| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2021/00364/и |
| Дугаар | 181/ШШ2021/00867 |
| Огноо | 2021-05-10 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 181/ШШ2021/00867
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэгт бүртгэлтэй ч, Баянзүрх дүүрэгт байрлах, “Б ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, “Э Э к б ” ХХК -д холбогдох,
Гэрээний үүрэгт 83.037.452 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагчийг төлөөлж гүйцэтгэх захирал Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “Э Э к б ” ХХК-ийн захирал Т.Б нь “Б ” ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгаланд байрлах 2.545 мкв талбайтай агуулахын зориулалттай байрыг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн түрээсийн гэрээ байгуулж түрээсэлсэн. Түрээсийн гэрээний төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээгээр сард 10 сая төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцсон ч мөн төлөөгүй болно. Гэтэл Т.Б нь түрээсийн гэрээ болон эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, түрээслэгч “Б ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосоор байна. Хамгийн сүүлд 2019 оны 10 дугаар сарын 01-нд тооцоо нийлсэн акт хийж, нийт 83.037.452 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж гарсан. Иймд “Э Э к б ” ХХК-аас түрээсийн төлбөрт 83.037.452 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч үүнээс хойш төлбөр төлсөн гэж байгаа ч баримтгүй. Түүний нэхэмжлэгч байгууллагын захирлын ээжийн дансаар шилжүүлсэн гэх 3.787.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул хасахад татгалзахгүй. Харин төлбөрт тооцон онгоцны тийз авч өгсөн, хасуулах гэснийг зөвшөөрөхгүй. Нэг удаагийн онгоцны тийз захиалгын мөнгийг төлбөрөөс өмнө нь суутгасан байсан болно гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Манай компани “Б ” ХХК-ийн үйлдвэрийн байрыг анх 2006 оноос 2019 он хүртэл түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан. 2016 оноос манай компанийн үйлдвэрийн үйл ажиллагаа доголдож, алдагдалтай ажилласаар 2019 оноос үйл ажиллагаа бүрэн зогссон. Үйлдвэрийн байрны түрээсийн төлбөрөө төлж чадахгүй болсноос үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэх болсон. Ковид-19 цар тахлын улмаас үйлдвэрийг дахин сэргээх боломжгүй болоод өнөөдрийг хүрлээ. Түрээсээ төлж чадахгүй болоод гарсан. Эвлэрлийн гэрээ хийж хамгийн сүүлд тооцоо хийснээс хойш 8 сая гаруй төгрөг төлснийг хасаагүй байна. Үүнээс хойш нэхэмжлэгч “Б ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал С.Б сайханы гэр бүлийн хүн буюу одоогийн захирлын ээж Н.Энхжаргалын Хаан банкны 5029302152 тоот дансаар 2019 оны 10 дугаар сарын 04-нд 2.000.000 сая төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 09-нд 700.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 10-нд 590.000 төгрөг манай нягтлангийн данснаас шилжүүлсэн. Мөн 2019 оны 12 дугаар сарын 12-нд 1.376.800 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 13-нд 1.260.400 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 31-нд 1.660.600 төгрөг тус тус төлсөн болно. Сүүлийн гурван удаагийн мөнгийг бэлнээр өгөөгүй. Харин бэлэн бусаар буюу онгоцны тийзний үнийг манайх тэдний өмнөөс бусдад төлсөн болно. Иймд төлсөн мөнгийг хасч нэхэмжлэлээс 74.500.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч “Б ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Э Э к б ” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 83.037.452 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 74.500.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргав.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэг талаас “Б ” ХХК, нөгөө талаас “Э Э к б ” ХХК нар 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, Түрээслүүлэгч Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо Амгаланд байрлах 2.545 мкв агуулахын талбайг ажлын байрны зориулалтаар түрээслэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нэг сард 12.725.000 төгрөгийн хөлс төлөхөөр тус тус тохиролцон гэрээ байгуулжээ. Дээрх гэрээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангасан, мөн зүйлийн 318.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна. /хх 10-12/
Түүнчлэн түрээслэгч нийт 115.855.467 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр “Эвлэрлийн гэрээ”-г, мөн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэл 83.037.452 төгрөг болохыг баталгаажуулж 2019 оны 10 дугаар сарын 01-нд тооцоо нийлсэн баримт тус тус үйлджээ. /хх 5-6, 15/
Зохигчид гэрээ байгуулсан, түрээслэгч гэрээний зүйлийг ашигласан, төлбөрийн үлдэгдэл 83.037.452 төгрөг байсан үйл баримтад маргаагүй болно.
Харин дээрх тооцоо нийлсэн акт үйлдсэн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш бэлэн болон бэлэн бусаар төлсөн 7.687.800 төгрөгийг төлбөрөөс хасаагүй гэж хариуцагч татгалзлын үндэслэлээ тайлбарлав. Нэхэмжлэгч тал шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч байгууллагын хамаарал бүхий хүн болох н.Энхжаргалын дансаар төлсөн 3.787.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бэлэн бусаар онгоцны тийзийн төлбөр төлсөн гэх мөнгийг эс зөвшөөрч байна.
Хариуцагч тооцоо нийлсэн хугацаанаас хойш төлбөр төлсөн, нэхэмжлэгч компани болон түүний хамаарал бүхий этгээдийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд төлбөр төлсөн болохоо баримтаар нотлоогүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Иймд нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн 3.787.000 төгрөгийг хасч үлдэх 79.250.452 /83.037.452-3.787.000/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар “Э Э к б ” ХХК-иас 79.250.452 /Далан есөн сая хоёр зуун тавин мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөг гаргуулж, “Б ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.787.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 573.138 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 554.202 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШЗ2021/02583 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болсныг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ