Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2024/00143

 

Б.Өын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Батзориг, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 134/ШШ2024/00050 дугаар шийдвэр,

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 216/МА2024/00002 дугаар магадлалтай,

Б.Өын нэхэмжлэлтэй,

Д.Нд холбогдох

Хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, 60,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, түүний өмгөөлөгч П.И, хариуцагч Д.Н, түүний өмгөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч Д.Нд холбогдуулан Д аймгийн Ө сумын Зүүн өргөн гэх газарт байрлах “С” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 29.43 гектар талбайтай газрыг, компанийн хамт худалдан авахаар 2020.08.06-ны өдөр аман хэлцлээр хийсэн гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч Д.Нд шилжүүлсэн 60,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 134/ШШ2024/00050 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Д аймгийн Ө сумын Зүүн өргөн гэх газарт байрлах “С” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 29.43 гектар талбайтай газрыг, компанийн хамт худалдан авахаар 2020.08.06-ны өдөр аман хэлцлээр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч Д.Наас 60,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Өт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Наас 457,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Өт олгож шийдвэрлэжээ.

3.Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 216/МА2024/00002 дугаар магадлалаар: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 134/ШШ2024/00050 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасныг баримтлан Б.Өын нэхэмжлэлтэй, Д.Нд холбогдох дансаар шилжүүлсэн 60,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намнансүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Магадлалыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” үндэслэлээр дараах гомдолыг гаргаж байна.

Гэрч н.Боор дамжуулж нэхэмжлэгч Б.Ө нь “С” ХХК-ийн “А” лицензтэй газрыг худалдан авахаар тохиролцсон бөгөөд Д.Н-ын төрсөн эгч Д.Н нь гэрээ хэлцлийг Л.Дтай байгуулсан. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох 2020.08.06-ны өдөр “С” ХХК-ийн захирал Л.Д, хариуцагч Д.Н нарын хооронд “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, 930 ширхэг хувьцаа буюу компанийн 30 хувийг Д.Нд шилжүүлж, Л.Д-ыг захирлаас чөлөөлж, Д.Н-ыг захиралаар томилсон бөгөөд мөн өдрөө нэхэмжлэгч Б.Ө нь Д.Н-ын Х банкны **** тоот дансанд хоёр удаагийн гүйлгээгээр 28,000,000 төгрөг, 32,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөгийг “Ө-өөс газрын урьдчилгаа” гэсэн утгатай шилжүүлсэн. Хариуцагч Д.Н-ын дансанд 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргадаггүй. Нэхэмжлэгч Б.Ө нь 2020.08.06 ны өдөр Д аймгийн Ө сумын Зүүн өргөн гэх газарт байрлах “С” ХХК-ийн ашигт малталын тусгай зөвшөөрөл бүхий 29.43 гектар талбайтай газрыг компанийн хамт худалдан авахаар тохиролцож, 60,000,000 төгрөгийг хариуцагч Д.Н-ын дансанд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 болон 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаас үзэхэд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлж, нотариатаар гэрчлүүлсэн тохиолдолд хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй гэж үзнэ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч Д.Наас 60,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Өт олгох хуулийн зохицуулалтыг хэрэглээгүйд гомдолтой байна.

Иймд магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.06.06-ны өдрийн 001/ШХТ2024/00698 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

7.Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч Д.Нд холбогдуулан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, 60,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ “...Д аймгийн Ө сумын Зүүн өргөн гэх газарт байрлах ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 29.43 гектар талбайтай газар эзэмших эрхтэй “С” ХХК-ийн хувьцааг худалдан авахаар 2020.08.06-ны өдөр амаар тохиролцож, 60,000,000 төгрөгийг Д.Н-ын дансанд  шилжүүлсэн. Хэд хоногийн дараа тухайн газрын бичиг баримтыг мэргэжлийн хүнд үзүүлэхэд энэ газар чинь А лицензтэй талбайд ордоггүй юм байна, чиний авсан гэх газар хажууханд нь байдаг газар байна гэхээр нь би ноцтой төөрөгдсөн байна гээд Д.Наас мөнгөө буцааж авъя гэхэд миний мөнгийг өгөхгүй байна. Иймд аман хэлцлээр хийсэн гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч мөнгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

8.Хариуцагч Д.Н нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Би Б.Өыг огт танихгүй.  “С” ХХК-ийн захирал надад хувьцаагаа худалдахгүй байна,  та энэ компанийг худалдаж авч өгөөч гэсэн Б.Б-ын хүсэлтээр худалдан авч, гэрээ байгуулж тусалсан.  Урьдчилгаа болох 60,000,000 төгрөгийг Б.Б миний дансанд шилжүүлсэн. Энэ мөнгийг тэр дор нь би компанийн хүмүүсийн дансанд шилжүүлснээр гэрээ хийгдсэн. Б.Б компанийн гэрчилгээ солигдож гарч ирэхээр өөрийн нэр дээр шилжүүлж авахаар тохирсон. Зорилго нь А лицензтэй газрыг л авах ёстой байсан. Би хүсэл зоригийг нь хангаад гэрээг нь хийгээд өгсөн болохоос биш мөнгө Б.Өаас орж ирж байгааг мэдэхгүй. Тийм болохоор үүнийг би бүрэн хариуцах ёсгүй, би хэн нэгнийг хуурч мэхэлж мөнгийг нь авч хувьдаа ашиглаагүй, бусдад тусалж сайхан сэтгэл гаргасан болохоор энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан.

9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “...талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. ...Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлж,  нотариатаар гэрчлүүлсэн тохиолдолд хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг хангасан гэж үзнэ. Иймд зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх тул 56.5-д заасны дагуу талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Д.Наас 60,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Өт олгох нь хуульд нийцнэ” гэсэн агуулгаар дүгнэсэн.

10.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл шаардлага буюу хүсэл зориг нь 60,000,000 төгрөгөө буцаан авахыг хүссэн, “С” ХХК, Д.Н нарын хооронд хийгдсэн хувьцаа худалдах-худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээнд нэхэмжлэгч Б.Ө биечлэн оролцоогүй, ямар нэгэн байдлаар сонирхолгүй байх тул уг гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус шаардлагын үндэслэлээ тодорхойлж буй агуулга гэж үзэхээр байна. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй буюу тэдний хооронд үүрэг үүсээгүй, зөвхөн Б.Б-ын хүсэлтээр Б.Ө нь Д.Н-ын дансанд мөнгө шилжүүлсэн, уг мөнгийг Д.Н нь Б.Б, Л.Д нарын хэлснээр цааш нь дамжуулан шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй этгээд, энэ хэргийн жинхэнэ хариуцагч Д.Н биш учир шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж дүгнэжээ.

11.Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримт болон хууль хэрэглэх асуудлаар зөрүүтэй дүгнэлт хийсэн байх бөгөөд энэ  нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т зааснаар хэргийг хянан үзэх үндэслэл болсон.

12.Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзэхэд Д аймгийн Ө сумын Зүүн өргөн гэх газарт байрлах 29.43 гектар талбай бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй “С” ХХК-ийн хувьцааг худалдан авахаар Б.Ө, Б.Б, Д.Н  нар ярилцаж тохиролцсон, эхний ээлжинд 60,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Ө гаргаж, үйл ажиллагаа явуулж жонш олборлон үлдэх мөнгийг төлөхөөр болсон, тэднийг төлөөлж Б.Б гэрээ байгуулахыг хүссэн боловч “С” ХХК-ийн захирал, 100 хувийн хувьцаа эзэмшигч Л.Д гэрээ байгуулахаас татгалзсан, иймээс Б.Б хариуцагч Д.Нт хандан өөрийн нэрээр гэрээ байгуулж өгөхийг хүсч, мөнгөө төлж компанийн хувьцааг бүхэлд нь худалдаж авсны дараа  хувьцаа эзэмшигчийн улсын бүртгэлийг шилжүүлэн авахаар  Д.Н-тай тохиролцсон.  Үүний дагуу Б.Н, Л.Дтай  2020.08.06-ны өдөр компанийн 30 хувийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээг бичгээр  байгуулж, Б.Өаас урьдчилгаа  60,000,000 төгрөг шилжүүлснийг хүлээн авч,  хувьцааны үнийг төлсөн,  улмаар  Д.Н компанийн 30 хувийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захирал болсон эдгээр үйл баримт тогтоогдсон байна.

13.Зохигчийн хооронд эрх зүйн харилцаа үүссэн эсэх, хариуцагч Д.Н нэхэмжлэгчийн шаардсан мөнгийг төлөх этгээд мөн эсэх нь талуудын хооронд үүссэн маргааны зүйл болжээ. Анхан шатны шүүх Б.Ө /Д.Н, Б.Б/ болон Д.Н-ын хооронд үүссэн эрх зүйн харилцааг худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх  тэдгээрийн хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй гэсэн дүгнэлт хийсэн ба хоёр шатны шүүхийн  дүгнэлтийн алийг ч  хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

14.Хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүйгээс хэргийг эцэслэн шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.

14.1.Нэхэмжлэгч Б.Ө нь Д.Ныг хариуцагчаар татаж, 60,000,000 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “...хувьцааны мөнгийг өөрийн хөрөнгөөс шилжүүлсэн, гэтэл тус компанийн тусгай зөвшөөрөл бүхий газар нь сонирхсон талбай биш байснаас мөнгийг буцааж гаргуулна. Д.Н-тай хийсэн аман хэлцэл хүчин төгөлдөр бус“ гэж тодорхойлсон.

 Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзвэл,  нэг талаас Б.Ө, Б.Б, Д.Н  нар “С” ХХК-ийн 100 хувийн хувьцааг худалдан авч, улмаар тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулж ашиг олох  хүсэл зориг,  нөгөө талаас тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Л.Д  хувьцаагаа худалдах хүсэл зориг байсан нь тус тус тогтоогдож байгаа боловч эдгээр этгээдүүдийн хооронд хувьцаа  хүсэл зориг нэгдсэн буюу гэрээний гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцсон гэж үзэх үндэслэл бүрэн тогтоогдоогүй байна.

Б.Ө, Д.Н, Б.Б нарыг төлөөлж гаргасан Б.Б-ын  хүсэлтээр хариуцагч Д.Н худалдах-худалдан авах гэрээнд  оролцсон, гэвч түүнийг  эдгээр хүмүүсийн өмнөөс хэлцэл хийж байгааг Л.Д нь мэдсэн, бүрэн дүүрэн мэдээлэлтэй байсан эсэх нь тодорхой бус байна.

14.2.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулж шаардлага гаргах эрхтэй эсэх, шаардлага гаргах эрхтэй бол уг шаардлагыг ямар үндэслэлээр гаргаж болохыг дүгнэхийн тулд Б.Ө /Д.Н, Б.Б/ болон Д.Н-ын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлох  шаардлагатай байхад хоёр шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг бүрэн тодруулаагүй байна.

Түүнчлэн Б.Ө /Д.Н, Б.Б/ болон Д.Н-ын хооронд үүссэн харилцааг тодорхойлохын тулд  Д.Н, Л.Д хоёрын хооронд байгуулагдсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, уг гэрээний  хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт өгөх нь зайлшгүй  бөгөөд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий  дээрх нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байгаа  тохиолдолд хяналтын шатны шүүхээс маргааны талаар дүгнэлт өгч холбогдох  хууль хэрэглэх боломжгүй юм.

15.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан үндэслэлийн хүрээнд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 134/ШШ2024/00050 дугаар шийдвэр, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 216/МА2024/00002 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч 2024.05.09-ний өдөр төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                        Н.БАТЧИМЭГ

                                                                             Н.БАТЗОРИГ

                                                                                 Д.ЦОЛМОН