Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2021/00913

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэгт оршин суух, Ш овогт Б-ийн Б -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, Э М Я -д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 12.931.535 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж, бичилт хийхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагчийн өмгөөлөгч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Миний бие тус шүүхэд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийг шүүхээс хүлээн авч хэлэлцээд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01161 дүгээр, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/02012 дугаартай шийдвэр тус тус гарсан.

2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01161 дүгээр шийдвэрээр намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Э М Я ны Хөрөнгө оруулалтын хэлтсийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгасан бөгөөд миний нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалинг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойш 3 сарын цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж шийдвэрлэсэн.

Харин 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/02012 дугаартай шийдвэрээр 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны цалинг олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгасан болно. Дээрх шийдвэрүүд гарснаас хойш намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилоогүй байна. Иймд 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 2.629.500 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү. Шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс нэхэмжлэл гаргах 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин 10.320.035 төгрөг, нийт 12.931.535 төгрөг гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгахаар нэхэмжлэл гаргасан. 2018 онд анх шүүх хэргийг шийдвэрлэхдээ 2018 оны 01 дүгээр сарын 11-нийг хүртэлх хугацааг тооцож, үлдэх хэсгийг тооцоогүй дутуу үлдээсэн, шүүхийн хоёр шийдвэрийн дунд хэсэг хугацаа үлдсэн байсан тул энэ шаардлагыг гаргасан болно. Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тушаалаар томилохдоо түр ажилд томилсон байна. Нэхэмжлэгчийг энэ хугацаанд ажилдаа ор хэмээн ажиллуулсан ч цалинг олгоогүй ажиллуулсан, түүнчлэн  бүр ажилд томилоогүй харин түр томилсон тул өмнөх шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй. Иймд 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны олговор гаргуулах шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч өөрийнхөө томилогдсон тушаалыг хэргээс анх олж харсан тул тушаалыг эс зөвшөөрч ажлаас гарах хүсэлтээ захиргаанд өгсөн байгаа. Хариуцагч энэ маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэнэ гэж тайлбарлаж байх боловч өмнөх шүүхийн шийдвэрт гомдол гаргаж байгаагүй, хүчин төгөлдөр болсон. Цалин хөлс гаргуулах маргаан иргэний шүүхийн маргаан тул энэ тайлбар үндэслэлгүй гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж,  Э М Я ны Хөрөнгө оруулалтын хэлтсийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгасан” гэж дурджээ.

Нэхэмжлэлийн үндэслэлээс харахад дээр дурдсан процесс 2018 онд болсон үйл баримт байх бөгөөд тухайн үед 2017 оны Төрийн албаны тухай хууль, 2015 оны захиргааны ерөнхий хууль, 2016 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж байсан. Нэхэмжлэлд дурдсан ажил, албан тушаал Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д заасан төрийн захиргааны албан тушаал тул хуульд заасны дагуу Төрийн албаны зөвлөл болон Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан. Гэтэл маргааныг иргэний шүүх шийдвэрлэсэн нь анхнаасаа үндэслэлгүй байсан. Хэдийгээр тухайн үеийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүргээ хэрэгжүүлээгүй явдалд хариуцагч байгууллага буруутай боловч шүүхийн шийдвэр өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар “хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй. Харьяаллын бус маргааныг иргэний шүүх мэдсээр байж шийдвэрлэх ёсгүй байсан. Үүнээс гадна шинээр батлагдаж, 2019 оноос эхлэн дагаж мөрдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан маргаан хянан шийдвэрлэх журмаар “төрийн жинхэнэ албан хаагчийн цалин хөлстэй холбоотой бусад маргааныг төрийн албаны зөвлөл шийдвэрлэх”-ээр, түүнээс гарсан шийдвэрийг эс зөвшөөрвөл захиргааны хэргийн шүүхэд хандахаар тус тус заасан. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах энэ маргааныг иргэний шүүх бус захиргааны шүүх шийдвэрлэнэ. Шүүхээс удаа дараа харьяаллын бус хэргийг шийдвэрлэж байгааг ойлгохгүй байна.

 

Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар Б.Б-д жирэмсний болон амаржсаны амралтыг олгосноос хойш Засгийн газрын 2018, 2020 оны тогтоолуудаар Э М Я ны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны чиг үүрэгт хэд хэдэн удаа өөрчлөлт орж батлагдсан. Уг өөрчлөлтөөр 2018 оны шүүхийн шийдвэрт дурдагдсан Э М Я ны Хөрөнгө оруулалтын хэлтсийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан албан тушаалын чиг үүрэгт “мэргэжилтэн” биш “ахлах мэргэжилтэн” байх шаардлагыг тавьсан болно. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай” 275 тоот тогтоолын хавсралтад “ахлах мэргэжилтэн албан тушаалын ангиллын ТЗ-8-д багтсан ба харин нэхэмжлэгчийн албан тушаал ТЗ-7-д багтана. Тиймээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гэх тайлбар үндэслэлгүй. Хамгийн сүүлд Э М Я ны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/118 тоот тушаалаар тус яаманд бүтцийн өөрчлөлт хийгдсэн тул 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/135 тоот тушаалаар түүнийг Хөрөнгө оруулалтын хэлтэст  хөрөнгө оруулалтын эдийн засгийн тооцоолол, тайлагнал, бүртгэл, их засварын төлөвлөлт хариуцсан мэргэжилтний ажилд түрээр томилсон болно. Шүүхийн шийдвэрт дурдсан албан тушаал одоо манай байгууллагад байхгүй тул урьд эрхэлж байсан ажилтай дүйцүүлэх байдлаар хамгийн ойр дөт ажилд түр томилсон. Үүний дагуу нэхэмжлэгч мөн өдрөөс хойш өнөөг хүртэл ажлаа гүйцэтгэж байгаа бөгөөд тухай бүрт цалин хөлсийг олгож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Б Э М Я -нд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 12.931.535 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01161 дүгээр шийдвэрээр Б.Б-ыг Э М Я ны Хөрөнгө оруулалтын хэлтсийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт, хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгаж, олговорт 1.770.585 төгрөг гаргуулахаар, мөн тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/02012 дугаар шийдвэрээр Э М Я наас олговорт 9.443.120 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэжээ. /хх 7-14/ Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг 590.195 төгрөг гэж тогтоосон, дээрх шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон болох нь зохигчдын маргаангүй тайлбараар тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй. Иймд шүүх анхнаасаа харьяаллын бус маргааныг шийдвэрлэсэн тухай хариуцагчийн тайлбарт шүүх хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүйг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар  “хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэг”-тэй гэж, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж тус тус заажээ. Нэгэнт ажилтныг эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө хариуцна.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ хэргийн харьяалал зөрчсөн, шинэ хуулиар энэ төрлийн маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхээр заасан гэж тайлбарлаж байна.

Улсын Их хурлаас 2017 онд батлагдаж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчилж буй Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д  “төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцлийн талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ” гэж заажээ. Улмаар Улсын Их хурлын 2019 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх тухай журам”-ын 5.1.8-д “ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, цол, зэрэг дэв олгох, урамшуулах, сургалтад хамруулах асуудалтай холбогдсон маргаан”,  5.1.10-т  “Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргаан”-ыг тус тус Төрийн албаны зөвлөл шийдвэрлэхээр заасан байна. Хариуцагч хууль, журмын дээрх зохицуулалтыг үндэслэл болгон татгалзлаа тайлбарлаж байна.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиар зохицуулна” гэж заасан, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан “олговор” гаргуулах тухай энэ маргаан Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлд заасан “цалин хөлстэй холбоотой бусад маргаан”-д хамаарахгүй тул хэргийн харьяалал зөрчсөн тухай хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хуульд зааснаар шүүх цалин хөлсний маргааныг шийдвэрлээгүй, харин ажилгүй байсан хугацаанд дундаж цалин хөлстэй дүйцүүлэх замаар олговрыг олгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан, хуулийн дээрх зохицуулалтын дагуу шүүх “олговор” шийдвэрлэж байгааг дурдав.

            Нэхэмжлэгч 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны олговорт 2.629.500 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 10.320.035 төгрөг, нийт 12.931.535 төгрөг гаргуулах, тухайн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгахаар шаардаж байна.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байх”-аар, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “эрхээ зөрчигдснийг мэдсэн буюу мэдэх ёстой байснаас хойш гурван сарын дотор гомдлоо гаргах”-аар тус тус зохицуулсан. Нэхэмжлэгч 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны олговор шаардах хуульд заасан хугацааг хэтрүүлснээс гадна хэрэгт авагдсан тус шүүхийн 2018 оны 181/ШШ2018/01161 дүгээр шийдвэрт энэ хугацааны олговрын асуудлыг шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй.

Харин 2019 оны 181/ШШ2019/02012 дугаар шийдвэрээр 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны олговрын асуудлыг шүүх шийдвэрлэсэн байх тул түүнээс хойшхи хугацааны олговрыг шийдвэрлэх нь зүйтэй.

Хэрэгт авагдсан баримтаар Э М Я ны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/135 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Бат-Ундралыг тус байгууллагын Хөрөнгө оруулалтын хэлтэст Хөрөнгө оруулалтын эдийн засгийн тооцоолол, тайлагнал, бүртгэл, их засварын төлөвлөлт, хариуцсан мэргэжилтнээр түр томилжээ. /хх 127-132/

Дээрх тушаалын дагуу нэхэмжлэгч ажиллаж байгаа болох нь зохигчдын хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгч түр ажилд томилсон тул өмнөх шүүхийн шийдвэр биелэгдээгүй, түүнчлэн ажилд орсноос хойшх хугацаанд цалин олгоогүй тул 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны олговор гаргуулна гэж тайлбарлаж байна. Хариуцагч шүүхийн шийдвэрт дурдсан өмнөх албан тушаал тус байгууллагад бүтцийн өөрчлөлтөөр байхгүй болсон, түүнчлэн урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцүүлэх замаар томилсон гэж тайлбарлав.

Нэхэмжлэгчийн зүгээс ажилд эгүүлэн томилсон шийдвэр гарснаас хойшхи үүссэн харилцаатай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Түүнчлэн ажилтныг томилох тухай захиргааны шийдвэр гарснаас хойшхи цаг хугацаанд мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан “олговор” хамаарахгүйг дурдах нь зүйтэй. Хэрэв захиргааны шийдвэр гарснаас хойшхи хугацаанд ажилтанд “цалин хөлс олгоогүй”, түүнчлэн өмнөх шүүхийн шийдвэр биелэгдээгүй, түр ажилд томилсон гэж үзвэл нэхэмжлэгч энэ асуудлаа холбогдох хуульд заасан журмын дагуу жич шийдвэрлүүлэх нь зүйтэйг дурдав.

Иймд шүүх 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс захиргааны шийдвэр гарсан 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх нийт 16 сар 4 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 9.521.812 төгрөг /16 сар* нэг сард 590.195 төгрөг + 4 хоног* нэг хоногт 19.673 төгрөг/ гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Э М Я наас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9.521.812 /есөн сая таван зуун хорин нэгэн мянга найман зуун арван хоёр/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.409.723 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д  зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 167.299 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     О.ОДГЭРЭЛ