Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2080

 

 

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/02683 дугаар шийдвэртэй, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Чд холбогдох, түрээсийн гэрээний үүрэгт 79 670 649 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ч нь манай компаниас 2015 оны 029/2015R дугаар Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээний үндсэн дээр 15046 арлын дугаартай DX225LCA маркийн эксковаторыг 1 нэг сарын 14 514 500 төгрөгөөр, 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл түрээсээр ашиглаж, 2016 оны 6 дугаар сарын 30 хүртэл хугацааны төлбөрийг төлсөн. Бид 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр эксковаторыг алсын удирдлагаар унтрааж, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн зардлаар Говь-Алтай аймгаас очиж авчирсан. Бидний тооцоогоор 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл түрээсийн төлбөр 14 514 500 төгрөгөөс 536 500 төгрөгийг төлсөн ба 13 978 000 төгрөгийн үлдэгдэлтэй, 2016 оны 8 сарын 14 514 500 төгрөг, 2016 оны 9 сарын 14 514 500 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 14 хүртэл 6 773 433 төгрөг, нийт 49 780 433 төгрөг төлөөгүй. Мөн хугацаа хэтрүүлсэн алданги 2016 оны 11 дүгээр сарын 22-ны байдлаар 10 390 800 төгрөг ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц буюу 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар алданги тооцоход 14 499 416 төгрөгөөр нэмэгдсэн.

Эксковаторыг Говь-Алтай аймагт очиж авахад хөдөлгүүрийн хаалт эвдэрсэн байсан, түүний үнэ 1 870 000 төгрөг, Улаанбаатар хотод тээвэрлэсэн зардал 5 000 000 төгрөгийг гэрээний дагуу түрээслэгч хариуцах үүрэгтэй боловч эксковаторыг тээвэрлэн авч ирж түрээслүүлэгчид хүлээлгэн өгөх үүргээ түрээслэгч гүйцэтгээгүй тул бид өөрийн зардлаар тээвэрлэн авч ирсэн юм. Б.Ч мөнгөний боломжгүй гэсэн хүсэлтээр нь барьцаа төлбөрт 28 000 000 төгрөг төлөх байснаас 19 110 000 төгрөгийг төлсөн ба энэ нь 2016 оны 6 дугаар сарыг дуустал түрээсийн төлбөрт нь суутгагдаж тооцогдсон.

Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээнд тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно гэсний дагуу нэг сарын хугацаа дууссан ч түрээслэгч төхөөрөмжийг ашиглаж байгаа тохиолдолд гэрээг сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй тул үүгээр хариуцагчийн тайлбарыг няцааж байна. Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4-т зааснаар гэрээний хугацаа дуусахад хөлслөгч эд хөрөнгийн буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих төлбөрийн журмаар шаардах эрхтэй бөгөөд энэ нь хариу тайлбарыг мөн няцааж байгаа заалт юм.

Алдангийн хувьд түрээсийн гэрээний 9.4-т бичгээр тохиролцсон бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6-д заасан зохицуултад нийцсэн. Шүүх алдангийг өндөр байна гэж үзвэл бууруулж болох ч нэхэмжлэгчийн зүгээс алдангийг бууруулах үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хариуцагч өөрөө алдангийг бууруулах талаар хүсэлтийг гаргаагүй. Дээр нь Б.Ч гэж хүн гэрээний үүргийг биелүүлэхэд маш хариуцлагагүй хандсан. Гэрчүүдийн мэдүүлэгт эксковаторыг хууль бус үйл ажиллагаанд оролцуулснаар замын цагдаагийн журмын хашаанд хураагдсан байсан. Хүний эд хөрөнгийг цагдаад хураалгасан байж араас нь хөөцөлдөлгүй бүтэн жил алга болсон. Эдгээр нөхцөл байдалд үндэслээд алдангийг бүхэлд нь төлүүлэх хүсэлтэй. Мөн талууд гэрээний 8.7.1-д зааснаар тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн зардлыг түрээслэгч хариуцна гэж заасан байдаг. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.5-д заасны дагуу хуулиар зохицуулаагүй зүйлийг талууд гэрээгээр зохицуулахыг зөвшөөрдөг.

Иймд 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 14 хүртэл түрээсийн төлбөр 49 780 433 төгрөг, алданги 24 890 216 /10 390 800 + 14 499 416/ төгрөг, сэлбэгийн үнэ 1 870 000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 5 000 000 төгрөг, нийт 81 540 649 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнээс сэлбэгийн үнэ 1 870 000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж, бусад шаардлагаа дэмжиж нийт 79 670 649 төгрөгийг хариуцагч Б.Чгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Э” ХХК болон хариуцагч бидний хооронд 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 1 сарын хугацаатай Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулагдан дууссан. Уг гэрээний дагуу тоног төхөөрөмжийг хүлээн авахаас өмнө гэрээний 2.1-д заасны дагуу 1 сарын төлбөрт 14 514 500 төгрөг, барьцаа төлбөрт 19 110 000 төгрөгийг төлж техникийг хүлээн авсан болно. Иймд тус компанийн өмнө хариуцагчийн хүлээх бусад төлбөр тооцооны үүрэг байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Чгээс 74 670 649 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч сэлбэгийн үнэ 1 870 000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзсан болохыг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 565 654 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Чгээс улсын тэмдэгтийн хураамжид 531 303 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШЗ2018/11825 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Талуудын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл, аль нэг тал гэрээг дуусгавар болгох санал гаргаагүй тул дахин нэг сараар сунгагдсан, түрээсийн төлбөр 14 514 500 төгрөг, нийт 29 029 000 төгрөгийн төлбөртэй байсан. Гэрээний хариуцагч 58 594 500 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл төлбөргүй гэж үзнэ.

Гэрээний хугацаа дууссан боловч түрээсийн харилцаа үргэлжилсэн байж болно. Гэхдээ энэ тохиолдолд бичгээр байгуулсан түрээсийн гэрээгүй байсан. Шүүхийн шийдвэрт “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасныг үндэслэн зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 1 сар боловч талууд ямар тохиолдлуудыг хэрхэн, яаж, тооцон гэрээний үргэлжлэх хугацаа болон сунгагдсанд тооцох зэргийг харилцан тохиролцсон гэж үзнэ” гэжээ. Гэтэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан түрээсийн гэрээ байгуулагдсан. Мөн хуулийн 318.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах ...” гээд, 318.4-т “энэ хуулийн 318.3-т заасан шарадлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж зохицуулснаас үзвэл зохигчдын хооронд үүссэн харилцаа нь зөвхөн бичгээр байгуулсан гэрээний үндсэн дээр үргэлжлэхээр байна.

Талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дуусгавар болсон. Мөн шийдвэрт “түрээсийн гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгаа бол гэрээг тодорхой бус хугацаагаар сунгагдсанд тооцно” гэсэн нь хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлд хамаарна. Учир нь Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт түрээсийн гэрээний хугацааг талууд тохиролцож тогтооно гэж түрээсийн гэрээний хугацааг тусгайлан зохицуулсан заалт байсар атал Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-т заасныг баримталсан нь учир дутагдалтай. Иймд талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэрээ нь 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дуусгавар болсон гэж дүгнэх бөгөөд нэгэнт дуусгавар болсон гэрээгээр алданги шаардах үндэслэлгүй. Гэтэл шүүх дуусгавар болсон гэрээний дагуу алданги гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэсэн заалтыг хэрэглээгүй нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй. Шүүх шинжээч томилох тухай хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Гэтэл товыг мэдэгдэлгүй шүүх хуралдаан хийхдээ хариуцагч талыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй хэмээн үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 25, 26 дугаар зүйлийг зөрчсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаан давхцсан байхад шүүгчийн туслах хуралдаа оролц гэж утсаар хэлсэн бөгөөд тов мэдэгдээгүй талаар хэлж, 10 минутын дараа очих хүртэл хүлээх хүсэлт гаргасан. Ийнхүү шүүх хуралдаанд оролцох гэтэл шүүхийн цагдаа оруулаагүй болно.

Нэхэмжлэгч талын хохирол учирсан хэмээн нэхэмжилж буй техникийн эвдрэл гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг шийдвэрлэхийн тулд нэхэмжлэгч талд уг техник байгаа эсэхийг нэхэмжлэгчээс тодруулаж уг хүсэлтийг шийдвэрлэх талаар захирамжид дурдсан бөгөөд үүнээс хойш хэргийн баримтыг танилцах боломжоор хангаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэг зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүйг давж заалдах шатны шүүх залруулан өөрчлөх боломжтой гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Б.Чд холбогдуулж түрээсийн гэрээний үүрэгт 49 780 433 төгрөг, түүний алданги 24 890 216 төгрөг, сэлбэгийн үнэ 1 870 000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 5 000 000 төгрөг, нийт 81 540 649 төгрөгийг шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэлбэгийн үнэ 1 870 000 төгрөгт холбогдох шаардлагаас татгалзаж, нийт 79 670 649 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигчид 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 029/2015R тоот тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ /1хх10-18/ байгуулж, нэхэмжлэгч “Э” ХХК нь DX255LCA загварын эксковаторыг Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт нэг сарын хугацаатай, төлбөр 14 514 500 төгрөг, барьцаанд 19 110 000 төгрөг байхаар тоаиролцож хариуцагч Б.Чойцэрэнд түрээслэх болсон байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан дээрх гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв гэж үзнэ. Талууд түрээсийн гэрээ байгуулсан талаар болон төлөгдсөн төлбөрийн хувьд маргаагүй, харин гэрээний үргэлжлэх хугацаа, түүнд ногдох төлбөрийн хэмжээ зэрэгт маргажээ.

 

Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй. Хэргийн баримтаар талуудын байгуулсан дээрх гэрээний хугацаа дуусмагц хариуцагч буюу түрээслэгч нь түрээсийн эд зүйлийг түрээслүүлэгчид буцаан өгөөгүй үйл баримт тогтоогдсон. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт зааснаар түрээслүүлэгч нь өөрт учирсан хохирол, түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардах эрхтэй.

 

Хуулиар зохицуулсан дээрх агуулгаар дүгнэвэл хариуцагч Б.Ч нь түрээсийн зүйл болох эксковаторыг түрээсийн гэрээнд заасан хугацаа дуусгавар болсноос хойш түрээслүүлэгчид буцаан өгөх үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэгч төлбөр төлөгдөөгүй хугацааг тооцож шаардлага гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.  Тодруулбал, нэхэмжлэлд заасан эксковаторыг буцаан авсан гэх 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 49 780 433 төгрөгийг хариуцагч Б.Чгээс гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин түрээсийн зүйлийг буцаан түрээслүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас гарсан төлбөрт алданги тооцох талаар талууд тухайлан тохиролцоогүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас алдангид тооцсон 24 890 216 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хуульд заасан үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамаарах тээврийн зардалд зарцуулсан гэх 5 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо тухайн компанийн санхүүгийн анхан шатны бүртгэлийн баримтаар нотлогдоогүй гэж дүгнэсэн нь зөв. Өөрөөр хэлбэл, түрээсийн зүйлийг түрээслүүлэгч тал Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотод өөрийн зардлаар тээвэрлэсэн тохиолдолд гэрээнд заасны дагуу түрээслэгч тал хариуцах үүрэг хүлээсэн. Гэвч энэ талаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Хос стандарт” ХХК-ийн ачаа тээвэрлэлтийн жишиг үнэлгээний тайланг тухайн шаардлагад шууд хамаарах нотлох баримт гэж эргэлзээгүйгээр үнэлэх боломжгүй юм.

 

Мөн нэхэмжлэгч тал сэлбэгийн үнэнд 1 870 000 төгрөг зарцуулсан гэж хариуцагчаас шаардсан боловч хуульд заасан эрхийн дагуу нэхэмжлэлийн энэ хэсгээс татгалзсан тул уг татгалзлыг шүүх баталж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч нь түрээсийн гэрээний үүрэгт нийт 49 780 433 төгрөг төлөх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 болон 3 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/02683 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Чгээс түрээсийн гэрээний үүрэгт 49 780 433 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул алдангийн 29 890 216 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтын “хариуцагч Б.Чгээс улсын тэмдэгтийн хураамжид 531 303 төгрөг” гэснийг “406 852” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 531 303 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                    Т.ТУЯА