Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2079

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/01649 дүгээр шийдвэртэй, Х.Оын нэхэмжлэлтэй, хариуцагч “Б” ХХК-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн 60 000 000 төгрөг, алданги 30 000 000 төгрөг, нийт 90 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 02А/2015 тоот Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг хариуцагчтай байгуулж, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол гудамж, 60А байрны 39 тоот 45,09 м.кв талбайтай 67 635 000 төгрөгийн орон сууцыг дотор засалгүйгээр 60 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Гэвч 2016 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулах байсан ч өдийг хүртэл ажил дуусаагүй цаашдаа хэдийд хүлээлгэн өгөх нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нь 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Г.Долгормаа нэрээр 60 000 000 төгрөг төлсөн байдаг. Г.Долгормаа нь “Б” ХХК-иас 60 000 000 төгрөгөөр байр авахаар гэрээ хийсэн бөгөөд Х.Ооос Г.Долгормаад 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 60 000 000 төгрөгийг төлсөн байдаг. Гэвч хугацаандаа орон сууцыг хүлээлгэн өгөөгүй тул гэрээгээ цуцалж, 60 000 000 төгрөгөө буцаан шаардаж байна. Гэрээнд хэрэв хугацаандаа ашиглалтад оруулахгүй бол хоногт 0.1 хувийн алданги төлөхөөр тохирсон учир 30 000 000 төгрөгийн алдангийг нэмж шаардаж байна. Техникийн нөхцөлийг хүчингүй болгосноос хойш гэрээ байгуулсан байдаг. Тиймээс 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Нийслэлийн засаг даргын захирамжаар техникийн нөхцөлийг хүчингүй болгосон байдлыг гэрээний 6.1-д заасан давагдашгүй хүчин зүйл гэж үзэхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Х.Отой 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрээ хийсэн. Гэрээнд заасан хугацаанд орон сууц хүлээлгэн өгч чадаагүй нь үнэн бөгөөд гэрээний 6.1-д заасан хүчин зүйл нөлөөлсөн. Давагдашгүй хүчин зүйлд Э.Бат-Үүл Засаг даргын захирамжаар техникийн нөхцөлийг 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс А/182 тоот захирамжаар хүчингүй болгосон. Техникийн нөхцөлийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр авсан бөгөөд барилгын бохирын шугамын өргөтгөлийн ажил одоо 60 хувьтай явагдаж байна. Усны ариутгах татуургын ажлыг шинээр хийж байгаа бөгөөд энэ ажилд олон хувь хүн, хуулийн этгээд оролцож байгаа. Ерөнхийдөө дотоод засал дууссан, орон сууцны шугамын өргөтгөлийн засварын ажил дуусмагц хүлээлгэн өгөхөд бэлэн байгаа. Хугацаа хэтэрсэн явдалд бид буруу тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан “Б” ХХК-иас 60 000 000 төгрөгийг гаргуулж Х.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 457 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 02А/2015 тоот “Орон сууцны, захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч “Б” ХХК нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол гудамж, 60А байрны 39 тоот хаягт байрлах 4 давхрын 45.09 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2016 оны 1 дүгээр улиралд багтаан барьж, ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Х.О нь орон сууцны үнэд 60 000 000 төлөхөөр харилцан тохиролцсон. Г.Долгормаа нь 60 000 000 төгрөгийг Б ХХК-д шилжүүлсэн ба 2015 оны 09 дүгээр сарын 14-нд гэрээний шаардах эрхээ Х.Од шилжүүлэх хүсэлт гаргаж, 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Х.Отой Иргэний хуулинд заасны дагуу гэрээ байгуулснаар гэрээний нэг тал болсон. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Шугам сүлжээний ашиглалтыг сайжруулах тухай” А/182 тоот захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Зайсангийн гүүрний баруун талын хэсэгчилсэн ерөнхий зохион байгуулах арга хэмжээ авах болсны улмаас “Б” ХХК нь тухайн барилгад 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр олгогдсон 28/04 тоот техникийн нөхцлийг дахин авах шаардлага үүссэн, үүний улмаас 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дэд бүтэц төрийн бус байгууллагаар тус зөвшөөрлийг авсан. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Г.Долгормаатай гэрээ байгуулснаас хойш мэдсэн бөгөөд тухайн гэрээ байгуулж байх үед энэ асуудал яригдаагүй, “Б” ХХК-д мэдэгдээгүй байсан. 02А/2015 тоот “Орон сууцны, захиалга, хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар дээд шатны байгууллагын шийдвэрийг давагдашгүй хүчин зүйлд тооцохоор заасан. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн захирамжийн улмаас манай байгууллага гэрээний хугацаа хэтрүүлэхэд хүрч ажил зогссон. Өнөөдрийн байдлаар барилгын явц дууссан. Зөвхөн Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу зогсоосон үйл ажиллагааг хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Иргэний хуулийн 208 дугаар зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа нь хариуцагч “Б” ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас биш, гэрээнд заасны дагуу давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн.

Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчсөн байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн гэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

 

Нэхэмжлэгч Х.О нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулж худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны улмаас шилжүүлсэн орон сууцны үнийн 60 000 000 төгрөгийг буцааж, хугацаа хэтрүүлсний алданги 30 000 000 төгрөг, нийт 90 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч уг шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл зохигчид 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 02А/2015 тоот орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ /1хх4-7/ байгуулж, худалдагч “Б” ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 60А байрны 39 тоотод байрлах 45.09 м.кв талбай бүхий 2 өрөө 60 000 000 төгрөгөөр үнэлсэн орон сууцыг худалдан авагч Х.Оын өмчлөлд 2016 оны 1 дүгээр улиралд багтаан барьж, ашиглалтад оруулж хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж эрх зүйн харилцааг зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч Х.О нь дээрх гэрээнд заасан үүрэг ёсоор төлөх мөнгөн хөрөнгийг худалдагч талд шилжүүлж үүргээ гүйцэтгэсэн талаар талууд маргаагүй байна. Харин худалдагч тал гэрээний 3.1 болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууцыг Х.Оын өмчлөлд шилжүүлэх үүргээ тохирсон хугацаанд биелүүлээгүй нь худалдан авагчийн хувьд гэрээнээс татгалзах үндэслэл болсон. Энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзлээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй үндэслэлээ орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний 6.1-д заасан давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан гэрээний 3.1-д зааснаар орон сууцыг 2016 оны 1 дүгээр улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтанд оруулах, захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэх агуулгаар тайлбарласан байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “Шугам сүлжээний ашиглалтыг сайжруулах тухай” А/182 дугаар захирамжийн /1хх28/ дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсангийн гүүрний баруун талын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэнд дүгнэлт хийж, бохир усны гол шугам шинээр барих ажлыг зохион байгуулах арга хэмжээтэй холбоотойгоор орон сууц барих ажил зогссон гэх үндэслэл заасан.

 

Үүнээс үзвэл төрийн байгууллагын үйл ажиллагааны улмаас тухайн орон сууцыг барих ажил зогсох боломжтой боловч хариуцагч компани гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах эрхийг хязгаарлах үндэслэлгүй. Хариуцагч одоогийн байдлаар орон сууцыг ашиглалтад оруулж, гэрээний үүргээ биелүүлсэн гэх боловч энэ нөхцөл байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Хариуцагч “Б” ХХК нь гэрээнд заасан үүргийг зөрчсөн ба нэхэмжлэгч уг гэрээнээс татгалзаж шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тул нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгч орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээнээс татгалзах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.5 дахь хэсгийг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээнээс татгалзсан байх тул уг гэрээг үндэслэн алданги шаардах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 30 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдоржийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/01649 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                    Т.ТУЯА