Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/501

 

 

 

 

   2024          06          17                                    2024/ШЦТ/501

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Пүрэвдулам,

Улсын яллагч: М.Амарзаяа,

Хохирогч: ***, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305039102425 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2023 оны 8 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” зочид буудлын *** дугаар өрөөнд толгой руу гутлаар цохилоо гэх шалтгаанаар ***ийн нүүрэн тус газарт цохиж, өшиглөсний улмаас биед нь баруун ухархайн цөмөрсөн хугарал, баруун нүдний алимын эвэрлэг бүрхэвчийн урагдал, цусан хураа, баруун нүдний хараагүйдэл, нүүрний зөөлөн эдийн гэмтэл, зүүн ухархайн ханын хугарал бүхий хөдөлмөрийн чадварыг 65%-р их хэмжээгээр алдагдуулах хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч *** шүүх хуралдаанд: “...Эрүүл мэндтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлыг төлүүлэхээс өөр гомдол, санал байхгүй” гэв.

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...өөрийн найзууд болох ***, ***, *** нарын хамт Саппарогийн замын урд талд байх *** зочид буудалд орцгоосон. Тухайн буудалд ороод бид 4 Соёрхол нэртэй 0.75 литрийн архинаас 4 шилийг уусан. Тэгээд байж байхад *** хэрүүл маргаан хийж байгаад намайг зодож миний баруун нүдийг гэмтээсэн. Тухайн үед бид 4 бүгд архи уусан, согтуу байсан болохоор *** намайг хэрхэн зодсоныг би сайн санахгүй байна. Нэг сэрэхэд *** нь намайг аваад эмнэлэгт үзүүлж байсан. Миний баруун нүд гэмтсэн байна гээд намайг Болор мэлмий хувийн эмнэлэгт үзүүлээд хагалгаанд орох гэж байхад Увс аймгаас хамаатан садан ирээд ...нэгдүгээр эмнэлэгт хэвтэж нүдний хагалгаанд орсон. *** намайг хэвтүүлж хагалгаанд орох үед хамт байж надад эмчилгээний зардал болох 8.000.000 сая төгрөг өгч байсан. Би хагалгаанд ороод миний нүд хараа ороогүй. Би маш их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/,

Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...Найзууд болох ***, ***, *** нарын хамт 20 цагийн үед *** зочид буудалд орсон. Архи уучхаад *** бид хоёр унтаад өгсөн. ***, *** хоёр юм яриад үлдсэн. Хэсэг хугацааны дараа ***, *** хоёр маргалдаад чанга, чанга дуугараад байхаар нь би сэрээд хартал *** орон дээр хэвтэж байсан. *** хромон гутлаараа ***ын толгойн тус газар цохиж байсан. *** зөрүүлээд ***ийн нүүрэн тус газар гараараа цохиод *** нь доошоо суугаад нүүрнээс нь цус гарч байхад *** нь босож ирээд нэмээд ***ийн нүдэн тус газар өшиглөсөн. Тэгээд би очоод ***ыг ***оос салгаад тэр хоёрыг хоёр тийш нь болгосон. Тэгээд бид 4 тухайн буудалдаа унтаад өгсөн. Хэсэг хугацааны дараа сэрцгээгээд ***ийн хөмсөг нь сэтэрч хавдсан байхаар нь чи эмнэлэг явж үзүүл гээд ***, *** хоёрыг ***той хамт гэмтлийн эмнэлэг явуулсан. Удалгүй эмнэлэг ороод оёдол тавиулчихлаа гээд ороод ирцгээсэн. Маргааш өглөө сэрэхэд *** нь миний ***ад цохиулсан нүд юм харахгүй байна гээд байсан. ***ыг дуудаад бид гурав Болор мэлмий гэх нүдний эмнэлэгт үзүүлсэн. Хагалгаанд орох юм байна, бараг хараагүй болно гэж байна гээд хоорондоо маргалдаад байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,

Гэрч Ц.***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би тухайн үед архи хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор тасраад унтаад өгсөн. Намайг унтаад сэрэхэд ***, *** нар нь хоорондоо зодолдсон гээд ***ийн баруун хөмсөг нь сэтэрч хөхөрч хавдсан байсан. Би ***, *** хоёрыг аваад гэмтлийн эмнэлэг очсон. Би дотогшоо ороогүй” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/,

Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 7 дугаар сарын 31-нд *** дугаартай өрөөнд Ц.*** гэх хүн 4 ортой өрөө аваад дөрвүүлээ 3 хоносон байна. Манай бүртгэлд байна. Тухайн хүмүүсийг ороход Алтанцэцэг нь өрөөнд нь оруулж өгсөн байна” гэсэн мэдүүлэг /хх-н 24/,

Шинжээчийн 13564 тоот дүгнэлтэд: “...***ийн биед баруун ухархайн цөмөрсөн хугарал, баруун нүдний алимны эвэрлэг бүрхэвчийн урагдал, цусан хураа, баруун нүдний хараагүйдэл, нүүрний зөөлөн эдийн гэмтэл, зүүн ухархайн ханын хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.1.31.1-д зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65%-р их хэмжээгээр алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо.

Шинжээчийн 268 тоот дүгнэлтэд: “...*** /***/-н сэтгэцэд гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна. *** ..сэтгэцэд дасан зохицохуйн хямралын шинжүүд илэрч байна. Энэ нь сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. ***ийн сэтгэцэд учирсан хор уршиг нь гэмт хэргийн нөхцөл байдлын нөлөөллөөс үүссэн байна....” гэжээ /хх-н 44-45/,

Яллагдагчаар ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн үед би орон дээр хэвтэж байхад *** намайг өөрийн өмсөж байсан гутлаа тайлж байгаад миний толгойн тус газарт 1-2 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би орноосоо босож ирээд ***ийг хойш нь түлхээд газарт унахаар нь түүний нүүрэн тус газарт нь өөрийн хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд ***ийн нүүрэн тус газраас цус гараад явсан. *** бид хоёрыг салгасан. Тэгээд ***ийн баруун хөмсөгнөөс нь цус гараад байхаар нь *** бид хоёр гэмтлийн эмнэлэг авч явж түүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Би ***ид 8.500.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 96-97/,

 

Хохирогчийн өргөдөл /хх-н 2/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 4-7/, хохирогчийн гэмтэл авсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 41/, хохирогчийн өвчний түүх /хх-н 54-80/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 101-115/ зэрэг болно.

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 5/, хохирлын баримтууд /хх-н 82-85/, хохирогчийн хүсэлт /хх-н 107/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь 2023 оны 8 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” зочид буудлын *** дугаар өрөөнд толгой руу гутлаар цохилоо гэх шалтгаанаар ***ийн нүүрэн тус газарт цохиж, өшиглөсний улмаас биед нь баруун ухархайн цөмөрсөн хугарал, баруун нүдний алимын эвэрлэг бүрхэвчийн урагдал, цусан хураа, баруун нүдний хараагүйдэл, нүүрний зөөлөн эдийн гэмтэл, зүүн ухархайн ханын хугарал бүхий хөдөлмөрийн чадварыг 65%-р их хэмжээгээр алдагдуулах хүнд гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч Ц.***, Ц.*** нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогчийн өвчний түүх болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***той маргалдаж толгой руу гутлаар цохилоо гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар цохиж, өшиглөн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан буюу хүнд хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь хохирогч ***ийг цохиж, өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ийн эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч, хохирогч нар нь шүүх хуралдаанд шүүгдэгч нь хохирогчид 15.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон ба шүүгдэгч 6.000.000 төгрөгийг хохирогчид өгсөн, үлдэгдэл 9.000.000 төгрөгийг тодорхой хугацааны дараа өгөхөөр тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн ба шүүхээс шүүгдэгч, хохирогч нарын тохиролцсоноор шүүгдэгч ***аас 9.000.000 төгрөг гаргуулж хохирогч ***ид олгохоор шийдвэрлэв.  

Хохирогч шүүх хуралдаанд сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг шүүгдэгчээс нэхэмжлэхгүй гэсэн тул сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхив.

Харин шүүгдэгчид хүнд гэмтэл учирсан тул түүний хохирол, хор уршгийн талаар болон сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч “торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэсэн, хохирогч шүүгдэгчид хорихоос өөр ял оногдуулж өгнө үү” гэсэн эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт тус тус гаргасан болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хохирогч гомдол саналгүй гэж мэдүүлсэн, гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг харгалзсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

 

2.3. Бусад асуудал

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас 9.000.000 төгрөг гаргуулж хохирогч ***ид олгосугай.
  6. Хохирогч *** нь хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР