| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2021/01100/и |
| Дугаар | 181/ШШ2021/01023 |
| Огноо | 2021-05-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 181/ШШ2021/01023
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэгт оршин суух, Б овогт Т-ийн М-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймагт бүртгэлтэй ч, Сүхбаатар дүүрэгт оршин суух, Б овогт Б-ийн Ш -д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7.779.028 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Бид мөнгө зээлэхээс өмнө таньдаг болсон. Би барьцаалан зээлдүүлэх газарт ажилладаг, харин Б.Ш хуульч тул хуулийн зөвлөгөө өгдөг байсан. Миний бие Б.Ш-д 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 3.500.000 төгрөгийг нэг сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай манхны бизнес хийхэд нь зориулж зээлж, гэрээг бичгээр байгуулан нотариатаар баталгаажуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч Б.Ш зээлийг төлөөгүй өнөөг хүрч байна.
Мөн дараа нь 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр надтай утсаар ярьж “350.000 төгрөг яаралтай түр зээлээч, ОХУ-аас өндөг оруулж ирэх баримт бичиг бүрдүүлэхэд шаардлагатай байна, оройдоо буцаан өгье” гэсний дагуу түүний дансаар шилжүүлсэн. Энэ мөнгөнд бичгээр гэрээ байгуулаагүй тул хүү, алданги тооцоогүй зөвхөн үндсэн зээлийг төлүүлэхээр шаардаж байгаа болно.
Би энэ хугацаанд “мөнгөө буцаан өгөөч, барьцаагүй зээлснээр би буруудах гээд байна, цаашаагаа бас тооцоо хийж тулгадаг” гэж түүнд удаа дараа хэлж, утсаар шаардаж байсан. Мөнгийг би барьцаалан зээлдүүлэх газраас биш, харин өөрөөс гаргаж зээлсэн байсан. 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 1.000.000 төгрөг надад дансаар буцаан шилжүүлсэн ба өөр мөнгө өгөөгүй. Уг мөнгийг хүү, алдангид тооцон авсан. Тэрээр өндөгөө оруулж ирээд зарсан хэрнээ миний мөнгийг өгөөгүй үлдээсэн байдаг.
Б.Ш-с үндсэн зээлийн үлдэгдэл 3.500.000 төгрөг, хүү 2.391.528 төгрөг, алданги 1.537.500 төгрөг, сүүлийн зээлд 350.000 төгрөг нийт 7.779.028 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэрээгээр нэг сарын хүү 10 хувь байхаар тохиролцсон тул 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хүүг тооцсон. Алдангийг гэрээний хугацаа дууссан 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр буюу 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл мөн тооцсон болно. Энэ хугацаанд хариуцагч мөнгийг хэсэгчлэн төлье, эвлэрэх талаар утсаар ярьсан хэрнээ ирдэггүй тул одоо эвлэрэх боломжгүй. Түүний төлсөн 1.000.000 төгрөгийг хүү, алдангид хасч тооцон үлдэх төлөөгүй хэсгийг шаардсан болно. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Хариуцагч Б.Ш Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн хувийг 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гардан авч, 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй. Түүнчлэн өнөөдрийн шүүх хуралдааны товыг мэдсэн хэрнээ шүүх хуралдаанд ирээгүй. Тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2021/05495 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хариуцагчийн “шүүх хуралдаанд оролцох”, “хэргийн материалтай танилцах” эрхийг тус тус хангаж, өмнөх шүүх хуралдааныг хойшлуулж байсан тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэг талаас Т.М , нөгөө талаас Б.Ш нар 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр харилцан тохиролцож, Зээлдүүлэгч 3.500.000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, Зээлдэгч сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай эргүүлэн төлөхөөр тохиролцож гэрээг байгуулжээ. /хх 4/
Нэхэмжлэгч мөнгөн хөрөнгийг гэрээ байгуулсан 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрөө хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь түүний 5007130152 тоот Хаан банкны дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. / хх 5, 24/
Түүнчлэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Б.Ш-ын Хаан банк дах 5675441044 тоот дансанд нэхэмжлэгчийн Хаан банкны 5007130152 тоот данснаас 350.000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдож байна. /хх 24 ар тал/
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар “эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцох”-оор заасан тул тухайн өдрүүдэд мөнгийг шилжүүлснээр зохигчдын хооронд мөн өдрүүдэд тус тус Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзэх тул нэхэмжлэгч мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 1.000.000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хх 6/
Гэрээгээр зээлийг 2 сарын хугацаатай олгосон, түүнээс хойш хугацаа сунгасан баримт авагдаагүй, хугацаа сунгаагүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан өөрийн тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацаагаар хүү тооцон шаардсан нь хуульд нийцэхгүй тул хасч тооцох нь зүйтэй.
Мөн гэрээний 2.7-д хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон, дээрх анзын тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т нийцсэн тул, гэрээнд дурдсан зээлийг эргэн төлөх хугацаа болох 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш нэхэмжлэгч алданги тооцон шаардах эрхтэй.
Гэрээний дагуу хариуцагч 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн зээлд үндсэн зээл 3.500.000 төгрөг, хүү 700.000 төгрөг /3.500.000 * 10% * 2 сар/ төгрөг, алданги 1.750.000 /2020.11.01-2021.03.25 хүртэлх 144 хоног * 3.500.000 * 0,5% ≈ ИХ 232.4/ төгрөг, дараагийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн үндсэн зээл 350.000 төгрөг тус тус төлөх үүрэгтэй. Үүнээс нэхэмжлэгч алдангид 1.537.500 төгрөг гаргуулахаар шаардсан, мөн хариуцагч 1.000.000 төгрөг төлсөн тул тус тус хасч тооцох нь зүйтэй. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “анзын хэмжээ их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх багасгаж болох”-оор зохицуулсан тул шүүх анзыг 50 хувиар бууруулж 768.750 төгрөг /1.537.500 төгрөг *50%/ хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.
Дээрхийг нэгтгээд хариуцагчаас нийт 4.318.750 төгрөг /3.500.000 төгрөг + 700.000 төгрөг + 768.750 + 350.000 = 5.318.750 - 1.000.000 төлсөн/ гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Б.Ш-оос 4.318.750 /дөрвөн сая гурван зуун арван найман мянга долоон зуун тавин/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.М д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.460.278 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 139.415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 84.050 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ