Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/628

 

 

 

 

 

 

 

 

    2024         06          18                                 2024/ШЦТ/628

 

 

 

                          

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Очбадрах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул,

улсын яллагч Г.Цогтмагнай,  

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Бын Мд холбогдох эрүүгийн**************дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч Б.М нь 2024 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим хохирогч Ү.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан “гар утсаараа бичлэг хийлээ” гэсэн шалтгаанаар түүний өмчлөл, эзэмшлийн “Самсунг A04 эс” загварын гар утсыг газар шидэж, хууль бусаар санаатай устгаж бага хэмжээнээс дээш буюу 409,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

Эрүүгийн**************дугаартай хэргээс:

Улсын яллагч хохирогч Ү.Бийн мэдүүлэг /хх-ийн 17, 20-р хуудас/, гэрч Т.Аийн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/, гэрч Х.Иийн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/, “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн СБ1-24-393 дугаартай “...406,600 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн дүгнэлт /хх-ийн 46-49-р хуудас/, Б.Мгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 07-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.М нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хассан, хязгаарласан байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Б.Мд холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Б.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.

1.Гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч Б.М нь 2024 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим хохирогч Ү.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан “гар утсаараа бичлэг хийлээ” гэсэн шалтгаанаар түүний өмчлөл, эзэмшлийн “Самсунг A04 эс” загварын гар утсыг газар шидэж, хууль бусаар санаатай устгаж бага хэмжээнээс дээш буюу 409,600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Ү.Бийн: “...”Монгол 3 дугаар сургууль”-ийн ард байдаг “Хаан” караоке орсон ба тэнд н.Итгэлийн найз охин Б.М түүний найз хоёртой таараад хамт суухаар болоод 1, 1 пиво бид нар авсан. Пивоноосоо бараг уугаагүй гарч ирсэн... караокеноос гараад н.Итгэл найз охиныхоо цүнхийг авч нуугдаад над руу залгахаар нь би “Хаана байгаа юм” гэж асуутал “Би та нарыг харж байна аа” гэхээр нь би “Чи тэгвэл н.Мөөгийтэй ярь аа” гэж хэлээд гар утсаа Б.Мд өгтөл Б.М утсаар ярьж байснаа юу гэж ярьсан нь ойлгогдохгүй орилоод миний гар утсыг барьж байгаад газарт шидээд тэгснээ дахин 3 удаа газраас авч газарт шидэж эвдэлсэн... Б.М буцаж хүрч ирээд миний гар руу хөлөөрөө жийтэл намайг газарт чирээд миний араас гараараа толгойноос үсдээд тэр 2 намайг газарт чирээд миний духны зүүн талд шалбалж гэмтэл үүсгэсэн. Тэр үед мөн миний дотор талд өмсөж байсан футболк урагдсан. Тэгээд би “ТҮЦ” ороод цагдаагийн байгууллагад хандсан. “Самсунг А04 Ѕ” загварын... 2023 оны 12 сард “Хороолол”-ын хойд талын гар утасны лангуунаас 700,000 төгрөгөөр худалдаж авч байсан... гар утасны дэлгэц нь бүхэлдээ хагарч, их бие болон арын таг нь дэлгэцээсээ салсан байдалтай эвдэрсэн. Хуучин ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан... шүүх эмнэлэгт үзүүлнэ... 3 хэсэг болоод унасан. Гэртээ цэнэглээд асаах гэсэн боловч асааж ашиглаж болохгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17, 20-р хуудас/,

- Гэрч Т.Аийн: “...2024 оны 04 сарын 15-наас 2024 оны 04 дүгээр сарын 16-нд шилжих шөнө... “Хаан” караокед орсон чинь “Хаах цаг болж байна” гээд гарахаар болсон. Б.М тэнд найзтайгаа байсан... гараад Х.Иөд цүнх болон утсаа өгсөн тэгсэн чинь Х. И бие засах гээд явсан. Б.М харин шууд зам руу гараад такси бариад явсан. Тэгээд Б.М 3 дугаар сургууль дээр очоод “Х.И миний цүнх утсыг аваад явчихлаа” гээд хэлсэн чинь манай найз Ү.Б Х.И рүү залгаад Б.М Ү.Бийн утсаар ярьж байснаа газар савсан... “Яаж байгаа юм” гэсэн чинь Х.И “Та 2 энэ хүүхнийг дундаа хэрэглэдэг биз дээ” гээд над руу дайраад байсан... Х.И ирээд Б.М н.Хишгээ рүү дайраад үсдэлцээд очиж өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

- Гэрч Х. Иийн: “... Т.А, Ү.Б нартай хамт байж байсан чинь Б.М буюу найз охин маань намайг дуудаад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо “Хаан” караокед байна” гэсэн... бид 3 очсон чинь эмэгтэй найз н. Гэрлээ гэх хүнтэй хамт байсан... удалгүй караоке хаасан... би түрүүлж гараад нойл орох гээд гарсан. Тэгээд буцаад ирсэн чинь байхгүй байхаар нь Ү.Б руу залгасан чинь “Автобусны буудал дээр байна” гэсэн. Тэгээд 3 дугаар сургуулийн буудал дээр очихоор болоод “Б.Мтай ярья” гээд хэлсэн чинь утас нь тасарсан. Тэгээд очсон чинь Б.М Ү.Бтэй үсдэлцээд н.Гэрлээ нь салгах гээд байж байсан... би очоод салгаад Б.Мг авч яваад тайвшруулах гээд байж байгаад буцаад ирсэн чинь дахин Ү.Б рүү дайраад байхаар нь би такси бариад найзтай нь хамт аваад “Хороолол” руу явсан... Б.Мтай уулзахаас өмнө бол ямар эвдрэл гэмтэлгүй байсан. Тэгээд намайг очих үед дэлгэц нь эвдэрсэн утас нь ерөөсөө асахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

- “Дамно үнэлгээ”  ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн СБ1-24- 393 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-49-р хуудас/,

- Яллагдагч Б.Мгийн: “... тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/ зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгийг шууд санаатай, устгах, гэмтээх зорилгоор үйлдэгддэг өмчлөх эрхэд халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

            Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, Б.М нь 2024 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим хохирогч Ү.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан “гар утсаараа бичлэг хийлээ” гэсэн шалтгаанаар түүний өмчлөл, эзэмшлийн “Самсунг A04 эс” загварын гар утсыг газар шидэж, хууль бусаар санаатай устгаж бага хэмжээнээс дээш буюу 409,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 Шүүгдэгч Б.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор Эрүүгийн хуульд тодорхойлсон бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол 406,600 төгрөгийг хохирогч Ү.Бт бүрэн төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн дансны хуулгаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдав.

Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Бын Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Б.Мгийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ОЧБАДРАХ