| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2024/0112/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/109 |
| Огноо | 2024-06-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
улсын яллагч Б.Түвшинтөр,
хохирогч Д.Г,
шүүгдэгч Д.М, Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.М, Ц.Д нарт холбогдох 2416000000105 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол улсын иргэн, халх, **** оны ** дугаар сарын ***-ний өдөр Говь-Алтай аймгийн ********* сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ******* сумын ***** баг ******* тоотод оршин суух хаягтай, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/**** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, 2023 оны 05 дугаар сарын 31- ний өдрийн 2023/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ********* регистрийн дугаартай, Ж овогт Д-н М.
Монгол Улсын иргэн, халх, **** оны *** дүгээр сарын *****-ны өдөр Говь-Алтай аймгийн ****** сумд төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ********** сумын ******* багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******** регистрийн дугаартай, Б овогт Ц-н Д.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.М, Ц.Д нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан “бүлэглэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.М, Ц.Д нар нь 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багт үйл ажиллагаа явуулдаг **** баарын гадна талд хохирогч Д.Г-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдан зодож, түүний биед баруун дээд 1-р шүдний булгарал, хамрын нуруунд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Д.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... Манай найзтай маргалдаж байсан залуу намайг “...чи нэг гарын ая даах уу...” гээд байсан. Тэгж хэлснээ нэг удаа намайг цохиод авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд нэг удаа тухайн Г гэх залууг цохиод авсан. Тэгээд тэр залуугийн амнаас нь цус гараад миний шүд хугарчихлаа гээд байсан... Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас/
2. Шүүгдэгч Ц.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... ***** бааранд 27-ны 00 цагийн үед найз М-н хамтаар орсон. Тэгээд ороод хүний 2 шил пиво уусан... Баарны үүдэнд зогсож байтал нэг залуу ирээд “...та нар ******* сумын багш нар мөн үү...” гэсэн. Тэгэхээр нь “...чи хүн андуураад байна...” гэхэд “...худлаа хэлээд бай...” гээд байсан. Би тэр залуу цааш нь машины зогсоол руу дагуулж яваад маргалдсан... Г гэх залуутай манай найз М хоёр цохилцоод унасан. Тэгээд Г гэх залуу танай найз миний шүдийг хугалчихлаа гэсэн... Тухайн үед хэрэлдэж маргалдсан нь миний буруутай үйлдэл байсан... Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 59-61 дүгээр хуудас/
3. Хохирогч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2024 оны 04 дүгээр сарын 27-ны шөнийн 00 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд байрлах ********* баар руу ганцаараа орсон. Тэнд манай танил Д.М байж байсан тэгээд найзтай уулзаад ширээнд суугаад хүний хоёр ширхэг шилтэй пиво уугаад юм ярьсан... Найз Д.М-н хамтаар баарнаас гараад гадаа машины зогсоол дээр найзтай зогсож байтал хажууд гурван залуу ирсэн. Би тухайн хүмүүс дээр очоод “...та нар ****** сумын багш нар уу...” гэж асуусан тэгэхэд бор өнгийн ноосон цахилгаантай цамцтай, хөх өнгийн тамирын өмдтэй, хар өнгийн хромон гуталтай залуу нь “...андуураад байгаарай...” гээд хэл амаар доромжлоод намайг заамдаж аваад зогсож байтал хажууд нь цуг явж байсан улаан хүрэн өнгийн малгайтай цамцтай гадуураа хар өнгийн хантаазтай залуу нь миний дээд үүдэн шүд рүү нэг удаа цохисон, тухайн үед миний хамар, амнаас цус гараад миний үүдэн нэг шүд унасан ... Бор өнгийн цахилгаантай цамцтай, хөх өнгийн тамирын өмдтэй, хар өнгийн хромон гуталтай залууг Д, харин миний үүдэн шүдийг цохиж унагаасан залууг М гэж хүмүүс хэлсэн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас/
4. Гэрч Д.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2024 оны 04 дүгээр сарын 27-ны шөнө би найз Г-н хамтаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд байрлах ***** бааранд шөнийн 00 цагийн үед орсон ... Баарны гадна манай найз Г бор өнгийн ноосон цахилгаантай цамцтай, хөх өнгийн тамирын өмдтэй, хар өнгийн хромон гуталтай залуутай маргалдаад байсан, тэгээд манай найзыг заамдаж аваад байсан тухайн үед тэр залуу манай найзыг цохиогүй хажууд нь цуг явж байсан улаан хүрэн өнгийн малгайтай цамцтай гадуураа хар өнгийн хантаазтай залуу нь манай найз болох Г-н хамар, ам хэсэг рүү хүчтэй цохиод авсан. Тэгээд манай найзын амнаас цус гоожоод шүд нь унасан ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/
5. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цадаагийн хошууч Т.Алтайбаатарын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 130 дугаартай “... Д.Г-н биед баруун дээд 1-р шүдний булгаралт, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт 5 хувь нөлөөлнө ...” гэх шинжээчийн дүгнэлт/хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэн нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх шинжийг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “бүлэглэж” гэж заасан тул шүүгдэгч нарын үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч Д.М, Ц.Д нар нь өөрсдөд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч шүүх хуралдаанд “ ... шүүгдэгч Ц.Д нь хохиролд 610,000 (зургаан зуун арван мянга) төгрөг төлсөн ... Имплант шүд хийлгэнэ, үнэ нь 3,000,000(гурван сая) төгрөг, шүдний үнийг шүүгдэгч Д.М-с нэхэмжилнэ...” гэх агуулга бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүгдэгч Ц.Д нь шүүхийн өмнөх шатанд хохирогчид хохиролд 610,000(зургаан зуун арван мянга) төгрөг өгсөн талаараа мэдүүлсэн, шүүгдэгч Д.М нь шүүх хуралдаанд хохирогчийн нэхэмжилсэн 3,000,000(нэг зуун хорин гурван мянга нэг зуун гуч) төгрөгийг төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч Д.М-с хохиролд 3,000,000(нэг зуун хорин гурван мянга нэг зуун гуч) төгрөг гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Эрүүл мэндийн даатгалын санд хохирогч Д.Г-н эмчилгээний төлбөрт 123,130 (нэг зуун хорин гурван мянга нэг зуун гуч) төгрөг буюу иргэний нэхэмжлэлийг бүрэн төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 117 дугаар хуудас/-аар тогтоогдож байх тул иргэний нэхэмжлэл бүрэн төлөгдсөн гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.М-н хүлээн зөвшөөрсөн 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.Д-н хүлээн зөвшөөрсөн 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял нь тус тус Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.Д-д 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
1. Шүүгдэгч Ж овогт Д-н М, Б овогт Ц-н Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан “бүлэглэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Ц.Д-д 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.М, Ц.Д нарт сануулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М, Ц.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Д.М-с хохиролд 3,000,000(гурван сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Г-д олгож, шүүгдэгч Ц.Д хохиролд 610,000 (зургаан зуун арван мянга) төгрөг, шүүгдэгч нар Эрүүл мэндийн даатгалын санд 123,130 (нэг зуун хорин гурван мянга нэг зуун гуч) төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М, Ц.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА