Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2099

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/02556 дугаар шийдвэртэй, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Б” ХХК-д холбогдох, төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 28 317 520 төгрөг түрээсийн гэрээний үүрэгт 64 841 600 төгрөг, 581 ширхэг тулаас төмөрийг биет байдлаар нь буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК нь “Б” ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Хариуцагч нь манай компаниас 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн нийт 3 660 ширхэг барилгын туслах материалыг Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 50 айлын орон сууц барихад ашиглахаар түрээслэн авсан. “Б” ХХК нь санхүүгийн хүндрэл учирсан гэх шалтгаанаар төлбөр төлөх хугацааг хойшлуулах санал гаргаж, талууд 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Уг гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд цаашид түрээс тооцохоор тохиролцсон. Төлбөр барагдуулах гэрээ хийх үед түрээсийн гэрээний үлдэгдэл 1067 ширхэг бараа материал төлөгдөөгүй түрээсийн төлбөр 32 130 190 төгрөг байсан ба уг төлбөрийг 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон.

Төлбөр барагдуулах гэрээний 2.3-т төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд 0.5 хувийн алданги тооцохоор заасан. Иймд төлбөр барагдуулах гэрээний дагуу 28 317 520 төгрөгийг гаргуулж өгнө үү. Түрээсийн гэрээгээр түрээслэсэн бараа материалын үлдэгдэл 581 ширхэг тулаас төмрийг одоог хүртэл хариуцагч ашигласаар байгаа бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түрээс тооцсон. Иймд хариуцагчийн түрээсийн гэрээний төлбөр 64 841 600 төгрөгийг гаргуулна. Түрээсийн гэрээгээр түрээслэсэн бараа материалын үлдэгдэл 581 ширхэг тулаас төмөрийг буцаан авна. Иймд үлдэгдэл 581 ширхэг бараа материал, гэрээний үлдэгдэл төлбөр 64 841 600 төгрөг, төлбөр барагдуулах гэрээний үлдэгдэл 28 317 520 төгрөг, нийт 93 159 120 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түрээсийн гэрээний төлбөр нь 15 000 000 төгрөгийн хэмжээнд гэрээ байгуулсан. Төлбөр барагдуулах гэрээний үүргийг хүлээн зөвгөөрч байна. 32 130 190 төгрөгийн төлбөр байснаас 3 удаагийн төлөлтөөр 17 000 000 төгрөгийн төлөлт хийсэн. 581 ширхэг тулаас төмөрийг буцаан шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй. Хоёр дахь шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Түрээсийн гэрээний үүрэгт 64 841 600 төгрөгийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны төлбөрийг нэхэмжилсэн.

Анх 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан ба уг гэрээний дагуу төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Эхний түрээсийн гэрээний 4.3-т байгаа. Түрээсийн гэрээний хугацааг 7 хоногоос дээш хожимдуулсан бол түрээслэгч гэрээг дангаар цуцалж, учирсан хохирлыг шаардах гэдэг нь түрээслүүлэгчийн хариуцлага юм. Долоо хоногийн өмнө түрээслэгчид бичигээр мэдэгдэж, гэрээг харилцан тохиролцож тодорхой хугацаагаар сунгаж болох бөгөөд сунгасан тухай акт бичгээр үйлдэнэ, талууд хавсралтаар гарын үсэг зурж, үндсэн гэрээг хавсаргаснаар хүчин төгөлдөр болно гэсэн. Хоёр удаа тодорхой хугацаагаар хойшлуулж өгөөч гэсэн албан бичиг явуулсан. Эхнийх нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн албан бичиг. Үүнд барилгын ажил зогссон, сүүлийн цутгалт 10 дугаар сарын 16-нд дуусна. 10 дугаар сарын 30-ны өдөр бүх тулаас төмрөө суллан авч өгнө гэсэн байдаг. Дараагийнх нь 10 дугаар сарын 18-ны өдөр гэсэн сүүлийн хугацааг 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгч дуусгана гэсэн байгаа. Гэтэл одоог хүртэл түрээслэсэн мэтээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Нийт 3660 ширхэг эд зүйл өгсөн байдаг. 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш 1067 ширхэг байдаг. Үүнээс хойш 581 ширхэг үлдсэн гэдэг. Барилгын туслах материалыг өгсөн байгаа нь харагддаг.

Манай зүгээс эдгээр баримтыг гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй. Гарсан болон ирсэн огноо, гараад буцаж ирээд, гараад ирээд байгаа юм шиг харагддаг. Гэтэл ийм зүйл байхгүй. 3-4 жил ийм он сар дараалалтай сунгаж түрээсэлсэн зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Манайх ашигласан хугацаа болон алдангитай нийт 28 317 520 төгрөгийн төлбөрийг төлнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-иас 93 159 120 төгрөг, 581 ширхэг барилгын тулаас төмрийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 709 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-иас 709 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх 93 159 120 төгрөг гаргуулснаас 64 841 600 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч байна. “Х” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 374 тоот түрээсийн гэрээгээр 3660 ширхэг барилгын туслах материалыг 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 70 хоногийн хугацаатай түрээслэж авсан байдаг. 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээгээр 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаагаар түрээсийн төлбөрийг тооцож 32 130 190 төгрөгийн төлбөртэй болох тооцоо хийсэн байдаг. Уг төлбөрөөс 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 7 000 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 5 000 000 төгрөг, нийт 17 000 000 төгрөг төлсөн. Нийт төлбөрийн үлдэгдэл 15 130 190 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-иас төлөхөд татгалзах зүйлгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “ Зохигчдын хооронд 2014 онд байгуулсан 374 тоот түрээсийн гэрээний хугацаа 70 хоног байхаар гэрээний 1.5-д, түрээсийн төлбөрийг гэрээний 2.2, хавсралт 2-оор тодорхойлсон ба талууд 2015 оны төлбөр барагдуулах хэлцлээр гэрээг 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэл сунгаж, тус өдөр хүртэл төлбөрийн тооцоог нийлж бичгээр хэлцэл хийсэн гэж үзэхээр байна. Харин тус хугацаанаас хойш бичгээр хэлцэл хийгээгүй байна” гэжээ.

Хариуцагч нь 3660 ширхэг барилгын туслах материалаас дийлэнхийг буцааж өгсөн байдаг. Нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагад 581 ширхэг тулаас төмөрний 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түрээс 64 841 600 төгрөгөр нэхэмжилсэн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ түрээсийн гэрээг тодорхой бус хугацаагаар, тухайн нөхцөлөөр сунгагдсан, мөн түрээслэгч “Б” ХХК нь тулаас төмрийг буцаан өгөх үүргээ биелүлээгүй гэж үзсэн. Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгагдсанд тооцно” гэсэн боловч хөлслүүлэгч талаас гэрээг сунгах хүсэлтэй байгаа гэдгийг харуулсан агуулга бүхий илэрхийлэл байх шаардлагатай. Талууд 2015 оны төлбөр барагдуулах гэрээгээр хугацааг тохирч, гэрээг дуусгавар болгосон. 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн түрээсийн гэрээнд гэрээний хугацааг сунгах талаар зохицуулалт байдаг. Энэ гэрээний 5.2-т Гэрээг цааш сунгах тохиолдолд 7 хоногийн өмнө түрээслэгчид бичгээр мэдэгдэж харилцан тохиролцож, гэрээг тодорхой хугацаагаар сунгаж болох бөгөөд “гэрээг сунгасан тухай акт”-ыг бичгээр үйлдэж, талууд гарын үсэг зурж, үндсэн гэрээнд хавсаргаснаар хүчин төгөлдөр болно гэсэн. Үүний дагуу талууд түрээсийн гэрээг 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэл сунгасан байдаг бөгөөд дахиж сунгагдаагүй. Түрээсийн гэрээнд гэрээг хэрхэн сунгах талаар талууд нарийвчлан тохиролцсон байхад тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж үзсэн нь гэрээний чөлөөт байдлын зарчимтай нийцэхгүй байна. Хариуцагчаас барилгын туслах материал 3660 бараанаас 581 ширхэг бараа хүртэл 3079 орчим бараа буцааж өгч байсан байх бөгөөд түрээсийн материалыг хүлээлгэж өгөхөд “Х” ХХК баримт үйлдэж хүлээж авдаг.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл түүнийг нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан боловч хариуцагч “Б” ХХК-д байхгүй баримтыг нөгөө тал буюу нэхэмжлэгчээс гаргуулж болохоор заасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зүгээс шүүхэд нэхэмжлэгч “Х” ХХК-иас 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн түрээсийн гэрээгээр 3660 ширхэг бараа материал хүлээлцсэн акт, мөн уг барааг “Х” ХХК-д буцааж өгч байсан талаар баримтыг гаргуулах хүсэлт гаргахад шүүх хүлээж авалгүй, хэрэгт хамааралгүй гэж шийдвэрлэсэн. 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн түрээсийн гэрээнд хэдэн тоо ширхэг барилгын туслах материал түрээслэх талаар тодорхой дурдаагүй, гэрээний хавсралт 2-т гэрээний зүйлийг хүлээлцсэн акт нь хэрэгт ач холбогдолтой баримт байхад хариуцагчаас гаргуулах хүсэлт болон туслах материалаас буцааж авахдаа “Х” ХХК нь нэг хувь акт үйлдэж өөртөө авч байсан баримтыг гаргуулах хүсэлтийг тус тус хангаагүй. Хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий баримт хариуцагч талд байхгүй, тухайн баримтыг өөрөө бүрдүүлэх боломжгүй байхад нэхэмжлэгч талаас гаргуулах хүсэлтийг хангахгүй хэргийг шийдвэрлэсэн. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг шүүхэд гаргасан боловч хүлээж аваагүй. Энэ нь хариуцагч “Б” ХХК болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох Үндсэн хуулинд заасан эрхийг зөрчиж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 28 317 520 төгрөг, түрээсийн гэрээний үүрэгт 64 841 600 төгрөг, 581 ширхэг тулаас төмрийг биет байдлаар буцаан гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч 581 тулаас төмөрийг буцаан өгч, гэрээний үүрэгт 28 317 520 төгрөгийг төлнө гээд үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан хэрэг үүсгэсэн шүүгчийн гүйцэтгэвэл зохих ажиллагааг дутуу хийсэн гэж үзэхээр байна. Тухайлбал, хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зохицуулсан байхад энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаагүй нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй.

 

Хариуцагч тал нэхэмжлэгч “Х” ХХК-иас түрээсийн гэрээний дагуу 3660 ширхэг бараа материалыг хүлээлгэн өгсөн акт болон тухайн барааг буцааж өгсөн талаарх баримтыг гаргуулах /1хх42-43/ хүсэлтийг шүүх шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт зааснаар хүсэлтийг шүүх хуралдаанаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргах боломжтой байсан, мөн уг хүсэлтийн зайлшгүй талаарх үндэслэл тодорхой бус гэж хангахаас /1хх63-64/ татгалзсан нь буруу болжээ.

 

Дээрх нотлох баримтыг үндэслэн талуудын хооронд байгуулсан гэрээний харилцаа үргэлжилж байгаа эсэх, бараа материалыг түрээслэгч бодитойгоор ашиглаж байгаа, эсхүл эд зүйлийг шилжүүлж өгөөгүйтэй холбоотой хохирлыг шаардах эрхтэй зэргийг тодруулахад ач холбогдолтой. Энэ тохиолдолд хэргийн оролцогч нь тухайн баримтыг өөрөө гаргах боломжгүй буюу нөгөө талд уг нотлох баримт байгаа бол шүүхийн журмаар гаргуулах нь хуулийн зохицуулалтад нийцэх юм.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль нь өмгөөлөгчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа талаар баримтгүй атал шүүх хариуцагч талын өмгөөлөгч авах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, үндэслэлээ “хэргийн оролцогч хууль зүйн туслалцаа авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөгчөөр төлөөлүүлэхдээ итгэмжлэлээр эрх олгох, гэрээгээр төлүүлэх нь тухайн гэрээний талуудын сонголт учир хариуцагч өмгөөлөгчид итгэмжлэл олгож төлүүлсэн нь өмгөөлөгчийн шүүх дээрх бүрэн эрхийг үгүйсгэхгүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдааны явцад иш татаж буй баримтыг анхан шатны шүүхэд гаргаагүй. Энэ тохиолдолд талуудын хооронд хийгдсэн гэрээний дагуу шилжүүлэн өгсөн Хыг нөгөө тал бодитой ашиглаж байгаа эсэх талаар үйл баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн дүгнэх боломжгүй юм. Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зохицуулсан.

 

Дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/02556 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 623 747 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

            ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Т.ТУЯА