Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/436

 

 

 

 

 

 

     2024         05          28                                     2024/ШЦТ/436

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Пүрэвдулам,

Улсын яллагч: Б.Тэгшбаяр /томилолтоор/,

Хохирогч: ***,

Шүүгдэгч: ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000000339 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч ***нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “АРТ” пабын гадаа иргэн ***гийн нүүрэн тус газарт 1 удаа санаатайгаар гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь “зүүн дээд үүдэн 1-р шүдний эмтрэл гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй байна” гэв.

Хохирогч *** шүүх хуралдаанд: “...Тухайн өдөр намайг ажлаасаа гарч явж байхад *** намайг дуудаад “Арт” гэх пабад очиход ***тай сууж байсан. *** болон *** нар хоорондоо хувийн асуудалтай байгаа юм шиг байсан. Тэгээд сууж байснаа *** намайг явъя гээд машин руугаа явж байсан чинь *** нэг найзыгаа дуудсан байсан. Найзыгаа ирсний дараа намайг цохисон. Тухайн үедээ хохирол нэхэмжилж эмчилгээ хийлгэх гэж байгаа талаар *** руу мессеж бичихэд *** эмчилгээний зардал өндөр байгаа тул цагдаа шүүхийн байгууллагаар асуудлаа шийдвэрлэнэ гэж хэлсэн. Хосхүү гэсэн эмнэлэгт 3.500.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэхээр болсон. Сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгаа” гэв.

Хохирогч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний бие өөрийн найз болон *** орой 22 цаг болж байхад над руу залгаад жоохон архи уусан байна ирээд аваач гэхээр нь би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “АРТ” гэх нэртэй паб дээр очсон. Намайг очиход найз маань өөрийнхөө хадам дүү нь болох Түвшин гээд залуу болох өөр нэг найз нь болох *** нар хамт байсан. Ингээд би тухайн газарт ороод удаагүй байхад тухайн газар нь хаахаар болоод бид нар гадаа гарсан. Найзтайгаа хамт байсан *** гэх залуу мөн нэг найзаа дуудсан байсан бөгөөд тэр нь ирээд тэр хэд юм яриад байсан. Би тухайн үед нь машиндаа ороод зам дээр гарч машинаа тавиад нөгөө хэд дээр очиж найзаа авах гээд буусан чинь ямар нэг зүйл хэлж хэрүүл маргаан болоогүй байхад л шууд миний ам хэсэгт нэг удаа гараараа цохисон ба энэ үед хамраас бага зэрэг цус гараад байсан бөгөөд би цусаа өөрт байсан салфетка байснаараа арчаад нөгөө хэд дотор орж дотор байхад маргаан болсон гээд камер шүүхээр орсон юм. Ингээд би хамт ороод камерын бичлэг үзэх гэтэл үзүүлэхгүй гэхээр нь гадаа гарцгаасан. Би гадаа гараад шүд хөндүүрлээд байхаар нь гараараа шүдээ тэмтэрсэн чинь миний үүдэн дээд нэг шүд хугарсан байдалтай аманд ороод ирсэн. Би шүдээ хараад шүд хугарсан байна гээд хэлсэн чинь нөгөө *** гэх залуу болон тэнд байсан хэд ер нь тоохгүй байсан. Ингээд *** явах гэтэл *** явуулахгүй гээд нөгөө залуугаа зуураад байсан бөгөөд цагдаагийн хүмүүс ирэхээс өмнө *** гэх бас *** нар хамт алга болсон. Тэр хэд дотор байхдаа хүнтэй маргаан хийсэн гээд яриад байсан бөгөөд зүгээр найзыгаа аваад явах гэтэл намайг ямар нэгэн үг ч хэлээгүй шууд нэг удаа гараараа цохисон. Би хэн нэгэн хүнд гар хүрсэн зүйл огт байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 6-8/,

Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 29-ний 23 цагийн орчимд *** намайг дуудсан. Учир нь орой болсон уусан байна, ирээд авчих, боломж байна уу гэж надаас асуусан. Би яваад очиход *** нь ***, *** хоёртой маргалдаад байсан. Би тухайн хоёр хүнээс салгах гээд байж байхад *** нь “АРТ” пабад асуудалтай байна. Би асуудлаа шийдье гэж хэлээд дагаад ороход тухайн пабын зөөгч нь манай газар хаах гэж байна, манайхтай та нар ямар нэгэн асуудал байхгүй, та нар гарна уу гэж хэлсэн. Бид нар тухайн АРТ пабнаас гараад байж байхад ***, ***, *** хоёртой маргалдаад байсан. Гэтэл *** ***гийн нүүр хэсэг рүү 1 удаа цохисон. Би тухайн үйл явдлыг харсан 1 удаа нүүр хэсэг рүү гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/,

Гэрч А.***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “АРТ” пабад 17 цагийн үед ***ын хамт уугаад сууж байсан. Бид хоёр тухайн өдрийн 21 цагийн үед гарах гэж байсан. Манай найз *** нь надтай уулзахаар ирсэн. Учир нь ойр зуурын юм ярихаар ирсэн байсан. Тухайн үед *** мөн адил нэг найзыгаа дуудсан байсан бөгөөд тухайн найз нь ирсэн. Бид хоёр салж явах гээд байж байхад *** намайг авахаар машин дотор хүлээж сууж байхад *** ***г дуудаж гаргаж ирээд “чи муу манай найз ирээгүй байхад дээрэлхэх гээд байсан уу, одоо манай найз ирчихлээ яах юм” гэж хэлээд нүүр рүү нь нэг удаа цохисон. Би аль гараараа цохисныг мэдэхгүй байна. Тухайн үед ***тэй хамт явж байсан найз нь салгасан. Гэтэл манай найз зөв зүгээр байж байгаад ***д цохиулсан. ...намайг найзыгаа дуудаж өөрийгөө айлгах гэж байсан гэж бодож байх шиг байсан. Тэгээд ***г манай найз ирчихлээ одоо чи яах юм гэж хэлээд ***г нэг удаа цохисон. Тэр хоёр дахиж бие биедээ гар хүрсэн зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 16/,

Шинжээчийн 3284 тоот дүгнэлтэд: “...***гийн биед зүүн дээд үүдэн 1-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх-н 23-24/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-н 27-32/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 33-36/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 55-66/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч ***нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “АРТ” пабын гадаа иргэн ***гийн нүүрэн тус газарт 1 удаа санаатайгаар гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь “зүүн дээд үүдэн 1-р шүдний эмтрэл гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч ***, А.*** нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ***нь хохирогч ***тай маргалдаж түүний нүүрэн тус газарт цохиж, зодсон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ***нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч нь шүүх хуралдаанд эмчилгээ хийлгэх 3.500.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 2.000.000 төгрөг тус тус нэхэмжилсэн.

Хохирогчийн эмчилгээ хийлгэх 3.500.000 төгрөг нэхэмжилсэн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй, мөн шүүхэд гаргаж өгөөгүй ба яг хэдэн төгрөгийн зардал гаргах эсэх нь тодорхойгүй байх тул дээрх нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд хохирогч нь дээрх гэмтлийн улмаас цаашид эмчилгээ хийлгэх болон хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа жич бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд заасны дагуу хөнгөн хохирол нь хоёрдугаар зэрэглэлд хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгийг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгч болон хохирогч хүлээн зөвшөөрсөн ба сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу заавал шинжээч томилох шаардлагагүй болно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Э.***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.***ыг 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.***аас хохирогчийн сэтгэл санааны хохиролд 3.300.000 төгрөг гаргуулж хохирогч ***д олгосугай.
  6. Хохирогч *** нь хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР