Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2021/00879

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэгт байрлах, “Г ” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт оршин суух, Б овогт Х-ийн С -д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 908.653 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк Х.С тэй 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ЗГ/280695506 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулсан. Гэрээгээр 500.000 төгрөгийн эрхтэй кредит картыг 24 сарын хугацаатай олгож бэлэн гүйлгээнд сарын 3,5 хувийн хүү, бэлэн бус гүйлгээнд сарын 2 хувийн хүү, нэг жилийн хураамж 35.000 төгрөг, эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2 хувь, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь байхаар тохиролцсон. Хариуцагч 2017 оны 9 дүгээр сарын 15-нд 35.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 26-нд 53.700 төгрөг төлсөн. Хамгийн сүүлд 2018 оны 4 дүгээр сарын 27-нд төлөлт хийснээс хойш төлөлт хийгээгүй гэрээний хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр дууссан. Х.С  зээл төлөх үүргээ зөрчин банкийг хохироосоор байна. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн төлбөр 614.020 төгрөг, үүнээс 79.834 төгрөг төлсөн, үлдэгдэл 534.185 төгрөг байна. Хүү 322.324 төгрөг, үүнээс 97.553 төгрөг төлсөн, үлдэгдэл 224.770 төгрөг байна. Хугацаа хэтрүүлсний хүү 100.547 төгрөг, үүнээс 6.719 төгрөг төлсөн, үлдэгдэл 93.828 төгрөг байна. Эрх хэтрүүлсний хүү 60.462 төгрөг, үүнээс 4.592 төгрөг төлсөн, үлдэгдэл 55.869 төгрөг байна. Нийт 1.097.353 төгрөг, үүнээс 188.700 төгрөгийг хасч үлдэгдэл 908.653 төгрөг байна. Иймд гэрээний үүрэгт 908.653 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байна.  

Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “Г ” ХХК хариуцагч Х.С т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 908.653 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Х.С  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн хувийг 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр гардан авч, 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй. Түүнчлэн өнөөдрийн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргүүлснийг 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан  байх боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Тус шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШЗ2021/04034 дүгээр шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан түүний “шүүх хуралдаанд оролцох”, “хэргийн материалтай танилцах” эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж байжээ. Иймд нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

            Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэг талаас “Г ” ХХК, нөгөө талаас Х.С  нар 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр харилцан тохиролцож, Зээлдүүлэгч 500.000 төгрөгийн эрхтэй кредит картыг ашиглуулан гүйлгээ хийх замаар мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, Зээлдэгч  бэлэн гүйлгээнд сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээнд сарын 2 хувийн хүүтэйгээр сар бүрийн эхний долоо хоногт өмнөх сарын зарцуулсан хүү шимтгэлийн хамт эргүүлэн төлөхөөр тус тус тохиролцож хоёр жилийн хугацаатай ЗГ/280695506 тоот гэрээг байгуулжээ. /хх 6, 37-41/

Зохигчдын хоорондох дээрх гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

Хэрэгт авагдсан дансны хуулгаас үзвэл зээлдэгч 2017 оны 9 дүгээр сарын 08-нд бэлнээр 320.000 төгрөг, бэлэн бусаар 143.620 төгрөг, мөн 2017 он 9 дүгээр сарын 15-нд бэлнээр 30.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 29-нд бэлнээр 50.000 төгрөг, нийтдээ гэрээний хугацаанд 543.620 төгрөгийг авсан, харин 2017 оны 9 дүгээр сарын 15-нд 35.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 26-нд 53.700 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 27-нд 100.000 төгрөг, нийт 188.700 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.  /хх 7-8, 35-36/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд банк мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч уг мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан бол хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээхээр зохицуулсан, хэрэгт авагдсан дансны хуулгаар банк мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн нь тогтоогдсон тул тэрээр буцаан төлөхийг шаардах эрхтэй.   

Гэрээгээр хүүг “бэлнээр сарын 3,5 хувь, бэлэн бусаар сарын 2 хувь” байхаар тохиролцсон тул хариуцагчийн шилжүүлэн авсан мөнгөн дүнг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хүү тооцвол 236.775 төгрөг / (320.000+30.000+50.000=400.000 төгрөг *сарын 3,5%= 198.103 төгрөг) + (143.620 төгрөг *сарын 2%=38.672 төгрөг) /  төлөх үүрэгтэй.

Зохигчдын хоорондох гэрээний 3.5-д “зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлсэн дүнд зээлийн эрх нэмэгдүүлсэн хүүг сарын 2 хувиар тооцно” гэж, мөн 3.6-д “төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг сарын 1 хувиар тооцно” гэж заажээ. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар гэрээг үгийн шууд утгаар тайлбарлах тул Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “хугацаандаа төлөөгүй бол үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. ...зээлд анз хэрэглэхгүй” гэж заасан хуулийн зохицуулалтай  гэрээний заалт нийцээгүй гэж дүгнэв. Иймд нэхэмжлэгч эрх хэтрүүлсний болон хугацаа хэтрүүлсний “нэмэгдүүлсэн хүү” тус тус шаардах эрхгүй.

Түүнчлэн гэрээнд “нэг жилийн хураамж 35.000 төгрөг, бэлэн мөнгө авахад шимтгэл Голомт банкны АТМ-с 100 төгрөг, Голомт банкны салбар тооцооны төвөөс 200 төгрөг, харин бусад банкны АТМ-с шимтгэл 100+500 төгрөг байх”-аар тус тус тохиролцжээ. Нэхэмжлэгч зээлдэгчийн авсан зээлд хураамж 70.000 /35.000*2жил/ төгрөг, дөрвөн удаагийн шимтгэл 500 төгрөг, нийт 70.500 төгрөгийг үндсэн зээлд нэмж тооцон улмаар түүнд хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцон нэхэмжилсэн нь хуулийн дээрх зохицуулалтуудтай нийцээгүй байна. Иймд хураамж, шимтгэлд тооцсон хүүг хасах нь зүйтэй.

Дээрхийг нэгтгээд хариуцагчаас нийт 662.195 төгрөг / (бэлэн 400.000 төгрөг + түүний хүү 198.103 төгрөг + бэлэн бус 143.620 төгрөг +түүний хүү 38.972 төгрөг + хураамж, шимтгэл 70.500 төгрөг ) = 850.895 төгрөг –  төлсөн 188.700 төгрөг / гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Х.С ээс 662.195  /зургаан зуун жаран хоёр мянга нэг зуун ерэн таван/ төгрөг гаргуулж, “Г ” ХХК-д олгож, үлдэх 246.458 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26.358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 20.442 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     О.ОДГЭРЭЛ