэн бичиглэлтэй дөрвөлжин босоо хэлбэртэй сав доторх ногоон өнгийн 400 грамм жинтэй хатаасан ургамал, босоо хэлбэртэй хуванцар жижиг савлагаатай хар өнгийн тагтай сав доторх ногоон өнгийн 20 грамм жинтэй хатаасан ургамал, гадуураа хар өнгийн гялгар ууттай “FRISO” гэсэн бичиглэлтэй бөөрөнхий босоо хэлбэртэй төмөр сав доторх ногоон өнгийн 160 грамм жинтэй хатаасан ургамал, бөөрөнхий дугуй хэлбэрийн” DAMLA “гэсэн бичигтэй сав доторх ногоон өнгийн 45 грамм жинтэй ургамал, улаан өнгийн тагтай, дугуй конус хэлбэртэй тунгалаг өнгөтэй сав доторх 30 грамм жинтэй ногоон өнгийн ургамал, мэдүүлэг шалгах ажиллагаагаар хураан авсан 11 грамм жинтэй ургамал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдолдоо:
Миний бие гэм буруугаа өөрөө ухамсарлан ойлгож мэдэрч байгаа боловч, анх удаа гэр бүл зохиож, анхны минь хэд төрөх үедээ өөрийн мунхаг, сониуч зангаасаа болж хань үр хүүхдээ гомдоосон нэг үйлдэл хийсэндээ чин санаанаасаа гэмшиж байгаа учраас нэг насны амьдралдаа хар толбо үлдээж эхнэр хүүхдээ гомдоож амьдралаа үрэн таран хийж анхны үр хүүхдийнхээ хувь заяаг хохироож нэг насных нь амьдралыг нь үрмээргүй байна гэсэн эцэг хүний сэтгэл, хүсэл байгаа учраас энэ байдлыг минь харгалзан үзэж залуу гэр бүлийн амьдралыг дэмжих үүднээс, надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж гомдлоо гаргасан юм.
Эр хүн би нэг удаа алдаж, буруу үйлдэл хийсэн, сониуч ухамсаргүй зангаасаа болж өөрийн амьдралдаа толбо үлдээж буй миний буруу үйлдлийг өршөөн үзэж, мөн нярай хүүхдийн минь ирээдүйн амьдрал байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авна уу гэжээ.
Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Л.Оюунсувд давж заалдах гомдолдоо:
Б.Б- нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлгийн үед ухамсарлан ойлгож үнэн мэдүүлэг өгч ирсэн нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн удаа дараагийн өгсөн мэдүүлгээр тодорхой харагдаж байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх зорилготой байдаг ч шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 1.т зааснаар Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэж тухайн зүйл заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэсэн заалтыг журамлаж Б.Б-д оногдуулсан хорих ялыг тэнсэх хууль зүйн боломж байна гэж үзэж байгаа учраас энэ зүйл заалтыг баримтлан тэнсэж өгнө үү гэсэн байр суурийг өмгөөлөгчийн зүгээс шүүхэд гаргаж байгаа юм.
Хувийн байдлын хувьд Б.Б- нь дөнгөж 20 насанд хүрч байгаа, амьдралд анх хөл тавьж, гэр бүл болж байгаа залуу хүн бөгөөд одоо түүний анхны охин Б.А- нь хорвоод мэндэлж 1 сар 10 хоногтоо болж байгаа юм байна. Эхнэр нь нярай хүүхдээ асрамжлан ажил хөдөлмөр хийх боломжгүй, энэ өрх гэрийн хөдөлмөрийн чадвартай, хөдөлмөр эрхэлж цалин, орлого олох боломжтой ганц хүн нь Б.Б- учраас түүний ар гэрийн байдал, дөнгөж төрсөн нярай хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5.3-т ... хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах эрхтэй .... гэж заасныг үндэслэн түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Л.Оюунсувд тайлбартаа:
Миний үйлчлүүлэгч хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Миний үйлчлүүлэгчид өсвөр насны шүүгдэгч гэдэг үндэслэлээр ял оногдуулах боломжтой. Иймд миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б- тайлбартаа:
Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гэнэн томоогүй зангаасаа болж ийм байдалд хүрлээ. Цаашид засарч хүмүүж сайн аав, сайн иргэн болох болно. Надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж тэнсэж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгч анх удаагаа энэ гэмт хэргийг сонирхож үйлдээгүй. Яагаад гэвэл 8 сар гэртээ хатааж хадгалсан нь түүний үйлдлийг тодорхой харуулна. Түүний үйлдсэн гэмт хэрэгт эхнэр, үр хүүхэд, түүний эцэг эхэд огт хамааралгүй. Түүнд оногдуулсан ял шударга ёсны зарчимд нийцсэн. Энэ төрлийн гэмт хэрэг нь дэлхий нийтийг айдаст автуулж байгаа гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Ялын хэмжээ нь бүх насаар нь хорих хүртэл хэмжээтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэргээс үзвэл шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Дулаан Хаан сумын "Арангатын даваа” гэх газраас “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” 1971 оны Нэгдсэн Үндэсний Байгууллагын Конвенцын жагсаалтад заасан “Дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай ургамал түүж бэлтгэн өөрийн түр оршин суудаг Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар багийн ** дугаар байрны ** тоотод хадгалсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Түүний энэ үйлдэл нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийн өөрөө хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон гэрч Б.С-гийн мэдүүлэг., Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3-23-ны өдрийн 1730 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ., ********** 2020.03.06 гэж хаягласан шээсний дээжээс “Тетрагидроканнабинол” /ТНС/ илэрсэн., энэ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт ., /хх-ийн 26-28-р хуудас/, мөн 2020-3-24-ний өдрийн 1729 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэнэ., “JULIE’S” гэсэн бичиглэлтэй металл саванд гялгар ууттай ургамал мэт зүйл 2 ширхэг, нунтаг бор өнгийн зүйлээр бохирлогдсон хар өнгийн тагтай хуванцар сав 1 ширхэг., “FRISO “гэсэн бичиглэлтэй металл саванд гялгар ууттай ургамал мэт зүйл 1 ширхэг, “DAMLA” бичиглэлтэй хуванцар саванд гялгар ууттай ургамал мэт зүйл 3 ширхэг, улаан өнгийн тагтай хуванцар савтай ургамал мэт зүйл 1 ширхэг., “Дельта-9 тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна., гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт., /хх-ийн 32-39-р хуудас / дээрх зүйлийг шүүгдэгчийн гэрээс хураан авсан тухай үзлэг, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан ял оногдуулжээ.
Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, хэрэгт хамааралтай нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, дүгнэлтийг эрх бүхий шинжээчид гаргасан, шүүгдэгч, гэрчээс хуулийн дагуу мэдүүлэг авсан., анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байна.
Гэвч шүүгдэгч Б.Б- нь үйлдсэн хэргийн талаар үнэн зөв хүлээн мэдүүлж, гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа., анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.д заасан ялын хэмжээний дотор хасаж 1 жил 6 сар хорих ял оногдуулах боломжтой байх тул шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлт оруулж, харин шүүгдэгч Б.Б- болон түүний өмгөөлөгч Л.Оюунсувд нарын гаргасан ...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 227 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2., 3., дугаар заалтыг :
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 1 жил 6 сар хорих ялаар шийтгэсүгэй гэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3., 4.т зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Л.Оюунсувд нарын гаргасан ...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Ц.ТУЯА