Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2100

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Г, Г.Ө, Д.Б, С.Г,

Б.Д нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/01647 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Г нь “Ө” ХХК, “Э” ХХК нарт холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгэх, “Э” ХХК-иас эдийн бус гэм хорын хохиролд 5 000 000 төгрөгийг гаргуулах, нэхэмжлэгч Г.Ө, Д.Б, С.Г, Б.Д нар нь “Э” ХХК-д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийлгэх, уучлал гуйхыг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагч “Э” ХХК-ийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Баясгалан, хариуцагчийн өмгөөлөгч М.Шаранямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК нь www.dorgio.mn сайтдаа 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Г.Г та хэзээ нуун дарагдуулсан гэмт хэргийг ил болгож улсыг хохиролгүй болгох вэ” гэх гарчигтай нийтлэл гаргасан бөгөөд уг нийтлэлдээ “СХЗГ-ын дарга Г.Г нь зөрчил гаргасан албан хаагчдыг ажлаас нь халаад хууль, хяналтын байгууллагад өгөлгүй гэмт хэргийг нуун дарагдуулсан гэж, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Стандарт, хэмжил зүйн газрын дарга АТГ-д дуудагдлаа гэх гарчигтай нийтлэлдээ “Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Г, Стандарт, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Г.Ө, ахлах мэргэжилтэн Болд, Итгэмжлэлийн газрын дарга С.Г нар Чанарын менежментийн тогтолцоо-Шаардлага, Менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар Монгол улсын стандарт гэсэн хоёр номыг хэвлүүлж, итгэмжлэгдэх гэж байгаа байгууллагуудад хүчээр худалдаалж хувьдаа ашиг олдог” гэж, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “СХЗГ-ын дарга хууль бус үйлдлүүдээ тайлбарлахгүй зугтсаар байна” гэх гарчигтай нийтлэлдээ “...Г.Г нь өөрийн дотны найз н.Цогтгэрэлийн дүүгийн найз болох ахлах мэргэжилтэн Б.Дг зохион байгуулалттайгаар ялуулсан ...Сонгон шалгаруулалт... шударга бус болсон гэж, ...зарж байгаа стандартын мөнгө нь СХЗГ-ын данс буюу санхүү рүү орохгүй нэр бүхий ахлах мэргэжилтэн газрын даргын хувийн данс руу ордог гэж, 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Стандарт, хэмжил зүйн газрын дарга, даамлуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна гэх гарчигтай нийтлэлд “Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Г болон тус газрын хурган дарга нарт Эрүүгийн хуулийн 22.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн АТГ-аас шалгаж эхлээд байгаа” гэж, 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн “Осолд орсон төрийн өмчийн автомашин Стандарт, Хэмжил Зүйн Газрын ажилтны гэрийн хашаанд өвөлжиж байна” гэх гарчигтай нийтлэлдээ “Стандарт, Хэмжил Зүйн Газрын дарга Г.Гт Авилгатай Тэмцэх Газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа, Toyota Prado жийп машиныг нь СХЗГ-ын дарга Г.Г зориулалтын дагуу ашиглаагүй” гэж, “...Г.Г даргыг амралтаараа эхнэртэйгээ хамт хэд хоногоор хөдөө явахад нь хүртэл албаны машинаар зөөж үйлчилдэг, СХЗГ-ын дарга Г.Г нь хүссэн хүнээ ажилд авдаг гэж, ...гэмт хэрэг нуун дарагдуулсан гэж, үнэгүй зарах ёстой номыг өндөр үнээр зарж байгаа” гэж баримт нотолгоогүйгээр иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээллийг тараасан тул Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, тараасан хэлбэрээр нь 5 удаагийн нийтлэлээр няцаалт хийхийг даалгаж, эдийн бус гэм хорын хохирол 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

“Ө” ХХК нь www.dnn.mn сайтдаа 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Хуурамч баталгаажилт хийсэн ажилтнууд хуулийн байгууллагад шалгагдахгүй зүгээр л халагдаад өнгөрчээ” гэх гарчигтай нийтлэлдээ “СХЗГ-ын дарга Г.Г нь зөрчил гаргасан албан хаагчдыг ажлаас нь халаад, хууль, хяналтын байгууллагад өгөлгүй гэмт хэргийг нуун дарагдуулсан” гэж баримт нотолгоогүйгээр иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээллийг тараасан. СХЗГ-ын дарга Г.Г нь зөрчил гаргасан албан хаагчдыг ажлаас нь халаад, хууль, хяналтын байгууллагад өгөлгүй гэмт хэргийг нуун дарагдуулсан гэх мэдээлэл худал. Учир нь үнэт цаасны зөрчил гаргасан албан хаагчдад зөрчлийн шинж байдлыг нь харгалзан 2015 оны Б/67 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, Төрийн албаны тухай хуулийг баримтлан Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Халагдсан албан хаагчдын зөрчил нь улсад болон хувь хүнд учруулсан хохирол байхгүй бөгөөд Газрын даргын 2015 оны Б/67 дугаар тушаалын 3 болон 4 дүгээр заалтаар ... лабораторийн cap бүрийн тоо орлогын гүйцэтгэлийн тооцоог дэлгэрэнгүйгээр хэмжих хэрэгсэлд олгосон үнэт цаасны тоогоор хэмжих хэрэгсэл нэг бүрээр гаргахыг, ...хяналт, шалгалтын хүрээг өргөтгөн явуулахыг Б.Ариунаад тус тус үүрэг болгосон. Б.Ариунаагаас тушаалын хэрэгжилтийн талаар Даргын шуурхай хуралдааны явцад асууж тодруулахад Хэмжил зүйн тухай хуулийн шинэчлэлтэй холбогдуулан дүрэм журмыг шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэнэ гэх хариултыг байнга өгч энэхүү ажлыг ажлаас халагдах хүртлээ хэрэгжүүлээгүй. Иймээс манай байгууллага 2018.01.24-ны өдрийн 01/88 дугаартай албан бичгээр БЗД-ийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст энэхүү асуудлыг шалгуулахаар хүсэлт гаргасан бөгөөд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Мөрдөн байцаах тасгийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хариу мэдэгдэх хуудсаар гэмт хэргийн шинжгүй гэж мэдэгдсэн. Иймд Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, тараасан хэлбэрээр няцаалт хийхийг даалгаж өгнө үү.

Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Г, Стандарт, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Г.Ө, ахлах мэргэжилтэн Болд, Итгэмжлэлийн газрын дарга С.Г нар Чанарын менежментийн тогтолцоо шаардлага, менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар Монгол улсын стандарт гэсэн хоёр номыг хэвлүүлж, итгэмжлэгдэх гэж байгаа байгууллагуудад хүчээр худалдаалж хувьдаа ашиг олдог, ...зарж байгаа стандартын мөнгө нь СХЗГ-ын данс буюу санхүү рүү орохгүй нэр бүхий ахлах мэргэжилтэн газрын даргын хувийн данс руу ордог гэх мэдээлэл худал. Стандартыг хууль бусаар хэвлүүлээгүй. Стандарт борлуулж хувьдаа ашиг олоогүй, улсын төсвийн хүндрэлтэй үед СХЗГ нь олон улсын үнэлгээг зохион байгуулж ажилласан. Стандартыг нийтэд түгээсэн, борлуулсан нь кассын орлого, зарлагын баримт, санхүүгийн бүртгэлээр няцаагдана. Энэхүү стандартыг хэвлүүлэх болсон гол зорилго нь Засгийн газрын 2013 оны 196 дугаар тогтоолоор Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (РАС)-ын (МБА)-д нэгдэх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор /Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Г/ Төсвийн шууд захирагч болон Монгол улсын шадар сайд Ц.Оюунбаатар /Төсвийн ерөнхийлөн захирагч/ нарын хооронд байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээнд дээр дурьдсан гэрээнд нэгдэн орох бэлтгэл ажпыг хангах, үнэлгээ хийлгэх гэсэн зорилт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага бий болсон. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Чанарын Менежементийн Тогтолцоо-Шаардлага, Менежементийн Тогтолцоонд Аудит Явуулах Заавар гэсэн нэр бүхий 2 стандартын дагуу олон улсын үнэлгээнд оролцох болсон тул энэхүү стандартыг Стандартын байгууллага 2016 онд үндэсний стандартаар баталж тухайн стандартын талаарх мэдлэгийг аж ахуйн нэгж, байгуулагад түгээх, соён гэгээрүүлэхэд цаг хугацаа, хөрөнгө, санхүүгийн зохион байгуулалтыг хэрэгжүүлсэн. Дэлхийн итгэмжлэлийн өдөр 2016, Хөвсгөл 2016 бүсийн семинарын үеэр теслийн санхүүжилттэй хэвлэгдсэн товхимол, байгууллагаас хэвлэсэн 2 стандартуудыг гарын авлага, материал болгон үнэгүй тараасан. Дээрх үйл ажиллагаанаас үлдсэн байгууллагын захиалгаар хэвлүүлсэн стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр зорьж буй аж, ахуйн нэгж байгууллагад борлуулсан. Борлуулалтын орлого нь кассын орлого, зарлагын баримттайгаар санхүүгийн бүртгэлээр байгууллагын үйл ажиллагаанд зарцуулагдсан нь тодорхой харагдана.

...Г.Г нь өөрийн дотны найз н.Цогтгэрэлийн дүүгийн найз болох ахлах мэргэжилтэн Б.Дг зохион байгуулалттайгаар ялуулсан, сонгон шалгаруулалт... шударга бус болсон гэх мэдээлэл худал. Стандарт хэмжил зүйн газар ажлын байрны сул орон тоог нөхөхдөө Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4 дэх заалтыг тус тус удирдлага болгодог. Хэмжил зүйн хүрээлэнгийн даргын ажлын байрны сул орон тоог нөхөхөөр 2017 оны 10 дугаар сард сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182 дугаар тогтоолоор Хэмжил зүйн хүрээлэнгийн даргын албан тушаалд Б.Дг томилуулахаар нэр дэвшүүлсэн. Тус газрын даргаар Б.Дг томилохдоо Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182 дугаар тогтоол, Авлигатай тэмцэх газрын Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай албан бичгийг үндэслэн хууль тогтоомжийн дагуу томилсон. Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан сонгон шалгаруулалтыг хууль бус болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй.

Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Г болон тус газрын хурган дарга нарт Эрүүгийн хуулийн 22.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн АТГ-аас шалгаж эхлээд байгаа гэх мэдээлэл худал. Г.Гт болон газрын дарга, ахлах мэргэжилтэн нарт Авилгатай Тэмцэх Газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан зүйл огт байхгүй. Харин ажлаасаа халагдсан Б.Ариунаа энэ сайтад байгаа зүйлүүдийг бичиж АТГ-т гомдол гаргасны дагуу биднийг дуудаж гэрчээр асуусан. Мөн Стандарт, Хэмжил Зүйн Газрын дарга Г.Гт Авилгатай Тэмцэх Газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа, Toyota Prado жийп машиныг нь СХЗГ-ын дарга Г.Г зориулалтын дагуу нь ашиглаагүй, ...Г.Г даргыг амралтаараа эхнэртэйгээ хамт хэд хоногоор хөдөө явахад нь хүртэл албаны машинаар зөөж үйлчилдэг, СХЗГ-ын дарга Г.Г нь хүссэн хүнээ ажилд авдаг гэх мэдээлэл худал. Авилгатай Тэмцэх Газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа зүйл огт байхгүй бөгөөд Toyota Prado жийп машиныг СХЗГ нь зориулалтын дагуу ашигласан, албан үүргээ гүйцэтгэж яваад 2017 оны 7 дугаар сард Увс аймагт болох салбарын улсын зөвлөгөөнд оролцохоор явах замд осол гарсан. Ажил үүргээ гүйцэтгэж явсан тул уг машиныг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй юм. Засгийн газрын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Суудлын автомашины ашиглалтын талаар авах зарим арга хэмжээний тухай 184 дүгээр тогтоолыг удирдлага болгон ажилладаг бөгөөд агентлагийн дарга ажил үүргээ гүйцэтгэхдээ суудлын автомашин унах эрхтэй байдаг. Ээлжийн амралттай үед албаны автомашиныг ашигладаггүй болно.

 Стандарт хэмжил зүйн газар ажлын байрны сул орон тоог Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон нөхдөг ба хүссэн хүнээ ажилд авдаг зүйл огт байхгүй. Иймд Стандарт, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Г.Ө, ахлах мэргэжилтэн Д.Б, Итгэмжлэлийн газрын дарга С.Г нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээг тараасан хэлбэрээр нь 2 удаагийн няцаалт хийлгэх, уучлал гуйхийг даалгаж өгнө үү. Мөн Б.Дгийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээллийг тараасан тул нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээг тараасан хэлбэрээр нь 2 удаагийн няцаалт хийлгэх, уучлал гуйхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Э” ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн нийтлэлдээ Стандарт хэмжил зүйн газрын дарга Г.Г нь үнэт цаас хуурамчаар үйлдсэн этгээдэд ямар нэгэн хариуцлага тооцуулахгүйгээр ажлаас халсан нь улсад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байна. Үүнийг нэхэмжлэгч Г.Г, Г.Ө нар мэдэж байсан боловч тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд Эрүүгийн хуулийн зүйл заалтыг зөрчсөн байх магадлалтай гэсэн байдлаар нийтлэл бичсэн. Нийтлэлийг үнэн зөв болохыг нотлох баримт 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Стандарт хэмжил зүйн газрын даргын Б/67 тоот тушаалаар ... механик хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын улсын байцаагч Д.Хишигдэлгэр, цахилгаан хэмжих хэрэгслэлийн улсын байцаагч У.Дэлгэрбаяр, эзлэхүүн зарцуулалтын хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын улсын байцаагч Д.Сүхбаатар, хэмжил зүйн бодлого цахилгааны температурын хэмжлийн ахлах мэргэжилтэн Д.Ням-Очир нарыг усны тоолуурын үнэт цаас, гэрчилгээ, гэрчилгээн дээрх лабораторын тэмдэгийг хуурамчаар үйлдсэн. Үйл ажиллагаандаа ашигласан үнэт цаас, гэрчилгээ, тооцоо баримтыг үнэн зөв тайлагнаагүй, улсын шалгагчийн тэмдэгийг өөр хоорондоо шилжүүлсэн нь Стандарт хэмжил зүйн газрын даргын 2015 оны А/48, А/63, А/105 тушаалаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдож байх тул төрийн албанд нэг жил эргэн орох эрхгүйгээр халах шийтгэл ноогдуулсугай... гээд сахилгын шийтгэл ноогдуулсан байдаг.

Гэвч тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 176 дугаар зүйлийн 176.2, 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт тус тус зааснаар бүлэглэн үнэт цаас их хэмжээгээр хуурамчаар үйлдвэрлэсэн нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна. Энэ бол шууд гэмт хэрэг болох байсан. Яагаад гэвэл үнэт цаас хуурамчаар үйлдэж байгаа үйлдэл нь гэмт хэрэг болж байгаа. Хохирол шаардахгүй. Хууль бус үйлдэл хийсэн бол хариуцлага хүлээх нь зүй ёсны хэрэг юм. Ажлаас халаад өнгөрсөн бол их хэмжээний хохирлыг хэн хариуцан арилгасан бэ, Цагдаагийн байгууллагад шалгуулсан гэх 2018.03.26-ны өдрийн 65 дугаартай Нийслэлийн Прокурорын хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолыг нэхэмжлэгч нарын зүгээс ярьж байгаад гайхаж байна. Доргио.мн сайтад нийтэлсний дараа шалгуулсан боловч Эрүүгийн хэргийн шинжгүй гэх буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Г.Г гэх хүний үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 247 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийг нуун дарагдуулах, 272 дугаар зүйлд зааснаар албан тушаалын үйлдэлдээ хайнга хандах гэмт хэргийн шинж чанартай байсан боловч хөөн хэлэлцэх хугацаа нь дууссаны дараа хамгийн сүүлд нь шалгуулсан. Үнэхээр шалгуулах ёстой байсан бол яагаад 2018 онд шалгуулсан юм бэ, тухайн үедээ цагдаад шалгуулаад нэр бүхий 4 этгээдэд яагаад эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй вэ, улсад их хэмжээний хохирол учруулсан гэдэг нь тодорхой байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нууцын тамгатай 3 ширхэг гэрчилгээг шалгуулсан байдаг, уг гэрчилгээний үнийн дүн нь 68,0 мянга төгрөг байдаг. Үүнээс гадна маш олон гэрчилгээ байгааг үгүйсгэхгүй. Маш олон аж ахуй нэгж хуурамч гэрчилгээтэй байгаа. Нэг ёсондоо Стандартын дагуу гээд бусдад эм түгээж байгаа, стандартын дагуу гээд бусдад ус түгээж байгаа, стандартын дагуу улсын төсөвт ирж байгаа тогны мөнгийг хэмнэлттэй үнээр эсхүл бага гүйдэг тоолуураар авч байгаа. Хуурамч гэрчилгээг ингэж гаргадаг. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд 3 гэрчилгээ өгсөн. Өөр хоорондоо тамгаа сольсон үйлдэл байхад Г.Г дарга нуун дарагдуулсан.

Нэхэмжлэгч Г.Ө нь тухайн үед хуулийн зөвлөхөөр нь ажиллаж байсан. Энэ хүнд хариуцлага тооцох асуудлыг үүрэг болгосон. Үүнтэй холбоотойгоор гэрчээр дуудаад байсан Дарь.Сүхбаатар нь энэ талаар хурал дээр олон удаа хэлж байсан. Өнөөдөр энэ этгээдийг гэрчээр дуудсан боловч даанч амралттай байна. Энэ талаар Б.Ариунаа хүртэл удаа дараа хэлж байсан тэмдэглэл нь хүртэл байдаг.

Нэхэмжлэгч нарын хоёр дахь шаардлага болох номын асуудал байгаа. Чанарын менежментийн тогтолцооны шаардлага, Чанарын менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар гэх хоёр номыг 2017.12.07-ны өдөр нийтэлсэн нийтлэлдээ сэтгүүлч юу гэж бичсэн гэхээр Стандарт хэмжил зүйн газрын дарга болон хурган дарга, мэргэжилтэнгүүд нь нэгдэж байгаад үнэгүй тараагдах учиртай хоёр номыг тус бүр нь 100 000 төгрөгөөр үнэлэн зарж, улсын төсөвт төвлөрүүлэхгүй хувьдаа завшсан байж магадгүй үйлдэл нь өнөөдөр Засгийн газар болон Авилгатай тэмцэх газрын анхаарлын төвд ороод байна. Европын холбооноос Стандарт хэмжил зүйн газрын хэрэгжүүлж буй төслийн хүрээнд таны харж байгаа дээрх хоёр номыг 2016 онд 300 ширхэгийг хэвлүүлсэн байдаг. Ингэхдээ бүх төсөв зардлыг Европын холбооноос гаргасан байгаа. Хамгийн гол нь 300 ширхэг номыг зарсан 60 000 000 төгрөг нь тус газрын дансанд ордоггүй гэж хэлсэн байгаа. Өмнөх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Г.Ө, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганбаяр нар нь дээрх мөнгө бол дансанд ороогүй гэж хэлдэг. Тус номны мөнгө Ази номхон далайн итгэмжлэлийн байгууллагуудаас ирсэн 5 орны зочид төлөөлөгчдийн зардалд орсон гэх мэтээр тайлбарлаж байгаа. Стандарт хэмжил зүйн газрын тамгын газрын ахлах мэргэжилтэн Ц.Булганчимэг нь Ази номхон далайн итгэмжлэлийн байгууллагын хэлэлцээрт зарцуулсан мөнгөний тайланг юу гэж тайлбарласан гэхээр Монгол Улсын шадар сайдын 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаартай эрх олгох тушаалаар Стандарт хэмжил зүйн газар Ази номхон далайн итгэмжлэлийн байгууллагын анхдагч үнэлгээ явуулж, хэрэгжилтийн явцад хяналт тавьж, үр дүнг тайлагнахыг Стандарт хэмжил зүйн газрын дарга Г.Гт үүрэг болгосон болно гэж заасны дагуу гадаад зочны зардалд 23 000 000 төгрөгийг тооцоолон төсөвлөж Шадар сайдын ажлын алба болон Сангийн яаманд хүргүүлсэн боловч 2016 оны урсгал үйл ажиллагааны төсөв батлагдаж гадаад зочдын зардал бүлгийн дүнгээр хасагдаж ирсэн. Иймээс дээрх хоёр номны мөнгөн дүнгээр санхүүжүүлсэн болно... гээд Тамгын газрын даргын ахлах мэргэжилтэн Ц.Булганчимэг гэсэн байдаг. Үүнээс хэд хэдэн логикийн зөрүүтэй зүйл гарч ирж байгаа.

2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Стандарт хэмжил зүйн газрын дарга Шадар сайдад зардал батлуулах тухай албан бичигтээ 13 000 ам долларыг гадны төлөөлөгч ирэхэд зарцуулах хэрэгтэй гэсэн албан бичиг өгсөн байдаг. 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Монгол банкны ам.доллартай харьцах ханшаар тооцвол 1 доллар нь тухайн үед 2042,34 төгрөг, үүнийг үржүүлэхээр 26 611 690 төгрөг болж байгаа. Энэ нь Булганчимэгийн яриад байгаа дүнгээс даруй 3 611 690 төгрөгөөр илүү болж байгаа. Ази номхон далайн итгэмжлэлийн байгууллага нь харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийн заалтыг Монгол Улсын шадар сайд 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаартай эрх олгох тушаалдаа тусгасан байгаа. 2015 оны үйл ажиллагааны санхүүжилт авах эрхийг Стандарт хэмжил зүйн газрын дарга Г.Гт олгосон байдаг боловч дарга нь эрх мэдлээ хэртүүлэн номны мөнгийг бас оруулсан.

Сэтгүүлч А.Баярмаа 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Очираяга ХХК-иас худалдан авсан 2 стандартын номны үнэ 200 000 төгрөгийн баримт энэ хавтаст хэрэгт байгаа. Тус олон улсын хурал нь 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 26-ны өдөр хүртэл буюу 4 өдрийн хугацаанд болж өнгөрсөн байхад 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр энэ номыг зараад дансандаа төвлөрүүлэхгүй бэлнээр татаж аваад байгаа юм вэ, зарсан мөнгийг юунд ашиглаад байгаа вэ, хэн нэгэн анхан шатны санхүүгийн тамгатай баримтыг бол хаанаас ч авах боломжтой гэдэг хардлага байгаа. Тус 2 стандартыг зарсан гэх санхүүгийн баримт, ном хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тамга тэмдэг дээр Стандартчилал хэмжил зүйн газар гэсэн нэр байдаг. 2016 оны шинээр эрхлэн байгуулсан Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн агентлагын талаар авах арга хэмжээний тухай тогтоолоор Стандарчилал биш Стандарт хэмжил зүйн газар болгож өөрчлөгдөж, Шадар сайдын ажлын албанд 123 хүний орон тоотой батлагдсан тушаал байдаг. Яагаад санхүүгийн тамгыг солиогүй вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Хууль зүй дотоод хэргийн сайдын 2017 оны А/159 дүгээр тушаалын 1-р хавсралтын 2.4.6-т үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн хувьд шинээр олгосон улсын бүртгэлийн гэрчилгээний хүсэлт өмнөх тамга тэмдэгийг хураасан байхыг шаарддаг. 2017 онд зарагдаж байгаа номыг яагаад Стандартчилал гэх нэршилийн хувьд зөрүүтэй санхүүгийн баримтаар зараад байгаа вэ. 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Нийслэлийн прокурорын хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолд тус хоёр номыг 600 ширхэгийг хэвлүүлэн худалдан борлуулж, олон улсын зочид төлөөлөгч нарын зардал, бусад зардал, хүлээн авалтын үйл ажиллагаанд зарцуулж, байгууллагын санхүүгийн баримтад үйл ажиллагаа тайлагнасан байна гэж мэдүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь 23 000 000 төгрөгийг зарцуулсан гэж байхад бүхэл бүтэн 60 сая төгрөгийг тооцон бодсон нь ойлгогдохгүй байна. Төсвийн тухай хуульд жилийн эцсийн тайланд бэлэн болон бэлэн бусаар тусгах бөгөөд бэлэн мөнгөөр гүйлгээ хийсэн тохиолдолд тусгайлан бүртгэх ёстой. Авлигын эсрэг хууль, Шилэн дансны тухай хуульд тус тус зааснаар бэлэн бус гүйлгээг тусгайлан тайлагнах үүрэгтэй байхад, төсвийн бус үнэгүй тараагдах номыг зараад нэг ч төгрөгийг дансанд хийгээгүй үйлдэл байдаг. Үнэхээр сайдаас зөвшөөрөл авсан юм бол бүхэл бүтэн 60 000 000 төгрөгний 600 ширхэг номноос ядахдаа 6 ширхэг ч номны мөнгийг дансандаа хийхгүй яасан юм вэ, гэтэл огт хийхгүй яагаад бэлнээр аваад байгаа юм вэ.

Нэхэмжлэгч Г.Ө өмнөх хурал дээр Авлигатай тэмцэх газар хэрэг үүсгээгүй гэсэн. Төрийн байгууллага, тохируулагч агентлаг байж, уг байгууллагад санхүүгийн нэгдсэн тогтолцоо баймаар юм. Төрийн аж ахуй нэгж байгууллага, төрийн аль байгууллага байхаас үл хамаарч дансаар гүйлгээ хийх ёстой. Бэлэн мөнгөөр гүйлгээ хийдэг төрийн байгууллага гэж би мэдэхгүй. 60 000 000 төгрөгийг сангийн яаманд явуулсан бол эзэн холбогдогч нь зарлага болон орлого дээр дурдагдах ёстой. Энэ талаар хүсэлт гаргахаар шүүхээс хангахгүй орхисон. Ном зарсан мөнгөний тайланг Сангийн яаманд явуулаагүй байдаг. Сүүлд хэзээ хойно нийтлэл гарсны дараа Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн байгууллагад шалгуулсан байдаг.

2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн нийтлэл дээр Стандарт хэмжил зүйн газрын ахлах мэргэжилтэн Б.Дг зохион байгуулалттай ялуулсан гэх нийтлэл байгаа. Б.Д нь Электрон түлхүүр ХХК болон хэмжих хэрэгслийн тусгай зөвшөөрөл бүхий компанитай гэсэн сэтгүүлчийн үг байгаа. Компанийн захирал өөр байдаг болохоор Б.Д нь хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгадаггүй. Энэ компанийг Б.Д удирдаж, түүний эхнэр Хонгорзул нь үйл ажиллагаа явуулдаг байж болзошгүй юм гэсэн нийтлэл гарсны дагуу Авилгатай тэмцэх газар шалгуулаад Б.Дтэй холбоотой байх нөхцөл байдал нь Электрон түлхүүр компанид Хонгорзул менежерийн ажил эрхэлдэг нь үнэн байсан. Энэ тусгай зөвшөөрлийг ямар хүн олгодог вэ гэхээр Б.Дгийн албан тушаал эрхэлдэг газар олгодог. Цахилгаан хэрэгсэл, тоолуурын тусгай зөвшөөрлийг олгодог хүний эхнэр нь тусгай зөвшөөрлийг зардаг хүн байгаа. Энэ хоёр хүн хамаарал бүхий этгээд байгаа учраас Сэтгүүлчийн зүгээс эхнэртээ нь тусгай зөвшөөрөл авч өгөөд байгаа юм биш үү гэх байдлаар бичсэн байгаа.

Нэхэмжлэгч нарын 4 дэх шаардлага болох Стандарт хэмжил зүйн газрын дарга Г.Г Авлигатай тэмцэх газар дуудагдлаа гэсэн байгаа. Тус нийтлэлд номны тухай, ажилтнаа хууль хяналтын байгууллагад шалгуулахгүй халдаг гэсэн мэдээллийг шалгасан 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн прокурорын 65 дугаар тогтоол байгаа. Г.Г, Г.Ө, Д.Б, н.Хонгор, н.Оюунбаатар, н.Хишигдэлгэр нараас гэрчийн этгээдээр мэдүүлэг авсан байгаа. Энэ этгээдүүдийг дуудаж гэрчийн этгээдээр асуусан байгаа. Өнөөгийн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар бүх этгээдүүдийг гэрчийн этгээдээр дуудаж байгаа. А.Баярмаагийн хувьд Авилгатай тэмцэх газар шалгагдаж байгаа гэх мэдээлэл гаргасан байгаа болохоос биш нэр бүхий этгээдүүд маань ял аваад явчихлаа. Энэ хүмүүс шийтгэл авчихлаа, цагдаагаар шалгагдаад хүчин төгөлдөр шийдвэр гарчихлаа гэж огт бичээгүй.

Зам тээврийн осол байгаа. Өнөөдөр энэ талаар баримт гаргуулах гэсэн боловч хүсэлтийг хангахгүй орхиж шийдлээ. Нотлох баримт гаргах гээд байсан шалтгаан нь Стандарт хэмжил зүйн газрын дарга Гантөмөр, жолооч Цогтбаатар, түүний гэргий, Баярмаа гэх зэрэг этгээдүүд амралтанд явж байгаа. Уг амралтанд явахдаа 0091УНА гэх СХЗГ-ын данстай автомашинтай 2015 оны 7 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд бүх нийтийн амралтын өдрөөр Хэнтий аймгийн Хар зүрхний хөх нуур гэдэг газар явсан байгаа. Үүнтэй холбоотой н.Цогтгэрэл гэх хүний зургыг хавсаргасан байдаг. 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хоол идэж байгаа, хөх нуурын дэргэдэх овоон дээр н.Цогтгэрэл, н.Галбаатар гэх мэт хүмүүсийн зургыг хавсаргаж өгсөн. Хамгийн анхны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Б.Ариунаа бид хоёр ойлголцоогүйн, А.Баярмаа би хууль зүйн мэдлэггүйн улмаас Зөрчилийн хэрэг хянан шийдвэрлэгдээд шийтгэвэр гарчихсан юм байна гэх ойлголттой байсан боловч сүүлд энэ талаар тодорхой мэдээлэлтэй болсон. Үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар “Э” ХХК-ийн нэхэмжлэгч нартай холбоотой мэдээллийг зөрчлийн шинжгүй гээд зөрчлийн хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Машин зам тээврийн осолд орж унаад ажилчныхаа хашаанд байгаа гэдгийг н.Цогтгэрэл нь өөрөө хэлсэн байгаа. Миний эрх хасагдсанаас болж би сантехникч болсон байгууллагын гадаа машинаа тавиад яахав, тэгээд хашаандаа тавьсан байгаа нь үнэн гэсэн хохирогчийн мэдүүлэг хавсаргасан байдаг. Осол болсон байхад уг автомашиныг одоо болтол засуулахгүй байгаа. Уг автомашиныг яагаад ажилчдынхаа хашаанд нуун дарагдуулаад байгаа вэ гэдгийг бичсэн.

Нэхэмжлэгч нарын 6 дахь шаардлага болох ажилчдыг өөрийн хүсэлтээр авч ажиллуулж, халдаг гэх зүйл байгаа. Хэн нэгний мууг үзэх гээд, хэн нэгэнтэй өс хонзонтой зүйл байхгүй. Г.Г гэх даргыг хэнийг ажилд аваад, хэнийг ажлаас халаад байдаг вэ, үүнтэй холбоотой Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагч нь мэргэшсэн тогтвортой байх гэсэн хуулийн шаардлага жолоочийн мэргэжилтэй хүн нь сантехникч болоод байдаг юм бол, яах гэж анхнаасаа жолоочоор авсан, сантекникчээр авахгүй яасан юм. Хэн нэгэн албан хаагчийн хоол руу бид нар дайраад байгаа зүйл байхгүй.

Иргэний хуульд зааснаар Г.Г нь хэнээр төлүүлэх нь өөрийнх нь хувийн эрх. Г.Г гэх хүнд эхнэр хүүхэд, найз нөхөд, таньдаг өмгөөлөгч байдаг байх, төрийн албан хаагч нь өнөөдөр даргынхаа өмнөөс итгэмжлэл аваад, үйлчилгээ үзүүлэх ёстой хүн мөн үү, өнөөдөр гадуур ажилтай гээд ажил дээрээ байхгүй байгаа. Татвар төлөгчдийн мөнгөнөөс цалинждаг хүмүүс дураараа аашилж байна. 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн нийтлэлдээ тус байгууллагын ажилтнууд байнгын дарамтад байдаг, ажлаасаа халагдах вий гэдэг айдастай байдаг учраас манай даргын нэр хүндэд халдлаа гэж яриад байгаа байх.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баярмаа миний бичсэн 5 цуврал нийтлэл баримттай тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Өдрийн сонин” ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуурамч бичиг баримт ашигласан талаар ШШҮХ-ийн 2015 оны албан тоотыг үндэслэн уг нийтлэл анх бичигдсэн бөгөөд түүнийг иш татан хуулбарласан. Уг баримтыг иргэний хэргийн хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс нотлох баримт хэмээн үзэж шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан ч хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэлд дурьдсан үйл баримтыг үгүйсгэсэн баримтыг нэхэмжлэгч нарын зүгээс гаргаж өгсөнгүй. Ямар хэмжээний хохирол учирсан бэ гэдгээ нэхэмжлэгч тал баримтаар нотлосонгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул эзгүйд хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Г, Г.Ө, Д.Б, С.Г, Б.Д нарын хариуцагч “Э” ХХК-ийн www.dorgio.mn сайтад 2017 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн Стандарт, хэмжил зүйн газрын дарга АТГ-д дуудагдлаа гарчигтай нийтлэл, 2017 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн СХЗГ-ын дарга хууль бус үйлдлүүдээ тайлбарлахгүй зугтсаар байна гарчигтай нийтлэл, 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Стандарт, хэмжил зүйн газрын дарга, даамлуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна гарчигтай нийтлэл, 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Осолд орсон төрийн өмчийн автомашин Стандарт, хэмжил зүйн газрын ажилтны гэрийн хашаанд өвөлжиж байна гарчигтай нийтлэл зэргийн зарим мэдээллээр гутаагдсан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, хариуцагч “Э” ХХК-д тухайн мэдээлэл бичигдсэн хэмжээгээр залруулга хийсэн мэдээллийг гаргаж, тараасан аргаар няцаалт хийхийг даалгаж, “Э” ХХК-иас 1 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Гт олгож, нэхэмжлэгч Г.Гийн “Э” ХХК-ийн www.dorgio.mn сайтад 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Г.Г та хэзээ нуун дарагдуулсан гэмт хэргийг ил болгож улсыг хохиролгүй болгох вэ гарчигтай нийтлэл, Хариуцагч “Ө” ХХК-ийн www.dnn.mn сайтад 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Хуурамч баталгаажилт хийсэн ажилтнууд хуулийн байгууллагад шалгагдахгүй зүгээр л халагдаад өнгөрчээ гарчигтай нийтлэл зэргийн зарим мэдээллээр гутаагдсан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээллийг тараасан хэмжээгээр няцаалт хийхийг болон уучлал гуйхыг хариуцагч “Э” ХХК, “Ө” ХХК нарт даалгах, хариуцагч “Э” ХХК-иас эдийн бус гэм хорын хохирол 4 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г.Гийн төлсөн 165 150 төгрөгийг, Г.Ө, Д.Б, С.Г, Б.Д нараас тус тус 70 200 төгрөг төлснийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК-иас нийт 379 550 төгрөгийн гаргуулж нэхэмжлэгч Г.Гт 98 750 төгрөгийг, Г.Ө, Д.Б, С.Г, Б.Д нарт тус тус 70 200 төгрөгийг олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Э” ХХК давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д “Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана...” гэж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг тодорхойлсон. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “www.dorgio.mn сайт нь удаа дараа хүний нэр, төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, илтэд гүжирдсэн мэдээллийг тараасан тул нэхэмжлэгчид 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн тодорхойгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад дээрх иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгчийн ямар нэг тайлбар, тодруулга, нотлох баримтыг үндэслэлгүйгээр ... “Э” ХХК-иас эдийн бус гэм хохиролд 5 000 000 төгрөгийг гаргуулах гэж захирамжилсан нь шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж, тайлбарласан гэж үзэхээс өөр аргагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан зүйлийн 6.6-д заасан мэтгэлзэх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно. Итгэмжлэлд зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийн заримыг төлөөлөгчид эдлүүлэхгүй байхаар зааж болно. Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна.” гэж заасан. Нэхэмжлэгч Г.Гөөс иргэн Б.Ууганбаярт шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр олгосон байна. Тус итгэмжлэлийн агуулга хэсэгт “ Монгол ньюс медиа групп” буюу DNN, Доргио.мн сайтаар уучлалт гуйлгах, нэр төр сэргээлгэх залруулга хийлгэх” гэсэн нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганбаяр нэхэмжлэгч Г.Гийг итгэмжлэлийн агуулга хэсэгт тодорхойлсон хүрээнд шүүхэд төлөөлөх эрхтэй гэж үзнэ.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын 40 дүгээр тогтоолоор батлагдсан “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ын 2.4 дэх хэсэгт “Веб сайтын үйлчилгээ эрхлэгч” гэж харилцаа холбооны сулжээний үйлчилгээг ашиглан олон нийтэд мэдээ, мэдээлэл болон бусад бүх төрлийн контентыг хүргэдэг иргэн болон хуулийн этгээд” гэж, мөн шаардлагын 3.4 дэх хэсэгт “Харилцаа холбооны тухай хуулийн 12.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа мэдээ мэдээллийн веб сайтын үйлчилгээ эрхлэгч нь Зохицуулах хороонд бүртгүүлнэ” гэж тус тус заасны дагуу “Э” ХХК нь www.dorgio.mn вэб сайтын үйлчилгээ эрхлэгч болно. Өөрөөр хэлбэл www.dorgio.mn вэб сайт нь хуулийн этгээд биш бөгөөд “Э” ХХК-ын эзэмшдэг контент болно. Иймд дээрх итгэмжлэлд заагаагүй хариуцагч буюу хуулийн этгээдтэй холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон, Б.Ууганбаярт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 5 000 000 төгрөг нэхэмжлэх эрхийг итгэмжлэлээр олгоогүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүхэд төлөөлөх эрхгүй этгээд анхан шатны шүүх хуралдаанд оролцсон гэж үзэхээр байна.

3. Нэхэмжлэгч нар 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “...тул Монгол Улсын иргэний хуулийн 21.2 дүгаар зүйлийн 21.2 дахь хэсэгт заасны дагуу Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Г, Стандарт, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Г.Ө, ахлах мэргэжилтэн Болд, Итгэмжлэлийн газрын дарга С.Г нарын нэр төр, алдар хүндийг сэргээх, мэдээг тараасан хэлбэрээр няцаалт хийлгэхийг даалгах шийдвэрийг тус тус гаргуулж өгнө үү” гэж Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан” гэсэн хуулийн заалтыг үндэслэн нэхэмжлэл гаргаж байсан. Гэсэн хэдий ч 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодоруулахдаа нэхэмжлэгч нар нь ... дээрх үйлдлүүдээрээ Стандарт, хэмжил зүйн газрын ажил хэргийн нэр хүнд, албан тушаалтны нэр төр, алдар хүндийг гутаан, төрийн байгууллагын үйл ажиллагааг үнэлэх үнэмлэмжийг бууруулж байгаа тул Иргэний хуулийн 27.6 “хуулийн этгээдийг ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад энэ хуулийн 21 дүгээр зүйлийн заалт нэгэн адил хамаарна” гэж заасны дагуу...шийдвэр гаргуулан өгнө үү” гэсэн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 27.6 дугаар зүйлд заасны дагуу хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалах хуулийн зүйл, заалтыг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа болохоо тодруулан тайлбарласан нь хавтаст авагдсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т “Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ.” гэж заасан. Хуулийн этгээдийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх болон шүүхэд төлөөлөх эрхээ нотлох шаардлагатай болно. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.9 дэх хэсэгт агентлагийн дарга “агентлагийг төлөөлж бусад байгууллагатай харилцах” эрхтэй байхаар заасан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Стандарт, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Г.Ө, ахлах мэргэжилтэн Болд, Итгэмжлэлийн газрын дарга С.Г нар нь Стандарт, хэмжил зүйн газрыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй байхаас гадна байгууллагаас шүүхэд төлөөлөх эрх авсан баримт хавтас хэрэгт авагдаагүй байна. Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Г нь хуульд зааснаар байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй байх боловч тус төлөөлөх эрхийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага тодруулсантай холбоотойгоор шүүхээс нэхэмжлэл гаргах эрхийг хянаж үзэлгүйгээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-т “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан.” бол шүүхээс нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т “...уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал” гэж заасны дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг мөн хуулийн 92.2-т заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаан эхлэхээс өмнө эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх үүрэгтэй. Шүүх мөн хуулийн 92.4-т заасны дагуу татгалзал гаргах тухай асуудлыг хүлээн авах эсэхийг шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж, тогтоол буюу захирамж гаргаж шийдвэрлэнэ.

Уг иргэний хэргийг үүсгэхээс эхлэн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийг дээр дурдсанчлан зөрчиж ажилласан бөгөөд энэ тухай залруулахыг шүүхээс хүссэн хүсэлт, хариуцагчийн зүгээс хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг удаа дараалан хангахгүй татгалзаж, илтэд нэхэмжлэгчийн талд үйлчилж байсан нь шүүх хуралдааны явцад харагдсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шударгаар шийдвэрлэж чадахгүй гэж үзэн шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шүүхэд гаргасан. Гэтэл шүүгч “шүүх хуралдааны эхэнд татгалзан гаргах эсэхийг асуусан биздээ гэж” тайлбарлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг “хүсэлтээ өгчих хэрэгт хавсаргачихья” гэж хэлээд шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2, 92.4-т заасныг тус тус зөрчөөд зогсохгүй тухайн хэргийг шударгаар шийдвэрлэхгүй гэдгээ баталсан үйлдэл гаргасан.

www.Dorgio.mn вэб сайт нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Стандарт, хэмжил зүйн газрын дарга АТГ-д дуудагдлаа”, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Г.Г та хэзээ нуун дарагдуулсан гэмт хэргийг ил болгож улсыг хохиролгүй болгох вэ”, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “СХЗГ-ын дарга хууль бус үйлдлүүдээ тайлбарлахгүй зугтсаар байна”, 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр “Стандарт, хэмжил зүйн газрын дарга даамлууд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.”, 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр “Осолд орсон төрийн өмчийн автомашин Стандарт, хэмжил зүйн газрын ажилтны гэрийн хашаанд өвөлжиж байна.” гэсэн нийтлэлийг тус тус нийтэлсэн байна. Дээрх таван нийтлэлийн хүрээнд дараах 5 асуудлыг хөндөн бичсэн байна. Үүнд: Стандарт хэмжил зүйн газрын холбогдох албан хаагчид “Чанарын менежментийн тогтолцоо-шаардлага”, “Менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар” Монгол Улсын стандарт гэсэн тус байгууллагад хэрэгжсэн төслийн санхүүжилтээр хийгдсэн 2 номыг итгэмжлэгдэх гэж байгаа байгууллагуудад хүчээр худалдаж, орлогыг байгууллагын дансанд оруулдаггүй, хувьдаа авсан байж болзошгүй тухай, Усны тоолуурын үнэт цаас, гэрчилгээ, гэрчилгээн дээрх лабораторын тэмдгийг хуурамчаар үйлдэж үйл ажиллагаандаа ашигласан, үнэт цаасны тайлан мэдээг үнэн зөв гаргаагүй нь хяналт, шалгалтаар тогтоогдсон нэр бүхий албан хаагчдад зөвхөн Төрийн албаны тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл оногдуулсан бөгөөд тэдгээр албан хаагчдын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль, хяналтын байгууллагад шалгуулах үүргээ хэрэгжүүлээгүй тухай, Стандарт хэмжил зүйн газрын дарга Авилгатай тэмцэх газарт шалгуулж байгаа тухай, Стандартчилал хэмжил зүйн газрын дарга Г.Г нь өөрийн дотны найз н.Цогтгэрэлийн хүүгийн найз болох Б.Дг ахлах мэргэжилтний ажлын байрны сонгон шалгаруулалтад зохион байгуулалттай ялуулсан байж болзошгүй тухай, Төрийн өмчийн хөрөнгө болох автомашиныг зориулалтын дагуу ашигладаггүй тухай болон автомашиныг осолд оруулан байгууллагын жолоочийн хашаанд хадгалан үнэгүйдүүлж байж болзошгүй тухай юм.

Нэхэмжлэгч нар “Стандарт, хэмжил зүйн газрын ажил хэргийн нэр хүнд, албан тушаалтны нэр төр, алдар хүндийг гутаан, төрийн байгууллагын үйл ажиллагааг үнэлэх үнэлэмжийг бууруулж байгаа” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу нэр төрөө сэргээлгэх хүсэлт гаргасан байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110, 111 дүгээр зүйлүүдийн зарим заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 40 дугаар тогтоолын 1.1-т “...нэр төр гэж тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг хэлнэ”, 1.2-т “...алдар хүнд... гэдэгт бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг ойлгоно” гэж тайлбарлажээ. Мөн тогтоолын 2.2-т “...гутаах зорилго...” гэж өш хонзон санах, үзэн ядах, уур хорслоо тайлах, атаархах, эр эмийн хардлага зэрэг атгаг санаагаа хэрэгжүүлэх гэсэн хувийн сэдэлтийг хэлнэ.” гэж, 2.3-т “...худал гүжирдлэг...” гэдэгт илт худал мэдээлэл, баримт сэлтийг ойлгоно.” гэж тус тус тайлбарласан байна.

Эндээс үзвэл Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасныг дараах байдлаар тайлбарлаж ойлгох үндэслэлтэй байна. Үүнд “Нэр төр” гэж бие хүний талаар нийгэм, түүний гишүүдээс буюу бусдаас өгсөн үнэлэмжийг, “алдар хүнд” гэж нийгэм түүний гишүүдээс буюу бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухай хүний үнэлэмжийг, “ажил хэргийн нэр хүнд” гэж тухайн хувь хүний ажил, мэргэжилийн талаар нийгэм, түүний гишүүдээс буюу бусдаас өгсөн үнэлэмжийг ойлгохоор байна. Мөн “гутаасан мэдээ тараах” гэдэг нь өш хонзон санах, үзэн ядах, уур хорслоо тайлах, атаархах зэрэг атгаг санаагаа хэрэгжүүлэх гэсэн хувийн сэдэлт, зорилготой байхыг ойлгохоор байна.

Дээрх нийтлэлүүд нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хүрээнд сэтгүүлч өөрт байгаа баримт материал дээр тулгуурлан иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг хүргэдэг Засгийн газрын тохируулагч агентлаг болох Стандарт, хэмжил зүйн газарт холбогдох хууль тогтоомж зөрчсөн нөхцөл байдал үүсээд байж болзошгүй тухай болон байгууллагын дарга, албан хаагчид Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байгаа тухай хөндөн бичсэн ба хэн нэгний ажил хэргийн нэр хүндийг санаатаагаар гутаах, илтэд худал гүжирдэх зорилго огт агуулаагүй болно. Харин ч энэхүү нийтлэлүүд нийтлэгдсний үр дүнд Стандарт хэмжил зүйн газраас усны тоолуурын үнэт цаас, гэрчилгээ, гэрчилээн дээрх лабораторын тэмдгийг хуурамчаар үйлдэж үйл ажиллагаандаа ашигласан, үнэт цаасны тайлан мэдээг үнэн зөв гаргаагүй нь шалгалтаар тогтоогдож 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн дагуу ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдыг 3 жилийн дараа буюу 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр харъяа цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлт гарсан байна. Түүнчлэн Стандарт, хэмжил зүйн газрын дарга нь албаны унааг зориулалтын дагуу ашигладаггүй, хувийн ажилд унаж хэргэлдэг тухай анхан шатны шүүх хуралдааны үеэр гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгч нарын өөрсдийн тайлбараар нотлогдсон ба нэхэмжлэгч энэхүү нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

Стандарт хэмжил зүйн газрын холбогдох албан хаагчид “Чанарын менежментийн тогтолцоо-Шаардлага”, Менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар” Монгол Улсын стандарт гэсэн тус байгууллагад хэрэгжсэн төслийн санхүүжилтээр хийгдсэн 2 номыг итгэмжлэгдэх гэж байгаа байгууллагуудад хүчээр худалдаж, орлогыг байгууллагын дансанд оруулдаггүй, хувьдаа авсан байж болзошгүй тухай мэдээллийн тухайд бол нэхэмжлэгч нар энэхүү номыг Европын холбооны төслийн санхүүжилтээр хэвлүүлээгүй бөгөөд “Сэлэнгэ пресс” хэвлэлийн компанид зээлээр хэвлүүлэн зарж, олсон орлогоос хэвлэлийн зардлыг төлсөн, Шадар сайдын зөвшөөрлөөр олон улсын хурал зохион байгуулсан гэсэн тайлбарыг хийж, олон улсын хурал зохион байгуулсан хурлын материал нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Харин эдгээр мэдээллүүд нь худал болох нь... Ази, номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (РАС)-ын харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр (MTL)-т нэгдэн орох бэлтгэл хангасан тайлан, Стандартчлан, хэмжил зүйн газрын 2016 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн 01/229 тоот албан бичиг, Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “Эрх олгох тухай” 26 дугаар албан тоот ... зэргээр тус тус тогтоогдож байна” гэжээ. Нэхэмжлэгч нарын тайлбар болон шүүхээс дүгнэсэн дүгнэлт нь үндэслэлгүй болох нь дараах баримтаар харагдаж байна. Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 3 дугаар сарын 21-ны өдрийн “Эрх олгох тухай” 26 дугаар тушаалын 1 дэх заалтад” ... 2016 оны 08-10 дугаар сард РАС-ын анхдагч үнэлгээг хийх, ... хийхэд шаардлагатай төсвийг 2015 оны ажил үйлчилгээний авлагаас санхүүжүүлэх эрхийг Стандартчилал, хэмжил зүйн газар /Гантөмөр/-т олгосугай” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл олон улсын байгууллагын санхүүжилтээр хэвлэгдсэн стандартыг худалдан борлуулж 2016 болон 2017 онд хурал зохион байгуулах тухай эрх олгосон зүйл огт байхгүй байгаа болно. Мөн түүнчлэн эрх олгох тушаалд дурдагдсан үнэлгээний ажил 2016 оны 08 дугаар сарын 22-26-ны өдрийн хооронд зохион байгуулагдаж өнгөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан хурал зохион дурдагдаагүй 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр PAC-ын даргатай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Гэтэл www.dorgio.mn цахим сайтын сэтгүүлч А.Баярмаад Стандарт, хэмжил зүйн газар 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдөр буюу хурлын үйл ажиллагаа зохион байгуулагдаж дууссаны дараа 2 стандартыг худалдан борлуулж, бэлэн мөнгөний орлогын баримт сэтгүүлчид өгсөн байна. Бэлэн мөнгөний орлогын баримт дээр хүчингүй болсон “Стандартчилал хэмжил зүйн газар” гэсэн буюу хүчингүй санхүүгийн тэмдгээр баталгаажуулж өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан байна. Анхан шатны шүүхээс энэхүү тодорхой нотлох баримтыг үнэлэлгүйгээр орхигдуулсан гэж үзэж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны A/159 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журмын дагуу байгууллагын бүтэц, нэршил өөрчлөгдсөн бол байгууллагын болон санхүүгийн тамга тэмдгийг өөрчлөх ёстой боловч эрх зүйн хувьд хүчингүй санхүүгийн тэмдэг, санхүүгийн баримт гүйлгээнд ашиглаж байгааг хууль бус үйлдлийг нэхэмжлэгч санаатайгаар үйлдсэн гэх үндэслэлтэй. Мөн сэтгүүлчийн худалдаж авсан нэг бүрийг нь нэг зуун мянган төгрөгөөр үнэлэн худалдан борлуулсан 2 стандартын хавтсан дээр “энэхүү номыг төслийн санхүүжилтээр боловсруулсан гэсэн” тухайн стандартыг санхүүжүүлж хэвлүүлсэн эх сурвалжийг тодорхойлох нотлох баримтыг шүүхээс үнэлэлгүйгээр орхигдуулсан. Нэхэмжлэгч нар 2 стандартыг худалдан борлуулсны орлогыг бэлнээр төвлөрүүлсэн баримт байгаа гэж тайлбарлах боловч, үүнийг нотлох өөрсдийн хувийн дансанд шилжүүлээгүйг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйгээс гадна хурал зохион байгуулсан гэх төсөв, 2 стандартыг үнэлэж худалдаалсан төсөв, Шадар сайдаас хурал зохион байгуулахад хүссэн зардал зэрэг нь өөр хоорондоо зөрүүтэй байгааг нотлох баримтыг мөн шүүхээс үнэлэлгүйгээр үлдээсэн болно.

Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг шаардлага хангуулан шүүхийн журмаар гаргуулах үндэслэл бүхий хүсэлтийг шүүхэд удаа дараалан хүргүүлсэн боловч хүсэлт хангахаас татгалзан шийдвэрлэж байсан нь шүүхээс хэт нэг талыг баримталж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсныг харуулна.

Сэтгүүлчийн бичсэн дараагийн асуудал бол Стандарт, хэмжил зүйн газрын дарга болон бусад албан хаагчид Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байгаа тухай юм. Тухайн нийтлэлийг бичих үед Стандарт, хэмжил зүйн газрын дарга болон бусад албан хаагчдыг Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу шалгах ажиллагаа явагдаж байсан болохыг нэхэмжлэгчид өөрсдөө тайлбартаа хэлсэн мөн Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 65 дугаар тогтоолоор нотлогдож байна. Сэтгүүлч огт үндэслэлгүй гүтэглэг хийгээгүй болох нь харагдаж байна.

Сэтгүүлч Стандартчлал, хэмжил зүйн газрын дарга Г.Г нь ахлах мэргэжилтэн Б.Дг ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцож, томилогдох үйл ажиллагааг зохион байгуулсан тухай бичсэн. Сэтгүүлчийн нийтлэл нь Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 182 дугаар тогтоол, Авилгатай тэмцэх газрын 2017 оны 08/1053 тоот албан бичгүүдийг хууль бус гэж үзээгүй бөгөөд эдгээр дүгнэлт, шаардлагатай албан бичгийг авах болон сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажилд Г.Г нь нөлөөлсөн гэх асуудлыг хөндсөн байна. Г.Г нь тухайн ажлын байрны сонгон шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг хангасан туршлагатай албан хаагчийг сонгон шалгаруулалтад оролцуулахгүйгээр нэрийг нь татуулж Б.Дг сонгон шалгаруулалтад оруулсан нь гэрчийн мэдүүлгээс харагдаж байгаа болно. Мөн үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг хангахгүй шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгөн дүнг ямар хохирол болох, ямар эрх зүйн үндэслэлээр нэхэмжилж байгаа тухай нэхэмжлэлийн шаардлагадаа тайлбарлаагүй түүнийг нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Шүүхээс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэгчээс 2 удаа нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнг тодруулан асуусан ба нэхэмжлэгч “сэтгэл санаа, бие мах бодид учруулсан хохирол” гэж тодруулсан боловч үүнийхээ нотлох баримтыг гаргаж өгөөгүй болно. Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь “сэтгүүл үнэн зүйл бичсэн гэж үзэж байна” гэсэн дүгнэлт хийж, шүүхэд танилцуулсан бөгөөд шүүхээс мөн энэхүү дүгнэлтийг анхааралгүй өнгөрүүлсэн болно.

Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө тодорхойлон иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн үндэслэл бүхий хүсэлтээс татгалзаж, эсвэл хүсэлт шийдвэрлэхгүй орхих, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэлгүйгээр орхигдуулах, нэхэмжлэгчид ашигтай нотлох баримтыг өөрийн санаачлагаар судлан шинжилж явуулсан зэрэг зөрчил гаргасан гэж үзэж байна. Энэ нь иргэн, хуулийн этгээдийн шүүхэд итгэх итгэлийг алдагдуулж байгааг энд дурдах зүйтэй байна. Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Мөн гомдлыг хэлэлцэх шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баярмаа, өмгөөлөгч Б.Баатарсайхан, М.Шаравнямбуу бид биечлэн оролцох хүсэлттэй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Г.Г нь “Ө” ХХК, “Э” ХХК нарт холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгэх, хариуцагч “Э” ХХК-иас эдийн бус гэм хорын хохиролд 5 000 000 төгрөгийг гаргуулах, нэхэмжлэгч Г.Ө, Д.Б, С.Г, Б.Д нар нь “Э” ХХК-д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийлгэх, уучлал гуйхыг даалгуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл, хариуцагч “Э” ХХК нь 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэж 181/ШТ2018/00288 дугаар шүүхийн тогтоол /2хх79-81/ гаргасан байна. Гэтэл шүүх бүрэлдэхүүн тухайн хүсэлтийг шинжлэн судалж шийдвэрлэхээр шүүх хуралдаан завсарласан талаар тэмдэглэлд тусгагдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасныг зөрчжээ.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагааг дутуу хийсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар зохицуулсан. Дээрх хуулийн заалтын хүрээнд хариуцагч “Э” ХХК-ийн талаас “Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс “Э” ХХК-д холбогдуулан үүсгэсэн 1806001228 дугаартай зөрчлийн хэргээс хохирогч н.Цогтбаатарын мэдүүлэг тул хэлтэст хүргүүлсэн 01/88 тоот албан бичиг”-ийг гаргуулах /3хх40-41/ хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэхдээ /3хх79-82/ “нэхэмжлэгч нарын худал гэж үзэж нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр төрөө сэргээлгэхийг хүссэн мэдээлэл, талуудын маргаанд хамааралгүй” гэж дүгнэжээ. Талуудын маргаан нь хариуцагч талын нийтэд мэдээлсэн мэдээний агуулгад дурдсан зүйл үнэн зөв эсэхтэй холбоотой бөгөөд үүнд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогч шүүхэд гаргаж өгөх, боломжгүй бол шүүхийн журмаар бүрдүүлэх үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх дээрх байдлаар хариуцагчийн маргааны зүйл, түүний үнэн зөв эсэх үйл баримттай холбоотой нотлох баримт гаргуулах хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлогдвол зохих үйл баримтыг зөв тогтоохын тулд шүүхийн эрх хэмжээнд гүйцэтгэх ажиллагааг бүрэн хийгээгүй гэж үзнэ.

 

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын агуулга тодорхой бус байхад тодруулаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар хариуцагч “Э” ХХК, “Ө” ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тохиолдолд тэдгээр нь тухайн шаардлага тус бүрийг хамтран хариуцах ёстой эсэх, эдийн бус гэм хорын нөхөн төлбөрт 5 000 000 төгрөгийг хариуцагч нарын хэнээс нь шаардсан, 5 нэхэмжлэгч тус бүрдээ 1 000 000 төгрөг, эсхүл хамтран үүрэг гүйцэтгүүлэгчийн хувиар нэхэмжилсэн эсэх буюу хамтдаа шаардаж байгаа эсэх нь тодорхой бус байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал нь Г.Ө, Д.Б, С.Г, Б.Д нарын 4 нэхэмжлэгч тус бүр 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан гэж тайлбарласан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагын агуулга буюу аль хэсгээс татгалзсан гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тодорхой байх шаардлагатай .

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нар нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгэх, уучлалт гуйлгахыг даалгуулах гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргасныг шүүх “уучлалт гуйлгах”-тай холбоотой шаардлагыг нь хэрэгсэхгүй болгосон байгаа. Энэ нь ямар үйлдэл хийлгэх, түүнийг шүүхийн шийдвэрээр албадан хийж болох үйлдэл мөн эсэх, эрх зүйн хамгаалалтын аргад хамаарах эсэх зэрэг нөхцөл байдлыг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах замаар шийдвэрлэх учиртай. Өөрөөр хэлбэл, тодорхой бус нэхэмжлэлийн агуулгаар талууд мэтгэлцэх, улмаар шүүхээс хариуцагчид хууль зүйн үүрэг ногдуулах бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүй.

 

Иймд давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг бүрэн тодруулснаар хэргийг шийдвэрлэх шаарлагатай гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/01647 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Э” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

            ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Т.ТУЯА