Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 00087

 

 

   

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Ж.Мөнх-Од, түүний өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч М.Улаанаа, түүний өмгөөлөгч Г.Баярдаваа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жамсранжавын Мөнх-Од, Мягмараагийн Улаанаа нарт холбогдох эрүүгийн 201722000076 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Их мянгат овогт Жамсранжавын Мөнх-Од, 1983 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Улаан-Од ХХК-д тракторчин ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Рашаант сумын 4 дүгээр багт оршин суух, гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 228 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, регистрийн РЗ83062810 дугаартай,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Мягмараагйин Улаанаа, 1985 оны 04 дүгээр сарын 17-ны Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Рашаант сумын 4 дүгээр багт оршин суух, гавьяа шагналгүй, урьд Булган аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, регистрийн АН85041718 дугаартай,

Шүүгдэгч М.Улаанаа, Ж.Мөнх-Од нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын төвд иргэн Б.Баттөртэй маргалдсаны улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Улаанаа, Ж.Мөнх-Од нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын төвд иргэн Б.Баттөртэй маргалдсаны улмаас зодож бие махбодид нь нүүрний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зовхинд цус хуралт, хацар, хамарт зулгаралт бүхий гэмтэл санаатай учруулсан болох нь

Шүүгдэгч М.Улаанаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "… Тэгтэл Баттөр машинаас буугаад ирсэн чинь Од, Баттөр хоёр зодолдоод эхэлсэн... Тэгээд би эргэж гүйж очтол Од, Баттөрийн доор нь орчихсон байхаар нь би Баттөрийг татаж босгоод цээж рүү нь 2-3 удаа цохисон. Тэгээд Баттөр намайг барьж аваад бид хоёр дээр доороо ороод оролцоод байж байтал Од, Баттөрийн нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би одоо битгий хүний нүүр рүү өшиглө гэж хэлсэн чинь Од болиод би Одыг машин руу аваад явсан... хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ж.Мөнх-Одын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: "… Би хоолоо идээд сууж байтал Баянмөнх согтуу над руу хандан чи яагаад дуугарахаа байсан юм бэ чи ямар том болсон юм бэ гэсэн. Тэгэхээр нь би чи согтуу байнаа зүгээр бай гэж хэлчихээд гарч бие засаад ороод ирсэн чинь Баянмөнх ахиад намайг хэл амаар өдөхөөр нь зүгээр байлдаа гэж хэлсэн чинь Баттөр юу гэсэн ч яадаг юм гээд босоод ирэхээр нь би нүүр рүү нь баруун гараараа нэг удаа цохисон чинь Баттөмөрийн хамраас цус гарахаар нь би больсон. Тэгээд би гэрээс гараад хашааны хаалган дээр зогсож байтал араас Баттөр, Баянмөнх, Даваадорж гурав гарч ирсэн. Баттөр Од пизда хаана байна алга гээд хашгираад байсан. Тэгэхээр нь би явах гэтэл араас гүйж ирээд намайг бариад авахаар нь би урдаас нь заамдалцаад хашааны наана, цаана зогсож байсан чинь Даваадорж ирээд миний шанаа руу нэг цохисон. Тэгээд бид нар салцгаасан...Би тэгэхээр нь Улаанаагийн гэрт ороод сууж байтал хашааны гадаа машин ирээд зогсохоор нь хартал Баттөр, Даваадорж, Баянмөнх гурав машин дотроо пиво уугаад сууж байсан. Улаанаа Баттөрийг нэг цохисон. Тэгэхээр нь би очоод Баттөртэй зодолдсон. Баттөр бид хоёр дээр доороо ороод ноцолдож байсан. Би тэгээд Баттөрийг доороо хийж байгаад толгой руу нь 1 удаа өшиглөсөн бас нүүр рүү нь 2-3 удаа цохиод байж байхад Улаанаа Баттөрийн нуруу хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Улаанаа надад хандан битгий нүүр толгой руу нь өшиглө гэж хэлэхээр нь би больсон... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг

Хохирогч Б.Баттөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "…2017 оны 01 дүгээр сарын 27-ны орой хөдөөнөөс сумын төв рүү өөрийн эзэмшлийн ногоон өнгийн Портер машинаар орж ирсэн...Улаанаа, Од хоёр намайг газарт унагаж байгаад дэвсээд байсан. Би тэгэхээр нь нүүрээ хамгаалаад хэвтэж байхдаа намайг босгочихооч хоёулаа эр хүн шиг үзчихье гэж Одод хэлсэн. Тэгсэн босгохгүй өшиглөөд байхаар нь би арай гэж босоод Одыг дахиад барьж авсан чинь Од, Улаанаа хоёр намайг ахиад унагаад өшиглөөд дэвсээд байхаар нь би ахиад намайг босгооч эр хүн шиг үзчихье гэж хэлсэн тэр хоёр цохихоо больсон гэх мэдүүлэг /хх-ийн 20-23 дугаар хуудас/,

Гэрч Д.Даваадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "…Тэгээд хартал Уубаа, Од хоёр Баттөрийг нийлээд нүдэж байсан. Тэр хоёр Баттөрийг ойролцоогоор 10 минут зодсон гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 113 тоот дүгнэлтэд:

1. Б.Баттөрийн биед гэмтэл тогтоогдлоо. Б.Баттөрийн биед нүүрний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зовхинд цус хуралт, хацар, хамарт зулгаралт бүхий гэмтэл учирсан байна.

2. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Үүссэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/,

Шинжээч эмч Н.Нандинцэцэгийн байцаасан тэмдэглэл /ХХ-ийн 44 дүгээр хуудас/, 

Хохирогч Б.Баттөр нь шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Мөнх-Од, М.Улаанаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Мөнх-Од, М.Улаанаа нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтэй гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал тооцлоо.

Шүүгдэгч Ж.Мөнх-Од нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 228 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байх ба түүний ялтай байх хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг өршөөлд хамруулсан тул түүний ялтай байдал дууссан ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгч М.Улаанаа нь Булган аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан ба түүний ялтай байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар дууссан байна.

Эрүүгийн 201722000076 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Хохирогч Б.Баттөр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Ж.Мөнх-Од, М.Улаанаа нар нь урьд ял шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбар зэргээр /хх-ийн 74, 79 дүгээр хуудас/ тогтоогдож байна.

Эрүүгийн 201722000076 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Мөнх-Од, М.Улаанаа нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Их мянгат овогт Жамсранжавын Мөнх-Од, Боржигон овогт Мягмараагийн Улаанаа нарыг бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч Ж.Мөнх-Од, М.Улаанаа нарыг тус бүр 260 /хоёр зуун жар/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар шүүгдэгч Ж.Мөнх-Од, М.Улаанаа нар нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичиг баримтгүй, шүүгдэгч Ж.Мөнх-Од, М.Улаанаа нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх  төлбөргүй, болохыг тус тус дурдсугай. 

5.    Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Мөнх-Од, М.Улаанаа нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.НЯМСҮРЭН