| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 106/2024/0427/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/480 |
| Огноо | 2024-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Хонгорзул |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/480
2024 06 11 2024/ШЦТ/480
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: С.Пүрэвдулам,
Улсын яллагч: Д.Хонгорзул,
Хохирогч: ***, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,
Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000000697 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,
Шүүгдэгч *** нь 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Болор” гэх нэртэй зочид буудлын орчимд хохирогч ***тэй “дүүгээс утас аваад мөнгийг нь өгөхгүй байна” гэсэн шалтгаанаар маргалдан улмаар түүний толгой, нүүр, гэдэс рүү нь хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр зодон эрүүл мэндэд нь зүүн зулайн хуйх, доод уруулд язарсан шарх, баруун чамархай, шанаанд зулгаралт, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч *** шүүх хуралдаанд: “...*** гэдэг найз намайг 21 цаг өнгөрч байхад дуудсан. Би найздаа Нүдээ буюу ***ыг битгий дуудаарай гэж хэлсэн боловч манай найз ***ыг дуудсан байсан. *** орой 22 цаг өнгөрч байхад хүрч ирсэн. Караокед орсноо санаж байна, өөр зүйл санахгүй байна. *** чи манай дүүг хулхидлаа гээд байсан, би цалин буугаагүй чи мэдэж байгаа биз дээ гэсэн. Бид хоёр зодолдоод би доор нь орж зодуулсан. 2 сар гаран хэвтэрт байсан. Мөнгөгүй тул эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа. 2-3 сая төгрөг нэхэмжилж байна” гэв.
Хохирогч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2024 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хамт ажилладаг ***ын Дархан-Уул аймагт байдаг дүүгээс нь /нэрийг санахгүй байна/ Айфоне 12 загварын гар утсыг 1.400.000 төгрөгөөр авахаар, мөнгийг нь цалин буухаар өгөхөөр ярилцан тохиролцсон. Уг гар утас 09-ний өдөр Дархан-Уул аймгаас замын унагаар ирсэн. Миний цалин буухгүй хэсэг хугацаа өнгөрсөн. Тэгсэн чинь 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр намайг гэртээ байхад найз *** Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах буудалд байна, хүрээд ир гэхээр нь 21 цагийн орчимд очсон чинь *** ганцаараа архи уугаад тасарсан унтаж байсан. Би сэрээгээд яасан юу болов гээд ойр зуурын юм яриад сууж байтал *** гэр рүүгээ явлаа гэж хэлээд явсан. Манай гэр хол болохоор би энд хоноод өглөө нь явна гэж бодсон. *** буудлын мөнгийг төлсөн гэж хэлсэн. Тэгээд буудалд байж байхад *** утсаар залгаад хаана байна гэхээр нь би гэртээ байна гэж хэлэхэд *** битгий худлаа яриад бай чи буудалд байгаа биз дээ гэхээр нь би тиймээ гэж хэлсэн. Удалгүй *** ганцаараа 23 цагийн орчимд ирсэн. Бид хоёр буудлаас гараад хажуу талынх нь караокед ороод “Нийслэл” нэртэй пиво 4 шилийг авч ууж байгаад гарсан чинь *** караокены гадаа “чи миний дүүг хулхидаж гар утас авсан байна, мөнгийг нь өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “одоо надад бэлэн мөнгө алга байна, мөнгийг нь өгөхгүй би өгнө шүү дээ, цалин буухгүй байгааг чи өөрөө мэдэж байгаа шүү дээ” гэхэд *** уурлаад газраас чулуу аваад миний толгойны ар дагз руу нэг удаа цохихоор нь би доошоо бөхийтөл үргэлжлүүлээд толгой, нүүр, гэдэс рүү гар болон хөлөөрөө өшиглөж цохисон. Би цохиулж байхдаа биеэ хамгаалах гэсэн боловч тэр хүнийг дийлэхгүй байсан. Би *** аа больё л доо, үхлээ шүү дээ, эхнэр хүүхэд дэрээ амьд очмоор байна” гэж хэлэхэд улам илүү цохиод байсан. Тэгэхээр нь би доороос нь арай хийж босож зугтаагаад гэр рүүгээ харьсан....” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагийн орчимд намайг гэртээ байхад миний ээжийн төрсөн дүү *** ах гэрт орж ирээд гал түлээд өг гэж дуудуулсан. ...*** ахын баруун нүд нь нээгдэхгүй, хөхөрч хавдсан, толгойн орой хэсэг дээрээ хагарсан, хавирга нь хөндүүрлэсэн байдалтай орон дээрээ хэвтэж байсан. Би “...яасан юм бэ, ахаа хэнд ийм болтол оо зодуулчихсан юм бэ” гэж асуухад *** ах хамт ажилладаг Нүдээ намайг ийм болтол зодчихлоо гэж хэлсэн. *** гэдэг хүнийг ах Нүдээ гэж дууддаг. Би тэгэхээр нь та тэгээд цагдаад хэлсэн юм уу гэхэд үгүй хэлээгүй байгаа гэхээр нь миний уур хүрээд өөрийнхөө 85125924 дугаараар 102 руу залгаж “Манай ах зодуулсан байдалтай гэртээ ирсэн” гэж дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 22/,
Гэрч Э.***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...маргааш өглөө нь *** ***т зодуулчихлаа гээд миний утас руу зодуулсан зургаа явуулсан. ...Нүдээ буюу *** надтай цуг амьдардаг. Би гэртээ харихад *** гэрт байсан. Би ***т хандаж нөгөө хоёр буудалд байгаа хоёулаа очиж ганц нэг юм уух уу, гэж хэлээд байж байтал гаднаас манай эхнэр ороод ирсэн. ...намайг унтсан хойно *** гараад явсан юм байна лээ” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/,
Шинжээчийн 5120 тоот дүгнэлтэд: “...***гийн биед зулайн хуйх, доод уруулд язарсан шарх, баруун чамархай, шанаанд зулгаралт, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх, механизмаар үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна” гэсэн мэдүүлэг /хх-н 33-34/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, дуудлагын лавлагааны хуудас /хх-н 6/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 7-10/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 48-60, 62-66/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Болор” гэх нэртэй зочид буудлын орчимд хохирогч ***тэй “дүүгээс утас аваад мөнгийг нь өгөхгүй байна” гэсэн шалтгаанаар маргалдан улмаар түүний толгой, нүүр, гэдэс рүү нь хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр зодон эрүүл мэндэд нь зүүн зулайн хуйх, доод уруулд язарсан шарх, баруун чамархай, шанаанд зулгаралт, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***гийн мэдүүлэг, гэрч ***, Э.*** нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дүүгээс худалдаж авсан гар утасныхаа мөнгийг өгсөнгүй гэх шалтгаанаар хохирогч ***г цохиж, зодон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч *** нь хохирогч ***тай маргалдаж түүний нүүрэн тус газарт цохиж, зодсон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Хохирогч нь шүүх хуралдаанд эмчилгээ хийлгэх 2-3 сая төгрөг шүүгдэгчээс нэхэмжилсэн.
Хохирогчийн эмчилгээ хийлгэх 2-3 сая төгрөгийн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй, мөн шүүхэд гаргаж өгөөгүй ба эмчилгээнд яг хэдэн төгрөгийн зардал гаргах эсэх нь тодорхойгүй байх тул дээрх нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд хохирогч нь дээрх гэмтлийн улмаас цаашид эмчилгээ хийлгэх болон хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа жич бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд заасны дагуу хөнгөн хохирол нь хоёрдугаар зэрэглэлд хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгийг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгч болон хохирогч хүлээн зөвшөөрсөн ба сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу заавал шинжээч томилох шаардлагагүй болно.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Хишигнямд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолтой, хохирол барагдуулаагүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР