| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2021/00547/и |
| Дугаар | 181/ШШ2021/01133 |
| Огноо | 2021-06-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 181/ШШ2021/01133
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэгт байрлах, “А у г ББСБ ” ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт оршин суух, Т овогт Ө-н Х -д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 144.456.553 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч компанийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Ө.Х тус байгууллагаас 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ2332016 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 40.000.000 төгрөгийг 3 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай зээлж, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан болно. Уг зээлийн барьцаанд Ө.Хишигмаагийн нэр дээр бүртгэлтэй доор дурдсан 3 хөрөнгийг барьцаалан эрх бүхий байгууллагуудаар баталгаажуулан бүртгүүлсэн байдаг. Үүнд:
гудамж, 41 байр, 15 тоот хаягт байрлах 25.9 мкв бүхий 1 өрөө орон сууц.
Мөн үүний дараа 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дахин ЗГ2772016 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 11-808932 тоот барьцаалбар үйлдэн 20.000.000 төгрөгийг 2.9 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлж, 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Энэхүү зээлийн барьцаанд Ө.Х-ийн нэр дээр бүртгэлтэй Ү-2206029956 улсын бүртгэлийн дугаартай, 000296557 тоот гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг хороолол, Наадамчдын зам гудамж, 107 байр, 42 тоот хаягт байрлах 48 мкв бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалан эрх бүхий байгууллагуудаар баталгаажуулан бүртгүүлсэн. Улмаар ЗГ2332016, ЗГ2772016 тоот гэрээ бүхий хоёр зээлтэй болсон.
Нэгдүгээр зээл буюу ЗГ2332016 тоот зээлийн гэрээний хувьд:
2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 1.000.000 төгрөг, зээлийн хүүнд 3.080.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 488.000, нийт 4.568.000 төгрөг төлсөн. Энэ зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 455 хоногийн хугацаанд зээлдэгч огт төлбөр хийгээгүй. Гэрээний хугацаа дуусах үед зээлийн үлдэгдэл 39.000.000 төгрөг, зээлийн 455 хоногийн хүү 17.745.000 төгрөг, 425 хоногийн нэмэгдүүлсэн хүү 3.315.000 төгрөг, нийт 60.060.000 төгрөгийн тооцоотой үлдсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 7.601.380 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 9.000.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 719.800 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 3.156.000 төгрөг, нийт 20.447.180 төгрөг төлснийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцсон.
Зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 173 хоногийн хүү 6.747.000 төгрөг дээр өмнөх хуримтлагдсан хүү болох 17.745.000 төгрөгийг нэмээд энэ хугацаанд нийт төлсөн хүү болох 15.812.780 төгрөгийг хасаад 8.679.220 төгрөгийн хүү төлөгдөөгүй үлдэж байна.
ЗГ2332016 тоот зээлд сүүлийн төлбөр хийсэн өдөр болох 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэлх 913 хоногийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 39.000.000 төгрөг, 913 хоногийн хүү 35.607.000 төгрөг дээр өмнөх үлдэгдэл 8.679.220 төгрөгийг нэмээд 44.286.220 төгрөг, 913 хоногийн нэмэгдүүлсэн хүү 7.121.400 төгрөг, нийт 90.407.620 төгрөг гаргуулахаар шаардсан байсан.
Энэ шаардлагаа шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойшхи 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх 99 хоногт ногдох хүү 3.861.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 772.200 төгрөг, нийт 4.633.200 төгрөгөөр нэмэгдүүлж, нийтдээ энэ зээлд 95.040.820 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
2.Хоёрдугаар зээл буюу ЗГ2772016, БГ2772016 тоот гэрээний хувьд:
Зээлдэгч зээл авснаас хойш гэрээний хугацаа дуусах хүртэл 546 хоног огт төлөлт хийгээгүй болно. Улмаар 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гэрээний хугацаа дуусах үеийн байдлаар үндсэн зээл 20.000.000 төгрөг, хүү 10.556.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.995.200 төгрөг, нийт 32.551.200 төгрөгийн тооцоотой болсон.
Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 5.049.340 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 485.600 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 3.077.333 төгрөг, нийт 8.612.273 төгрөг төлснийг хүүд 6.300.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2.312.273 төгрөгийг хасч, сүүлийн төлөлт хийсэн өдрийн байдлаар үндсэн зээлээс төлөлт хийгдээгүй, хүү 5.841.333 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.
ЗГ2772016 тоот зээлийн гэрээний сүүлийн төлбөр хийсэн өдөр болох 2018 оны 8 дугаар сарын 06-наас нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх 913 хоног өнгөрсөн тул үндсэн зээлийн үлдэгдэл 20.000.000 төгрөг, 913 хоногийн хүү 17.561.333 төгрөг дээр өмнөх үлдэгдэл 5.841.333 төгрөгийг нэмээд нийт зээлийн хүү 23.492.666 төгрөг, 913 хоногийн нэмэгдүүлсэн хүү 3.530.267 төгрөг, нийт 47.022.933 төгрөг гаргуулахаар шаардсан байсан. Энэ шаардлагаа шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойшхи 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх 99 хоногт ногдох хүү 1.914.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 382.800 төгрөг, нийт 2.296.800 төгрөгөөр нэмэгдүүлж, нийтдээ энэ зээлд 49.319.733 төгрөг гаргуулна.
Мөн гэрээний 3.2-т заасны дагуу зээл төлүүлэхтэй холбоотой зээлдэгчийн гэрт 2 удаа очсоны зардал 20.000 төгрөг, шүүхэд баримт бүрдүүлэхэд нотариатаар батлуулсны хөлс 76.000 төгрөг, нийтдээ 144.456.553 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
Манай байгууллага 2009 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2012 оноос манай байгууллагатай Хишигмаа харилцаж эхэлсэн. Тэрээр найдвартай зээлдэгч гэдэг үүднээс давхар олон зээл олгодог байсан нь үнэн. 2016 оноос эхлэн зээл төлөлт доголдож эхэлснээр энэ асуудал үүссэн. Дээрх хугацаанд манай байгууллагын зүгээс зээлдэгчийг зээлээ төлөхийг удаа дараа шаардан утсаар холбогдох, мөн гэрээнд заасны дагуу зээл төлөх шаардлага, мэдэгдэх хуудас зэргийг өгөх, гэрээр очиж уулзах, мөн өөрөө ирж уулзан тодорхой хүсэлтүүдийг өгч байсан. Шаардлагын хариуд Ө.Х “Өнөөдөр миний бие муу байгаа тул ойрын үед очиж уулзана”, “Би очиж уулзаж амжихгүй байгаа тул охиноо явуулъя”, “банкнаас зээл авахаар тохирсон тул түр хүлээнэ үү”, “Одоо нэг байр зараад тэр мөнгөөрөө зээлээ төлнө” гэх мэтээр удаа дараа хойшлуулсаар ирсэн.
Зээлийн төлөлт, нэмэгдүүлсэн хүүг гэрээнд болон холбогдох хууль дүрэм журам заасны дагуу тооцож авдаг. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу зээлийн харилцаа үүссэн тул зээлийн гэрээ болон хуулиар зээлдэгч зээлээ төлөөгүй тохиолдолд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй. Мөн хариуцагч дээрх хоёр зээлээс гадна 2015,2016 онд өөр 5 удаагийн зээлийг авч, төлж барагдуулсан болно. Энэ тухай тооцоолол холбогдох баримтуудыг хэрэгт баримтаар өгсөн. Зээлийн хүүгийн хэмжээ сарын 3 хувийн хүүтэй гэж зааснаас үзвэл хэт өндөр гэж үзэхгүй. Мөн хөөн хэлэлцэх хугацааны тухайд хугацаа дуусаагүй, хариуцагч энэ талаар маргаагүй болно. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Монголбанкны ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А-203 тоот тушаалын 5 дугаар зүйлийн 5.1 “Банк харилцагчтай зээл болон хадгаламжийн гэрээ байгуулахдаа гэрээний агуулга, зүйл, заалтыг танилцуулж, хүү, шимтгэл, хураамж тооцож буй аргачлалыг тайлбарлах үүрэгтэй”, 5.2 “Нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцно”, 5.3-т “зээлийн хүүгийн төлбөрт нэмэгдүүлсэн хүү бодохгүй”, 5.4-т “иргэнд олгосон зээлийн хүүг олгох зээлийн дүнгээс суутгах эсхүл ирээдүйд хуримтлуулах хүүг зээл олгохоос өмнө урьдчилж төлүүлэх, энэ зорилгоор эх үүсвэр дансанд байршуулахыг хориглоно” гэж заасан байна.
Засгийн газраас цар тахлын үед хэрэгжүүлэх 23 арга хэмжээний хүрээнд банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэн, аж ахуйн нэгжид олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлт шийдвэрлэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулж, хүүг нэгтгэн тооцох зэргээр зээлдэгчид нэмэлт дарамт учруулахгүйгээр зээлдэгчийн төлбөрийн чадварт нийцүүлэн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, хугацааг сунгахтай холбоотой зохицуулалт хийхийг үүрэг болгосон боловч хариуцагчид ямар нэг хөнгөлөлт үзүүлээгүй байна. Ө.Х өөрийн хүч хөрөнгөөр 40 айлын орон сууц барьж, ашиглалтанд оруулахдаа 2014-2016 оны хооронд “Алаг-Уул ган ББСБ”-аас удаа дараа зээл авч, зээлийн хүүнд 2015 онд 47.300.000 төгрөг, 2016 онд 55.500.000 төгрөг, 2018 онд 25.100.000 төгрөг, нийт 174.200.000 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүг цаг хугацаанд нь төлж барагдуулж байсан.
Ө.Х 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан ЗГ2332016 тоот зээлийн болон барьцааны гэрээгээр 40 сая төгрөг зээлснийг 90.407.620 төгрөг болгон нэхэмжилсэн байна. Энэ зээлээс гэрээний хугацаа дуусахаас өмнө 4.568.000 төгрөг, хугацаа дууссаны дараа 20.477.180 төгрөг, нийт дүнгээрээ 25.045.180 төгрөг төлснийг хүү, нэмэгдүүлсэн хүүнд суутгаж, үндсэн зээлээс хасалт хийгээгүй байна.
Энэхүү нэхэмжлэлээс үндсэн зээлийн үлдэгдэл 39.000.000 төгрөг, гэрээний хугацааны хүү 17.745.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.549.000 төгрөг, нийт 60.294.000 төгрөгийн төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагаас татгалзаж байна.
2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан ЗГ2772016 тоот зээлийн гэрээ, БГ2772016 тоот барьцааны гэрээгээр 20 сая төгрөг бэлнээр авсан мэтээр баримтанд харагдаж байгаа боловч зээл олголтын шимтгэлд тэр өдөртөө шимтгэл 60.000 төгрөг, зээлийн хүү 6.333.900 төгрөг, зээлийн хүү 4.568.000 төгрөг, зээлийн хүү 5.449.480 төгрөг, зээлийн хүү 3.588.620 төгрөг тус тус буцаан төлж гар дээрээ огт мөнгө аваагүй бөгөөд 2015-2016 оны хооронд авсан зээлэнд суутгуулсан байдаг. Төлсөн мөнгийг хүү, нэмэгдүүлсэн хүүд тооцсоныг үндсэн зээлээс хасуулж, хоёрдугаар зээлээс 11.387.727 төгрөгийн нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрч, бусад шаардлагаас татгалзаж байна. Би дуудсан тухай бүрт нь очиж уулан өөрсдийн зүгээс аль болох боломжтой саналаа хэлж байсан боловч бидний саналыг огт хүлээж авахгүй, хоёр зээлийнхээ ядаж нэгийг төлж дуусгая гэхэд хүлээж авалгүй хувааж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг авдаг байсан тул үндсэн зээлээс огт төлөгдөөгүй байна. Нийт нэхэмжлэлийн дүнгээс 71.681.727 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үлдэх 65.748.826 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна.
Хариуцагч тус байгууллагатай 2012 оноос эхэлж зээл авч төлөөд дахиж аваад явдаг байсан. 2014-2016 оны хооронд маш олон давтамжтайгаар зээл авсан байдаг. Нэхэмжлэгч байгууллага дараагийн зээлийг олгохдоо өмнөх зээлийг хаагаад дахин олгодог байсан гэдэг. 2016 оноос хариуцагчийн ажил доголдож, ар гэрт асуудал гарснаас зээл төлөлт доголдсон.
Нэхэмжилж байгаа дээрх хоёр зээлийн гэрээний дагуу мөнгийг бодитоор аваагүй харин 2015-2016 оны хооронд авсан өмнөх зээлд төлсөн тус тус тооцож авсан болох нь хэрэгт авагдсан мөнгө олгосон баримт үйлдсэн өдрөө бусад зээлд төлсөн баримтууд дахь мөнгөн дүн, шимтгэлийн дүнг нэмж үзвэл харагдана. Шимтгэл хоёр зээлд тус тус авсан. Хэдийгээр зээлийг тухайн гэрээний дагуу бодитоор аваагүй ч хариуцагчийн зүгээс 25.045.180 төгрөг, нөгөө зээлд 8.612.273 төгрөг, нийтдээ 33.657.453 төгрөг тус тус төлсөн болно. Шүүхэд өмнө нь 71.681.727 төгрөг төлөхийг зөвшөөрч бичгээр хариу тайлбар өгсөн байсан боловч төлөөлүүлэгч өөрөө бодитоор мөнгийг аваагүй гэж тайлбарласан тул шүүхэд гаргасан тайлбараа өөрчилж байна. Иймд бодитоор тухайн зээлүүдийг олгоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Мөн гэрээний хугацаа дууссан байхад зээлээ шаардахгүй бараг 5 жилийн дараа нэхэмжлэл гаргаж хүү, нэмэгдүүлсэн хүүг өсгөж байна. Түүнчлэн шүүх хуралдааныг дан ганц хариуцагч талаас хамааралгүйгээр хөл хорио тогтоох зэрэг байдлаас хамаарч шүүх хуралдааныг хойшлуулж байсан тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага дахь хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй болно. Түүнчлэн хөл хорио өвчинтэй холбоотой Засгийн газраас хүү, нэмэгдүүлсэн хүүг хасах талаар ярьж байхад нэмж нэхэмжилж байх тул хүлээн зөвшөөрөхгүй. Мөн шүүхэд хүүг багасгах эрх байгаа тул багасгаж өгнө үү. Мөн гэрээнд төлбөрийг дансаар төлж болохгүй зөвхөн бэлнээр төлнө гэж заасан. Баримтуудынхаа хувийг хариуцагчид өгдөггүй. Гар данс хөтөлдөг. Мөнгийг төлөхдөө ядаж нэг зээлийг хаая гэхэд тэгдэггүй, харин бүх зээлдээ хувааж авдаг байсан гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч “А у г ББСБ ” ХХК нь Ө.Х-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 144.456.553 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
1.“А у г ББСБ ” ХХК, Ө.Х-тай 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч 40.000.000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаатай зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч сарын 3 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүтэйгээр эргүүлэн төлөхөөр ЗГ2332016 тоот зээлийн гэрээг байгуулжээ. Энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020927 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хайлааст гудамж 60/4 дүгээр байр, 37 тоотод байрлах 48 мкв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020929 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хайлааст гудамж 60/4 дүгээр байр, 16 тоотод байрлах 40 мкв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201027327 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Ханын материал, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 41 дүгээр байр, 15 тоотод байрлах 25,9 мкв талбайтай 1 өрөө орон сууцнаас хангуулахаар 2332016 тоот барьцааны гэрээг тус тус байгуулжээ. /хх 6-8, 9-14, 24, 26-27/
2. Мөн “А у г ББСБ ” ХХК, Ө.Х-тай 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч 20.000.000 төгрөгийг, 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаатай зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч сарын 2,9 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүтэйгээр эргүүлэн төлөхөөр ЗГ2772016 тоот зээлийн гэрээг байгуулжээ. Энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029956 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг хороолол, Наадамчдын зам гудамж, 107 дугаар байр, 42 тоотод байрлах 48 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцнаас хангуулахаар 2772016 тоот барьцааны гэрээг тус тус байгуулжээ. /хх 15-19, 25,/
Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан гэрээнүүд байна.
Зохигчид гэрээг бичгээр байгуулсан үйл баримтад маргаагүй. Түүнчлэн хариуцагч ЗГ2332016 тоот гэрээний дагуу 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх 5 удаагийн төлөлтөөр 25.045.180 /4.568.000+7.601.380 + 9.000.000 + 719.800 +3.156.000 / төгрөг төлсөн, ЗГ2772016 тоот гэрээний дагуу 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд 3 удаагийн төлөлтөөр 8.612.273 төгрөг /5.049.340+ 485.600+3.077.333/ төлсөн үйл баримтад маргаагүй. /хх 43-46/
Харин хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гэрээг байгуулсан ч мөнгөн хөрөнгийг бодитоор олгоогүй, өмнөх зээлд суутгаж авсан хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарлав.
Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Зохигчдын хооронд дээрх хоёр зээлийн гэрээнээс өмнө дараах 5 зээлийн гэрээнүүд байгуулагдсан, тэдгээр зээлийг төлж дуусгасан талаар талууд тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэгч уг зээлийн тооцооллыг баримтаар ирүүлжээ. /хх 107-109/ Үүнд:
1.2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ЗГ1022015 тоот гэрээгээр 20.000.000 төгрөгийг нэг сарын 2.6 хувийн хүүтэй, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх 546 хоногийн хугацаатай зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. Зээлийн мөнгөн хөрөнгийг 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр олгосон зарлагын баримт авагдсан, энэ зээлд нийтдээ 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг дуусталх хугацаанд 14 удаагийн төлөлтөөр үндсэн зээлд 20.000.000 төгрөг, хүү 6.358.822 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 160.937 төгрөг, нийт 26.519.759 төгрөг төлснөөр зээлийг төлж дуусгасан. /хх 130-137, 143-147/
2.2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ЗГ2482015 тоот гэрээ байгуулан 40.000.000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаатай олгохоор зээлийн гэрээг байгуулжээ. Гэрээний хугацааг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр харилцан тохиролцож 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хугацаагаар сунгажээ. Зээлийн мөнгөн хөрөнгийг 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр олгосон тухай зарлагын баримт авагдсан, түүнчлэн зээлийг олгосноос хойш 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг дуусталх хугацаанд 21 удаагийн төлөлтөөр үндсэн зээлд 40.000.000 төгрөг, хүүд 25.176.624 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2.426.336 төгрөг, нийт 67.602.960 төгрөг төлснөөр зээлийг төлж дуусгасан. /хх 111-113, 115-121, 156-157, 64 дэх талын эхний баримт/
3.2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ0912016 тоот гэрээгээр 25.000.000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 27-ныг хүртэлх 548 хоногийн хугацаатай зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. Мөнгөн хөрөнгийг 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр олгосон зарлагын баримт авагдсан, зээл олгосноос хойш 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг дуусталх хугацаанд 16 удаагийн төлөлтөөр үндсэн зээлд 25.000.000 төгрөг, хүү 17.777.785 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.988.514 төгрөг, нийт 45.766.299 төгрөг төлснөөр зээлийг төлж дуусгасан. /хх 122-129, 160-164, 64 дэх талын хоёрдахь баримт/
Үүнээс гадна зээл олгосон, зээлийг буцаан төлсөн талаарх холбогдох баримтыг ирүүлээгүй ч талууд 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ЗГ1472015 тоот гэрээгээр 45.000.000 төгрөгийг, сарын 2,6 хувийн хүүтэй, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх 554 хоногийн хугацаатай зээлэхээр зээлийн болон барьцааны гэрээ байгуулжээ. /хх 148-152/ Энэ зээлд 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд 15 удаагийн төлөлтөөр үндсэн зээлд 45.000.000 төгрөг, хүүд 15.469.124 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 333.526 төгрөг, нийт 60.802.650 төгрөг төлж дуусгасан тухай тооцооллыг,
мөн 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ЗГ3812015 тоот гэрээгээр 20.000.000 төгрөгийг зээлсэн, энэ зээлд 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг дуустал 12 удаагийн төлөлтөөр үндсэн зээлд 20.000.000 төгрөг, хүү 8.947.670 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 966.855 төгрөг, нийт 29.914.525 төгрөг төлснөөр зээлийг бүрэн төлсөн тухай тооцооллыг ирүүлсэн. Хариуцагч нэхэмжлэгчийн ирүүлсэн дээрх 5 удаагийн зээлийн тооцоо буюу мөнгөн хөрөнгийг олгосон, буцаан төлсөн хугацаа, хэмжээ, олгосон дүнд маргаагүй тул шүүх уг баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн нэхэмжилж буй ЗГ2772016 тоот гэрээний дагуу 20.000.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр олгосон тухай кассын зарлагын баримт авагдсан. /хх 45 дах талын эхний баримт/ Нэхэмжлэгчийн өмнөх 5 зээлийг төлсөн тооцоолол болон хэрэгт авагдсан баримтаас үзвэл тухайн 20.000.000 төгрөгийн зээлийг олгосон 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөө хариуцагч ЗГ2332016 тоот гэрээний дагуу зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд 4.568.000 төгрөг, ЗГ2482015 тоот гэрээний дагуу 6.333.900 төгрөг, ЗГ0912016 тоот гэрээний дагуу 3.588.620 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ3812015 тоот гэрээний дагуу 5.449.480 төгрөг тус тус төлсөн, түүнчлэн гэрээний 2.1.5-д зээлийн үйлчилгээний шимтгэл 0,3 хувь байхаар тусгасны дагуу шимтгэл 60.000 төгрөг тус тус хүлээн авсан кассын орлогын баримтууд авагджээ. /хх 64, 43 дах талын 3 дах баримт, 45 дахь тал 1, 2 дахь баримт/
Иймд ЗГ2772016 тоот гэрээний 20.000.000 төгрөгийн зээл олгосон баримт үйлдсэн ч мөн өдрөө өмнөх зээлд тооцох замаар суутган авч, тухайн өдөр бодитоор зээлийг олгоогүй тухай хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзнэ. /4.568.000 + 6.333.900 + 3.588.620 + 5.449.480 + 60.000 = 20.000.000/
Энэ гэрээний 2.1.1-д 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаатай, 2.1.3-д сарын 2,9 хувийн хүүтэй байхаар тусгагдсан, мөнгөн хөрөнгийг өмнөх ЗГ2332016, ЗГ2482015, ЗГ0912016, ЗГ3812015 тоот зээлийн гэрээний төлбөрт хувааж суутгасан, хэрэгт авагдсан дээрх зээлийн гэрээнүүдийн хүүгийн хэмжээ, хугацаа тус тус өөр өөр байх тул шүүх ЗГ2772016 тоот гэрээг өмнөх аль нэг гэрээг сунгасан, нэмэлт гэрээ гэж үзэх боломжгүй хэдий ч хариуцагч мөнгийг төлөхөө илэрхийлэн хугацаа тохирсон хэлцэл гэж үзнэ. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Түүнчлэн тухайн өдрийн зээлийг бодитоор олгоогүй гэж шүүх дүгнэсэн тул мөн өдрийн хөрөнгийг зээлийн төлбөрт тооцсон өмнөх ЗГ2332016, ЗГ2482015, ЗГ0912016, ЗГ3812015 тоот гэрээний үүрэг мөн дүнгээр төлөгдөөгүй, уг зээлүүдийг хүүгийн хамт төлөх үүрэг хариуцагчид мөн хэмжээгээр ногдоно.
-ЗГ2332016 тоот гэрээний дагуу 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 40.000.000 төгрөгийг олгосон кассын зарлагын баримт авагдсан ч, мөн өдрөө өмнөх ЗГ1022015 тоот гэрээний дагуу үндсэн зээл 5.900.000 төгрөг, хүү 674.961 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103.312 төгрөг, нийт 6.678.273 төгрөг төлсөн кассын орлогын баримт авагдсан /нэхэмжлэгч тооцоололд огноог 2016.09.06 гэж тусгасан ч кассын баримтад 2016.09.05 өдөр гэж тэмдэглэгдсэн/, мөн өдрөө ЗГ0912016 тоот гэрээнд үндсэн зээлд 2.000.000 төгрөг, хүү 2.963.801 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 478.500 төгрөг нийт 5.442.301 төгрөг, мөн өдрөө ЗГ1472015 тоот гэрээний дагуу үндсэн зээл 19.200.000 төгрөг, хүү 2.146.560 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 326.144 төгрөг, нийт 21.672.704 төгрөг төлсөн талаар нэхэмжлэгч өөрийн тооцоололд тусган ирүүлснээс үзвэл энэ гэрээний дагуу зээлийг бүрэн олгоогүй харин бодитоор 6.206.722 төгрөгийг олгосон гэж үзнэ. /40.000.000 - 6.678.273 - 5.442.301 - 21.672.704 / /хх 43 дах талын 1, 2 дах баримт, 126, 137 дах тал, 107-109/ Хариуцагч ЗГ3812015 тоот зээлийн гэрээний дагуу мөн өдрийн төлөгдсөн үндсэн зээл 4.346.369 төгрөг, хүү 1.682.633 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 274.040 төгрөг нийт 6.303.042 төгрөгийг дээрх зээлд олгосон мөнгөнөөс суутгасан гэж тайлбарласан ч хэрэгт тухайн өдрийн мөнгө шилжүүлсэн баримт авагдаагүй, баримтаар ирүүлээгүй болно.
Иймд ЗГ2332016 тоот гэрээний дагуу бодитоор олгосон дүн 6.206.722 төгрөг, гэрээний 2.1.3, 2.4-т зааснаар нэг сарын хүү 3 хувиар сүүлийн төлбөр төлсөн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх 24 сард тооцвол 4.468.839 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 893.768 төгрөг тус тус төлөх үүрэгтэйгээс төлсөн дүн 20.422.580 төгрөг /2016.11.16-ны өдрийн 4.568.000 хасч тооцсон/ байна. Энэ зээлийг бүрэн олгоогүй гэж шүүх дүгнэсэн тул мөн өдрийн дутуу олгосон хөрөнгийг зээлийн төлбөрт тооцсон өмнөх ЗГ1022015, ЗГ0912016, ЗГ1472015 тоот гэрээний үүрэг мөн дүнгээр төлөгдөөгүй, уг зээлүүдийг хүүгийн хамт төлөх үүрэг хариуцагчид мөн хэмжээгээр ногдоно.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “гэрээгээр ...мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх” гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “тодорхой зориулалт, хугацаатайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ” гэж заасан тул банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ хугацаатай байхыг шаардана бөгөөд гэрээний хугацаа өнгөрмөгц зээлийг буцаан төлөхийг шаардах эрх үүснэ. Нэхэмжлэгч ЗГ2332016 тоот гэрээний хугацаа дууссанаас хойш 2 жил 11 сарын дараа, энэ зээлд хамгийн сүүлд төлөлт хийсэн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 2 жил 6 сарын дараа, түүнчлэн ЗГ2772016 тоот гэрээний хувьд мөн сүүлд төлөлт хийснээс хойш 2 жил 6 сарын дараа нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан, үүнээс өмнө зээл төлөхийг шаардсан талаарх баримт хэрэгт авагдаагүй тул Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасан үр дагавар нэхэмжлэгчид үүснэ.
Дээрх байдлаар хариуцагчийн төлбөл зохих дүнг тооцвол 30.910.547 төгрөг байх боловч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас нийт 71.681.727 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар бичгээр ирүүлсэн тул энэ хэмжээгээр гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч зээл төлүүлэхтэй холбоотой гарсан зардал 20.000 төгрөг, нотариатын зардал 76.000 төгрөг тус тус гаргуулахаар шаардсан ч 20.000 төгрөгийн зардлыг дэмжих бичгийн баримтаар ирүүлээгүй, нотариатын зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан өөрийн үүргийг хэрэгжүүлэх хүрээнд гарсан зардал гэж үзэх тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид 950.433 төгрөг төлөхөөс 1.042.013 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 91.580 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон, хариуцагчаас хангагдсан хэмжээнд тооцон нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 2019 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан Ө.Х-аас 71.681.727 /далан нэгэн сая зургаан зуун наян нэгэн мянга долоон зуун хорин долоон/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А у г ББСБ ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 72.774.826 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Ө.Х-ийн өмчлөлийн
-эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020927 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хайлааст гудамж 60/4 дүгээр байр, 37 тоотод байрлах 48 мкв талбайтай 2 өрөө орон сууц,
-эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020929 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хайлааст гудамж 60/4 дүгээр байр, 16 тоотод байрлах 40 мкв талбайтай 2 өрөө орон сууц,
-эрхийн улсын бүртгэлийн Ү-2201027327 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Ханын материал, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 41 дүгээр байр, 15 тоотод байрлах 25,9 мкв талбайтай 1 өрөө орон сууц,
-эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029956 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг хороолол, Наадамчдын зам гудамж, 107 дугаар байр, 42 тоотод байрлах 48 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцнаас тус тус хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.042.013 төгрөгөөс илүү төлсөн 91.580 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 586.559 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ