Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 0051

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         Б.О, Б.А нарт

                                          холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Ё.Бямбацэрэн, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Яллагдагч                                                     Б.О

Яллагдагчийн өмгөөлөгч                          Т.Э

Нарийн бичгийн дарга                              Э.Булгантамир нарыг оролцуулан хийж,

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 306 дугаар захирамжтай, Б.О, Б.А нарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагч Б.О, түүний өмгөөлөгч Т.Э нарын давж заалдах гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Б-н О.

 

Монгол Улсын иргэн Б овогт Б-н А.

 

Яллагдагч Б.О нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардаж авсан гэмт хэрэгт,

 

яллагдагч Б.А нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан  хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 306 дугаар захирамжаар:

 

Яллагдагч Б.О-н өмгөөлөгч Т.Э-н 2018 оны тендер зохион байгуулах ажиллагааг хаанаас зохион байгуулсан, шалгаруулах ажлын хэсэгт хэн, хэн оролцсон, “С” ХХК-аас “У” цэцэрлэгийн явуулж байсан албан тоотыг гаргуулах, Унага цэцэрлэгийн хана дээр зурсан зургийг үнэлүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож,

Яллагдагч Б.О, Б.А нарт холбогдох эрүүгийн хэргийн яллах дүгнэлтэд гарсан техникийн шинжтэй алдааг засуулж дахин яллах дүгнэлт гардуулахаар прокурорт буцааж,

Яллагдагч Б.А-ын өмгөөлөгч Ц.Э-н гэрчээр Б-г оролцуулах тухай хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж,

Хэргийг прокурорт шилжүүлтэл яллагдагч Б.О, Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилэгдсэн зүйлгүй болохыг дурьдаж, Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан прокурор эсэргүүцэл бичих, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч гомдол гаргах  эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Яллагдагч Б.О, түүний өмгөөлөгч Т.Э нар давж заалдах гомдолдоо:

 

“... Шүүгчийн захирамжийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтанд “У” цэцэрлэгийн ханан дээрх “Эвтэй 4 амьтан” 3:6 хэмжээтэй зургийг үнэлүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг зургийг “Далайван аудит” ХХК-ны үнэлэх боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргасан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт уг зургийг “Урчуудын эвлэл” ТББ гэх мэт мэргэжлийн байгууллагаар үнэлүүлэх хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3- т “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар, мөн хуулийн 34.5 дугаар зүйлийн 3-т шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцлийг бүрдүүлнэ гэж заасан заалтууд зөрчигдсөн гэж үзэж байна.

Шүүгч энэхүү зургийг үнэлүүлэх асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой гэж заасан нь үндэслэлгүй юм. Яллагдагч Б.О-г 230.000 төгрөгийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж ялласан. Дурьдагдаад байгаа 230.000 төгрөгийг юунд зарцуулсан гэдгийг нотлох дээрх зургийг үнэлүүлэх нь яллагдагчийг цагаатгах баримт болно. Шүүгч, прокурор, яллагдагч нар зургийг өөрсдөө үнэлэх боломжгүй. “Унага” цэцэрлэгийн ханан дээр байрлах Монгол ардын “Эвтэй 4 амьтан” үлгэрийн 3х6 хэмжээтэй зурсан зургийг бүтээхэд хэдэн төгрөгийн гэрэл, будаг, ажлын хөлс зэрэг зардал бодитойгоор гарсан. Зураачийн цор ганц дахин давтагдашгүй бүтээл бий болсон. Хүүхдийн хөгжил, хүмүүжилд чухал ач холбогдолтой хүний гараар бүтсэн оюуны бүтээлийг хэд дахин илүү үнээр үнэлэгдэх ажиллагааг мөрдөн шалгах шатанд зургийн мэргэжлийн байгууллагаар үнэлүүлэх боломжтой юм.

Шүүгчийн захирамжийн 2 дугаар заалтанд яллагдагч Б.О, Б.А нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасныг үндсэндээ зөвшөөрч байгаа боловч шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдпага болгосон нь буруу, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгох байсан гэж үзэж байна.

                Прокурорын яллах дүгнэлтэнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4.1-т яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэхээр заасан. Прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт заавал заах хуулийн зүйл, хэсэг заалтын хэсгийг заагаагүй нь техникийн шинжтэй алдаа гэж үзэж байгаа нь буруу юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3-т мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу яллах дүгнэлтийг хуульд зааснаар үйлдээгүй гэж үзэж байна.

Иймд шүүгчийн захирамжинд өөрчлөлт оруулж, “Унага” цэцэрлэгийн ханан дээр байрлах 3х6 хэмжээтэй “Эвтэй 4 амьтан” зургийг үнэлүүлэх хэсгийг хангах нэмэлт өөрчлөлт оруулан хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

 

Дээд шатны прокурор Л.Б эсэргүүцэлдээ:

 

“... Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 306 дугаартай захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн захирамж нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Хяналтын прокурор Л.О-н яллагдагч Б.Од гардуулсан 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 92 дугаартай яллах дүгнэлтэд түүнийг буруутгаж яллаж буй хэргийн зүйл анги сонсгосон зүйл ангиас зөрүүтэй бичигдсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн аль зүйл заалтаар буруутгаж байгааг тодорхой заагаагүй яллагдагчид гардуулсан яллах дүгнэлт, ял өөрчилж сонсгох тогтоолд заасан хэргийн зүйл анги зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг зөрчсөн байхад шүүх прокурорын яллах дүгнэлтэнд гарсан үг, үсэг, тоо тооцооны зэрэг техникийн шинжтэй алдаа гэж дүгнэн техникийн шинжтэй алдааг засуулахаар хэргийг прокурорт буцаасан нь шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь заалтыг буюу “урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ” гэсэн заалтыг баримталсан нь буруу байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн өмгөөлөгчийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн дээрх хуулийн зохицуулалт нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хянан хэлэлцээд яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг буцааж байгаа тохиолдолд баримталбал зохих хуулийн заалт гэж ойлгож байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 306 дугаартай захирамжид өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын прокуророос “Б” овогт Б-н О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1, 22.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар,

              “Б” овогт Б-н А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хүлээн авч, шүүгчийн захирамжаар яллагдагч Б.О, түүний өмгөөлөгч Т.Э нарын 2018 оны тендер зохион байгуулах ажиллагааг хаанаас зохион байгуулсан, шалгаруулах ажлын хэсэгт хэн, хэн оролцсон, “Сайн-Амгалан” ХХК-аас “Унага” цэцэрлэгийн явуулж байсан албан тоотыг гаргуулах, Унага цэцэрлэгийн хана дээр зурсан зургийг үнэлүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Б.О, Б.А нарт холбогдох хэргийг яллах дүгнэлтэд гарсан техникийн шинжтэй алдааг засуулж дахин яллах дүгнэлт гардуулахаар прокурорт буцааж, яллагдагч Б.Аын өмгөөлөгч Ц.Э-н гэрчээр н.Бг оролцуулах тухай хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, яллагдагч нарт урьд авсан хувийн баталгааг гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдаж тус тус шийдвэрлэжээ.

 

              Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч Б.О, түүний өмгөөлөгч Т.Э нар “ ... Унага цэцэрлэгийн ханан дээр зурсан зургийг үнэлүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгох байсан ... яллах дүгнэлтийг хуульд зааснаар үйлдээгүй ...” гэсэн давж заалдах гомдол, дээд шатны прокурор Л.Б “ ... прокурорын яллах дүгнэлтэнд гарсан үг, үсэг, тоо тооцооны зэрэг техникийн шинжтэй алдаа гэж дүгнэн техникийн шинжтэй алдааг засуулахаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй ... шүүх хэргийг прокурорт буцаахдаа хуулийн буруу заалтыг баримталсан тул шүүгчийн захирамжинд өөрчлөлт оруулж өгнө үү ... ” гэсэн эсэргүүцэл тус тус гаргасан байна.

 

              Б.О, Б.А нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулснаас гадна шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан хуулийн шаардлага хангаагүй байна гэж үзлээ.

 

              Учир нь: Анхан шатны шүүх яллагдагч Б.О, түүний өмгөөлөгч Т.Э нарын гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн байх ба яллагдагч, өмгөөлөгч нарын гаргасан “2018 оны тендер зохион байгуулах ажиллагааг хаанаас зохион байгуулсан, шалгаруулах ажлын хэсэгт хэн, хэн оролцсон, “Сайн-Амгалан” ХХК-иас “Унага” цэцэрлэгийн явуулж байсан албан тоотыг гаргуулах, “Унага” цэцэрлэгийн хана дээр зурсан зургийг үнэлүүлэх тухай” хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой дурьдаагүй, энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна.

             

              Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1 - 6.17-д заасан асуудлуудыг хянан хэлэлцэж шийдвэрлэх бөгөөд шүүх шийдвэртээ хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх хууль зүйн дүгнэлтээ зайлшгүй тусгах шаардлагатай юм.

 

              Яллагдагч Б.О, түүний өмгөөлөгч Т.Э нарын анхан шатны шүүхэд гаргасан “Унага” цэцэрлэгээс “Сайн-Амгалан” ХКК-д явуулсан “Дэмжлэг үзүүлэх тухай” албан бичгийг уг компаниас гаргуулах тухай хүсэлт нь тухайн хэрэгт хамааралтай гэж үзэх үндэслэлтэй байх тул тэдгээрийн давж заалдах гомдолд дурьдсан энэ хэсгийг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэв.

 

              Дээрх утга бүхий албан бичиг нь эдгээр албан байгууллагууд болон албан тушаалтнууд бие биедээ харилцан дэмжлэг үзүүлэх талаар харилцаж байсан эсэх, яллагдагч нарын гэм буруугийн сэдэлт, зорилгыг тогтооход ач холбогдолтой гэж үзнэ.

 

              Харин яллагдагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурьдаагүй боловч анхан шатны шүүхэд гаргасан “ ... 2018 оны тендер зохион байгуулах ажиллагааг хаанаас зохион байгуулсан, шалгаруулах ажлын хэсэгт хэн, хэн оролцсон”-ыг шалгуулах хүсэлт болон давж заалдах гомдолд дурьдсан “... Унага цэцэрлэгийн ханан дээр зурсан зургийг үнэлүүлэх тухай ... “ гэх хэсэг нь хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай чухал ач холбогдолтой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

              Эдгээр нь “Унага” цэцэрлэгийн ханын зургийг зуруулахад гаргасан зардлын тооцоо болон “Сайн-Амгалан” ХХК-иас принтер авахад нөлөөлсөн үйлдэл холбогдол, тэдгээрийг нотлох болон үгүйсгэх талын нотлох баримт огтхон ч биш юм.

              Түүнчлэн шүүгчийн захирамжинд дээрх хэргийг ямар үндэслэлээр прокурорт буцаасан талаар эрх зүйн дүгнэлт хийгдээгүй, шүүхийн шийдвэр нь ойлгомжтой, тодорхой, эргэлзээгүй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

              Прокурор 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр яллагдагч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1-д зааснаар гэж ял өөрчлөн сонсгож танилцуулсан тогтоолдоо хуулийн зүйл, заалт хэсгийг гараар засварласан, хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 гэж хуулийн зүйл, заалт, хэсгийг бичсэн яллах дүгнэлтийг хавсаргасан атлаа яллагдагч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 гэж хуулийн зүйл, заалт, хэсгийг зөрүүтэй бичсэн яллах дүгнэлт гардуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

 

              Мөн яллагдагч нарт яллах дүгнэлт гардуулсан өдөр нь тодорхойгүй байх ба эдгээр нөхцөл байдлуудыг яллах дүгнэлтэд гарсан техникийн шинжтэй алдаа гэж үзэх боломжгүй юм.

 

              Яллагдагчийн өмгөөлөгч Т.Э нь давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “ ... тогтоолтой танилцахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэж бичигдсэн байсан, гараар засварлаж бичээгүй байсан ... О-д гардуулсан яллах дүгнэлт хэрэгт байгаа яллах дүгнэлтэд хуулийн заалт хоёр өөрөөр бичигдсэн байсан ... ” гэсэн тайлбар гаргасан болно.

             

Үүнээс үзэхэд яллагдагчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1–1.6 дахь хэсгүүдэд заасан аль гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгосон нь тодорхойгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1-д заасан  “Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй” гэснийг зөрчсөн байна.

 

              Харин шүүгчийн захирамжийн удирдлага болгох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг баримталсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх ба давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг буюу “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэсэн заалтыг  шүүгчийн захирамжийн удирдлага болгох хэсэгт нэмж, зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

              Иймд яллагдагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурьдсан “ ...  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгох байсан гэж үзэж байна ... яллах дүгнэлтийг хуульд зааснаар үйлдээгүй ... ” гэсэн хэсэг, мөн дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурьдсан “ ... прокурорын яллах дүгнэлтэнд гарсан үг, үсэг, тоо тооцооны зэрэг техникийн шинжтэй алдаа гэж дүгнэн техникийн шинжтэй алдааг засуулахаар хэргийг прокурорт буцаасан нь шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна ... ” гэсэн хэсгийг тус тус хүлээн авч, бусад хэсгүүдийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ..

 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 306 дугаар захирамжийн удирдлага хэсэгт “... 33.3 дугаар зүйлийн 1.2 ...” гэсний дараа “... 33.3 дугаар зүйлийн 1.3 ... ” гэж нэмж,

 

захирамжлах хэсгийн 1 дэх заалтын “Яллагдагч Б.О-н өмгөөлөгч Т.Э-н 2018 оны тендер зохион байгуулах ажиллагааг хаанаас зохион байгуулсан, шалгаруулах ажлын хэсэгт хэн, хэн оролцсон, “Сайн-Амгалан” ХХК-аас “Унага” цэцэрлэгийн явуулж байсан албан тоотыг гаргуулах, Унага цэцэрлэгийн хана дээр зурсан зургийг үнэлүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг

“Яллагдагчийн өмгөөлөгч Т.Э-н гаргасан “Сайн Амгалан” ХХК-иас “Унага“ цэцэрлэгийн явуулж байсан “Дэмжлэг үзүүлэх тухай” албан бичгийг гаргуулах тухай хүсэлтийг хүлээн авч, 2018 оны тендер зохион байгуулах ажиллагааг хаанаас зохион байгуулсан, шалгаруулах ажлын хэсэгт хэн, хэн оролцсон, “Унага” цэцэрлэгийн хана дээр зурсан зургийг үнэлүүлэх тухай” хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

захирамжлах хэсгийн 2 дахь заалтын “Яллагдагч Б.О, Б.А нарт холбогдох эрүүгийн хэргийн яллах дүгнэлтэд гарсан техникийн шинжтэй алдааг засуулж дахин яллах дүгнэлт гардуулахаар прокурорт буцаасугай” гэснийг

“Яллагдагч Б.О, Б.А нарт холбогдох хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр Прокурорт буцаасугай” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

              2.Яллагдагч Б.О, түүний өмгөөлөгч Т.Э нарын давж заалдах гомдолд дурьдсан “ ...  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгох байсан ... яллах дүгнэлтийг хуульд зааснаар үйлдээгүй ... ” гэсэн хэсэг, дээд шатны прокурор Л.Б-н эсэргүүцэлд дурьдсан “ ... прокурорын яллах дүгнэлтэнд гарсан үг, үсэг, тоо тооцооны зэрэг техникийн шинжтэй алдаа гэж дүгнэн техникийн шинжтэй алдааг засуулахаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй ...” гэсэн хэсгийг тус тус хүлээн авч, гомдол, эсэргүүцлийн бусад хэсгүүдийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.УРАНЧИМЭГ

          ШҮҮГЧ                                                    Ё.БЯМБАЦЭРЭН

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  З.ХОСБАЯР