| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2017/0423/З |
| Дугаар | 128/ШШ2017/0595 |
| Огноо | 2017-08-07 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2017/0595
| 2017 оны 08 сарын 07 өдөр | Дугаар 128/ШШ2017/0595 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ө ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 7 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Г.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, гэрч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө ххк нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: М ХХК-ийн эзэмшилд байсан Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Ар тамсаг 1-2 нэртэй 381.29 гектар талбайг бүхэлд нь шилжүүлэн авах хүсэлтийг тухайн үеийн Кадастрын хэлтэст хандахдаа анх ашигт малтмалын ашиглалтын MV-00 тоот тусгай зөвшөөрлийг бүхэлд нь буцаан авахаар хандсан боловч Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал эрэх, хайхыг хориглосон хилийн заагт уг тусгай зөвшөөрлийн талбайгаас 76.72 гектар талбай хэсэгчлэн давхцалтай байсан.
Тухайн үед урт нэртэй хуульд ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан тул 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр уг тусгай зөвшөөрлийн 458.02 га талбайгаас 76.72 гектар талбайг хэсэгчлэн буцаах өргөдлийг гаргасныг бүртгэн авч Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 7 дугаартай шийдвэрээр үлдэж байгаа 381.29 га талбайг уг тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад бичиж тэмдэглэсэн байна.
Дээр дурдсан шалтгаанаар талбайг буцаан өгсөн нь манай тусгай зөвшөөрлийн талбайн урт нэртэй хуулийн хилийн заагийг тогтоосон Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор баталсан хилийн заагийг тогтоосон Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор баталсан хилийн заагтай 76.72 гектар талбайгаар давхцалтай байсан нь Кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрлийн бүртгэлийн зураг зүйн бүртгэлээр нотлогдоно.
Өөрөөр хэлбэл, хэдийгээр Ашигт малтмалын газраас баталсан маягтын дагуу гаргасан дээрх тусгай зөвшөөрлөөр олгогсдон талбайн тодорхой хэсгийг буцааж өгөхийг хүссэн өргөдөл болон тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцааж авах тухай Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 7 дугаартай шийдвэрт урт нэртэй хуулийн хилийн заагтай давхцалтай гэсэн шалтгааныг заагаагүй боловч бодит байдалд манай компани хуулиар хориглосон тухайн хэсэгт үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан.
Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д Нөөцөд авсан талбай энэ хуулийн 13.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд урьд нь уг талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд тухайн талбайг үргэлжлүүлэн эзэмших давуу эрх эдэлнэ, 14 дүгээр зүйлийн 14.8-д Энэ хуулийн 14.2-т зааснаар тогтоосон газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол төрийн захиргааны байгууллага энэ тухай нийтэд мэдээлэх бөгөөд урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд ийнхүү мэдээлснээс хойш 1 сарын дотор хүсэлт гаргавал тэрээр тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжинд авах даваа эрх эдэлнэ гэж тус тус зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн давуу эрхийг хуульчилсан байна.
Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас тус компанийн гаргасан гомдолд хариу тайлбар өгөхдөө гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгсөн тул эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахаар хуульд заасны дагуу шүүхэд хандаж байна.
Манай компани өмнө нь урт нэртэй хуульд давхцалтайгаас тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцааж өгөх өргөдөл гаргасан боловч дээрх хуулийн заалтад заасан эрхийг манай компани төсөөтэй байдлаар эдлэх эрхтэй гэж үзэж байна.
Иймд, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор Ө ххк-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-009623 тоот тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал эрэх, хайхыг хориглосон хилийн заагаас гаргасны дагуу буцаан олгох шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлийн талбайг буцаан олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамир шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ө ххк-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-009623 тоот тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал эрэх, хайхыг хориглосон хилийн заагаас гаргасны дагуу буцаан олгох шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлийн талбайг буцаан олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.
Хос хас ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MR-8865 тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших Ар тамсаг 1-2-2 нэртэй 458.02 гектар талбайг М ХХК-д 2005 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 490 дүгээр шийдвэрээр хэсэгчлэн шилжүүлснээс ашигт малтмалын ашиглалтын MV-9623 тоот тусгай зөвшөөрөл үүссэн байна.
М ХХК-ийн ашигт матлмалын ашиглалтын MV-9623 тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай өргөдлийг хянан үзэж, Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 160 дугаар шийдвэрээр Ө ххк-д тус тус шилжүүлэн бүртгэсэн байна.
2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт матлмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль-ийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хилийн заагийг хэсэгчлэн тогтоож батлан гаргасан бөгөөд уг тогтоолд дурдагдсан 7211 солбилцол Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд бүртгэсэн.
Дээрх солбилцлуудыг бүртгэсний дараа шүүж үзэхэд, Ө ххк-ийн тусгай зөвшөөрлийн талбайн 76.72 гектар талбай нь хэсэгчлэн хуулиар хориглосон талбайтай давхцалтай байсан.
М ХХК нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх тухай өргөдлийг 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гарган бүртгүүлсэн байна.
Кадастрын хэлтэс уг өргөдлийг хүлээн авч хянан үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан бүрдүүлбэр бүрэн байсан бөгөөд 55.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байсан тул Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 7 тоот шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-9623 тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас 76.72 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэж байгаа 381.29 гектар талбайг уг тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэсэн байна.
Мөн Ө ххк нь талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх өргөдлийг 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гаргаж, Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 233 дугаар шийдвэрээр MV-9623 тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас 6.21 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэж байгаа 375.09 гектар талбайг уг тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэж шийдвэрлэсэн байна.
Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор усан сан бүхий газрын эргээс 50 метр онцгой, 200 метрт энгийн хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлж, 2012 оны 194 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн, ойн сан бүхий газрын хилийн заагийн солбицолд тус тус өөрчлөлт оруулж баталсан бөгөөд дээрх тогтоолын хавсралтад оруулсан өөрчлөлтөд нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан ашиглалтын MV-9623 тоот тусгай зөвшөөрлийн талбайн хэсэг хамаарахгүй болсон байна.
Хэдийгээр урт нэртэй хуулийн хилийн заагаас гарсан боловч Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан өгсөн тохиолдолд уг талбайн хувьд тусгай зөвшөөрөл нь дуусгавар болно гэж заасан байх тул нэгэнт буцаан өгсөн дээрх талбайг буцаан олгохыг шаардсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт матлмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Засгийн газрын 289 дүгээр тогтоолын дагуу солбилцолд өөрчлөлт оруулж нэгэнт буцаан хүлээлгэн өгсөн талбайг буцааж тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох зохицуулалт байхгүй юм.
Иймд Ө ххк-ийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Өгөөж баян хангай ХХК нь Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор Өгөөж баян хангай ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-9623 тоот тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал эрэх, хайхыг хориглосон хилийн заагаас гаргасны дагуу буцаан олгох шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлийн талбайг буцаан олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд анх гаргасан байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 7 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах гэж өөрчилсөн болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно, 4.3-д Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно гэж хуульчилсан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай 174 дүгээр тогтоолын хавсралтаар Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн зааг-ийг баталсан байна.
Монжап интернэшнл ХХК-ийн ашигт малтмалын МV-9623 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Засгийн газрын дээрх 2011 оны 174 дүгээр тогтоолоор батлагдсан Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай хэсэгчлэн давхцалтай байсан байх бөгөөд тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцааж хүлээлгэн өгөх хүсэлтийг Монжап интернэшнл ХХК-ийн захирал Л.Г 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Ашигт малтмалын газрын /хуучнаар/ Геологи, Уул уурхайн кадастрын хэлтэст гаргасан байна.
Дээрх хүсэлтийн дагуу Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцааж авах тухай дугаар 7 тоот шийдвэрээр MV-9623 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон Булган, Төв аймгийн Бүрэгхангай, Заамар сумын Ар тамсаг-1-22 нэртэй 458.02 гектар ашиглалтын талбайгаас Ар тамсаг 1-2 нэртэй 381.29 гектар талбайд 76.72 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэх 381.29 гектар талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байна.
Улмаар Мон-Жап интернэшнл ХХК болон Өгөөж баян хангай ХХК нарын хооронд 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл мэдээ мэдээлэл, тоног төхөөрөмж худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д ашиглалтын лиценз эзэмшиж, түүнтэй холбогдох бүхий л эрх үүргийг эдлэх бүрэн эрх зүйн чадвартай гэдгийг батлаж байна, 2.2-т Ашиглалтын лицензүүдийг шилжүүлэн авснаар холбогдлох эрх, үүргийг эдлэж хариуцлагыг хүлээнэ гэж тус тус заасны дагуу Өгөөж баян хангай ХХК-д ашигт малтмалын ашиглалтын МV-9623 тоот тусгай зөвшөөрлийг эрх, үүрэг бүрэн шилжсэн байх бөгөөд энэ нь гэрчийн мэдүүлгээр мөн нотлогдож байна.
Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Ар тамсаг 1-2 нэртэй 381.29 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын МV-9623 тоот тусгай зөвшөөрлийг Монкап-Интернэшнл ХХК-д олгосон байсныг Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 160 дугаар шийдвэр[1][1]-ээр Өгөөж баян хангай ХХК-д шилжүүлэн бүртгэсэн байна.
Өгөөж баян хангай ХХК-ийн захирал Д.Б тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцааж хүлээгэн өгөх өргөдлийг 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ашигт малтмалын газрын Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтэст гаргасан байна.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 233 дугаар шийдвэрээр Өгөөж баян хангай ХХК-ийн MV-009623 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон Булган аймгийн Бүрэгхангай сумын Ар тамсаг-1-2-2 нэртэй 381.29 гектар талбайгаас 6.21 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, Өгөөж баян хангай ХХК-д 375.09 гектар талбай үлдсэн байна.
Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших МV-9623 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоол болон 289 дүгээр тогтоолоор батлагдсан Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалгүй байсан гэдэг нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 06 дугаар сарын 09-ий өдрийн №7/4052 дугаар албан бичгээр нотлогдож байна.
Харин Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор Усны сан бүхий газрын эргээс 50 метрт онцгой, 200 метрт энгийн хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэхээр тогтоож, Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Хилийн заагийг тогтоох тухай 194 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болгосон бөгөөд ингэснээр Өгөөж баян хангай ХХК болон Монжап интернэшнл ХХК-ийн буцаан өгсөн 82.93 гектар талбай нь усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалгүй болсон байна.
Бодит байдал дээр нэхэмжлэгч Өгөөж баян хангай ХХК-аас өөрөөс нь шалтгаалж биш Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоос шалтгаалж, дээрх хууль, Засгийн газрын тогтоолын дагуу усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай шалтгаанаар тусгай зөвшөөрөл бүхий талбайнхаа давхцалтай хэсгийг буцаан өгсөн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна.
Тодруулбал Өгөөж баян хангай ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоол гарснаас шалтгаалж, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай шалтгаанаар тусгай зөвшөөрөл бүхий талбайнхаа зарим хэсгийг буцаан өгсөн болох нь зөвхөн Засгийн газрын 174 дүгээр тогтоолоор давхцсан хэсгийг буюу 82.93 гектар талбайг буцаан өгсөн байгаагаар нотлогдож байна.
Хэдийгээр Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцааж авах тухай Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 7 дугаар шийдвэрт усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай гэсэн шалтгааныг заагаагүй боловч бодит байдалд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл бүхий талбайнхаа зарим хэсгийг буцааж өгөх хүсэл зориг нь Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоос буюу усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтайгаас шалтгаалж үүссэн байна.
Мөн хариуцагч нь ... нэгэнт буцаан өгсөн талбайг буцааж тусгай зөвшөөрөл эзэмшигдчид олгох зохицуулалт байхгүй гэсэн агуулгаар тайлбарлаж буй боловч бодит байдалд нэхэмжлэгч нь Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоос шалтгаалж тусгай зөвшөөрөл бүхий талбайнхаа зарим хэсгийг нь буцааж өгсөн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тодорхой нотлогдож байна.
Ашигт малтмалын тухайн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талбайн тодорхой хэсгийг буцаан өгсөн нь өмнө төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөрийг бууруулах, эсхүл түүнийг буцаан олгох үндэслэл болохгүй гэж заасан ба энэхүү зохицуулалт нь талбайн тодорхой хэсгийг буцаан өгсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн төлбөрийг буцаан олгохгүй, бууруулахгүй байх харилцааг зохицуулсан байх тул зөвхөн тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх харилцаанд энэ заалт хамааралтай байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д Нөөцөд авсан талбай энэ хуулийн 13.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд урьд нь уг талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд тухайн талбайг үргэлжлүүлэн эзэмших давуу эрх эдэлнэ, 14 дүгээр зүйлийн 14.8-д Энэ хуулийн 14.2-т зааснаар тогтоосон газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол төрийн захиргааны байгууллага энэ тухай нийтэд мэдээлэх бөгөөд урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд ийнхүү мэдээлснээс хойш 1 сарын дотор хүсэлт гаргавал тэрээр тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжинд авах давуу эрх эдэлнэ гэж тус тус тусгай зөвшөөрөл эзэмшигчийн давуу эрхийг хуульчилсан байна.
Дээрх хуулийн зохицуулалтууд нь тусгай зөвшөөрөл бүхий талбайг буцаан өгсөн харилцаанд хамааралгүй боловч дээрх зохицуулалтуудыг маргаан бүхий энэ тохиолдолд төсөөтэй хэрэглэх нь Ашигт малтмалын тухай хуулийн агуулга, үзэл баримтлалд харшлахгүй юм.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-д Энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах, 21.1.5-д энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах гэж хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хуульчилсан ба усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай шалтгаанаар буцаан өгсөн талбайг нь нэхэмжлэгч Өгөөж баян хангай ХХК-д буцаан олгохгүй байгаа нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хөндсөн байна.
Хөөн хэлэлцэх хугацааны хувьд нэхэмжлэгчийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны 1/2577 дугаар албан бичгийг хүлээн авмагцаа хуульд заасан хугацаанд хандсан байх тул хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 7 дугаар шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.8, 21 дүгээр зүйлийн 21.1.3, 21.1.5-д тус тус заасныг баримтлан Ө ххк-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 7 дугаар шийдвэрийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй
ШҮҮГЧ Ц.ОДМАА