| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 106/2024/0394/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/445 |
| Огноо | 2024-05-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ариунзул |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/445
2024 05 30 2024/ШЦТ/445
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: В.Цэвэлмаа,
Улсын яллагч: Г.Ариунзул /томилолтоор/,
Хохирогч: ***,
Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Ц.Батмэнд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305041600376 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,
Шүүгдэгч *** нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Лазер” нэртэй баарны гадаа хохирогч ***тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь пивоны шилээр цохиж биеийн эрүүл мэндэд зүүн хөмсөг, доод зовхи, хамрын нуруунд зүсэгдсэн шарх, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч *** шүүх хуралдаанд: “...2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хороололд “Лазар” шөнийн цэнгээний гадаа бөөлжиж байхад цуг явсан манай найз ***ийн найзтай маргалдаж байхаар нь би дундуур орж салгахад *** шилээр намайг цохисон. Эмчилгээ хийлгээгүй оёдол хийлгэж, сорвины тос түрхэж байгаа. Ээлжээр 20 хоног ажиллаад 10 хоног амардаг өдрийн 100.000 төгрөгийн ажил хийдэг байсан. Энэ асуудлаас болоод ажилдаа яваагүй үеийн цалин 2.000.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байна” гэв.
Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай найз *** үл таних 2 эмэгтэйтэй муудалцаад эхэлсэн. Тэгсэн манай найзыг нөгөө 2 эмэгтэй толгой түрүүгүй цохиод байсан. Тэгээд би тэд нарыг салгаад болиулсан, тэгсэн нөгөө 2 эмэгтэй манай найз руу дайраад байхаар нь манай найз *** нэгийг нь хойш нь түлхсэн чинь уначихсан тэгээд босож ирэнгүүтээ гүйж яваад цаанаас 4, 5 залуу дагуулаад ирсэн. Тэгээд нөгөө залуучууд нь бид хоёр дээр ирээд маргалдаж байтал тэр дундаас нэг эмэгтэй нь шууд миний зүүн талын нүд рүү цохих шиг болсон, миний зүүн нүдний дээд зовхи болон хацар зүсэгдэж гэмтсэн, би гомдолтой байна, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/,
Гэрч Д.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг зодох гээд байхаар нь би зугтаагаад яваад өгсөн. Тэгээд би зугтааж хол очиж байгаад Төгөлдөр рүү видео каллаар залгасан чинь Төгөлдөр “намайг шилээр цохичихлоо” гээд нүүр нь нил цус болчихсон байсан. Тэгээд би Төгөлдөр дээр яваад очиход цагдаа нар ирчихсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 31-32/,
Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** 2 залуутай маргалдаад зогсож байсан. Тэгээд би яваад очсон чинь нэг залуу нь “миний нуруун дээр дараад өг” гэж хэлсэн. ...би тэр залуутай маргалдсан, нэг мэдсэн чинь надтай хэрэлдсэн залуутай хамт байсан залуугийн нүүрнээс цус гараад нил цус болчихсон байсан. Тэгж байтал цагдаа нар хүрээд ирсэн, намайг цохисон залуу зугтаагаад яваад өгсөн байсан. ***ийг цагдаа нар аваад явсан. Би бол ***ийг яг цохиж байхыг хараагүй, дараа нь өөрөөс нь тэр залууг цохисон гэдгийг сонссон.” гэсэн мэдүүлэг /хх-н 35-36/,
Шинжээчийн 13879 тоот дүгнэлтэд: “...***ийн биед зүүн хөмсөг, доод зовхи, хамрын нуруунд зүсэгдсэн шарх, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэжээ /хх-н 39-40/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 8/, дуудлагын лавлагааны хуудас /хх-н 9/, илтгэх хуудас /хх-н 10/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 14-15/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 57-103, 115-118/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Лазер” нэртэй баарны гадаа хохирогч ***тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь пивоны шилээр цохиж биеийн эрүүл мэндэд зүүн хөмсөг, доод зовхи, хамрын нуруунд зүсэгдсэн шарх, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч Д.***, *** нарын мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***ийн нүүрэн тус газар пивоны шилээр цохиж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч *** нь хохирогч ***ийн нүүрэн тус газар пивоны шилээр цохисон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ийн эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Хохирогч *** нь шүүгдэгчээс ажилгүй байсан үеийн цалин 2.000.000 төгрөг, цаашид эмчилгээ хийлгэх төлбөр нэхэмжилсэн.
Хохирогч шүүхэд нийгмийн даатгал төлсөн талаарх тодорхойлолтыг гаргаж өгсөн ба хохирогч нь дээрх гэмтлийн улмаас ажилгүй байсан тул ажилгүй байсан үеийн цалин 1.600.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч ***т олгохоор шийдвэрлэв.
Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд заасны дагуу хөнгөн хохирол нь хоёрдугаар зэрэглэлд хамаарах ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгийг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгч болон хохирогч түүний өмгөөлөгч нар нь хүлээн зөвшөөрсөн ба сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу заавал шинжээч томилох шаардлагагүй болно.
Хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэх хохирол нэхэмжилсэн ба яг хэдэн төгрөгийн хохирол гарах нь тодорхойгүй тул нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгч нь хохирогчид 400.000 төгрөг төлсөн болохыг дурдав.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгчийн өмгөөлөгч торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн ялын дүгнэлт тус тус гаргасан болохыг дурдав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолтой, хохирогчийн хохирлыг барагдуулаагүй зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналаас доогуур буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгчид торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.
Шүүгдэгчийн хувийн байдал буюу удаа дараа ял шийтгүүлсэн, хохирогчийн хохирлыг барагдуулаагүй, хохирогч гомдолтой, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн нүүрэн тус газар шилээр цохисон зэргийг харгалзан түүнд торгуулийн ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР