| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 106/2024/0461/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/477 |
| Огноо | 2024-06-19 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Д.Батзаяа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/477
2024 06 11 2024/ШЦТ/477
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч М.Далайхүү, шүүгч Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга: С.Пүрэвдулам,
Иргэдийн төлөөлөгч: Ц.Мөнхцэцэг,
Улсын яллагч: Д.Батзаяа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: ***,
Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2405000000267 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Болсон явдалд маш их харамсаж байна. Хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж байна” гэв.
Хохирогчийн төлөөлөгч *** шүүх хуралдаанд: “...би 3 сарын 08-ны өдөр хэрэг болсныг мэдсэн. Их гомдолтой байна. 2.000.000 төгрөг авсан. Хохирол нэхэмжилнэ” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...*** ахыг нас барсан талаар мэдээгүй, цагдаагийн байгууллагаас мэдсэн. *** ах ганцаараа амьдарч байсан. Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-2-н урд “Лапша” үйлдвэрийн урд талд задгай хашаанд амьдарч байсан талаар би мэдэж байсан. Би хамгийн сүүлд 2012 онд уг гэрт нь ирсэн боловч *** ахтай уулзаж чадаагүй. ...2014 онд хөдөөнөөс ирээд *** ахын гарт нь очиж уулзсан. *** ахын гэр хуучиндаа ТЭЦ-2-н урд “Лапша” үйлдвэрийн урд талд задгай хашаанд ганц гэр байсан. *** ах эхнэр, 3 хүүхэдтэй эхнэр, хүүхдээсээ салаад 10 гаран жил болсон. *** ах хамгийн бага охин Гантуяатай л холбоотой байсан байх сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/,
Гэрч ***ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хувиараа хог ачдаг машинаар дуудлагаар хог ачих ажил хийдэг. Залуус хороололд хог ачиж байгаад 6-7 жилийн өмнө *** гэх 55-60 орчим насны хүнтэй танилцаж байсан. Тэрнээс хойш хааяа гэрээс нь очиж аваад хог ачихдаа туслуулдаг байсан. Тэгээд би хоолны мөнгө төгрөгийг нь өгдөг байсан. Өнөөдөр буюу 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хог ачихаар болоод туслах хүн хэрэгтэй болохоор нь ***ийнд 13 цаг 20 минутын үед очоод гэрт нь ороход нас барсан байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 31-32, 37-38/,
Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ***ийг танина. Миний хуучин нөхөр байгаа юм. Урьд нь эхнэр нөхрийн харилцаатай байсан. Салаад 11 жил болж байна. Түүнээс хойш ямар нэгэн харилцаа холбоогүй байсан. *** байнга архи ууж, агсам тавьж зоддог байсан тул би 3 хүүхдээ аваад салсан. ***т ямар нэгэн хууч өвчин надтай хамт байхдаа лав байгаагүй. Харин архи их уудаг хүн байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 34-35/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний бие өнгөрсөн жил буюу 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын хорих 423 дугаар ангид ял эдэлж байгаад суллагдсан. 2024 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Дагва хүрээд ирсэн. Тэр ирэхдээ улаан цүнхтэй ирээд тэр хувцсаа хашаа давуулаад шидсэн бөгөөд өөрөө надад хэлэхдээ би хэд хоногоос ажилд гарна гэж хэлсэн. Би цүнхэнд юу байгаа талаар асуухад хувцас байгаа гэж хэлсэн. Энэ үед траншейнд ***, ***, *** нар байсан. Тэгээд өдөр нь надтай ярьж байгаад урд Ганаа ахынд байсан чинь архи уучхаад намайг хөөсөн гэж хэлж байсан. Тэгээд тухайн өдрөөс хойш *** надтай хамт байсан бөгөөд гарч ороогүй байж байгаад өнөөдөр гадуур гараад нэг шил архи уугаад байж байхад Дагва бид нараас салаад явсан бөгөөд би орой Ариунаатай хамт траншейн дээрээ ирсэн чинь цагдаа нар ***ийг бариад авсан бид нарыг хамт энд авч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 41-42/,
Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын сүүлээр байсан шиг санагдаж байна. /өдрийг нь санахгүй байна/ өглөө архи уугаад өдөр шил лааз түүж тушаагаад ***, *** /***/ нартай хамт 10.000 төгрөг болгоод “Хөөрхөнөөгийн дэлгүүр”-с 0.7 литрийн хэмжээтэй “Гомбоо” гэж нэрлэдэг архи авсан. Тухайн үед өмнө нь огт таарч байгаагүй надаас нилээн ах бор царайтай, улаан хацартай хүн байсан. Архиа уугаад байж байсан чинь тэр ах “манайх ойрхон байдаг манайх руу хамт авъя” гэхэд нь бид 3 баярлаад тэдний гэр рүү явсан. Би согтолттой байсан тул яаж очсоноо сайн санахгүй байна, ямар ч байсан хашаанд ганц гэр байсан. Тэнд очоод бид 4 нийлээд 5 шил архи уусан ба би хэсэг согтоод тасраад унтчихсан байсан. Сэрэхэд *** хутга барьчихсан нөгөө гэрийн эзэн ах руу дайраад тэр ахтай маргалдаад байсан. *** харагдаагүй гараад явчихсан байсан. Тэгээд би больцгоо гэж хэлээд болиулах гэсэн боловч биеэ даахгүй согтуу байсан. *** нөгөө ахыг газарт унасан байхад нь хэд хэдэн удаа элэг рүү нь цохиод авсан. Тэгээд шөнө дунд *** гэрийн эзэн ах бид гурав гараад шил лааз түүгээд дахин гэрт нь очиж архи уусан. Харин *** нөгөө ахыг дахин зодоод эрүү рүү нь цохиод, дахиж хутга бариад байхаар нь би гараад явсан. Тэр хоёр хоёулаа үлдсэн. Тэр шөнөө би 5 шарын шар өнгөтэй байрны орцонд хоносон. Маргааш нь ***тай цехийн орчим таарахад надад ямар нэгэн зүйл яриагүй. Нөгөө ахтай би дахин таараагүй. Тэгээд өнөөдөр цех дээр ус аваад явж байхад цагдаа нар ирээд ***г аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 45-47/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...*** нь миний том хүү байгаа юм. 1983 онд Ховд аймгийн Манхан суманд төрөөд бага насаа мал дээр байж байгаад сумын сургуульд явж байгаад 3 дугаар анги төгсөөд сургуулиасаа гарсан. Түүнээс хойш таарсан ажлаа хийж байгаад ...2011 онд Улаанбаатар хот руу явснаас хойш ийм тэнэмэл амьдралтай болсон. Би хүүгээ архи уудаг талаар нь мэдэхгүй байна. Улаанбаатар очоод архи уудаг болсон байхаа. Ховд аймагт миний хажууд байхдаа архи уудаггүй байсан. Би хүүгээ Улаанбаатар хотод ажил хийгээд сайхан амьдарч байгаа гэж бодсон. Хүү маань надтай хааяа утсаар ярьж грушиг хийж байна, хөдөө ажлаар явлаа гэж л ярьдаг байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 49-50/,
Шинжээчийн 1098 тоот дүгнэлтэд: “...Талийгаачийн цогцост гавал тархи, цээжний хөндийн битүү гэмтэл, тархины баруун, зүүн ховдлын цус харвалт, эдийн няцрал, 2 уушгины гялтан доорх цус хуралт ба эдийн няцрал, баруун уушгины бүрэн бус уналт, баруун, зүүн талын 4-8-р хавиргануудын хугарал, хугарал орчмын булчин, зөөлөн эдийн цус хуралт, ходоодны ар хана, сэмж чацархайн голомтлог цус хуралт, дух, зулайн хуйхны зүсэгдсэн шарх, цээжний зөөлөн эдийн няцрал, дагз, зулай, чамархайн хуйх, булчингийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д, 3.1.12-д тус тус зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач дээрх гавал тархи, цээжний хөндийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачид 2024.03.12-ны өдрийн 10 цаг гадна үзлэг хийхэд нас бараанд 72 цагаас дээш болсон байжээ. Талийгаач O/I/ бүлгийн цустай байна” гэжээ /хх-н 104-111/,
Шинжээчийн 01/607 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн 1, 3, 5 дугаартай 3 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. 2, 4, 6 дугаартай 3 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэж буй 1, 3, 5 дугаартай гарын мөр нь санд MN004810001871, МИ004810000361, МИ000210019619 дугаараар тус тус 3 удаа бүртгэгдсэн Дансалноров овогтой *** баруун гарын чигчийн, зүүн гарын дунд, зүүн гарын чигчийн хурууны дардастай тохирч байна...” гэжээ /хх-н 58-59/,
Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “...Талийгаачид учирсан гавал тархины гэмтэл буюу ховдлын цус харвалт нь ховдол дотор байдаг судасны багц гэмтсэний улмаас цус харвалт үүсдэг. Уг гэмтлийн авсан даруйдаа бөөлжих, татах, тархи хавагнаж комд орж нас бардаг, ихэвчлэн гэмтлийн авсан даруйдаа нас бардаг бөгөөд ховор тохиолдолд хэдэн цагийн дараа нас бардаг. Богино буюу 12 цагийн дотор нас бардаг. Талийгаачид учирсан гадна үзлэг болон дотор эрхтний шинжилгээнд гарсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтүүд байсан. Тархины ховдлын цус харвалт гэмтлүүд нь комд орж богино хугацаанд нас бардаг тул 2024 оны 3 дугаар сарын 02-ны өдөр үүссэн байх боломжтой” гэсэн мэдүүлэг /хх-н 101-102/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 428 тоот дүгнэлтэд: “...*** сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ..урьд нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ...хэрэг хариуцах чадвартай байна. ...гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна. ...үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна” гэжээ /хх-н 125-126/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-9/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 10-13/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 18-19/, Шинжээчийн 1815 тоот дүгнэлт /хх-н 80-81/, шинжээчийн 1095 тоот дүгнэлт /хх-н 86-88/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 157, 159-162/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь 2024 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ТЭЦ-2” цахилгаан станцын урд байрлах “Лапша” нэртэй үйлдвэрийн хашааны буланд тодорхой хаяггүй задгай хашаанд байрлах Монгол гэр дотор иргэн ***ийг хутаг барьж дайрч, баруун гарын чигчий хурууг хатгасан үйлдэлд дургүйцэж, улмаар түүнийг зодож алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч ***, ***, ***, ***, *** нарын мэдүүлэг, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч эмчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч ***тэй маргалдаж улмаар түүнийг зодож амь насыг нь хохироосон нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч ***ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511-д хохирогч нас барсан бол гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр олгохоор заасан тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 99.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу заавал шинжээч томилох шаардлагагүй болно.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршигт амь хохирогчийн насыг Улсын дундаж наслалттай харьцуулан 33.000.000 төгрөг гаргуулах санал гаргасан.
Шүүхээс амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцэд учирсан хор уршгийг тооцохдоо эрх зүйн байдлыг нь дээрдүүлж буюу насны байдлаар бус аргачлалд заасны дагуу хэрэг гарах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гаргах нь ашигтай гэж дүгнэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт тус тус гаргасан болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолтой зэргийг харгалзсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ид шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн урьд цагдан хоригдсон 89 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.
2.3. Бусад асуудал
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй, ажлын хэсэг 13 см урттай, 12 см урттай хар өнгийн бариултай хутга 1 ширхэг, Шүншиг гэх нэртэй 0.75 литрийн хуванцар архины сав 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ийг “Хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *** 10 жил хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй, ажлын хэсэг 13 см урттай, 12 см урттай хар өнгийн бариултай хутга 1 ширхэг, Шүншиг гэх нэртэй 0.75 литрийн хуванцар архины сав 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***оос 99.000.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***д олгосугай.
7. Шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2.000.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР
ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ
ШҮҮГЧ Г.ЗОЛБОО