Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/100

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Мөнхдөл,

Шүүгдэгч А.А,   

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал,

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,          

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн А-ийн А-од холбогдох 2428001420153 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Биеийн байцаалт:             

Шүүгдэгч А.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Булган сумын төв 5 дугаар цэцэрлэг дотор иргэн Б.Г-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож биед нь тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцрал, цээж, баруун бугуй дахь цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.      

           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч А.А-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

Шүүгдэгч А.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 03 дугаар сарын 07-ны орой хамт олноороо эмэгтэйчүүдийн баяр тэмдэглээд 2 шил архи уугаад байж байхад Г У нар маргалдсан. Би хажуугаас нь та 2 дандаа маргалдаж байх юм, боль, Г чи дандаа ингэж байх юм гэхэд эр хүн байж гээд ирээд цохиод авсан. Би өөрөөсөө салгах гээд буцаагаад нүүр рүү нь 2 удаа түлхсэн. Г-ыг Бо, О нар аваад гарсан. Би цамцнаас нь татаад дугтраад Г багшийг хойш нь унагаасан гэв. 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 01 цагийн үед тухайн өдөр Булган сумын бүх төрийн байгууллага эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан баяр тэмдэглэхээр болж баяраа тэмдэглэсэн. Тэгтэл туслах багш У би шударгаараа та нарт нэг үг хэлчихье гээд эрхлэгч Бод хандан та 2 яахаараа дандаа юмыг хоёулхнаа шийддэг юм, наана чинь та хоёрын эрхлэгч байсан хүн байгаа шүү дээ тэр хүнтэй яагаад зөвшилдөж болдоггүй юм гэтэл А надад хандан чи л ер нь эрхлэгчтэй нийлж хор найруулж явдаг гэхээр нь би түүнд хандан хуц хэмээн хэлтэл А босож ирээд миний өмссөн байсан цамцны хоёр захаас заамдан бариад миний хоолойг боож эхэлсэн. Тэгээд хоолой боож байх явцад нь миний ухаан балартсан. ...Тэгтэл А гүйж ирээд намайг үсдээд унагаасан. Эрхлэгч Бо болон нярав О нар А-оос намайг салгах гээд ноцолдох хооронд миний үс татагдаад маш их өвдсөн. Тэгээд арай хийн салгахаар нь би тэнд байсан хүмүүст хандан би эмнэлэг явлаа гэж хэлээд шууд эмнэлэг рүү явж очсон. Тэгээд эмнэлэг дээр очоод эмнэлэгт үзүүлсэн... Би урьд нь өгсөн хохирогчийн мэдүүлэгтээ мэдүүлж байхдаа өөрийн ээмгээ анх Даланзадгад суманд байх дарханы газар хийлгэхдээ 1 цэн алтаар буюу 700,000 төгрөгөөр хийлгэж байсан. Харин одоогийн байдлаар 1 цэн алт нь 900,000 төгрөг болж өссөн байсан. Иймд А нь миний өөрийн эзэмшлийн ... тоот хаан банкны данс руу 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ... тоот хаан банкны данснаас А гэх хүн нь “А цэн алтны мөнгө” хэмээн гүйлгээний утга дээр нь бичин шилжүүлсэн байсан. Иймд би одоогийн байдлаар ээмэгнийхээ тал дээр ямар нэгэн санал гомдолгүй болсон болно... Надад нэхэмжлэх зүйл байна. А гэх хүн миний данс руу ээмэгний мөнгө гэж 900,000 төгрөгийг шилжүүлсэн, уг шилжүүлгийн талаар би дээрх мэдүүлэгт дэлгэрэнгүй дурдсан байгаа. Би одоогоор ээмэгний тал дээр ямар нэгэн гомдол саналгүй болсон байгаа. Харин би эмчилгээний зардал болон эмчилгээ хийлгэх гэж явсан замын зардлыг тус тус бичин мөрдөгчид хүлээлгэн өгсөн байгаа. Одоогоор надад нэхэмжлэх зүйл гэвэл тийм л зүйл байна. Одоогоор би эмчилгээний зардал хэмээн 1,072,000 төгрөгийг нэхэмжилж байна.” /хавтаст хэргийн 46-54 дэх тал/

Гэрч Г.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Булган сумын 5 дугаар цэцэрлэг дотор орой 20:00 цаг өнгөрч байхад 1 давхарт байх бүжинхэн бүлэг байдаг ангид 2 шил ууцгаахаар болж тухайн ангид эрхлэгч Бо, манаач А, нярав О, үйлчлэгч Б, багш Г болон миний бие байсан. Тээгээд бүгд ширээ тойрч сууцгаагаад 2 ширхэг 0.75 литрийн агар хэмээх архийг гарган ирээд ууцгаасан. ...Г багш ташаандаа гар тулан босоод манаач А дээр очоод түүнийг шууд энгэрээс нь заамдан аваад, манаач А-ын энгэр цээж, хоолой хэсгийг маажаад байсан. Тэгэхээр нь бид нар бүгд салгацгаасан. ...А нь Г-ын цамцнаас нь татан арагшаа унагаасан...” /хавтаст хэргийн 10-12 дахь тал/   

Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Булган сумын 5 дугаар цэцэрлэг дотор орой 20:21 цагийн хооронд 1 давхарт байх ахлах бүлэг байдаг ангид шинэ хонины шөл ууцгаахаар болж ажлын газрын маань бүх хүмүүс цугласан. Тэгээд шөлөө уучихаад 1 шил агар хэмээх 0.75 литрийн, 1 ширхэг 0.5 литрийн агар архийг ууцгаахаар болж манаач А, нярав О, багш Г, туслах багш У, эрхлэгчийн ажлыг түр орлон гүйцэтгэгч Бо болон миний бие нар байсан. ...Гэтэл А сууж байгаад чи ер нь хаашаа юм бэ гээд ширээ цохиод автал Г багш босож ирээд гараа далайхад нь А гарыг нь барьж аваад тэр хоёр хоорондоо барьцалдаад байсан. Тэгээд хоорондоо хэрэлдээд байсан. А Г багшийн энгэр хэсгээс нь бариад заамдчихсан. Мөн Г багш А ахын энгэр хэсгээс нь мөн адил заамдчихсан зогсож байсан. ...Тэгээд Г, А нарын гарыг тавиултал Г багш хойшоо унаад өгсөн...” /хавтаст хэргийн 16-18 дахь тал/      

Гэрч А.Бо мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...А сууж байснаа босож ирээд Г багшид чи яахаараа юм болгонд оролцож байдаг юм, чи яахаараа дандаа хор найруулж байдаг юм гэж хэлээд тэр хоёр хоорондоо маргалдтал А, Г багш дээр очоод түүний цамцны араас үстэй нь хамт базаж аваад барьчихсан. Гэтэл Г салгах гээд урдаас нь тэмцээд Аын хоолой энгэр хэсгээс нь бариад татаж харагдсан. Тэгтэл А араас нь барьж байгаад шууд татаад унагаачихаар нь наад талаас А-ыг салгах гээд У болон Б, О нар А-ыг дахин өөр үйлдэл хийхээс сэргийлээд бариад авсан...” /хавтаст хэргийн 19-20 дахь тал/

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 159 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Г-ын биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцрал, цээж, баруун бугуй дахь цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 27-28 дахь тал/

Хохирол төлсөн талаарх баримт /хавтаст хэргийн 119, 121 дэх тал/,

Шүүгдэгч А.А-ын прокурорын шатанд гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 118 дахь тал/,

Прокурорын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” 55 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 122-123 дахь тал/

Прокурорын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” 55 дугаартай санал /хавтаст хэргийн 124 дэх тал/.   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд А.А-од холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.      

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай, хохирогчийн өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч Д.Г-ас уучлал гуйж эмчилгээ болон зам унааны зардал, алтан ээмэгний төлбөрт нийт 1,972,000 төгрөг төлж хохирол төлбөр, гомдол саналгүй болсон байгаа тул тусгайлан гаргах саналгүй гэх дүгнэлтийг тус тус гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч А.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Булган сумын төв 5 дугаар цэцэрлэг дотор иргэн Б.Г-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож биед нь тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцрал, цээж, баруун бугуй дахь цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.   

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-од холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Г-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 46-54 дэх тал/, гэрч Г.У-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12 дахь тал/, гэрч А.Б-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 дахь тал/, гэрч А.Бо-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 159 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.                 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.                                                           

Шүүгдэгч А.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Г-ын биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцрал, цээж, баруун бугуй дахь цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 159 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/-ээр тогтоогдож байна.     

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.         

Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч А.А-ын хохирогч Б.Г-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.            

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч А.А нь хохирогч Б.Г-ын эрүүл мэндэд тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцрал, цээж, баруун бугуй дахь цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Б.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...А гэх хүн миний данс руу ээмэгний мөнгө гэж 900,000 төгрөгийг шилжүүлсэн... Би одоогоор ээмэгний тал дээр ямар нэгэн гомдол саналгүй болсон байгаа... Одоогоор би эмчилгээний зардал хэмээн 1,072,000 төгрөгийг нэхэмжилж байна.” /хавтаст хэргийн 46-54 дэх тал/ гэж мэдүүлсэн байх ба шүүгдэгчийн зүгээс шүүхийн шатанд хохирогч Б.Г-д эмчилгээний төлбөрт 1,072,000 төгрөг, нийт 1,972,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь гүйлгээний баримт /хавтаст хэргийн 119, 121 дэх тал/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.        

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.      

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч А.А-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000  төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай, хохирогчийн өмгөөлөгчийн хувьд эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй гэх дүгнэлтийг, шүүгдэгчийн хувьд улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус гаргав.     

Шүүгдэгч А.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.    

Шүүх шүүгдэгч А.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-од 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.   

Бусад асуудлаар.

Шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Г-д 1,972,000 /нэг сая есөн зуун далан хоёр мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:   

1. Шүүгдэгч Г овгийн А-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-од 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.       

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.      

5. Шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Гд 1,972,000 /нэг сая есөн зуун далан хоёр мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.         

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.А-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ