Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 00081

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Б.Баттулга нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татсан тогтоол баталж ирүүлсэн Баянбатын Баттулгад холбогдох эрүүгийн 201722000113 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Баянбатын Баттулга, 1997 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 03-17 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, РЮ97062839 дугаар регистртэй.

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татсан тогтоолд дурьдсанаар/

Шүүгдэгч Б.Баттулга нь 2017 оны 02 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 19-26 тоотод оршин суух, иргэн Э.Янжиндуламыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Баттулга нь 2017 оны 02 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө согтуугаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 19-26 тоотод оршин суух иргэн Э.Янжиндуламыг зодож бие махбодид нь зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарын нуруунд зулгаралт бүхий гэмтэл санаатай учруулсан болох нь: 

Шүүгдэгч Б.Баттулгын хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: … ... тэр өдөр Энхсугар ах бид хоёр дэлгүүрээс нэг шил архи авч хувааж уугаад гэрлүүгээ залгаад чи Элдэв-Очиртой явалдаад байгаа юм уу? гэж хэлтэл эхнэр маань миний хэнтэй явалдах чамд ямар хамаатай юм бэ? гэж хэлсэн тэгээд би 12 дугаар хороонд Эрдэнэчимэг эгчийнд очтол тэнд сууж байсан. Би гэрт нь ороод Элдэв-Очир та хоёр явдаг юм байна шүү дээ гэж хэлтэл эхнэр маань чи тэгээд яах гээд байгаа юм бэ гээд тоохгүй байсан. Тэгээд би гэрээс нь гараад явах гэтэл Аззаяа намайг явахын хооронд хөөж туугаад түлхэж аваад байхаар нь Аззаяагийн үснээс нь зулгаасан. Тэгтэл Янжиндулам эгч намайг салгах гээд Аззаяаг өмөөрч чи хүүхдийн үс зулгаадаг хэн бэ? Гээд цохиж аваад байхаар нь би Янжиндулам эгчийн нүүр лүү нь гараараа цохьчихсон юм. Тэгээд Янжиндулам эгчийг нүүрээ таглаад доошоо тонгойхоор нь гараад явчихсан юм...би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч Э.Янжиндуламын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн:  Би 2017 оны 2 дугаар сарын 08-ны орой хоёр дүүтэйгээ гэртээ байсан. Манайд манай эгчийн хүүхэд болох Аззаяа ирээд хонох гээд цуг байсан юм. Гэтэл 01 цагийн үед Аззаяагийн нөхөр болох Баттулга гэдэг залуу гаднаас орж ирээд Аззаяагийн үснээс зулгааж байгаад чирч зодоод байсан юм. Тэгэхээр нь би дүүгээ өмөөрч Баттулгыг салгах гээд хойноос нь таттал эргэж хараад миний зүүн нүд рүү цохиж унагаасан. Тэр үед миний ухаан санаа балартаад яаж унаснаа мэдэхгүй байсан. Сэрээд хартал Баттулга манайхаас гараад явчихсан байсан юм... Би дээл хувцас оёдог бөгөөд Баттулгад цохиулснаасаа хойш ажилаа хийж чадахгүй хохирч байна. Би Баттулгаас 1.000.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 136 тоот шинжээчийн дүгнэлтэнд: Эрдэнэбатын Янжиндуламын биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт бүхий гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. /хавтаст хэргийн 12-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Б.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Баттулга нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож байна.

Хохирогч Э.Янжиндулам нь шүүгдэгч Б.Баттулгаас 1.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Баттулга нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30-р хуудас/-аар болон шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн 201722000113 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.  Шүүгдэгч Боржигон овогт Баянбатын Баттулгыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар Б.Баттулгыг 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3.  Хохирогч Э.Янжиндулам нь гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

4. Эрүүгийн 201722000113 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.

4.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

5.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баттулгад урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.НЯМСҮРЭН