Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/77

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал, 

Хохирогч Д.Х*******л,

Шүүгдэгч С.Б*******д, Б.Д*******р,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү, Г.Баярдаваа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С*******ын Б*******дод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар, Б*******ны Д*******рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201622000660 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн

Шүүгдэгч С.Б*******д нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл айгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутагт байрлах иргэн П.Т*******ын эзэмшлийн “Ганчандмань” сэлбэгийн дэлгүүрийн гаднаас 2 ширхэг машины дугуй хулгайлж 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутагт байрлах “Баяннуур” зах дотроос иргэн Д.Х*******лын цүнхтэй эд зүйлийг лангуун дээрээс хулгайлан авч 504.000  /таван зуун дөрвөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Д*******р нь шүүгдэгч С.Б*******дын иргэн Д.Х*******лаас хулгайлсан мөнгийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.Б*******д нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл айгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутагт байрлах иргэн П.Т*******ын эзэмшлийн “Ганчандмань” сэлбэгийн дэлгүүрийн гаднаас 2 ширхэг машины дугуй хулгайлж 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутагт байрлах “Баяннуур” зах дотроос иргэн Д.Х*******лын цүнхтэй эд зүйлийг лангуун дээрээс хулгайлан авч 504.000  /таван зуун дөрвөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Д*******р нь шүүгдэгч С.Б*******дын иргэн Д.Х*******лаас хулгайлсан мөнгийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч С.Б*******дын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ... 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байсан санагдаж байна. Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар хороонд байрлах зах дээр явж байгаад Цагаан-Уул захын ертөнцийн зүгээр зүүн талд байрлах авто сэлбэг нэртэй контенерийн гадаа дээр дээрээс нь давхарлаж тавьсан байсан дугуйнуудаас хоёр ширхэг дугуй хулгайлсан. Тэгээд Мөрөн сумын 12 дугаар хороонд байрлах Гурван-Эрдэнэ сургуулийн  урд талын гудамжинд хийн гагнуур хийдэг айлын гадаа хашааных нь үүдэнд очсон.  Тэгээд таксины жолооч ах тухайн хашаанаас нэг үл таних 40 орчим насны ахыг дуудаж гаргаж ирсэн. Хашаанаас гарч ирсэн үл таних ах миний авч явсан хоёр дугуйг үзээд ахад нь 40.000 төгрөг байхгүй гээд 30.000 төгрөг надад өгөөд миний хулгайлсан дугуйг авч үлдсэн. Тэгээд би хулгайн эд зүйл зарсан мөнгөөрөө өөрийн охинд идэх юм авч өгчихөөд илүүгээр нь зах гарч архи уусан. Мөн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би 11 цагийн үед зах гараад зах дээр явж байгаад өөрийн найз Д*******ртай таарсан. Тэгээд Д*******р бид хоёр уулзаад ганц шил архи олж уух санаатай төмрийн зах дотор явж байсан чинь шил зүсдэг газрын ертөнцийн зүгээр зүүн талын лангуун дээр хар өнгийн цүнх байсан ба цүнхний эзэн нь шил авах гээд зогсож байсан.  Цүнхийг би авсан бөгөөд намайг цүнх хулгайлж байхад Д*******р хараад зогсож байсан.  Тэгээд Д*******р савхи буддаг найз  дээрээ очоод зогсож байхад нь цүнхний эзэн эгч очиж барьж аваад Д*******раас чамтай хамт явсан залуу хаана байна гэсэн чинь Д*******р надтай ямар ч хүн хамт яваагүй гээд цүнхний эзэнг түлхэж унагаагаад зугтаасан гэсэн... би Д*******рт уг цүнхэнд байсан мөнгөнөөс эхэлж 20.000 төгрөг өгөөд хашааны гадаа Анхаатай маргалдаад байхаар нь чи яв гээд 20.000 төгрөг дахиж өгсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. Хохирлоо төлж барагдуулна гэв.

Шүүгдэгч Б.Д*******рын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ... 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би зах дээр Б*******дтой хамт явж байгаад салаад савхи буддаг нэг залуутай очиж уулзаад зогсож байсан чинь нэг хүүхэн ирснээ чамтай хамт явсан ногоон куртиктэй залууг олоод өгөөч мөнгө өгье гэхээр нь тэр надад ямар хамаатай юм бэ гээд зугтаагаад гэр лүүгээ харьж явсан чинь хойноос нэг машин ирснээ суу гэхээр нь хартал Б*******д сууж явсан юм. Б*******д нэг хар цүнх барьсан явж байсан. Тэгээд би тэр таксинд суугаад Б*******д бид хоёр 10 дугаар хороонд очсон. Замаараа дэлгүүр орж 2 шил 0.75 литрийн Ерөөл аваад Анхаа гэдэг айлд очиход Анхаа, Муна гээд найзтайгаа архи ууж сууж байсан. Тэнд бид 4 архиа уугаад байж байснаа Анхаа намайг одоо харь гэхээр нь би за би харилаа гээд Б*******доос 1.500 төгрөг аваад таксидаад харьсан...Би тухайн үед С.Б*******дын цүнхнээс авсан гэх мөнгөнөөс 16.000 төгрөг өгснийг авсан. 40.000 төгрөг аваагүй гэх мэдүүлэг /хх-ийн 38,61-62-р хуудас/,

Хохирогч П.Т*******ын мөрдөн байцаалтад өгсөн:  ... 2016 оны 10 сарын 27-ны өдөр

“Ганчандмань” нэртэй манай авто сэлбэгийн худалдагч Баяржаргал над руу залгаад хоёр ширхэг 13-тай дугуй хулгайд алдчихлаа гэж мэдэгдсэн. Тэгэхээр нь би за маргааш цагдаагийн камер шүүлгээрэй гэж хэлчихээд утсаа салгасан. Маргааш нь манай худалдагч ажил дээрээ ирээд манайхаас дугуй хулгайлсан хүнийг олчихлоо цагдаа нар нэрийг нь сайн мэддэг юм байна. Нэрийг нь Жижигээ гэдэг байнга захаар явдаг юм байна гэсэн. Түүнээс хойш нэлээн хэд хоногийн дараа манай хоёр ширхэг дугуйг хулгайлсан залуу манай худалдагч дээр очоод таныг хохиролгүй болгож өгнө гэж хэлчихээд явсан байсан. Гэхдээ өдийг хүртэл хохирлоо барагдуулаагуй байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

Хохирогч Д.Х*******лын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн:  ... Баяннуур зах дотор цонх шиллүүлэх гэж яваад лангуун дээр цунхээ тавиад эргээд хартал миний цүнх алга болсон байсан. Тэгээд би хүүе яанаа миний цүнх алга болчихлоо гээд хашхирсан чинь зуух яндан зардагийн тэндээс нэг хүүхэн сая нэг ногоон куртиктэй жижигхэн биетэй залуу нэг цүнх аваад гүйчихлээ гэхээр нь би захын цагдаад дуудлага өгсөн. Тэгээд захын цагдаа ирээд Жижигээ гэдэг залуу таны цүнхийг авсан юм шиг байна гэж хэлэхэд. Би тэр захын Сэнгэравдан гэдэг цагдаатай хамт тэр залууг хайсан. Би Сэнгэравдан цагдаад маш их баярласан. Миний алдсан эд зүйлийг олох гэж их хичээсэн. Шүүгдэгч нарт гомдолтой байна. Б.Д*******р нь хамт явж байсан найз Б*******дтойгоо зааж өг гэж зөндөө гуйсан. Тэгээд барьж автал намайг түлхэж унагаачихаад зугтаасан. Би 386.500 төгрөгийг гаргуулж авна гэв.

Гэрч Б.Баяржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би өөрийн дугуй зардаг контейнерийн урд дугуйнуудаа гаргаж тавьсан. Ингээд 15-16 цагийн орчим маш их хүнтэй байхад 2 ширхэг 13-тай дугуй хулгайд алдагдсан байсан. Уг хоёр дугуй нь нумтай протерын арын хоёр дугуй байсан учир үнэтэй зарагддаг ховор дугуйнууд байсан. Тэгээд би маргааш нь ирж цагдаагийн газарт ирж хүсэлт гаргаж камер шүүлгэхэд ногоон өнгийн куртиктэй залуу аваад эксель маркийн машинд суугаад явсан байсан. Тухайн хоёр дугуйг хулгайлсан залууг захынхан Жижигээ гэж дууддаг гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

Гэрч Б.Анхзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Намайг Мөрөн сумын 10-41-13 тоотод байрлах гэртээ өөрийн найз Муна гэх хүний хамт байж байхад бид нарын Жижигээ гэж дууддаг залуу Даваа гэх хүнтэй манай гэрт оройн 20 цагийн орчимд орж ирсэн. Тэр хоёр манай гэрт ирэхдээ нэг шил 0.75 литрийн архитай ирсэн бөгөөд авч очсон архийг нь бид дөрөв хувааж уусан. Тэгээд би архи уугаад дуусахаар нь яв гэсэн чинь Даваахай гэх залуу нь манайхаас гараад явсан. Би өглөө нь архи уучихсан байсан болохоор орой нь нэг шил архи хувааж уугаад тасарсан байсан. Үүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Намайг өглөө сэрэхэд манай гэрт Жижгээ, Муна хоёр унтаж байсан. Тэгээд байж байтал захын цагдаа Сэнгэравдан гэх хүн ирээд Жижигээг манай гэрээс аваад явсан. Ямар учраас авч явж байгааг нь мэдээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

Хураан авах тогтоол /хх-ийн 7-р хуудас/

Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 8-р хуудас/.

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 9-11-р хуудас/.

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /12-14-р хуудас/,

Эд зүйлд шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /24-р хуудас/,

Эд хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 26-р хуудас/,

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 40-р хуудас/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч С.Б*******дыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зуилиин 145.2-т зааснаар, шүүгдэгч Б.Д*******рыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Б*******д. Б.Д*******р нар нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь хавтаст хэргийн 79-88, 92-95-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.

Шүугдэгч С.Б*******доос 300.000 төгрөгийг хохирогч П.Т*******д, 370.500 төгрөгийг Д.Х*******лд, шүүгдэгч Б.Д*******раас 16.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.X*******лд тус тус олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Б*******д, Б.Д*******р нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндруүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо. Шүүгдэгч С.Б*******дын хувийн болон ар гэрийн байдлыг харгалзаж эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Энэ хэрэгт хураагдан ирсэн камерийн бичлэг 1 ширхэг CD-ийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Б.Д*******р нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Цаасныхан овогт С*******ын Б*******дыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэнд, шүүгдэгч Цагаанхуулар овогт Б*******ны Д*******рыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах гэмт хэргийг тус тус үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч С.Б*******дыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шүүгдэгч Б.Д*******рыг 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Б*******дод оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар шүүгдэгч С.Б*******дын 101 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг CD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Д*******р нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч С.Б*******доос 370.500 төгрөгийг хохирогч Д.Х*******лд, 300.000 төгрөгийг П.Т*******д, шүүгдэгч Б.Д*******раас 16.000 төгрөгийг гаргуулж Д.Х*******лд тус тус олгосугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б*******дын урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч Б.Д*******рт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.НЯМСҮРЭН