Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/479

 

 

 

 

    2024          06          11                                     2024/ШЦТ/479

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Пүрэвдулам,

Улсын яллагч: Г.Ган-Эрдэнэ,

Гэрч: ***,

Хохирогч: ***ын өмгөөлөгч Т.Мөнхбадрах,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000000311 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден парк” хотхоны ***тоотод иргэн ***тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж маргалдан нүүрэн тус газарт нь шилэн стаканаар цохиж эрүүл мэндэд нь биед дух, зүүн хөмсөг, хөмсөгний гадна хэсэг, зүүн чих, хацарт зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Гэрчүүдийн ярьсан зүйл бүгд худлаа байна. *** надтай бөх ярих гээд байсан, би бөх мэдэхгүй болохоор наад яриагаа өөр хүнтэй ярьж гэж хэлсэн. Би 2-3 цохиогүй нэг л удаа цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл буруу, үйлдсэн хэрэгтээ харамсаж байна” гэв.

Гэрч *** шүүх хуралдаанд: “...би дүү ***ын дуудахад нь очсон. ...***ын эмчилгээний төлбөрт 4.939.800 төгрөг би өөрөөсөө төлсөн.  ” гэв.

 

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр найз *** бид хоёр ***гийн гэрт нэг шил 0.75 литрийн архи уучхаад байж байхад Ууганаа, Ганзул хоёр 15 цагийн орчимд ***гийн гэрт ирсэн, ерөөсөө уугаагүй. Ууганаа, *** бид 3 ууж байгаад урьдын болсон явдлаа яриад л сууж байтал *** гэнэт гартаа барьж байсан стаканаараа нүүрний зүүн хөмсөгний дээд хэсэгт шууд цохисон. Тэгээд тэрнээс хойш би цус алдаад ухаан балартсан, сүүлд би эмнэлэгт оёдол хийлгүүлчхээд дусал хийлгүүлж байсан үеэ санаж байна. Маш их цус алдсан болохоор уухан балартсан гэж эмч нь хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 16 цаг 58 минутад дүү болох *** руу утсаар холбогдоод “надад туслаач ээ” гэсэн хаана байна гэхэд Голдон парк хотхоны 302 дугаар байрны 15 давхарт 190 тоотод цус алдаад байна үхлээ гэж надад хэлсэн. Би яваад очиход бүтээлгээр толгойных нь зүүн дээд хэсгийг дарчихсан их хэмжээний цус алдаж байсан. Ухаан балартсан байсан. Тэр байранд нэг эмэгтэй, нэг эрэгтэй болон манай дүү байсан. 103 дуудчихсан байсан гэхээр нь би бас 103 дуудаад дуудлага өгсөн. Дүүгээс асуухад дөрвүүлээ архи ууж байгаад манай дүүг явлаа гээд босоход *** гэх залуу нь яриа өдөж яасан гэхэд нь стакан байсан байх толгой хэсэгт нь 3 удаа цохисон гэж хэлсэн.  Тэгээд *** гэрээс гараад зугтаасан гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 12-14/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр найздаа малгайг нь өгөх гээд Голден парк хотхон руу явж Ганзулын хамт очсон. Тэгэхэд 15 цагаас 16 цагийн хооронд л байх очиход ***, *** хоёр 0.75 литртэй Хараа нэртэй архи уугаад дуусчихсан сууж байсан. Тэгээд *** дэлгүүр рүү гарч дахиж нэг шил 0.75 литртэй Хар Экс нэртэй архинаас авсан, архинаас нь хундагалж өгч байгаад архи нь дуусах дөхөөд ирэх үед ***, *** нар хуучны юмаа яриад маргаж эхэлсэн, шууд л хоорондоо заамдалцаад эхэлсэн, тэгээд боль гэхийн завдалгүй *** нь баруун гартаа барьж байсан стаканаараа зүүн нүдний хэсэгт нь цохисон, миний санахаар бол хоёр удаа цохисон байх, тэгээд цус нь олгойдоод их хэмжээгээр гараад би шууд 103 дуудсан. Тэгээд *** ахтайгаа утсаар яриад дуудаад ах нь орж ирээд 102 дуудсан. *** нь нь ***ыг цохичхоод бид нарыг цусыг нь тогтоох гээд байж байтал гараад зугтаасан” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “... би 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр найз болох ***ын хамт ***ынд малгайг нь аваачиж өгөх гээд Голден парк хотхоны 302 дугаар байрны 109 тоотод очсон, тухайн үед яг хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Ойролцоогоор 16 цаг орчим болж байсан байх, очиход ***, *** нэмж архи авах гээд дэлгүүр рүү гарсан, орж ирэхдээ нэг шил архи аваад орж ирсэн. ***, ***, Ууганаа 3 архинаас ууж байгаад Ууганаа нээх уугаагүй хундагалж өгөөд сууж байсан, тэгтэл намайг утсаар ярьж байх хооронд *** *** хоёр ноцолдоод байх шиг байсан, би тоглоод байна гэж бодтол *** барьж байсан стаканаараа ***гийн нүүр хэсэгт нь цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/,

Шинжээчийн 2663 тоот дүгнэлтэд: “...***ын биед дух, зүүн хөмсөг, хөмсөгний агдан хэсэг, зүүн чих, хацарт зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх-н 25-26/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 52, 55-59, 82-93/, хохирогчийн өвчний түүх /хх-н 62-76/, хохирогчийн гэмтэл авсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 77-80/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден парк” хотхоны ***тоотод иргэн ***тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж маргалдан нүүрэн тус газарт нь шилэн стаканаар цохиж эрүүл мэндэд нь биед дух, зүүн хөмсөг, хөмсөгний гадна хэсэг, зүүн чих, хацарт зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч ***, ***, *** нарын мэдүүлэг, хохирогчийн гэмтэл авсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***ын нүүрэн тус газар шилэн стаканаар цохиж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь хохирогч ***ын нүүрэн тус газар шилэн стаканаар цохисон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ын эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 4.939.800 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800.0000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 6.600.000 төгрөг тус тус нэхэмжилсэн.

Хохирогчийн эмчилгээний зардал болон эмчилгээтэй холбоотой гарсан зардалд 4.939.800 төгрөг, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд заасны дагуу хөнгөн хохирол нь хоёрдугаар зэрэглэлд хамаарах ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 6.600.000 төгрөг, нийт 11.539.800 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Сэтгэцэд учирсан хор уршгийг хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нь хүлээн зөвшөөрсөн ба сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу заавал шинжээч томилох шаардлагагүй болно.

Хохирогчийн хохирлын нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг нэхэмжилснийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хохирогч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгчөө сонгон, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй ба дээрх нэхэмжлэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол, хор уршигт тооцох боломжгүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг төлөхгүй гэж мэдүүлсэн ба хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг төлүүлэх хууль зүйн орчин бүрдсэн, тухайн аргачлалын дагуу сэтгэцэд учирсан хор уршгийг гэм буруутай этгээдээс гаргаж байгаа тул шүүгдэгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогчид нүүрэнд гэмтэл учирсан зэргээс шалтгаалж сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсон болно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 361 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан, хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгч нар улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг дэмжсэн болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Э.***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг” ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолтой, хохирогчийн хохирлыг барагдуулаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 361 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 361 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан 361 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас хохирогчийн эмчилгээ болон бусад зардалд 4.939.800 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 6.600.000 төгрөг, нийт 11.539.800 төгрөг гаргуулж хохирогч ***д олгосугай.
  6. Хохирогч өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР