Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2021/00559

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэгт байрлах, “Х у ” ХЗХ /Регистрийн дугаар: 5857449/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт оршин суух, Б овогт Б-ын М-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2.984.481 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийг төлөөлж гүйцэтгэх захирал ажилтай С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “Х у ” ХЗХ нь Б.М тай 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/16/709 болон БГ/16/709 тоот зээлийн болон барьцааны гэрээ тус тус байгуулж, 5.000.000 төгрөгийг сарын 1.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд Тоёота маркийн тээврийн хэрэгсэл барьцаалсан. Зээлдэгч Б.М төлж дуусгаагүй байгаа зээлийн үлдэгдэлд сунгалтын гэрээ байгуулахыг хүссэн тул 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ЗГ/16/709 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, тус өдрөөс хойш 12 сарын хугацаанд төлөхөөр зээлийн эргэн төлөлтийн хуваарь хийж, сунгалтын гэрээ байгуулсан болно. Олон удаа хариуцагчид мэдэгдсэн боловч төлөөгүй, утас нь холбогдохгүй алга болчихсон. Хариуцагч “за тэгнэ, төлнө” гээд алга болчихдог. Анх гэрээ байгуулснаас хойш хугацаа сунгах хүртэлх үндсэн зээлд 1.978.400 төгрөг төлж үлдэгдэл 3.021.600 төгрөг үлдсэн. Мөн төлөөгүй хүү 548.400 төгрөг байгааг тооцоо нийлэн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Энэ хүртэл хариуцагч зээлийн үлдэгдэлд маргаагүй болно. Манай зүгээс барьцааны гэрээ байгуулсан хэдий ч үүргийн гүйцэтгэлийг барьцааны тээврийн хэрэгслээс хангуулах шаардлага гаргаагүй, татгалзаж байгаа болно. Зөвхөн зээл төлүүлэхээр шаардаж байгаа болно. Сунгалтын зээлийн гэрээний хугацаа дууссан тул зээлийн үндсэн төлбөр 2.405.908 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 486.956 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91.617 төгрөг, нийт 2.984.481 төгрөгийг зээлдэгч Б.М аас гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “Х у ” ХЗХ нь Б.М д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.984.481 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.М Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн хувийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гардан авч, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй. Түүнчлэн өнөөдрийн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргүүлснийг 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан ч тэрээр хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд  ирээгүй. Мөн тус шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШЗ2021/02503 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хариуцагчийн “шүүх хуралдаанд оролцох”, “хэргийн материалтай танилцах” эрхийг тус тус хангаж өмнөх шүүх  хуралдааныг хойшлуулж байсан тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно. 

            Хэрэгт авагдсан баримтаар нэг талаас “Х у” ХЗХ, нөгөө талаас Б.М нар харилцан тохиролцож, Зээлдүүлэгч 5.000.000 төгрөгийг бичил бизнесийн зориулалтаар 24 сарын хугацаатай зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч сарын 1,2 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүтэй эргүүлэн төлөхөөр ЗГ/16/709 тоот зээлийн гэрээг, үүргийн гүйцэтгэлийг Тоёота Волтз маркийн 4253 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Хэнтий аймагт байх 200 ширхэг бог малаас хангуулахаар БГ/16/709 тоот барьцааны гэрээг тус тус байгуулжээ. Мөн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэрээний хугацааг 12 сараар 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл сунгаж нэмэлт өөрчлөлтийн тухай гэрээг байгуулжээ. /1хх 5-9/

            Нэхэмжлэгч байгууллага хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх,  түүнчлэн төсөл хөтөлбөрийг дамжуулан хэрэгжүүлэх үйлчилгээ үзүүлэх эрхтэй болох нь хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбарт тэмдэглэгдсэн. /1хх 13-15/

Зохигчдын хоорондох дээрх гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

Нэхэмжлэгч мөнгөн хөрөнгийг зээлдэгчид 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Төрийн банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул тэрээр төлөгдөөгүй зээлийг шаардах эрхтэй. /1хх 44/

Зохигчдын хоорондох 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “нэмэлт өөрчлөлтийн тухай” гэрээний 2.1-д “өмнө олгосон 5.000.000 төгрөгийн зээлээс  үлдэгдэл  3.021.600 төгрөг, хүү 548.400 төгрөг төлөөгүй үлдсэн” тухай дурдаж, улмаар төлөгдөөгүй хүүг үндсэн зээлд нэмж тооцон 3570.000 төгрөг хэмээн тусгаж,  зээл эргэн төлөх хугацааг 12 сараар сунгажээ. Иймд энэ гэрээ байгуулагдах хүртэл зээлийн үлдэгдэл 3.021.600 төгрөг, хүү 548.400 төгрөг байсан болох нь тогтоогдож байна. Харин төлөгдөөгүй хүүг үндсэн зээлд шилжүүлэн нэмж тооцон гэрээг байгуулсан нь хуульд нийцэхгүй.

Хугацаа сунгасан энэ гэрээг байгуулснаас хойш хариуцагч 2018 оны 12 дугаар сарын 28-нд 50.000 төгрөг,  2019 оны 02 дугаар сарын 13-нд 50.000 төгрөг, 3 дугаар сарын 05-нд 50.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 05-нд 420.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 29-нд 420.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 03-нд 420.000 төгрөг, нийт 1.410.000 төгрөг тус тус төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. /1хх 12/

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 3.021.600 төгрөгөөс  хугацаа сунгасан 12 сард ногдох хүүг гэрээний дагуу сарын 1,2 хувиар тооцвол нэг сард 36.259 төгрөг, нийт 435.110 төгрөгийн хүү төлөх үүрэг хүлээнэ. Үүн дээр өмнөх төлөгдөөгүй хүүгийн үлдэгдэл 548.400 төгрөгийг нэмж, төлбөл зохих нийт хүү 983.510 төгрөг, түүнээс гэрээний 2.3 болон Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар “үндсэн хүүний 20 хувиас хэтрүүлэхгүй нэмэгдүүлсэн хүү” төлөхөөр заасны дагуу тооцвол нэмэгдүүлсэн хүү 196.702 төгрөг байна.

Хариуцагч үндсэн зээлийн үлдэгдэл 3.021.600 төгрөг, хүү 983.510 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 196.702 төгрөг, нийт 4.201.812 төгрөг төлөхөөс төлсөн 1.410.000 төгрөгийг хасвал 2.791.812 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Иймд дээрх мөнгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Б.М-аас 2.791.812 /хоёр сая долоон зуун ерэн нэгэн мянга найман зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулж, “Х у” ХЗХ-д олгож, үлдэх 192.669 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62.701 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 59.612 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     О.ОДГЭРЭЛ